| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/07275/И |
| Дугаар | 101/ШШ2023/00456 |
| Огноо | 2023-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2023/00456
2023 01 17 101/ШШ2023/00456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн тоот хаягт оршин суух, пасспортын дугаартай, БНХАУ-ын иргэн L-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 1 тоот хаягт оршин суух, РД:, Аовогт Х-ийн Б-д холбогдох 69,438,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М,
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ ын иргэн L -ooc Х.Баянмөнх 2020-09-09-ний өдөр БНХАУ-аас Мэйхэкоу хотын Шенго самар боловсруулах үйлдвэрийн самар цөмөх тоног төхөөрөмж, сэлбэг дагалдах хэрэгслэлийн хамтаар захиалж ирүүлэхийг хүссэн юм. Тухайн үед самар цөмөх, тоног төхөөрөмж, сэлбэг дагалдах хэрэгслэлийн үнийг төлж чадахгүй тул намайг төлөөд авчруулж өгөөч гэсний дагуу би өөрөө үйлдвэрт нь мөнгийг төлж авчируулсан бөгөөд Б нь өнөөдрийг хүртэл мөнгийг өгөхгүй намайг хохироож байна. Миний бие нь БНХАУ-аас Мэйхэкоу хотын Шенго самар боловсруулах үйлдвэрт 2020-09-15 ны өдөр самар цөмөх тоног төхөөрөмжинд төлбөл зохих 165.000 /нэг зуун жаран таван мянган/ юань буюу 69,438,600 төгрөгийг төлсөн байгааг Х.Б-өөс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Б, түүний өмгөөлөгч Ж.Т нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн L-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ асуудлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Худалдах худалдан авах гэрээ байхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс: L-ы гар бичмэл орчуулгын хамт /хх-ийн 5, 7 тал/, 2020-09-15-ны өдрийн төлбөрийн баримт орчуулгын хамт /хх-ийн 7-8 тал/, 2020 оны 2020-09-15-ны өдрийн Монгол банкны хаалтын ханш /хх-ийн 12 тал/, гэрэл зураг, Юнител ХХК-ийн тодорхойлолт зэргийг тус тус баримтаар гарган өгсөн, хариуцагчаас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн L-ийн хариуцагч Х.Б-д холбогдуулан гаргасан БНХАУ-ын Мэйхэкоу хотын Шенго самар боловсруулах үйлдвэрийн самар цөмөх тоног төхөөрөмж, сэлбэг дагалдах хэрэгслэлийн үнэ 69,438,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Х.Б нь 2020-09-09-ний өдөр БНХАУ-аас Мэйхэкоу хотын Шенго самар боловсруулах үйлдвэрийн самар цөмөх тоног төхөөрөмж, сэлбэг дагалдах хэрэгслэлийн хамтаар захиалж ирүүлэхийг хүссэн. 2020-09-15 ны өдөр самар цөмөх тоног төхөөрөмжийн төлбөр 165.000.000 юанийг төлж төхөөрөмжийг авч Б-д өгсөн тул 69,438,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Нэхэмжлэгч Х.Б 2020-09-09-ний өдөр БНХАУ-аас Мэйхэкоу хотын Шенго самар боловсруулах үйлдвэрийн самар цөмөх тоног төхөөрөмж, сэлбэг дагалдах хэрэгслэлийн хамтаар захиалж ирүүлэхийг хүссэн юм. Тухайн үед самар цөмөх, тоног төхөөрөмж, сэлбэг дагалдах хэрэгслэлийн үнийг төлж чадахгүй тул намайг төлөөд авчруулж өгөөч гэсний дагуу би өөрөө үйлдвэрт нь мөнгийг төлж авчирч хүлээлгэн өгсөн гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн Испера орчуулгын баримтаас хариуцагч Х.Б-ийг тоног төхөөрөмж захиалж, түүний өмнөөс төлбөрийг төлж, хариуцагчид тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Нэхэмжлэгч L-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 505,143 төгрөгийг улсын орлого болгох.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б-өөс 69,438,600 төгрөг гаргуулах нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн L-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 505,143 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА