| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/258 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/258
2025 09 04 2025/ШЦТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000410170 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хар толгой гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн гэх газарт үхэр сүрэгт нь нийлсэн өмчлөлийн 5 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж хохирогч 8,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн гэх газарт үхэр сүрэгт нь нийлсэн өмчлөлийн 5 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж хохирогч 8,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би уг хэргийг хэн нэгэнтэй хамтран гүйцэтгээгүй. ...Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэх хүнд учруулсан хохирлоо 2 нугалж 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж хохирлыг нь бүрэн барагдуулсан. Мөн өөрийн гэм буруугаа хүлээж байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, хохирогч “...Би 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ...миний нуруу өвдөөд Улаанбаатар хот руу явах гээд эхнэр хамт үхрээ хурааж татаж бүртгэхэд бүрэн байсан. Манайх 200 гаран үхэртэй бөгөөд манай үхрүүд Хуурай хөндий буюу гэрээсээ баруун зүгт бэлчээрт гардаг. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үхрээ бэлчээрээс нь татаж бүртгэхэд 6 тооны үхэр дутсан. Тэгээд тухайн үедээ алга болчихно гэж бодоогүй ойр орчимд бэлчээрээр явж байгаа байх гэж бодоод өнгөрсөн. 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нөгөө дутсан 6 үхрээ гэрийнхээ ойр орчмоор бэлчээрээр хайсан боловч олдоогүй. ...би хотод эмчилгээ хийлгэчхээд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ...ээжийн хамт гэртээ ирсэн. Тэгээд ирэхэд манай эхнэр нөгөө 6 үхэр чинь сураггүй байна гэж хэлсэн. ...би 6 тооны үхрээ хайхаар гэрээсээ баруун тийш ******* сумын төв орсон. Тэгээд сумын төвийн зүүн урд талаас орж ирээд гудамжаар явж байх үед хамгийн баруун захын хашаан дотор нохой орж гарсан байдалтай бой хийсэн юм шиг байсан. Тэгээд тэр хашааны араар өнгөрч байхад үхрийн шир буюу арьс харагдахад нь энэ манай үхэртэй ямар адилхан шир вэ гээд эхнэр хамт машинаасаа буугаад хойд талын хашааных нь онгорхойгоор нь ороод очоод үзэхэд 3 үхрийн арьс эвхсэн байсан бөгөөд уг 3 үхрийн арьсыг дэлгэж шалгаж үзэхэд миний алдагдсан 6 үхрийн 3 үхрийнх нь арьс мөн байсан. ...Тэгээд би ямар хүн энэ үхрүүдийг авчирсан юм бэ гэж асуухад манай сумын гэх залуу машинаараа авчирсан тэр залуу л мэдэж байгаа, тэр хүнээс асууж тодруулаарай гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн хамт гэх хүнтэй очиж уулзаад айлын хашаан дотор 3 үхрийн арьс шир байна, тухайн үхрүүдийг өөрийг чинь авчирсан гэж байна гэж асуухад манай сумын гэх хүн эхнэртэйгээ хамт хөлсийг нь өгье ******* сум руу 2 эр үхэр ачиж аваачиж өгчхөөд ирье гэхэд би хоёр үхрийг ачаад тээвэрлэж явсан, тухайн үед эхнэр нь надтай хамт явсан. Тэгээд ******* суманд очоод нөгөө 2 үхрээ айлд буулгачхаад буцаад шөнөдөө ирсэн. Замдаа манай хөдөө гэрээс 3 тооны үхэр ачаад ******* сумын төв рүү оруулаад өгөөч гэж хэлэхэд нь би за гээд ийн хөдөө гэрт нь очиж хашаан дотор нь байсан 3 тооны үхрийг машиныхаа тэвшин дээр ачаад ******* сумын төвд ирж тухайн айлын хашаанд буулгасан. Тэр үед намайг үхэр гаргаад өгөөч гэхээр нь би нэг үхрийг нь 50,000 төгрөгөөр гаргаж өгсөн гэж надад хэлсэн. ...би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, сэжигтнээр өгсөн: “...Тухайн үед өөрсдийн 7-8 үхэр, дүү 100 гаруй үхэр, 47 тооны бярууг хамт маллаж байсан. Нөхөр гэртээ байхгүй байхаар нь д байгаа юм байх гээд тэдний гэр рүү явсан. ...гэртээ ирээд хоол цай идэж ууж байхад манай нөхөр надад ярьчихлаа, хэрэгцээндээ 5 үхэр хэрэглэх хэрэгтэй байна. Буцаагаад тэтгэврийн зээл аваад төлнө гэхэд зөвшөөрсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би баярлаад миний дүү чинь болоо доо гэж бодсон. Тухайн үед хүмүүсээс мөнгө авчихсан байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2024 оны 12 дугаар сард өдрөө санахгүй байна, ...гэрээсээ гараад баруун хойшоо найз ...хашаа руу нь ороход хашааных нь баруун хойд буланд 3-4 хүн бой хийж байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн орчимд сумын төвд гэртээ байж байтал над руу манай сумын гэх хүн утсаар залгаж ******* сум руу машинаараа үхэр хүргэж өгөөч гэхэд нь би за гэхэд үхрээ хураагаад яръя гэж хэлсэн. ...Тэгээд очиход , гэх хоёр хүн гэртээ байсан. Гэрт нь хоол идчихээд гараад малын хашаан дээр очиход малын хашаан дотор нь 5 үхэр байсан. Тэгээд уг 5 үхрийн ягаан буурал, эвэртэй цох цагаан хүрэн зүсмийн 2 үхрийг нь машиныхаа тэвшин дээр ачаад ******* сум руу явсан ба гэх хүн нь машинд хамт явсан. ...******* сумын төвд очоод нэг айлд ...эвэртэй цох цагаан хүрэн зүстэй эр үхрийг буулгаж үлдээгээд цааш явж дахиад нэг айлын гадаа очоод нөгөө ягаан буурал зүстэй эр үхрийг буулгаж үлдээгээд буцаад ******* сум руу явсан. Тэгээд явсаар байгаад гэх хүнийг хөдөө гэрт нь хүргэж өгсөн ба тухайн үед шөнийн 02 цаг болж байсан. Би машинаа унаад гэр рүү явах гээд байж байтал гэх хүн надад энд хоноод өглөө ******* сумын төв рүү 3 үхэр машинаараа хүргэж өгөөч гэхэд нь за тэгье гээд тэдний гэрт хоносон. ...хашаан дотор байсан сартай хар зүстэй сувай үнээ, сартай улаан халзан зүстэй үнээ, улаан хүрэн зүстэй эр үхэр гээд 3 үхрийг машиныхаа тэвшин дээр ачаад ******* сумын төвд хүргэж өгсөн. Тэгээд сумын төвд байдаг гэх айлын хашаанд 3 үхрийг нь буулгасан...” гэх мэдүүлэг, гэрч “...дүү над руу утсаар залгаж эгчийн 2 үхрийг ******* сум руу хүргэж өгчхөөд буцаад эгчийн гэрээс үхэр ачаад ******* сумын төв рүү явж байна, та ирж 3 үхэр хамт ажиллаж бойлох уу, нэг үхрийг нь 50,000 төгрөгөөр ажиллуулна гэнэ гэхэд нь би за тэгье гээд ын гэрт очиж уулзахад нөгөө 3 үхрээ гэх айлын хашаанд буулгаад ирсэн эгч тэндээ өөрөө байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ...нөгөө 3 тооны үхрийг ажиллаж нядалж махалсан, гэх хүн ганцаараа 3 үхрийн гэдсийг арилгаж цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...өгсөн үхрийг нь авчирсан өдрөөс хойш хоёр хоногийн дараа хөлсөөр мал нядалдаг гэх хүнээр нядлуулсан. Уг үхэр нь улаан хүрэн зүсмийн, нуруун дээрээ цагаантай, том эвэртэй үхэр байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...23 цагийн үед 1 тооны улаан буурал зүсмийн шүдлэн насны эр үхэр авчирч хашаан дотор буулгаж уяж орхиод явсан байсан. Тэгээд би эхнэрээс дахин лавлаж асуухад та хэд бойчин олоод хөлсөөр нядлуулчих би хөлс мөнгийг нь өгнө гэж хэлсэн байсан учир 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хөлсөөр нядлуулсан. ... ахын зарсан үхэр 216 килограмм татсан...” гэх мэдүүлэг, гэрч С. “... нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байсан шиг санаж байна надруу утсаар ярьж эгчээ малын бойн дээр оочир их байна танай хашаанд үхэр аваачиж бойлж болох уу гэж асуусан. Тэгээд манай хашаанд , , нар 3 үхэр авчирч махалсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сумын багийн засаг дарга нарт бусдын алдуул малыг бүртгэх, бүртгэлийн дэвтрийг гаргаж өгсөн байдаг. Тухайн засаг дарга нь иргэнээс ирүүлсэн алдуул малыг бүртгэн авч тухайн дэвтэрт бүртгэлийг хөтөлж, цагдаагийн байгууллагад мэдэгддэг. Харин 2024 оны 12 дугаар сарын орчимд хохирогч ын эзэмшлийн алдагдсан үхрүүд нь яллагдагч ийн мал сүрэгт уруудан ирж нийлсэн талаар нь Баяндун сум, ******* сумын багийн засаг дарга нарт огт мэдэгдээгүй. Хохирогч нь 6 тооны үхрээ алдсан гэж мэдүүлдэг бөгөөд яллагдагч нь 2 тооны үхрийг ******* суманд зарж борлуулсан, харин 3 тооны үхрийг Улаанбаатар хот руу ямар нэгэн гарал үүслийн бичиггүйгээр зарж борлуулсан байдаг. Харин 1 тооны үхэр нь яасан эсэх нь тодорхойгүй байдаг...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, “Дамно үнэлгээ” ХХК-ний шинжээчийн РЦ-25-01 тоот дүгнэлт, *******ийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого, *******ийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарим яллагдагчид холбогдох хэргийг /зарим үйлдлийг/ хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, хохирол төлбөр төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч 8,600,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн ба хэрэгт шүүгдэгчээс хохирол төлбөр төлсөн баримтыг хавсаргасан байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зааснаар шүүгдэгч ******* ийг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА