Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/00795

 

 

 

 

 

 

 

 

2023 02 08 101/ШШ2023/00795

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, шүүгчид Д.Ганболд, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух, РД:, Ш  овогт Д-ийн О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух, РД , Ж  овогт Б-ийн М-д холбогдох гэм хорын хохирол 14,970,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц ,

Иргэдийн төлөөлөгч Б.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2020-10-17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан гэх нэртэй зочид буудлын 2 давхарын  тоот өрөөнд Б.М согтуу байхдаа маргалдаж миний үснээс зулгааж газар унагаах, тонгойход нүүрэн тус газар өвдөглөх, зүүн гараараа уруул, нүүр орчим цохин цээжин тус газар өшиглөж зодсон.

Түүнд зодуулсны улмаас 1 шүдний булгарал, нэг шүдний хугарал, 2 шүдний сулрал, доод уруулд шарх, цус хуралт, цээж болон баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон хэдий ч шүдний булгарал, хугарал сулрал нь шүднүүд гэмтсэнээс улбаалаад хажуу талын шүднүүдэд цуурал үүсэн авахаас өөр аргагүй байдалд хүргэдэг төдийгүй ингэснээр шүд хийлгэх зайлшгүй шаардлагатай болж асар их эмчилгээ хийгдсэн. Тэгээд нийт 9 шүд болж эмчилгээ болон хиймэл шүд хийлгэх шаардлагатай болсон.

Б.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцэж түүнийг гэм буруутай гэж тооцон   дугаартай шийтгэх тогтоолоор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оноож шийдвэрлэсэн.

Би өөрөө стил эмиж мэргэжилтэй хүн байнга л хүний өөдөөс харж ярьж хүнтэй харьцдаг хүн бөгөөд М-ын буруутай үйлдлийн улмаас үүдэн шүд /дээд доод шүд маань цохиулж гэмтсэний улмаас болж ажиллах боломжгүй болсон бөгөөд тэр үед олон нийтийн TV /тухайлбал С1 MHD MҮТС гэх мэт/-д нэвтрүүлэгт орох гэрээ хэлцэл байгуулах асуудал маань бүгд цуцлагдаж хохирсон ба улмаар шүд өвдөхөөр давхар толгой их өвддөг.

Б.Мын буруутай үйлдлээс болж хохирсон ба надад учруулсан хохирлоо төлөөгүй, маш их зардал гарсан ч баримтын хүрээнд би нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Шүдээ эмчлүүлж янзлуулахад гарсан зардал 14,970,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-оос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.М-ыг шүүхээс гэм буруутайд тооцож, зохих ял авч, торгох шийтгэл оногдуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэнд 4 шүд гэмтсэн гэдэг, 1 шүдний булгаралт, 1 шүд хугарал, 2 шүд суларсан гэсэн. Эрүүгийн хэрэгт 4 шүднээс гадна нэмж 5-9 дэх шүдний хохирлын асуудлыг ярих боломжгүй. Үүнийг яаж ярих вэ гэвэл дахин цагдаагийн газарт гомдол гаргаж, өмнө нь ийнхүү гэмтэж байсны улмаас дараа дараагийн шүднүүд гэмтсэн, эрүүл мэндэд хохирол учруулсан асуудлаас улбаалж ийм юм болчихлоо гэдэг гомдлыг гаргаж, шүүх эмнэлэгт дахин үзүүлж 5, 6, 7, 8 ,9 шүдний гэмтэл нь энэхүү 4 шүдний гэмтлээс болсон уу гэдгийг хуулийн байгууллагаар тогтоож, магадгүй тухайн эрүүгийн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх асуудал яригдах ёстой. Энэ нь манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа үг биш, энэ нь хуульд байгаа.

Мон медикал клиник гэх хиймэл шүдэлбэр хийлгэх гэрээ мөн Ю компани баримт хавтаст хэргийн 11, 12, 14 дүгээр талд байх төлбөрийн баримтууд нь энэхүү компанийн баримт. Хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан баримт зэрэг нь нэг байгууллагын баримт. Эмнэлгүүд өөр өөрөөр шүдийг нэрлэдэг юм байна лээ, үүнд 1, 2, 3, 5, 3 гэж доод шүдийг заасан заалт байна, гэтэл Молор дентал клиникт үүдэн шүднээс 11, 12, 13, 21, 22, 23, 43, 44, 45 гэж заасан. Энэхүү баримтуудаас 9 шүд биш 18 шүдэнд эмчилгээ хийлгэсэн үйл баримт байна. Энэ нь Молор дентал клиник гэж нэхэмжлэгч 5,400,000 төгрөгийг бүхэлд нь тооцож нэхэмжилсэн, нөгөөх нь Ю клиник гэж нийт тоогоор үзэхэд 18 шүдэнд эмчилгээ хийлгэсэн баримт гаргасан. Юу би уан клиник хуудсанд циркон 9 шүд 750,000 төгрөгөөр 6,750,000 төгрөг, доод талд нь эндо гэж бичсэн 250,000 төгрөг, 9 шүдэнд циркон хийлгэсэн. Циркон гэдгийг энэхүү байгууллага руу залгаж асуухад эмэгтэй хүмүүсийн хэлдгээр холливүүд смайл гэдэг юм байна лээ, анагаахын нэршил нь циркон гэдэг. Шүдийг өрөмдөж байгаад гадна талд паалан суулгаж өгдөг. Энэхүү 2 эмнэлгийн баримтаар давхцаж нийт 18 шүдний мөнгө нэхэмжилж байна гэж ойлгож байна. Энэхүү баримтуудыг тооцож 14,970,000 төгрөгийг нэхэмжилж байгаа, 18 шүд эмчлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн 5-9 дэх шүдний эмчилгээ мөн үндэслэлгүй. Хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтын доод талд вакус, биккини, мани гэж бичсэн байна, үүнийг би эмэгтэй хүний үс хусдаг үйлчилгээ юм уу гэж харж байгаа, мани гэдгийг маникюр юм уу гэж харж байгаа. Гоо сайхны салонд шүд эмчлэхгүй байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад 4 шүдний мөнгийг хүлээн зөвшөөрч болохгүй вэ гэж яригдах байх, энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр 4 шүдэнд 3 өөр төрлийн гэмтэл учирсан. 3 өөр төрлийн гэмтэлд 3 төрлийн өөр эмчилгээ хийлгэх ёстой. Гэтэл энэхүү баримтуудад бүгдэд нь циркон гэсэн байх тул 4 шүдний мөнгийг нь төлье гэхэд бодит эмчилгээ мөн эсэх нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Д.О-ийн дөрвөн шүд гэмтсэн байна. Иймд үүнийг тухайн үеийн гэмтлээр нь төлбөрийг гаргуулах нь зөв гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021-05-21-ний өдрийн   дугаар шийтгэх тогтоол, Ю ХХК-ний хиймэл шүдэлбэр хийх гэрээ, е баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөрийн баримт, U үзлэгийн баримт, 5,840,000 төгрөгний баримт, М  шүдний эмнэлгийн баримтыг ирүүлсэн,

Хариуцагчаас Г.Ц-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн, шүүхээс хариуцагчийн хүсэлтээр М  эмнэлгийн эмчилгээний картыг нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 7,850,000 төгрөгийг хангаж, үлдэх 7,120,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Б.М 2020 оны 10 сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө надтай үл ялих зүйлээс маргаж миний нүүрэн тус газарт цохиж, үснээс зулгааж газар унагааж нүүрэн тус газарт өвдөглөх, уруул нүүр орчим цохихдоо нэг шүдний булгарал, нэг шүдний хугарал, 2 шүдний сулрал бүхий хөнгөн гэмтлийг учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн   дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Дөрвөн шүдэнд гэмтэл учирсан ч эмчилгээний явцад бусад шүдийг хамт эмчлэх шаардлага бий болж, нийт 9 шүдэнд эмчилгээ хийлгэхэд гарсан зардал 14,970,000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

2. Хариуцагч нэхэмжлэгчийн 4 шүдэнд гэмтэл учруулсан гэдэг дээр маргахгүй , гэхдээ дөрвөн шүдэнд учирсан гэмтэл хийлгэсэн эмчилгээ гэж үзэхэд эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэдэн шүдэнд эмчилгээ хийлгээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй. Нийт 9 шүдэнд циркон хийлгэсэн. Циркон гэдгийг энэхүү байгууллага руу залгаж асуухад эмэгтэй хүмүүсийн хэлдгээр холливүүд смайл гэдэг юм байна лээ, анагаахын нэршил нь циркон гэдэг. Шүдийг өрөмдөж байгаад гадна талд паалан суулгаж өгдөг. Энэхүү 2 эмнэлгийн баримтаар давхцаж нийт 18 шүдний мөнгө нэхэмжилж байна гэж ойлгож байна, иймд 14,970,000 төгрөгийг нэхэмжилж байгаа, 18 шүд эмчлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй гэж маргасан.

3. Хариуцагч Б.М нэхэмжлэгч Д.Огийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн   дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон, хариуцагч энэ үйл баримт дээр маргаагүй.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хиймэл шүд хийлгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь эмчилгээг хийлгэж Ю ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 80,000 төгрөг, 2021 оны 11 сарын 04-ний өдөр төлсөн 70,000 төгрөгний баримт, 2021 оны 10 сарын 22-ны өдөр төлсөн 1,700,000 төгрөгний баримт, М шүдний эмнэлэгт 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 5,400,000 төгрөгний баримт, 2022 оны 5 сарын 7-ны өдөр төлсөн 600,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлээс 7,850,000 төгрөгийг хангаж, хариуцагч Б.М-аас гаргуулж, нэхэмжлэгч Д.О-д олгож, үлдэх 7,120,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Д.О-ийн 4 шүд гэмтсэн дүгнэлт гарсан бөгөөд нэмж 5 шүдэнд шалтгаант холбоотойгоор эмчилгээг хийлгэсэн гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

4. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлээс дөрвөн шүд гэмтсэн, үүнийг тухайн үеийн гэмтлээр нь төлбөрийг гаргуулах нь зөв гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч Д.О нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.М-аас 7,850,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 140,550 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М-аас 7,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлээс 7,120,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.М-аас 140,550 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

Т.ЭНХЖАРГАЛ