Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/592

 

 

 

 

 

 

  2021             6              8                                          2021/ДШМ/592

 

 

Б.М, У.Э, А.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

яллагдагч Б.Мын өмгөөлөгч Г.Должинсүрэн, Г.Золбоо,

яллагдагч У.Эын өмгөөлөгч О.Санчирбал,

яллагдагч А.Х, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЗ/309 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр А.Х, У.Э, Б.М нарт холбогдох 1941000140257 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ын М, 1969 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ... ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

2. Н овгийн У-гийн Э, 1970 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:;

3. Б овогт А-ийн Х, 1974 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хорооллын ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Яллагдагч Б.М нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргын хувьд Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “...Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ...” гэж, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.1- т “...өргөсөн тангарагтаа үнэнч байх...” гэж, 274.2.2-д “...албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх...” гэж, 274.2.5-д “...гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах...” гэж заасныг тус тус хэрэгжүүлэн ажиллах удирдах албан тушаалтан атлаа зөрчиж, 2010 онд Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авч байсан М.Нын “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилладаг “С” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортлон оруулж ирдэг “...хуучин гар утас, сэлбэг...” гэх барааг гаалийн хилээр удаа дараа нэвтрүүлэхдээ бага албан татвар төлөх, дараалалгүйгээр үйлчлүүлэх ашиг сонирхлын үүднээс өөрийн удирдлагад ажилладаг гаалийн улсын байцаагч нарт бага албан татвар төлөх, дараалал харгалзахгүйгээр үйлчлэх хууль бус үүргийг өгч, нөлөөлөх байдлаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, шууд М.Нын Хаан банкны 5007815670 тоот данснаас өөрийн Хаан банкны 5015151185 тоот дансаар 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 87.560.000 төгрөгийн хахууль авсан,

мөн өөрийн найз У.Этой гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, санаачлан хахууль өгөгч А.Хын “Г” ХХК-ийн ачаа барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд саадгүй нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс “Г" ХХК-ийн ачаа барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд саадгүй нэвтрүүлэх үүргийг гаалийн улсын байцаагч нарт өгч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, У.Этой А.Хтай 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээр халхавчлан А.Хаас У.Эын Хаан банкин дахь 5084116794 тоот дансаар дамжуулан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 22 удаагийн үйлдлээр 18.439.320 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг зохион байгуулсан,

“...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.М нь хахууль өгөгч А.Хын “Г” ХХК-ийн ачаа барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд саадгүй нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс “Г” ХХК-ийн ачаа барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд саадгүй нэвтрүүлэх үүргийг гаалийн улсын байцаагч нарт өгч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, У.Этой А.Хтай 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээр халхавчлан А.Хаас У.Эын Хаан банкин дахь 5084116794 тоот дансаар дамжуулан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 22 удаагийн үйлдлээр 18.439.320 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг зохион байгуулсан...”,

              Яллагдагч У.Э нь А.Хтай хахууль авах гэмт хэргийг халхавчлах зорилгоор “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, өөрийн Хаан банкин дахь 5084116794 тоот дансаар дамжуулан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр 18.439.320 төгрөгийн хахуулийн мөнгийг авч, Б.Мт дамжуулан өгч гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

              Яллагдагч А.Х нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн Ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.Мын найз У.Этой 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээг ашиглан 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үүсгэн байгуулсан “Г” ХХК-ийн нэрээр Америкийн Нэгдсэн улсаас шуудангийн илгээмж гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэхдээ саадгүй нэвтрүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.Мт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11- ний өдрийг хүртэл нийт 18.439.320 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Нийслэлийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

            У.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

           А.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч Б.М, У.Э, А.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилгын талаар: Яллагдагч Б.Мт Нийслэлийн прокурорын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаар “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай тогтоолоор түүний урьд яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн бөгөөд Б.Мын холбогдсон хэрэгт 2020 оны 12 сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлджээ.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Мыг “...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргын хувьд Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “...Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ...” гэж, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.1-т “...өргөсөн тангарагтаа үнэнч байх...” гэж, 274.2.2-д “...албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх...” гэж, 274.2.5-д “...гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах...” гэж заасныг тус тус хэрэгжүүлэн ажиллах удирдах албан тушаалтан атлаа зөрчиж, 2010 онд Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авч байсан М.Нын “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилладаг “С” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортлон оруулж ирдэг “...хуучин гар утас, сэлбэг...” гэх барааг гаалийн хилээр удаа дараа нэвтрүүлэхдээ бага албан татвар төлөх, дараалалгүйгээр үйлчлүүлэх ашиг сонирхлын үүднээс өөрийн удирдлагад ажилладаг гаалийн улсын байцаагч нарт бага албан татвар төлөх, дараалал харгалзахгүйгээр үйлчлэх хууль бус үүргийг өгч, нөлөөлөх байдлаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, шууд М.Нын Хаан банкны 5007815670 тоот данснаас өөрийн Хаан банкны 5015151185 тоот дансаар 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 87.560.000 төгрөгийн хахууль авсан...” гэх үйлдэлд холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Гэтэл Б.Мын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэний ашиг сонирхлын үүднээс үйлдсэн гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй, хахууль өгсөн гэх этгээд нь тодорхойгүй байна. Хэдийгээр М.Нын мөнгө шилжүүлсэн гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч түүний оролцсон үйлдэл оролцоонд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзнэ. Иймд түүний үйлдэлд эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж, хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай гэж дүгнэв.

Иймд шүүх “...гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...”-ийг хөтөлбөргүй нотлоогүй гэж үзнэ. Энэ байдал нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, шүүхээс хэргийг хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

Үүнээс гадна яллагдагч Б.М, У.Э, А.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар дурдагдаагүй, энэ байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж, дүгнэлт хийгээгүй нь хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзнэ. Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжийн 6 дугаар хуудасны 3 дахь догол мөрнөөс “Б.Мыг хэний ашиг сонирхлын үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар буруутгаж байгаа нь ойлгомжгүй, хахууль өгсөн гэх этгээд нь тодорхойгүй байна." гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Б.Мыг М.Нын “бага албан татвар төлөх, дараалалгүйгээр үйлчлүүлэх ашиг сонирхлын үүднээс” өөрийн удирдлагад ажилладаг гаалийн улсын байцаагч нарт бага албан татвар төлөх, дараалал харгалзахгүйгээр үйлчлэх хууль бус үүргийг өгч, нөлөөлөх байдлаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, шууд 87.560.000 төгрөгийн хахууль авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдсэн байхад дээрх баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр “хэний ашиг сонирхлын үүднээс буруутгаж байгаа нь ойлгомжгүй, хахууль өгсөн гэх этгээд тодорхойгүй” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх... нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлнэ." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

2. Шүүгчийн захирамжийн 6 дугаар хуудасны 4 дэх догол мөрнөөс “Хэдийгээр М.Нын мөнгө шилжүүлсэн гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч түүний оролцсон үйлдэл оролцоонд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй тул түүний үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж, хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай гэж дүгнэв” гэжээ.

-Прокуророос яллагдагч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, У.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, А.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн 194100140257 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн 200200278 дугаартай “М.Н бусдад хахууль өгсөн” гэх хэргийг эрүүгийн 194100140257 дугаартай хэрэгт хамтатган шалгах шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас үзэхэд анхан шатны шүүх хэргийг нь шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээс огт яллагдагчаар татагдаагүй хүнийг гэм буруутай эсэхэд урьдчилан дүгнэлт хийж, шүүх яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний явцад дундын байр сууринаас хандах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа "хууль ёсны байх", “гэм буруугүйд тооцох" зарчмыг алдагдуулж, яллах талыг барьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэлбэр болно.

3. Шүүгчийн захирамжийн 7 дугаар хуудасны 1 дэх догол мөрнөөс “шүүх гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хөтөлбөргүй нотлоогүй гэж үзнэ” гэжээ.

Мөрдөн байцаалтаар Б.М нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргын хувьд Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “...Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ..." гэж, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.1-т “...өргөсөн тангарагтаа үнэнч байх...” гэж, 274.2.2-д “...албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх..." гэж, 274.2.5-д “...гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах..." гэж заасныг тус тус хэрэгжүүлэн ажиллах удирдах албан тушаалтан атлаа зөрчиж, 2010 онд Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авч байсан М.Нын “гадаад худалдаа"-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилладаг “С" ХХК-ийн Бүгд найрамдах Солонгос улсаас импортлон оруулж ирдэг “...хуучин гар утас, сэлбэг..." гэх барааг гаалийн хилээр удаа дараа нэвтрүүлэхдээ бага албан татвар төлөх, дараалалгүйгээр үйлчлүүлэх ашиг сонирхлын үүднээс өөрийн удирдлаганд ажилладаг гаалийн улсын байцаагч нарт бага албан татвар төлөх, дараалал харгалзахгүйгээр үйлчлэх хууль бус үүргийг өгч, нөлөөлөх байдлаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, шууд М.Нын Хаан банкны 5007815670 тоот данснаас өөрийн Хаан банкны 5015151185 тоот дансаар 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 87.560.000 төгрөгийн хахууль авсан үйл баримт нотлогдсон байхад гэмт хэрэг гарсан, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоогдоогүй гэж шүүхээс дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухэй хуулийн 39.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзнэ.

4. Шүүгчийн захирамжийн 7 дугаар хуудасны 2 дахь догол мөрнөөс “... яллагдагч Б.М, У.Э, А.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар дурдаагүй, энэ байдлыг мөрдөн шалгах явцад шалгаж, дүгнэлт хийгээгүй нь хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй” гэжээ.       ,

Мөрдөн байцаалтын явцад яллагдагч Б.М, У.Э, А.Х нар нь “...гэмт хэрэг үйлдээгүй..." гэж мэдүүлдэг бөгөөд тэд арилжааны банкны дансаар хахуулийн мөнгийг өгч, авдаг, Б.Мын хувьд ажлын газраас албан үүргээ хзрэгжүүлэхдээ Гаалийн улсын байцаагч нарт хууль бусаар нөлөөлдөг онцлог нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хахууль өгөгч нар нь Б.Мын албан тушаалтны хувьд хахууль өгснөөс үзэхэд гэмт хэрэг нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл бий болсныг үгүйсгэсэн дүгнэлтийг хийлгүйгээр хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзсэн, мөн прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн яаж зөрчсөн, ямар мөрдөн шалгах ажиллагааг явуулах талаар захирамжинд тодорхой заагаагүй нь шүүгчийн захирамж ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалттай нийцэхгүй байна. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн атлаа шүүгчийн 2021/ШЗ/309 дугаартай захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-д “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.” гэж заасныг баримталсан нь ойлгомжгүй, “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна. М.Нын үйлдэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. М.Ныг хэзээ, хаашаа явсан талаар гэр бүлийн гишүүд болон таних хүмүүсээс нь гэрчийн мэдүүлэг авах, Хил хамгаалах байгууллагаас хилээр орж ирсэн талаар лавлагаа авах зэрэг ажиллагаа хийгдэж байгаа. М.Нт холбогдох хэргийг тусгаарлаагүй. Үйл баримтан дээр нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа.  Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичивгэв.

Яллагдагч Б.Мын өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Б.Мыг буруутгаж байгаа хэрэг нь хахууль өгөх гэмт хэрэгтэйгээ салшгүй холбоотой. Хэн хахууль өгсөн нь тодорхой болсноор хахууль авсан гэж буруутгах боломжтой. Анхан шатны шүүхээс хахууль өгсөн хүн нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. М.Ныг Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгээгүй. Иймд хахууль өгсөн хүн нь тодорхойгүй байна. М.Ныг хахууль өгсөн гэдгийг тогтоосны үндсэн дээр Б.Мыг хахууль авсан гэмт хэрэгт буруутгах, яллах дүгнэлт үйлдэх боломжтой. Энэ байдлаар Б.Мыг хахууль авсан гэмт хэрэгт буруутгавал М.Ныг хахууль өгсөн гэмт хэрэгт шууд буруутгах нөхцөл байдал үүснэ. М.Н ямар гэмт хэрэгт буруутгагдаж байгаагаа өнөөдрийг хүртэл мэдээгүй байгаа. Иймд хахууль өгөх болон авах гэмт хэргийг хамтад нь шийдвэрлэх ёстой. Ингэснээр хэргийг бүрэн бодитойгоор, тал бүрээс нь шалгаж тогтоосон гэж үзэхээр байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч Б.Мын өмгөөлөгч Г.Золбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Должинсүрэн өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн субъектив, объектив шинжийг бүрэн нотлоогүй гэсэн агуулгыг шийдвэртээ тусгаж өгсөн. Б.М, А.Х руу мөнгө шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Үүнийг анхан шатны шүүхээс хэзээ, хаана, яаж мөнгө шилжүүлсэн үйлдэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Прокурор яллах дүгнэлтдээ 4 яллагдагчийн талаар дурдсан байдаг. Гэтэл М.Нын үйлдлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Гэм бурууг шүүхээр хэлэлцэх боломжгүй. Хэзээ, хаана, гэмт хэрэг үйлдсэн нь тодорхойгүй. М.Нын үйлдэл нотлогдоогүй байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч У.Эын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар прокурор тухайн гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар дурдах ёстой. У.Эыг хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн. Уг гэмт хэргийг хаана үйлдсэн бэ гэдэг талаар яллах дүгнэлтэд дурдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан шүүхийн харьяаллын асуудал яригдах ёстой. Прокуророос яллагдагч нар гэмт хэрэг хаана үйлдсэн талаараа дурддаггүй гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар яллагдагч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй. Хэрэгт авагдсан магадлагаа зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор тухайн гэмт хэргийг нотлох үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл энэ үүргээ огт биелүүлээгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч А.Хын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс товч тодорхой хуульд нийцсэн дүгнэлт хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа хэргийн бодит байдлыг тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй. Прокуророос мөнгө шилжүүлж байсан дансны хуулгаар хахуулийн мөнгө дамжуулдаг байсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Уг шилжүүлсэн мөнгө нь У.Э, А.Х нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа, гэрээний хүрээнд шилжүүлсэн мөнгө байдаг. Мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Мт 18.000.000 төгрөг очсон гэдгийг тогтоож чадаагүй. Гэмт хэрэг хаана үйлдэгдсэн бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож чадаагүй. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж таамагласан. Гэрээгээр халхавчилж 18.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзсэн бол У.Э, А.Х нарын хэн нь Б.Мт уг мөнгийг өгсөн бэ гэдгийг тогтоож чадаагүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч А.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У.Этой хамтран ажиллах гэрээ байгуулаад, түүний данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Энэ хэрэгт гэрээгээр халхавчилж мөнгө өгсөн үндэслэлээр холбогдуулан шалгасан. Хахууль өгсөн, авсан гэдгийг нотлох баримт байхгүй байхад хэрэг үүсгэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Яллагдагч Б.М, У.Э, А.Х нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэв.

             Нийслэлийн прокурорын газраас Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, У.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, А.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Б.М, У.Э, А.Х нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго зэрэг байдлуудыг шалгаж тогтоосон байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол…” гэж хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт, М.Нын үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар хуралдаанд оролцсон прокурор “М.Нын үйлдэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. М.Ныг хэзээ, хаашаа явсан талаар гэр бүлийн гишүүд болон таних хүмүүсээс нь гэрчийн мэдүүлэг авах, Хил хамгаалах байгууллагаас хилээр орж ирсэн талаар лавлагаа авах зэрэг ажиллагаа хийгдэж байгаа. М.Нт холбогдох хэргийг тусгаарлаагүй. Үйл баримтан дээр нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа” талаар тайлбар хэлсэн болно.

Яллах дүгнэлтэд яллагдагчийг яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад яллагдагч Б.Мыг “…М.Нын “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилладаг “С” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортлон оруулж ирдэг “...хуучин гар утас, сэлбэг...” гэх барааг гаалийн хилээр удаа дараа нэвтрүүлэхдээ бага албан татвар төлөх, дараалалгүйгээр үйлчлүүлэх ашиг сонирхлын үүднээс…” гэж тусгаж хэний ашиг сонирхлын үүднээс дээрх гэмт хэргийг үйлдсэнийг тодорхой заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр прокурор Б.Батсайханы бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Б.М, У.Э, А.Х нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЗ/309 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.М, У.Э, А.Х нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл яллагдагч Б.М, У.Э, А.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

                                ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ