Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 201/МА2019/00015

 

Д.М-ын нэхэмжлэлтэй,

Н.О-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 138/ШШ2019/00388 дугаар шийдвэртэй Д.М-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч Н.О-д холбогдох мал, эд зүйлийн үнэ 25 060 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч Н.О, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Н.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 01 сарын 17-ны өдөр өөрийн хэдэн малаа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас цаг агаар муу, өвс ногоо тачир байсан тул дүү Баяртогтохын хэлснээр өвс, ногоо сайтай байгаа Дорнод аймагт малаа аваачихаар болсон. Тухайн үед миний малыг маллах хүнд ямаа, хониныхоо төлийн 50 хувийг, мөн ноос, ноолуурыг өгөхөөр жишиг тогтоогоод байсан. Энэ нөхцөлөөр мал маллах хүн хайж байсан. Энэ үед Н.О гэх залуу нь би мал маллаж чадна, төлийн 50 хувийг авч, ноос ноолуураа малчин нь авахаар тохирч байгаа нь боломжийн санал байна. Иймээс би малыг чинь малламаар байна гэсэн. Тухайн үед миний бие муу байсан тул Н.Оад итгээд малаа маллуулахаар болсон. Зүүнхараад 2 өдөр болж байж малаа ачсан. Ингээд 203 хонь, 180 ямаа, 12 адуу, 10 гаруй үхрийг дүү Баяртогтох болон өөр хоёр машинд ачуулсан. Гэтэл дүү маань Ганзоригийнд бод малаа тавьчихлаа. Хонь, ямаа нь замдаа бээрээд үхэж үрэгдээд байсан тул Н.Оын найз Гэрэлбадамаар маллуулахаар тавьчихлаа гэж хэлсэн. Үүнд нь надад дургүйцсэн зүйл байгаагүй. Н.О нь надтай утсаар ярихдаа өөрөө маллаж байгаа юм шиг ярьдаг байсан. Үнэндээ Гэрэлбадам нь манай малыг маллаж байсан юм билээ. Нэг өдөр Н.О нь Баяраа намайг малаа малла гэж хэлсэн гээд Гэрэлбадамд хэлээд малыг минь тоолж авсан байсан. Малыг минь авахдаа Гэрэлбадамд өгөх төлийг өгөөгүй байсан. Н.О нь надтай утсаар ярьж би малыг чинь хариуцлагатай харж чадна гэж хэлсэн. Н.О миний ямааны ноолуурын мөнгөөр өөртөө Портер машин авсан байсан. Н.О ямааны ноолуур авч 3,0 сая гаруй төгрөг болсон гээд баярлаж талархсанаа илэрхийлж байсан. Энэ үед дүү маань Н.Оад гэрээ хэлцэлгүйгээр малаа маллуулж болохгүй юм байна гэж хэлсэн. Энэ үед өөрийн үлдэгдэл малаа 2017 оны 7 сарын 3-ны өдөр дүү Баяртогтоход хөлсийг нь өгч Дорнод руу ачуулж Н.Оад нийт 99 толгой мал хүлээлгэж өгсөн. Ингээд миний бүх малыг Н.О харахаар болсон юм. Гэтэл Баяртогтох нь надад та Н.Отай гэрээ, хэлцэл хийж байж малаа харуулахгүй бол болохгүй юм байна гэж хэлсний дагуу би Улаанбаатар хотоос ирж Н.Отай гэрээ хэлцэл хийе гэж очиход Баяртогтох дүү маань хамт ирсэн. Тухайн үед өвөлжөөний хашаа барих талаар ярилцаад би дүүдээ 4,0 сая гаруй төгрөг өгч өвөлжөө барих материалыг Улаанбаатар хотоос авахуулж явуулахдаа өөрийн кран машины хамт Н.Оад өгч явуулсан. Тухайн үед өвөлжөө барихдаа Н.О нь миний машиныг 3 сар гаруй хугацаанд ашиглаж байсан. Ингээд гэрээ хийх гэтэл өвөлжөө барихад ашигласан турбанаас болж маргалдсан. Н.О нь өвс ачна гэж түлшний мөнгө, өвсний мөнгө нэхэж маргалдсан. Н.О Баяртогтох хоёр хоорондоо маргалдаж Н.О нь малаа ав гэсэн. Би дүү Баяртогтохын хамт 2017 оны 9 сарын 14-ны өдөр ирж малаа авах үед маргаан үүсч улмаар цагдаа дуудаж бид хоёрыг аймагт авчирсан. Цагдаа надад хандаж эдгээр хүмүүс маш их хэл амтай хүмүүс тул та маргааш ирж малаа ав гэсэн. Бид маргааш нь очиход цөөхөн хэдэн мал хашаанд хашиж үүнийг аваад яв гэж хэлсэн. Миний хувьд хэрүүл маргаан хийгээд яах вэ, учир нь олдоно биз гэж бодоод өгсөн мал болох ихэнх нь ишиг хурганууд байсныг аваад явсан. Тэр үед Н.О нь ах дүү нараа дуудаад ирүүлчихсэн бүгдээрээ нийлээд хэл амаар доромжлоод байсан учир Н.Оын ялгасан цөөхөн хэдэн малыг авч явсан. Би дунд чөмгөө хугалж өвчтэй байж байгаад 2018 онд шүүхэд хандсан. Намайг шүүхэд хандсанаас хойш малыг минь зарж борлуулсан байсан. Би илүү зүйл огт нэхэмжлээгүй. Н.О нь тэр хавийн айлаа дарамталж миний эсрэг мэдүүлэг өгвөл өвөлжөөндөө байлгахгүй шүү гэж хэлсэн байсан. Би Н.Оад 27 хурга, 50 ишиг болон ямааны ноолуураа мал харсаны хөлсөнд өгөх ёстой байсан. Мөн үнээг минь өгөхгүй байсан тул ядаж үнээнээс минь гарсан тугалыг нь аваад, үнээг минь өг гэж хэлж байсан. Иймд мал болон өвөлжөө барих материалаа зах зээлийн ханшаар тооцож нийт 25 060 000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие муу байгаа бөгөөд одоо Солонгос улс руу эмчилгээнд явах гэж байгаа тул хэргээ хурдан шийдүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Малын тооцоог нарийн хийх шаардлагатай. Нэхэмжлэгч үхэж үрэгдсэн малын тоог Н.Оаас нэхэмжлээгүй. 2017 оны 06 сарын 10-ны өдөр Гэрэлбадамаас Н.О нь мал хүлээж авсан тоогоор малын тоо толгойг тооцох учиртай. Гэрэлбадамаас Н.О нь 179 хонь, 117 ямаа, 2 үнээ авсан гэсэн баримт байдаг. Сарын дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Н.О, Баяртогтох нар нь 6 үнээ, 10 бяруу, 10 тооны адуу, 73 тооны ямаа нийт 99 толгой мал авсан байдаг. Энэ тоон дээр Н.О нь маргадаггүй. Ингээд Д.М нь Н.Оад 179 хонь, 190 ямаа, 18 тооны үхэр, 10 тооны адуу өгсөн байдаг. Н.О нь 2017 оны 06 дугаар сард 54 хурга, 100 ишиг хүлээн авч, мал төллөлт сайн байсан талаар хэлсэн байдаг. Д.М дээрх тооны төлөөс 50 хувийг нь Н.Оад өгөх ёстой байсан гэж тооцож байгаа. Гэтэл Д.М нь 106 хонь, 188 ямаа, 31 үхэр буцааж авсан. Зөрүүг нь тооцож үзэхэд 100 хонины зөрүү гарч байгаа бөгөөд Д.М нь өөрийн хэрэглэсэн хонио хасаж 96 тооны хонь авах дутуу байна гэж нэхэмжлэл гаргасан. Ямааны тухайд өнөөдрийн шүүх хурал дээр тооцоо гаргаж 61 тооны ямаа авах ёстой гэж харагдаж байна. Д.М нь Н.Оаас 6 тугалтай үнээ авах ёстой боловч үхрийг нь өгөхгүй байсан тул үнээний төлийг нь ав гэж хэлсэн байдаг. Хэрэв тухайн үнээ өнөөдөр байсан бол дахин төл гаргаж улам өсөх ёстой байсан. Энэ бүхнийг харгалзан шүүх малын тоо толгойг тооцож өгнө үү. Мөн 3 870 000 төгрөгийн материал бүхий өвөлжөөний хашаа, саравчны материалын үнийг нэхэмжилж байгаа. Тухайн өвөлжөөний хашаа саравчийг Д.Мын өгсөн материалаар барьсан гэдэгтэй Н.О нь маргахгүй байгаа. Д.М нь дүүдээ мөнгө шилжүүлж Н.О, Баяртогтох нар нийлж байж материалаа татаж авч хашаа, саравчаа барьсан байдаг. Саравчаа буулгаж авах эрх нь Д.Мт байгаа гэж үзэж байна. Н.О нь гэрээ байгуулаагүй, мал өгч авахдаа тэмдэглэл үйлдээгүй гэж мэдүүлсэн байдаг. Хэрэв гэрээ байгуулаагүй юм бол гэрээний үндсэн дээр төлийн 50 хувийг авах ёстой гэж Н.О нь яагаад маргаж байгаа вэ гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Анх хонь ямааны төлийн 50 хувийг авна гэж тохирчихоод маргасаар байгаад үнээний төлийн 50 хувийг авчихаад байна. Н.О нь Д.Мын малын сүү цагаан идээг хэрэглэж, хонь ямааны төл болон ноос ноолуурыг ашиглачихаад байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Н.О нь Д.Мтай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Н.О, Баяртогтох нар нь мал ачуулсан гэж ярьж байгаа. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мал ачуулсан нь нотлогдож байгаа. Идэр өвлийн хүйтэнд Д.М нь Баяртогтоход 427 тооны буюу хонь 203, ямаа 219, үхэр 5 нийт 427 тооны мал өгсөн талаар маргасан зүйл байхгүй байна. Энэ 427 тооны малаас мал ачиж явахад олон тооны мал үхэж үрэгдсэн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Н.Оыг 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Гэрэлбадамд маллуулж байсан малыг буцааж авахдаа нийт 298 толгой мал авсан гэдэг дээр талууд маргахгүй байгаа. Гэхдээ Гэрэлбадам нь Н.Оад мал өгсөн гэдэг баримт дээр гарын үсэг зурагдаагүй, нэг талын баримт байдаг. 2016 оны 07 сарын 03-ны өдөр Н.Оад үнээ 6, бяруу 10, азарга 1, гүү 3, морь 4, эм ямаа 58 нийт 82 толгой мал өгсөн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл нэхэмжлэгч 99 толгой мал өгсөн гэж маргаж байгаа. Малын гарал үүслийн бичиг дээр 82 тооны мал ачсан талаар бичсэн байдаг. 2017 оны 09 сарын 15-ны өдөр Д.М нь хэдэн тооны мал авсан бэ гэдэг нь эргэлзээ бүхий байна. Энэ талаарх нарийвчилсан нотлох баримтаа шүүхэд бүрэн гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Ганзориг нь Д.Маас 198 ямаа, 206 хонь авсан гэсэн байдаг. Хариуцагч хариу тайлбар гаргахдаа хонь ямааны тоо дутаагүй гэж мэдүүлдэг. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нэмэлт нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч өнөөдрийн шүүх хурал дээр малын тоо дутаагүй, малын чанар дутсан гэж ярьж байна. Гэрч Ганзориг нь 98 ишиг, 2 эр ямаа бусад нь эм ямаа байсан. 206 тооны хонь авсан бөгөөд үүнээс тал нь хурга байсан гэж байгаа нь хариуцагчийн тайлбарыг нотолсон. Нэхэмжлэгч малын чанар хэрхэн дутсан талаар нотолж чадахгүй байна. Иймээс хонь ямаа нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн сүүний чиглэлийн 6 тугалтай үнээ нэхэмжилж байна. Нэхэмжлэгч 6 тугалтай үнээний тугалыг нь нэхэмжлэхгүй 6 үнээ нэхэмжилж байна гэж ойлгож байна. Нэхэмжлэгч 6 үнээг тугалсан гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан хэдий ч тугал гаргасан гэдгийг хэрхэн нотолж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн малчнаар Дорнод аймгийн газар нутаг дээр мал харуулчихаад огт хөлс, мөнгө өгөөгүй нь гэрч Гэрэлбадамын мэдүүлгээс харагдаж байна. Мөн Н.О нь мал малласны хөлсийг аваагүй байна. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байна. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу Д.М нь 6 тугалтай үнээгээ хөлсөнд нь өгөхөөр ярилцсан. Д.М нь 2 тонн хивэг өгсөн гэдэг ч Н.О нь ядарсан малыг сэтгэл зүрхээ гарган арчилж тордон мал болгосон байдаг. 2017 онд үнээ ямар үнэтэй байсан бэ гэдэг асуудал гарч ирнэ. Нэхэмжлэгч нь сүүний чиглэлийн 6 тугалтай үнээг 1 500 000 төгрөгөөр үнэлсэн байна. Баянтүмэн сумын орон нутгийн малын жишиг үнэлгээтэй харьцуулахад энэ үнэлгээ нь өндөр гарсан байна. Малын энэ үнэлгээг хариуцагч тал анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Мөн өвөлжөө барьсан материалыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч өвөлжөө барьсан материалыг нэг бүрчлэн хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй байна. Д.М нь өвөлжөөний хашааны материалыг Н.Оад өгсөн гэдгээ ч нотолж чадахгүй байна. Фото зургаас харахад нэхэмжлэгчийн ярьж байгаа материал ашиглагдсан эсэх нь харагдахгүй байна. Харин турбагаар хийсэн мал усалдаг онгоцыг хариуцагчид байгаа хүлээлгэн өгөхөд татгалзахгүй гэдэг. Энэ мал усалдаг онгоцыг Н.О нь нэхэмжлэгчид байгаа чигээр нь өгөхийг зөвшөөрч байгаа. Гэвч 600 000 төгрөгөөр үнэлж мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч 94 хурга, 110 ишиг төллөсөн гэсэн байдаг. Үүнээс 47 хурга, 55 ишигийг Н.О нь авах ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар хэдэн төл хүлээн авсан эсэх нь нотлогдоогүй байна. Иймд Н.Оад хонь, ямаа дутаасан зүйл байхгүй гэж үзэж байна. Мөн Н.Оыг 5,0 сая гаруй төгрөгийн ямааны ноолуур авсан гэж хэлж байна. Энэ нь талуудын хооронд хийсэн тохиролцоо байсан хэдий ч Н.О нь 2,0 сая гаруй төгрөгийн ноолуур авсан болохоо нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд дээрх байдлыг харгалзан шүүх шийдвэрээ гаргаж өгнө үү гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 138/ШШ2019/00388 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Н.О-аас 6 тугалтай үнээ буюу 9 000 000 төгрөг, мал услах онгоц буюу 600 000 төгрөг нийт 9 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 460 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 025 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 168 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.О, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийн тогтоох хэсгийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Д.М надаас мал, эд зүйлийн үнэ 25 060 000 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан ба шүүхийн шийдвэрээр надаас 6 тугалтай үнээ буюу 9 000 000 төгрөг, мал услах онгоц буюу 600 000 төгрөг нийт 9 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 15 460 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие шүүхийн шийдвэрийн 6 тугалтай үнээ буюу 9 000 000 төгрөг гаргуулах гэснийг зөвшөөрөхгүй байна. Энэ шийдвэр нь шүүхээс талуудын мэтгэлцээн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр алдаатай гарах нөхцөл болсон гэж үзээд маргаж байна.

Би Д.Маас мал малласны хөлсөнд 6 тугалтай үнээг авсан. Д.Мын малыг Н.О миний бие 2016.06.10-ны өдрөөс 2017.09.15-ны өдрийг хүртэл малласан. Энэ тал дээр талууд маргаагүй. Бидний хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан ба нэгэнт хөлсөөр ажиллаж малыг нь харж байгаа хүнд анхнаасаа Д.М нь төлийн 50 хувийг, ноос ноолуурын мөнгийг хэрэглэх тухай санал тавьсан бөгөөд үүнийг үгүйсгээгүй. Би энэ хугацаанд малыг нь маллаж төллүүлж байсан ба надад ажлын хөлс болох 2017 онд 50 ишиг, 27 хурга, 7 тугал, 2 унага өгөх ёстой бөгөөд үүнийгээ малаа буцааж авахдаа өгөөгүй. Түүнээс болж маргаан үүсч зөрчил гарсан ба нэгэнт малаа буцааж авах гэж байгаа хүний малыг нь өгөх ёстой тул түүнд малыг нь өгсөн бөгөөд Д.М дүү Баяртогтохын хамт малаа авч явсан. Би жил гаран малыг нь малласан учраас хөлсөө авна, өвс худалдаж авч байсан мөнгөө авна гэж Д.Мтай маргасан. Тэгээд Д.М нь миний ажлын хөлсөнд 2017 оны 09 сард 6 тугалтай үнээ өгсөн. Гэтэл малаа аваад явснаас хойш жил гаруйн дараа шүүхэд хандан надаас, надад өгсөн ажлын хөлсөө нэхэмжилсэн. Би мал маллахад гаргаж байсан зардал болон ажлын хөлс болох төл малын төлийг Д.Маас аваагүй. 6 тугалтай үнээг би ажлын хөлсөнд тооцуулсан гэх татгалзаж байгаа үндэслэлийг шүүхээс намайг ажлын хөлсний талаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь буруу байна. Ажлын хөлсийг юугаар яаж тооцох вэ гэдгийг нэхэмжлэгч хариуцагч нар маргаагүй. Шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч нар ч төллөсөн малын төлийн 50 хувийг өгч мал маллуулах болсон гэдгийг гэрчилдэг учраас шүүх уг тугалтай үнээг миний ажлын хөлсөнд өгсөн гэдгийг зөв ойлгоно байх гэж бодтол нэхэмжлэгчид өгүүлэхээр шийдвэрлэсэн нь нэг талдаа би хөлс хүчээ зарцуулан хүний мал маллачихаад цалин хөлсгүй хохирч байна. Миний ажлын хөлсөнд тооцсон гэж бодоод би сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл Д.М нь надад төл мал хүлээн авсны 50 хувийг өгөөгүй гэж тайлбарлаж байхад шүүх үйл явдлыг анхаарсангүй. Нотлох баримт гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн. Ажлын хөлсөнд төллүүлсэн төл малын 50 хувийг өгнө гэдэгт маргаагүй  ба нотлогдсон. Тэгээд ч нэхэмжлэгч тугалтай үнээний тугал нь энэ жил нас нэмэгдсэн тул 6 бярууг ажлын хөлсөнд тооцуулна гэж тайлбарлаж байсан. Гэтэл үүнийг анхаараагүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй тугалтай үнээ нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар үнээ нь нэмж тугалласан тул тэр тугалыг нэхэмжилж байгаа гэсэн. Гэтэл шүүх надаас гаргуулахаар шийдвэрт заагдсан 6 тугалтай үнээг нарийн нягталж тогтоолгүй ямар үндэслэлээр тугалласан гэж тооцсоныг ойлгохгүй байна. Үнээний тал дээр маргаагүй. Үүнийг би зөвхөн ажлын хөлсөнд л авсан гэж маргадаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэхдээ шинэ тугалласан тугалтай гэдгийг ямар баримтанд үндэслэн нотлогдсон гэж үзээ вэ. Мөн тугалтай үнээний үнийг  1 500 000 төгрөг гэж нэхэмжлэгчийн үнээр тогтоосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үеийн буюу 2017 онд малын жишиг үнийг Баянтүмэн сумаас /сумын ИТХ-ын тогтоолоор/ 2014.05.20-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг мөрдөж байсан ба нэхэмжлэгч үнэлгээг тусгай мэргэжлийн байгууллагаар хийлгүүлээгүй. Сумын ИТХ-ын тогтоолыг баримтлан шийдвэрлэх бол нэхэмжлэл гаргасан үеийн үнээр бус үйл явдал болсон цаг хугацааны үнийг баримтлах ёстой. Тугалласан гэдэг нь нотлогдоогүй байхад надаас 6 тугалтай үнээ гаргуулна гэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргах үндэслэл болж байна. Тугалласан гэдэг нь лавтай нотлогдоогүй байхад дан ганц үнээ гэдэг нэр томъёонд багтан үнийг нь тооцох ёстой гэж би ойлгож байна.

Хэрвээ би малыг хөлсөөр маллаад эргүүлэн өгөх үедээ ажлын хөлсөө авсан бол 2016 оны төлийг би малласан, нэмж авчирсан малын төл, 2017 онд зөвхөн надад ноогдох 50 ишиг, 27 хурга, 7 тугал, 2 даага нь /дан эм мал авах ёстой/ 2 жилийн дараа өсөж нас нэмсэн, тоо ч нэмэгдсэн байх ба эдгээр бүх малын оронд 6 тугалтай үнээг өгсөн гэж тооцсон ажлын хөлс ч үгүй би хохирч байна. Д.М нь шүүх хуралдаанд зөвхөн 6 тугалыг нь ажлын хөлсөнд үлдээнэ гэж хэлсэн байдаг. Үүнийг шүүхийн шийдвэр гаргахдаа анхаараагүй. Би малыг нь тэжээх гэж өвс, тэжээл худалдан авсан зардал зэрэг нь надаас гарсан зардал болж би хохирч байгаа нь үнэхээр гомдолтой санагдаж байна. Би Д.Мын малыг сайн маллаж өсгөсөн гэдэг нь тодорхой байгаа нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Иймд хариуцагч Н.О миний гаргаж буй гомдлыг хүлээн авч ажлын хөлсөнд өгсөн 6 тугалтай үнээг надаас гаргуулах шийдвэрийг хүчингүй болгож, Д.Мын мал услах онгоц буюу 600 000 төгрөг гаргуулах шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.    

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Н.О-аас 6 тугалтай үнээ буюу 9000 000 төгрөг, 96 хонь буюу 7160 000 төгрөг, 96 ямаа буюу 5030 000 төгрөг, өвөлжөө, хашааны материалын үнэ 3870 000 төгрөг, нийт 25 060 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч шаардлагын ихэнх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-6 дахь талууд/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.М нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд өвс ногооны гарц муу байснаас тухайн нутагт байсан өөрийн малыг /хонь 203, ямаа 219, үхэр 5, нийт 427 толгой мал/ 2016 оны 01 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сум  руу 3 шланз машинаар тээвэрлэж, замдаа олон хонь, ямаа осгож үрэгдсэнээс Халх гол сум руу хүргэх боломжгүй болж үлдэх хонь, ямаагаа 2 үхрийн хамт Ц.Гэрэлбадамаар маллуулах, /Баянтүмэн сумын 3 дугаар багт амьдардаг, аймгийн төвд ойрхон/ ажлын хөлсөнд тэр жилийн ямааны ноолуурыг төлийн 50 хувьтай хамт өгөхөөр тохирч Ц.Гэрэлбадамд малаа  үлдээсэн, хариуцагч Н.О нь“ Баяраа намайг малаа ав гэсэн” гээд 2016 оны 06 сарын 10-нд Ц.Гэрэлбадамаас 179 хонь, 117 ямаа хүлээн авч малласан, 2016 оны 07 сард нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байсан үлдсэн малаа авчирч хариуцагчид өгсөн, 2017 оны 09 сарын 17-нд хариуцагч Н.Оаас тугалтайгаа нийлсэн 45 үхэр, 198 ямаа, 206 хонийг Б.Ганзориг хүлээн авсан  үйл баримтууд тогтоогдсон байна. / хх-ийн 60-65, 73-75, 78-81 дэх талууд/

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх хэрэгт хамааралтай үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ шаардлагатай нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй нь буруу байна. Тухайлбал талууд 6 тугалтай үнээний талаар маргасан байна.

Нэхэмжлэгч тал уг 6 тугалтай үнээг “мал хүлээлцэх үед хариуцагч нь ажлын хөлсөнд тооцон хүчээр авч үлдсэн, би өгөөгүй учраас 6 тугалтай үнээгээ нэхэмжилнэ” гэж, хариуцагч нь “тухайн үед харилцан тохиролцсоноор миний мал малласан жил гаруй хугацааны ажлын хөлсөнд тооцохоор тохирсны дагуу 6 тугалтай үнээг авч үлдсэн” гэсэн тайлбаруудыг тус тус гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”, 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлд “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-ыг тусгасан байна гэж тус тус заасан байна. 

Гэтэл нэхэмжлэгч Д.М нь малаа  буцааж хүлээн авахдаа 6 тооны үхэр үлдсэн явдлыг хариуцагчаас сүүлд нэхэмжлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл буюу “миний санал хүсэлтийг үл харгалзан нэг талын давуу байдлаар хариуцагч хүчээр авч үлдсэн” гэдгийг нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

Нөгөө талаар гэрчээр асуугдсан Б.Баяртогтох, Ц.Гэрэлбадам нарын мэдүүлгээр “ ажлын хөлсөнд тухайн жилийн  бүх малын төлийн 50 хувь, ямааны ноолуурын хамт өгнө” гэж талууд тохирсон нь нотлогдсон байна. /хх-ийн 61, 73 дахь талууд/

            Иймд нэхэмжлэгчийн тайлбар нотлогдсон эсэхийг дүгнэж үзэхэд хариуцагчийн тайлбарлаж байгаа ажлын хөлсийг бүрэн төлсөн үү гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй юм. Нэхэмжлэгч тал хариуцагчийн татгалзлыг няцаахдаа “би хариуцагчийн ажлын хөлсийг бүрэн төлсөн” гэдгээ нотлосны үндсэн дээр 6 тугалтай үнээгээ шаардах эрхтэй юм. Гэтэл ажлын хөлс буюу мал малласан хөлсийг төлсөн гэдгийг нотлосон баримт хэрэгт байхгүй байна.

 Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцагчийн тайлбарлаж байгаа 6 тугалтай үнээг ажлын хөлсөндөө тооцож талууд харилцан тохиролцож үлдээсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин анхан шатны шүүх “хариуцагч Н.О нь бусдын малыг өөрийн мал харсан хөлсөнд тооцож авч байгаа гэж тайлбарлаж байгаа боловч ажлын хөлсөө хэдээр, хэрхэн тооцсон талаар шүүхэд баримтаа ирүүлээгүйгээс гадна нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

Анх талуудын хооронд ажлын хөлсөнд төлийн 50 хувийг өгнө гэсэн тохиролцоо хийгдсэн боловч тухайн үед мал малласны хөлсөнд 6 тугалтай үнээ өгнө гэж уг тохиролцоогоо өөрчилсөн ба талууд өөрчлөх  эрхтэй юм. Энэ тохиролцоо нь нотлогдсон уу гэдэг нь маргааны зүйл болж байна.

Давж заалдах шатны шүүх “мал хүлээлцэх үед 6 тугалтай үнээ үлдсэн байсан, ажлын хөлс төлсөн гэсэн баримт хэрэгт байхгүй байгаа, хариуцагч хүчээр авч үлдсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй” зэргийг харгалзан үзээд хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт 6 тугалтай үнээ буюу 9,0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор өөрчлөлт оруулав.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Н.О, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 138/ШШ2019/00388 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Н.О-аас мал услах онгоц буюу 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24 460 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “ ... хариуцагч Н.О-аас улсын тэмдэгтийн хураамжинд 168 550 төгрөгийг ...” гэснийг “...  хариуцагч Н.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 18 650 төгрөгийг ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                         

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

    ШҮҮГЧИД                                                              Ж.ДОЛГОРМАА

                                                                                   З.ЭНХЦЭЦЭГ