Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0080

 

2023         01            19                                        128/ШШ2023/0080

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйгаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаад холбогдуулан гаргасан “улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1459053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаа тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Миний бие Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 тоот дүгнэлттэй танилцаад, хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуй 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд хандан “улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1459053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий 04 дүгээр дүгнэлтийг ирүүлсэн. 

Улмаар хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаагаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйн дүгнэлттэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйгаас гаргасан “улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1459053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаа хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.МӨНХ-ӨЛЗИЙ