Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 037

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж

Улсын яллагч: Б.Ботакөз 

Шүүгдэгч: Т.Төлеужан 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Костёр

Орчуулагч: А.Еркегүл

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жантекей бархы овогт Тилеубекийн Төлеужанд холбогдох эрүүгийн 201704000063 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар оршин суудаг, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Жантекей бархы овогт Тилеубекийн Төлеужан РД: БЮ92093056. 

Шүүгдэгч Т.Төлеужан нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Толбо сумын соёлын төвийн гадаа гудамж талбайд нийгмийн хэв журмыг зөрчиж, иргэн А.Хуантханыг “хажуугаар зөрөхөд мөргөсөн” гэж ялимгүй зүйлийг шалтгаалан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

- Шүүгдэгч Т.Төлеужаны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 52-54-р хуудас/

- Хохирогч А.Хуантханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 12, 37-38-р хуудас/

- Гэрч С.Тилеухавылын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14, 39-р хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/

- Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/

- Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/

- Хохирогч А.Хуантханы шүүхэд ирүүлсэн хүсэлт 

- Прокурорын 1413 дугаартай тогтоолын хуулбар зэрэг болно.

Хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлсэн, уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв байна гэж шүүх үнэлэв. 

 Шүүгдэгч Т.Төлеужан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын соёлын төвийн гадна олон нийтийн газар иргэн А.Хуантханыг “хажуугаар зөрөхөд мөргөсөн” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, түүний нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн шүүгдэгч Т.Төлеужаны “...Би тэр залууг зөрж өнгөрөх үед шүргэж өнгөрсөн болохоор согтуу байсан тул нүүр тус газарт шууд нэг удаа цохисон миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 52-54-р хуудас/

Хохирогч А.Хуантханы “...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Толбо суманд хадам дүүгийн урлагын тоглолт болох гээд тэрийг үзэх гэж очсон. Тоглолт болж байхад 21 цагийн үед би гадаа гарч бие засаад буцаад ирж байх замдаа би нэг залуутай мөргөлдсөн ба уг залуу надад “чи намайг мөргөдөх хэн вэ” хэрүүл үүсгэсэн. Тухайн үед би ч гэсэн хэрэлдэж маргалдсан ба тэр үед нөгөө залуу миний аман тус газарт гараагаа нэг удаа цохисон ба би шууд зугтаж соёлын төв рүү орчихсон. Т.Төлеужаныг зүс таньдаг байсан, өс хонзонгийн болон таарамжгүй ямар нэгэн харьцаа байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12- 37-38-р хуудас/

Гэрч С.Тилеухавылын “...тухайн өдөр 19 цагийн үед сумын төвд байрлалтай билляардын газарт оройн 19 цагийн үед очсон. Намайг очиход найз Төлеужан, Жыргау гэх залуугийн хамт пиво ууж сууж байсан. Тэгээд Төлеужан надад гадаа гараад тамхи татаад ирье гэсэн ба бид бид хоёр гадаа гарч тамхи татаж байхад хоёулаа соёлын төв очоод ирье тэнд тоглолт болж байна гэсэн. Би очихгүй гэхэд намайг хүчээр дагуулаад явсан юм. Бид хоёр тэнд очоод хэсэг хугацаа байж буцаад гадаа гарч гэрлүүгээ явж байхад соёлын төвийн урд байрлалтай 00-оос нэг залуу гарч явж байсан ба тэр залуу бид хоёрын хажуугаар зөрж өнгөрөхөд Төлеужан учир зүггүй тэр залууг цохисон юм. Тухайн үед Төлеужан нилээн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 39-р хуудас/

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 82 дугаартай дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 50-р хуудас/, согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/, гэрч Ө.Энхбаатарын мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдов. 

Хохирогч А.Хуантханы мэдүүлэг нь гэрч С.Тилеухавыл, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр батлагдаж байна. 

Иймд шүүгдэгч Т.Төлеужаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх-ийн 38-р хуудас/, шүүхэд гомдол саналгүй тухай хүсэлт ирүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурьдаж, хойшид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Т.Төлеужан нь ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 27-р хуудас/, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь согтуурлын хэмжээг шалгасан баримт /хх-ийн 7-р хуудас/, гэрч Ө.Энхбаатарын мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. 

Танхайрах гэмт хэрэг нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүсэн шинжээрээ хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялгагдах бөгөөд Т.Төлеужан нь үл ялих зүйлээр шалтаглан согтуурхаж, маргаан үүсгэн Х.Хуантханыг санаатай цохиж хөнгөн зэргийг гэмтэл учруулж байгаа үйлдэл нь олон нийтийн газар, хүмүүсийн харилцааны соёлд илтэд хүндэтгэлгүй хандсан, нийгмийн хэв журмыг зөрчин танхайрахдаа догшин авирласан шинжийг агуулсан гэж үзлээ. 

Хэрэгт авагдсан баримтаар Т.Төлеужан хохирогч А.Хуантхан нар нь бие биеэ танихгүй, урьд ямар нэгэн хувийн таарамжгүй өс хонзон байгаагүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Т.Төлеужанд ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

Дээрх нөхцөл байдлуудыг шүүх харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгчид урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдож байгаагүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2ш рентиген зургийг хохирогч А.Хуантханд буцаан олгож, шүүгдэгч Т.Төлеужаны гадаад паспорт, эрүүл мэндийн дэвтрийг өөрт нь буцааж олгож, түүний гэр бүлийн дундын өмч болох 1 үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. 

Хэдийгээр шүүгдэгч Т.Төлеужан нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1413 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатай үйлдэж хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгож байсан боловч гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил болоогүй хугацаанд ахин гэмт хэрэг санаатай үйлдсэнийг түүний хувийн байдалд харгалзан үзэж цагдаагийн байгууллагаас түүний засрал хүмүүжилд тодорхой хугацаагаар хяналт тавихыг даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                              ТОГТООХ нь:

1. Жантеке бархы овогт Тилеубекийн Төлеужаныг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Төлеужаныг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Төлеужанд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг рентиген зургийг хохирогч А.Хуантханд буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Т.Төлеужан нь уг тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Төлеужаны гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалийн гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Төлеужаны гэр бүлийн дундын өмч болох 450000 төгрөгний үнэлгээтэй 1 үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Төлеужанд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Төлеужанд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ