| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0163/э |
| Дугаар | 2025/ШЦТ/171 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ш.Наранчимэг |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/171
2025 оны 09 сарын 29-ний өдөр Дугаар 2025/ШЦТ/171 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ш.Наранчимэг,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528000000208 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 48 дахь тал/
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 22 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 23 дахь тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлд *******г драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 3.83 хувийн согтууралтай байсан гэжээ. /хавтаст хэргийн 09 дэх тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлд *******г драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 3.31 хувийн согтууралтай байсан гэжээ. /хавтаст хэргийн 50 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10 дахь тал/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 11 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэлтэй” гэжээ. /хавтаст хэргийн 24 дэх тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 319 дугаартай шийтгэврээр “*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2025.05.22-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасагдсан” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутагт ******* улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 3.83 хувийн согтолттой жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон, мөн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ******* хорооллын 4 дүгээр гудамжинд ******* улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 3.31 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 48 дахь тал/, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд *******г драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 3.83 хувийн согтууралтай, мөн 3.31 хувийн согтууралтай тус тус байсан /хавтаст хэргийн 09, 49-50 дахь тал/ гэх тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10,51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутагт ******* улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 3.83 хувийн согтолттой жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон, мөн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ******* хорооллын 4 дүгээр гудамжинд ******* улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 3.31 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцов.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувь түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш промиль (%) илэрснийг, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.
Шүүгдэгч *******гийн согтуурал 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3.83, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3.31 хувьтай гарсан байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 319 дугаартай шийтгэврээр “*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2025.05.22-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасагдсан” /хавтаст хэргийн 27 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.
Энэ хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгч *******г бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *******гийн хувийн байдлын тухайд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэлд: “Бүртгэлтэй” хавтаст хэргийн 24 дэх тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 22 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дахь тал/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 23 дахь тал/, 5 сартай жирэмсэн гэх эмнэлгийн бичиг баримт, эхо үзлэгийн хуудас /хавтаст хэргийн 34-36 дахь тал/ шүүхэд ирүүлсэн 6 сартай жирэмсэн бага насны хүүхэдтэй гэх хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр тогтоох санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч *******гийн зүгээс хэлэх зүйлгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршиггүй, төлөх төлбөргүй, 6 сартай жирэмсэн зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* Насанбуянг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ