| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0320/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/345 |
| Огноо | 2025-10-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Баасанжав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Г.Н-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг,
Иргэний хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Б.Б-,
Шүүгдэгч Х.У- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.У-т холбогдох эрүүгийн 2438003210325 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.У-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.У- нь Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар баг ... гэх газар буюу орон нутгийн ... авто зам дагуу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота Приус-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч А.Д-н амь нас хохирч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438003210325 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Х.У- нь Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар баг ... гэх газар буюу орон нутгийн ... авто зам дагуу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота Приус-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч А.Д-н амь нас хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.У-ын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Н-гийн өгсөн: “...Х.У-т гомдол саналгүй. Гомдолтой гээд миний хүүхэд босоод ирэхгүй. Зам дээр яагаад тэмдэг тэмдэглэгээ тавиагүй юм бэ. Өөр хэлэх зүйл алга...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Б-ийн өгсөн: “...Тухайн зам дээр 2 км замын обектыг 2 талд нь шороогоор хаачихсан байсан. Хариуцаж байсан инженер нь тэмдэг байрлуулсан гэсэн. Тухайн үед наад талын шороог тойрч гараад шороон дээр зогссон юм билээ. Хохирол төлөх тал дээр мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн: “...Уг хэрэг болсон газар нь Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар баг ... гэх нэртэй газар байх ба аймгийн төвөөс Улаанбаатар явах ... замаас ертөнцийн хойд зүгт ... сум явах замд ... замаас 4,5 километр зайд замын баруун талын хэсэг рүү тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай ...хэргийн газрын ерөнхий байдлыг дэлгэмэл байдлаар гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Хэрэг болсон гэх газрын замд овоолсон шороон хэсэг байх ба түүнээс хойд зүгт замын баруун хэсэгт газарт ухагдаж эвдэрсэн хэсгийг “А” цэгээр тэмдэглэж, овоолттой шороон хэсгээс “А” цэг хүртэл хэмжиж үзэхэд 39 метрийн зайтай байв. “А” цэгээс замын хажуу хэсэг рүү гарч унасан цэгийг “Б” цэгээр тогтоож хэмжиж үзэхэд 6 метр зайтай байна. “Б” цэгээс цогцос хүртэл цогцсыг “1” тоогоор тэмдэглэж хоорондын зайг хэмжихэд 29,7 метр зайтай, Б цэгээс тээврийн хэрэгсэл “2” тоогоор тэмдэглэж хэмжихэд 40 метр зайтай, цогцосноос зүүн хойд зүгт байх тээврийн хэрэгсэл хоорондын зай 7 метр зайтай байсныг тус тус хэмжиж тэмдэглэл үйлдэв. “А” цэгээс “2” тоо буюу тээврийн хэрэгсэл байх газар хүртэл үзлэгийг явуулахад тухайн цэгүүдийн хооронд газар эвдэгдсэн чулуу хайрга зам дээр гарч эвдэгдсэн мөн тээврийн хэрэгслүүдийн эд ангиуд хагарч бутарч унасан байдалтай байв. Тухайн хэргийн газрын хөрс зам нь хайрга, чулуутай, замын хөвөөнөөс буусан хэсэг нь шороон ногоо ургасан тоос ихтэй газар байна. Тухайн осол болсон замын өргөн нь 7,10 метр байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 23-27 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 тал/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32 тал/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-34 тал/,
Хохирогч Г.Н-гийн өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 29-ний 08 цаг 02 минутын ... гэсэн дугаараас залгаад сумын урд талын хөндийн замд аваар гарсан байна. Замын хажуу тал руу ... гэсэн улсын дугаартай машин онхолдсон байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь би ах руугаа ингэж хүн утсаар ярилаа У-осолд орсон юм шиг байна гэсэн. ...Би ээжээс яг юу болсон талаар асуухад У-ухаангүй байна танай хоёр хүүхэд хамт явсан байна гэхээр нь манай хоёр хүүхэд яасан юм бэ гэхэд ээж ямар нэгэн юм хэлээгүй. ...манай бэр эгчийг З- эмч дуудаад ээжид нь хэлээд яах бэ нэг хүүхэд газар дээрээ нас барсан байсан тэрийг манай эгч надад хэлсэн. Одоогоор гомдоод байх зүйлгүй нэхэмжлэх зүйлгүй. ...Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгох шинжээч томилуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 42 тал/,
Иргэний хариуцагч Б.Б-ийн өгсөн: “...Замын хэвтээ тэмдэглэгээ буюу замын голын тэнхлэгийн цагаан зураас тавих ажлын үеэр тухайн компанийн авто замын хийж гүйцэтгэсэн 2 километр замд будаг хатаах зорилгоор тээврийн хэрэгсэл оруулахгүй гэсэн байдлаар эхлэл болон төгсгөл хэсэгт шороо овоолсон байсан юм. Тухайн шороог хусаж арилгаагүй үед тухайн осол гарсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,
Гэрч Э.Э-н өгсөн: “...2024 оны 07 сарын 29-ний өглөө 07 цагийн орчим би гэртээ унтаж байхад манай хадам аав залгаад өглөө эрт шөлний хонинд явж байсан чинь сумын төвийн урд талын шинэ засмал дээр аваар гарсан байна гэж хэлэхээр нь эмнэлэг дуудсан. Манай хадам аав хэлэхдээ машин онхолдсон харагдаж байсан машины хажууд нэг хүн хэвтэж байгаа бололтой байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,
Гэрч Д.А-н өгсөн: “...Би талийгаач дүүтэйгээ хамт сумын төвд ээжийнхээ байшинг янзалж байгаад талийгаач дүүгийн хамт хөдөө гэртээ ирээд байж байхад араас Х.У- дүү маань 21 цагийн үед машинтайгаа ганцаараа ирсэн. Х.У- нь манайд утсаараа тоглож байгаад танд пиво байна уу гэхээр нь хоёр пиво байгаа харин чи энийг уучихаад битгий ийшээ тийшээ яваарай согтуу машин барьж болохгүй шүү гэж хэлээд бид хоёр гэрт байсан хоёр том савтай пивыг хувааж уусан. Тэгээд тэр пиво хувааж уучихаад Х.У-т хандаж одоо ах нь унтлаа чи машин тэрэг барьж явахгүй шүү манай унтаад яв гэж хэлчихээд би гэртээ ороод унтсан. Тэгсэн өглөө манай бэр эгч Н- утсаар яриад яах гэж хоёр дүүгээ нааш явуулсан юм бэ У-тэр гурав осолд орсон байна гэхээр нь намайг унтсан байхад энэ гурав яваад өгсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,
Гэрч Т.М-н өгсөн: “...Замын километрийн тэмдэг, замын хажуугийн дохионы төмөр бетонон шон, хөвөөний ажил зэрэг хийх үлдсэн байгаа. Тухайн осол болохоос өмнө хоёр гурав хоногийн өмнө бид замынхаа дундах тэнхлэгийн цагаан зураасыг тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №134 дугаартай: “-А.Д-н цогцост гавлын орой, суурь ясны нийлмэл шугаман хугарал, тархины 2 тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсэг, тархины суурь хэсгийн хамарсан аалзавчин хальсан доорх тархмал цус харвалт, баруун чамархайн булчинд цус хуралт, толгойн хуйхны цус хуралт, зүүн ташаанд шарх, баруун мөр, зүүн шуу, зүүн гуя, өвдөг, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нас барсан тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. -Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 76-79 тал/,
Техникийн шинжээчийн: “Тоёота Приус-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.У- нь Монгол Улсын ЗХД-ийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7 а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 87-88 тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 108 дугаартай: “Иргэн Х.У-ын биеэс авсан гэх цусанд 0,2 промилли спирт илрэв. 0,2 промилли гэдэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч тухайн үедээ согтолтгүй байжээ гэсэн үг юм” гэх дүгнэлт /хх-ийн 94 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Х.У-ын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би урд мэдүүлэг өгөхдөө болсон зам тээврийн ослын талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй. ...Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Өөрийн гэм бурууг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-27 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32 тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-34 тал/, хохирогч Г.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 38-39, 42 тал/, иргэний хариуцагч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/, гэрч Э.Э-н мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/, гэрч Д.А-н мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/, гэрч Т.М-н мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн №134 дугаартай шинжилгээ дүгнэлт /хх-ийн 76-79 тал/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88 тал/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 108 дугаартай дүгнэлт /хх-ийн 94 тал/ зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Х.У- нь Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар баг ... гэх газар буюу орон нутгийн ... авто зам дагуу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота Приус-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч А.Д-н амь нас хохирсон гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч А.Д- нь авто ослын улмаас гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Х.У-ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Х.У- жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Х.У- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.У-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас А.Д-н амь хохирч хүнд хор уршиг учирсан ба хохирогч Г.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд “...шүүгдэгч Х.У- нь оршуулгын зардалд 7,000,000 төгрөг өгсөн, гомдол саналгүй” гэж байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Хохирогч Г.Н- нь шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч буюу ... ХХК-иас нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Иймд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч ... ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.У-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг хорих ялыг 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Энэ ослын улмаас Х.У- нь ухаангүй Улаанбаатар хотод 3 удаа хагалгаанд орсон. Тэр болгонд би очиж байсан. Хэрэг 1 жилийн хугацаагаар түдгэлзсэн. Саяхан бас хагалгаанд орсон. Мөрөн суманд шууны хагалгаа нь буруу хадагдсан учраас дахин хагалгаанд ороод тахир дутуу болсон. Зүүн гар нь дээшээ хөдөлдөггүй болсон. Баруун гараараа ажлаа хийдэг. Хэргийн хувьд 2025 онд сэргээгдсэн. Ослын хэрэгт хэргийн газар би их очдог. Би ... сум орж хэргийн газрыг харсан. Замын компанийн асуудлыг мөрдөгчид хэлж байсан. Хэрэг түдгэлзсэн байхад шороо нь хэвээрээ байсан. Ямар ч тэмдэглэгээ байхгүй. Авто ослын хэрэг бол болгоомжгүй хэрэг. Миний үйлчлүүлэгч дүрмийн заалтаа ойлгодог. Хамгаалах бүсээ яагаад зүүсэнгүй вэ гээд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна миний үйлчлүүлэгч хохирогч. Өөрийн хайрлаж явсан төрсөн эгчийнхээ хүүг өөрийн буруугаас болоод алдчихсан. Энэ хугацаанд сэтгэл санаа хэцүү байсан. Хоёрдугаарт хуульд заагаагүй ч гэсэн миний үйлчлүүлэгчийн хувьд тахир дуту болчихсон байгаа. Ид ажиллаж хөдөлмөрлөж, гэр бүл зохиох залуу насандаа өрөөсөн гар нь ийм болчихсон. Мэргэжил нь нь нарийн мужаан. Гэрээрээ морин хуур хийдэг хүү байгаа юм. Энэ хувийн байдлыг нь харгалзаж хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ашиглаж өгөөч. Хэргийн нөхцөл байдалд 50 хувь замын компани хариуцах ёстой. Энэ нөхцөл байдлыг харгалзаж нийгмээс битгий тусгаарлаач. Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж ял оногдуулж өгөөч. Төрсөн эгч дүү хоёр насаараа бие биендээ тусалж дэмжиж явна. Энэ хүү ажил хийгээд явж байвал ах дүүдээ, өөртөө хэрэг болох байх. Залуу хүний ирээдүйг бодож шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Замын компаниас сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгч Х.У-ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 120-123, 133-140 талд авагдсан ... зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Х.У- нь ... түүний хувийн байдлыг тогтоожээ.
Шүүгдэгч Х.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйл, хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн“-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь
зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Эрүүгийн 2438003210325 дугаар хэрэгт шүүгдэгч Х.У- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Си ди 2 ширхэгийг хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Х.У-т оршин суух газар, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хохирогч Г.Н- нь сэтгэцэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч ... ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Х.У-ын тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Х.У- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Си ди 2 ширхэгийг хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР