Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/602

 

 

 

 

 

                        

  2021             6              22                                          2021/ДШМ/602

 

  И.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

хохирогч Т.Гийн өмгөөлөгч С.Баттамир,

            шүүгдэгч И.Э,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/345 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Эы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006022912454 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн И Э, 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ... эмнэлгийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч И.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.А, шүүгч Т.Г, шүүгч Б.Ц нарыг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай нь холбогдуулан “хэрэв дахиад хууль завхруулагчид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хулгайч, луйварчин А.Цэнгэлбат болон Ц.Энхмэнд нарт илтэд давуу байдал үүсгэн хууль бус шийдвэр гаргавал шүүгчийн нэр зүүсэн авлигач, хулгайч шүүгчдийг тэр хууль завхруулдаг шүүхийн байранд нь цагдаагийнх нь нүдэн дээр нь алж устгах болно” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн,

2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “ТВ-4” телевизийн “4 дэх засаглал мэдээллийн хөтөлбөрөөр оролцохдоо “... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий авлигач, хулгайч, луйварчин шүүгч нар болох С.А, Т.Г, Б.Ц нар нь хулгайч А.Цэнгэлбатын худал үгэнд орж авлигал авч хууль бус буруу шийдвэр гаргасан” гэж олон нийтийн сүлжээгээр нэр төрд нь халдаж худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: И.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас И.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Ц овгийн И Эыг “Шүүгчийг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэн хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч И.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Эд оногдуулсан 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг И.Эд мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий DVD, CD зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, хохирогч Б.Ц, С.А, Т.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар И.Эаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл И.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч И.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие энэхүү тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Учир нь,

Хонгилын шүүгчид болох С.А, Б.Ц, Т.Г нар хулгай, залилан, луйвар хийж, миний нэр төрийг олон нийтэд санаатайгаар гутаан доромжилж, хууль бусаар хөрөнгөжсөн хулгайч, луйварчин А.Цэнгэлбат болон Ц.Энхмэнд гэх хүмүүсийн санаатайгаар өгсөн худал мэдүүлэг, хуурамч нотлох баримтуудаар удаа дараа шүүх хурал хийж, миний эрүүл мэнд, сэтгэл санаагаар тоглосоор ирлээ, \500.000.000 төгрөгийн хохирол\ энэ нь эрүүгийн гэмт хэрэг болно. Үндсэн хуульд заагдсан миний эрхийг авлига авсныхаа төлөө санаатайгаар зөрчиж, шүүх хурал хийж, хууль бус шийдвэр гаргаж, хулгайч, луйварчдад давуу байдал үүсгэсээр ирсэн нь эрүүгийн гэмт хэрэг болно. Миний бие Монгол Улсын иргэн тул хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэйгээр үйлчлүүлнэ гэсэн заалтыг амьдрал дээр хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хулгайч, луйварчин А.Цэнгэлбат гэгч нь яасан гэж хуурамч нотлох баримт санаатайгаар үйлдээд худал мэдүүлэг өгч миний гал голомтоо зарсан 28.500.000 төгрөгийг Ц.Энхмэндийн дансанд хийж залилан авах ёстой юм бэ. Миний ариун цагаан хөдөлмөрийн үр шимээр олсон орлого, ХБНГУ, Англи болон Франц улсаас авч ирсэн эд хөрөнгө хаана байна. Ц.Энхмэнд гэгч хулгайч, луйварчин нь миний барууны орноос 20 тонн контэйнэрээр ачуулж Монгол Улсад авч ирсэн дээрх эд хөрөнгийг санаатайгаар надад мэдэгдэлгүй хулгайлан авч яваад Баянгол дүүргийн 12 дугаар хороо 19 дүгээр байрны 79 тоотод байрлах түрээсийн байрандаа хэрэглэж байгаад, уг байрыг бусдад зарахдаа доторх бүх тавилгатай нь зарж, хууль бусаар хөрөнгөжсөн. Хонгилын шүүгчид чинь нотлох баримтаар шүүх хурал хийх ёстой байтал А.Цэнгэлбатын амаар өгсөн худал мэдүүлгээр шүүх хурал хийж, хууль завхруулсаар ирлээ.

Дээрх нэр бүхий хонгилын шүүгчид:

Албан тушаалаа урвуулан ашиглаж, хулгайч луйварчинд давуу байдал үүсгэсэн хараат бус байж чадаагүй ёс зүйгүй байна.

Түүнээс гадна яагаад хүн алах тухай хэлсэн гэхээр:

А.Цэнгэлбат гэх хулгайч, луйварчин намайг онц ноцтой хүнд гэмт хэрэгт гүтгэж байсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхтуяагийн хажууд, шүүхийн танхимд алуурчин гэж удаа дараа дуудаж байсныг гэрчүүдийн мэдүүлэг нотлоно /гэрч Уранхайчийн мэдүүлэг/. Тийм учраас миний бие тухайн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч гэх а\д ...Гангантөгсийн нэр дээр гомдол гаргахад энэ хууль завхруулагч этгээд санаатайгаар шалгаагүй юм. Г.Хатанцэцэг шүүгч дээр байгаа 2 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудсанд хэрхэн хүн гүтгэдгийг харж болно. Миний бие хүн алаад Баянгол дүүргийн цагдаад мөрдөгдөж байсан мэтээр хэлсэн байдаг. Хүн алсан хүн тэгээд зүгээр явдаг болж байна уу. Хүн алаагүй миний бие, хүнд гүтгүүлж байхаар алаад ял авсан нь дээр гэж бодоод бухимдсандаа тухайн үед тэгж бичсэн юм. Хонгилын шүүгчдийг миний бие Авлигатай тэмцэх газар болон Ёс зүйн хороогоор шалгуулж үнэнийг тогтоолгох болно. Хонгилын шүүгчид авлига авсан байгаад хулгайч, луйварчингийн амаар өгсөн худал мэдүүлэг, хуурамч нотлох баримтуудаар шүүх хурал хийж, миний амьдралаар тоглосон нь нотлогдож байна. Миний гал голомтоо зарсан мөнгө болох 28.500.000 төгрөгийг А.Цэнгэлбат гэгч нь Ц.Энхмэнд гэх хүнийг Солонгос улсад хар ажил хийж байхад, энэ хүний дансанд хийж, залилан аваад өнөөг хүрч байна. Хар элгэн хүний дансанд орсон 28.500.000 төгрөгийг, миний бие авч зарцуулж чадах уу, А.Цэнгэлбатын гараар бичсэн хуурамч нотлох баримтыг хар. Хүний дансанд орсон мөнгөнөөс миний бие сохор зоос ч авч чадахгүйг, эрүүл ухаантай хүн бүр ойлгоно. Хүний гарын үсгийг дуурайлган зурах нь эрүүгийн гэмт хэрэг биш үү? ЭЦСУ ХХК-ийн бланк  дээрх Баянзүрх дүүргийн татварын албанд гаргасан хуурамч икс тайлан. Т.Г гэх хууль завхруулсан хонгилын шүүгчийг, миний бие ШШҮТ-р энэ гарын үсгийг шалгуулья гэхэд, миний өмгөөлөгч Энхээгийн хажууд намайг өөрөө яваад хөөцөлд гэж хэлж байсан нь ёс зүйгүй, хонгилын шүүгч гэдгээ баталсан юм. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд байсан 5 хүний 3-ынх нь гарын үсгүүдийг хуурамчаар зурж эрүүгийн гэмт хэрэг хийсэн. Гадаадын иргэн харьяатын газраас өгсөн албан бичигт энэ 3 хүн гадаадад байсныг гэрчлэнэ. 15.000.000-нд байгаа бичигт миний бие дээрх хэдхэн эм аваад явсны дараа А.Цэнгэлбат гэх хулгайч 2 өөр янзаар бичиж, энэ хэмжээний эм тариа авч явсан мэтээр бичсэн нь эрүүгийн гэмт хэрэг болно \нотлох баримт хуурамчаар үйлдсэн\. Хуурамч итгэмжлэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд байсан 3 хүний гарын үсгийг дуурайлган зурж, залилан хийсэн. Тухайн үед 3 хүнээс асуугаагүй байж, хууль бус итгэмжлэл хийж эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд байсан 1 хүн л байхгүй бол зарах эрхгүй байх ёстойг хуульчлан заасан байдаг. Тэгвэл таньдаг нотриатчаар хууль бус үйлдэл хийж, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн. ЭЦСУ ХХК-ийн дансанд мөнгө ороогүй, харин хулгайч, луйварчин А.Цэнгэлбат болон Ц.Энхмэндийн дансанд орсныг дансны хуулгууд гэрчлэнэ. Монгол болон Герман хэл дээрх гэрээнүүд намайг хөдөлмөрлөж байсныг гэрчлэнэ. 2008 оноос хойш өнөөг хүртэл миний бие түрээсийн байраар амьдарч, энэ хугацаанд түрээсийн байранд 75.000.000 төгрөг төлөөд эдийн засгийн дарамтанд амьдарч байна. Тэгвэл яасан гэж Ц.Энхмэнд миний гарын үсгийг дуурайлган зурж Баянзүрх дүүргийн Татварын албанд удаа дараа хуурамч ИКС тайлан гаргаж байсан бэ? гэх мэт олон эрүүгийн гэмт хэргүүд үйлдсэн байхад, санаатайгаар шалгаагүй ирсэн нь хууль зөрчихөөс гадна эрүүгийн гэмт хэргүүд болно. Өнөөдрийг хүртэл миний бие 10 жил шударга шүүхээр шийдвэрлүүлж, үнэнийг олохоор явлаа. Гэтэл хонгилын шүүгчид авлига авч хулгайч, луйварчинд үйлчилж, миний амьдралаар тоглосоор ирсэн учир миний бие арга буюу дараагийн арга хэмжээ авч хулгайчдыг устгаж хохирлоо барагдуулахад хүрлээ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч нэртэй хууль завхруулагчид шударга байж чадаагүй нь намайг ийм нөхцөл байдалд хүргэж байна. Хулгайч, луйварчинд бүх зүйлээ алдсан миний хувьд 8.000.000 \21.6 зүйлийн 1 дэх\ төгрөг төлж чадахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах заалтаар солихыг хүсч байна. Түүнээс гадна өнөөг хүртэл миний бие хүн алж үзээгүй харин ч эмчилж ирлээ. Харин хүн алж устгаагүй байж, хийгээгүй хэргийн төлөө би ялтан болохгүй. Эцэст нь хэлэхэд хоёр шаардлагыг хүргүүлье.

1. Санаатайгаар, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн тус эрүүгийн гэмт хэргүүдийг прокурорт эсэргүүцэл бичээд, хуулийн хүрээнд үнэн бодит нотлох баримтад тулгуурлан мөрдөн байцаалтанд буцаах.

2. Эсвэл хулгайчдыг миний бие алж, устгаад, цогцсуудуудаар нь хохирлоо барагдуулаад, дараа нь миний бие ялаа эдлэх ийм л 2 зам үлдлээ.

Ингэсэн тохиолдолд миний амьдралаар тоглож, авлига авч хууль бус шийдвэр гаргасан хонгилын шүүгчдийг, миний бие араасаа чирнэ. Хамтдаа ял эдлэх болно. Ямар ч байсан миний бие эцэг, эхээс уламжлагдан ирсэн гал голомтоо самруулаад, хөдөлмөрлөж олсон орлого, ХБНГУ, Англи, Францаас авч ирсэн эд хөрөнгөө тонон дээрэмдүүлээд нэг ч төгрөггүй хоосон үлдэхгүй. Хуулийн дагуу нотлох баримтад тулгуурлан хуульд нийцсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэв.

Хохирогч Т.Гийн өмгөөлөгч С.Баттамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч И.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан. Шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаж байгааг дүгнэж шүүх хуульд заасан хөнгөн ял шийтгэлийг оногдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд зорчих эрхийг хязгаарлах боломжтой байхад энэ нөхцөл байдал хийгдээгүй. Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зөрчилгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт ял тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхээ эдлээгүй байж өөрийн гэм буруутай үйлдлээс болж өмгөөлөгчтэй уулзсан гэж ярьдаг. Эрхээ эдлээгүй, тухайн хүмүүс гомдлыг нь хүлээн аваагүйн төлөө шүүгч нарыг хулгайч, луйварчин, авлигач, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн гэж гүтгэдэг. Шүүгдэгч нь одоо ч гэсэн өөрийн гэм буруугаа ойлгоогүй байна гэж үзэж байна. Шүүгч нар төрд тангараг өргөсөн, ажлаа хийж яваа хүмүүс бөгөөд ажлаа хийснийхээ төлөө, мөн шүүхээр авлига авсан, буруутай болохыг нь тогтоогоогүй байхад хэн нэгэн этгээдээр “хулгайч, луйварчин” гэж хэлүүлж байгаад маш их харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааны явцад бүгдээс нь уучлал гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж байгаа, эсхүл маргахгүй байгаа аль нь болох нь тодорхойгүй. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авахаар болж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч дараа нь “өөрийгөө өмгөөлнө, өмгөөлөгч авахгүй” гээд ирсэн. Прокурорын зүгээс шүүгдэгчид хандаж иргэний хэрэг, эрүүгийн хэргээс тусдаа шалгагдаж байгаа бөгөөд шүүхээр хэнийг ч хулгайч, гэм буруутай гэж тогтоогоогүй байхад бусдыг гүтгэх нь буруу гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж хэлсэн. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч И.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.А, шүүгч Т.Г, шүүгч Б.Ц нарыг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай нь холбогдуулан “хэрэв дахиад хууль завхруулагчид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хулгайч, луйварчин А.Цэнгэлбат болон Ц.Энхмэнд нарт илтэд давуу байдал үүсгэн хууль бус шийдвэр гаргавал шүүгчийн нэр зүүсэн авлигач, хулгайч шүүгчдийг тэр хууль завхруулдаг шүүхийн байранд нь цагдаагийнх нь нүдэн дээр нь алж устгах болно” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Цийн “...шинээр илэрсэн байдлыг хянуулах тухай И.Эы хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 571 дугаартай тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Би шүүх хуралдааныг хуваарийн дагуу даргалсан. Хэргийн оролцогч нарын алийг нь ч танихгүй. Шүүхийн Ерөнхий зөвлөлд “алж устгах болно” гэж гомдол хүргүүлснийг мэдсэн. И.Э нь шүүхийн шийдвэрийн талаар дээд шатанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тиймээс уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйн улмаас заналхийлсэн гомдол гаргасан байна. ...” /1хх 128-129/,

хохирогч Т.Гийн “...Шүүгчдийн зүгээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан бусдад давуу байдал үүсгэсэн зүйл байхгүй. И.Э нь хуульд заасан хугацаанд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй байхад эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл И.Э нь өөрийн буруутайгаас болж давж заалдах эрхээ эдлээгүй байж ажлаа хийж байгаа шүүгч нарыг заналхийлж байгаад гомдолтой байна. ...” /1хх 132-133/,

хохирогч С.Аийн “...2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр А.Цэнгэлбатын нэхэмжлэлтэй И.Эд холбогдох хэргийг шийдсэн. Тухайн үед И.Э гэх хүнийг мэддэг болсон ба хувь хүнийх нь хувьд танихгүй. И.Э нь Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргахдаа шүүгч нарыг заналхийлж байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд байхад И.Э нь манай өрөөнд орж ирээд хууль бус шийдвэр гаргасан, авлига авсан, Цэнгэлбатын талд шийдвэр гаргасан гэж маргаан үүсгэх янзтай байхаар нь шүүхийн харуулын цагдаа И.Эыг миний өрөөнөөс гаргасан. ...” /1хх 136-137/ гэх мэдүүлгүүд,

И.Эы Шүүхийн Ерөнхий зөвлөлд бичгээр гаргасан гомдол /1хх 7-8/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын мэдэгдэл /1хх 9/, Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан тоот /1хх 13/, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник, хэрэгслээр хангах хамгаалалтын арга хэмжээний гэрээ /1хх 64-69/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлүүд /1хх 75-110/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч И.Эыг шүүгчийг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэн хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч И.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч И.Эы гаргасан “...Хонгилын шүүгчид нотлох баримтаар шүүх хурал хийх ёстой байтал А.Цэнгэлбатын амаар өгсөн худал мэдүүлгээр шүүх хурал хийж, хууль завхруулсаар ирсэн. Миний бие 8.000.000 \21.6 зүйлийн 1 дэх\ төгрөг төлж чадахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд  эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр А.Цэнгэлбатын нэхэмжлэлтэй И.Эд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүхийн шийдвэр гарсан, тухайн шийдвэрт шүүгдэгч хуулийн хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Тус шийдвэрт шүүгдэгч И.Э нь “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт”-ийг тухайн шүүхэд гурван удаа гаргасан байх бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Э нь дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн, эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон шүүгч С.А, Т.Г, Б.Ц нарыг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай нь холбогдуулан “хэрэв дахиад хууль завхруулагчид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хулгайч, луйварчин А.Цэнгэлбат болон Ц.Энхмэнд нарт илтэд давуу байдал үүсгэн хууль бус шийдвэр гаргавал шүүгчийн нэр зүүсэн авлигач, хулгайч шүүгчдийг тэр хууль завхруулдаг шүүхийн байранд нь цагдаагийнх нь нүдэн дээр нь алж устгах болно” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүх, шүүгдэгч И.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Эд оногдуулсан 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Эд оногдуулсан 8000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж,

6 дахь заалтад “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий DVD, CD зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай” гэснийг “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий DVD, CD зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин шүүх, Баянзүрх дүүргийн прокурорын газраас И.Эыг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “ТВ-4” телевизийн “4 дэх засаглал мэдээллийн хөтөлбөрөөр оролцохдоо “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий авлигач, хулгайч, луйварчин шүүгч нар болох С.А, Т.Г, Б.Ц нар нь хулгайч А.Цэнгэлбатын худал үгэнд орж авлигал авч хууль бус буруу шийдвэр гаргасан” гэж олон нийтийн сүлжээгээр нэр төрд нь халдаж худал мэдээлэл тараасан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 6 дахь заалтуудад зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч И.Эы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/345 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “...8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр...” гэснийг “...8000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр...” гэж,

- 6 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Эы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ

                                                                                                                                            

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ