Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/00711

 

 

 

 

 

 

 

 

2023 02 01 101/ШШ2023/00711

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,   тоот, РД: , Х  овогт З-н Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,   тоот, РД: , Ч овогт Б-ийн Ө-т холбогдох 2,430,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 11 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Б.Өтай 2022-08-31-ний өдөр цахилгаан халаагуур тавиулахаар тохиролцож, түүний Хаан банкны  дансанд 1,780,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2020-09-01-ний өдөр насос, тоног төхөөрөмж авна гэж хэлээд, дахин 650,000 төгрөг шилжүүлсэн. Халаалтыг 4 хоногийн дотор тавьж өгөхөөр тохирсон боловч, тавьж өгөөгүй. 2022-09-15-ны өдөр танай халаалтыг тавьж өгөх боломжгүй болсон тул 7 хоногийн дотор буцаалт хийнэ гэсэн мессеж явуулсан. А.Ө нь мөнгө өгөхгүй, мөн утсаа авахгүй, харилцаа холбоо тогтоох боломжгүй болсон. 2022-09-01-ний өдөр 2 ширхэг насос авчирч орхисон бөгөөд дагалдах холболтын хэрэгсэл авчирч өгөөгүй. 2022-09-17-ны өглөө миний бие нь Б.Ө руу залгаж ярихад танайд суурилуулах цахилгаан халаалтаа өөр айлд суурилуулаад явж байна. Удахгүй мөнгө хийнэ, танайд үлдээсэн 2 ширхэг насосоо өөрөө очиж авна гэдэг боловч ирээгүй. Цагдаагийн байгууллагад гомдол гарахаар би гомдлыг очиж уулзаад барагдуулна гэдэг боловч өнөөдрийг хүртэл миний асуудлыг шийдэж өгөөгүй тул 2,430,000 төгрөгийг хариуцагч Б.Өаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Өаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.Дтэй хосолмол үйлдэлтэй халаалтын систем хийхээр амаар тохирч, цахилгаан тогооны үнийн урьдчилгаа 1,780,000 төгрөг, бусад тоноглолын үнэ 650,000 төгрөг тус тус авч, насос, тоноглолыг гэрт нь аваачиж өгсөн бөгөөд захиалгаар хийдэг тогоо нь бэлэн болж, угсрах гэтэл 4 хоногтоо хийж өгсөнгүй гээд буцаана гэхэд нь өөр айлд угсарч болохгүй тул одоог хүртэл халаалтын тогоо нь надад байгаа. Буцаалт хийхэд хүндрэлтэй нөхцөл үүссэн. Энэ бүхнийг З.Дд хэлэхээр, луйвар хийлээ гээд цагдаа, шүүхийн байгууллагад ханддаг. Уг нь энэ асуудлыг харилцан тохирч, шийдвэрлэх боломжтой боловч, үл ойлголцох шалтгааныг ойлгохгүй байна. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс ХААН банкны  дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагч Б.Өийн иргэний үнэмлэхний хуулбар,   дугаар утасны мессежээр харилцсан баримт ирүүлсэн,

Хариуцагчаас баримт ирүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч З.Д нь хариуцагч Б.Ө-тай 2022-08-31-ний өдөр цахилгаан халаагуур тавиулахаар тохиролцож, түүнд 1,780,000 төгрөг шилжүүлсэн, 2022-09-01-ний өдөр 650.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Цахилгаан халаагуур тавьж өгөөгүй тул 2.430.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

3. Хариуцагч Б.Ө нь нэхэмжлэгч З.Д-д хосолмол үйлдэлтэй халаалтын систем хийхээр амаар тохирч, цахилгаан тогооны үнийн урьдчилгаа 1,780,000 төгрөг, бусад тоноглолын үнэ 650,000 төгрөг тус тус авсан. Тоноглолыг гэрт нь аваачиж өгсөн бөгөөд захиалгаар хийдэг тогоо нь бэлэн болж, угсрах гэтэл 4 хоногтоо хийж өгсөнгүй гэх байдлаас маргаан үүссэн халаалтын тогоо нь надад байгаа. Буцаалт хийхэд хүндрэлтэй нөхцөл үүссэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Б.Ө-т 2023-01-17-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хариуцагч шүүхэд хүрэлцэн боломжгүй болсон нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй, баримтыг ирүүлээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэхээр тогтсон болно.

4. Зохигч хосолмол үйлдэлтэй халаалтын систем худалдах, худалдан авахаар амаар тохирч, цахилгаан тогооны үнийн урьдчилгаа 1,780,000 төгрөг, бусад тоноглолын үнэ 650,000 төгрөгийг өгсөн авсан дээр маргаагүй. Мөн хариуцагч Б.Ө нь 2.430.000 төгрөг авсан хэдий ч төхөөрөмжийг бүрэн гүйцэт угсарч, хүлээлгэн өгөөгүй дээр маргаагүй.

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Иймд нэхэмжлэгч хариуцагч Б.Ө-аас хосолмол үйлдэлтэй халаалтын төхөөрөмжийг худалдан авсан үнийг буцаан шаардах эрхтэй байна.

6. Нэхэмжлэгч З.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53830 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Ө-аас 53830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ө-аас 2.430.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Д-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 53830 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Ө-аас 53830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Д-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА