Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/174

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтөлж,

улсын яллагч ***й,

шүүгдэгч **,

шүүгдэгчийн өмгөөлөгч ***а нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох эрүүгийн 2531000000183 дугаартай 316 /2025/0156/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн *** суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, ***** тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн 131.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ****

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр)

Яллагдагч *** нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн *** сумын нутаг дэвсгэр “****” гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 41,868 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

1.Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тухайн үед аав, ээж маань осолд ороод мөнгөний хэрэгцээ шаардлага их гарсан учраас ийм зүйл хийчихлээ” гэжээ[1],

2.Гэрч ***н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...**** бид  гурвыг 2 экскаватор ажиллуулан газар ухаж байхад бид нарын байгаа газраас 500-100 метр орчим зайд манай нутгийн хуурай ах *** экскаватороо асаагаад ганцаараа газар ухаж байсан, алт олборлож угаасан талаар сайн мэдэхгүй байна. Техникээрээ газар 3 цаг гаран ухаж байгаад “экскаватор эвдэрчихлээ” гээд бид нар дээр хүрч ирсэн. Тухайн үед ***ахтай өөр хүн байгаагүй ганцаараа экскаватороо асаагаад газар ухаж байсан. ** ах экскаватороор газар ухаж байгаад техник нь эвдрээд бид нар дээр ирж байсан...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч ** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...***** ах бид нарыг 2 экскаватор ажиллуулан газар ухаж байхад бид нарын байгаа газраас 100 метр орчим зайд манай нутгийн зүс таних ах *** экскаватороор асаагаад ганцаараа газар ухаж байсан. Алт олборлож угаасан талаар сайн мэдэхгүй байна. Техникээрээ газар 3 цаг гаран ухаж байгаад экскаватор эвдэрчихлээ гээд бид нар дээр хүрч ирсэн. Тухайн үед *** өөр хүн байгаагүй ганцаараа экскаватороо асаагаад газар ухаж байсан...” гэх мэдүүлэг[3],

            4.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...**** бид гурвыг 2 экскаватор ажиллуулан газар ухаж байхад бид нарын байгаа газраас 80 метр орчим зайд манай нутгийн хуурай ах ***экскаватороо асаагаад ганцаараа газар ухаж байсан, алт олборлож угаасан талаар сайн мэдэхгүй байна. Экскаватороороо газар 3 цаг гаран ухаж байгаад миний экскаватор эвдэрчихлээ гээд бид нар дээр хүрч ирсэн. Тухайн үед *** өөр хүн байгаагүй ганцаараа экскаватороо асаагаад газар ухаж байсан. *** нь экскаватороороо газар ухаж байгаад техник нь эвдрээд бид нар дээр ирж байсан. Ашигт малтмал олборлосон талаар сайн мэдэхгүй, техникээрээ газар ухсаныг л харсан...” гэх мэдүүлэг[4],

5.Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Сэлэнгэ аймгийн *** сумын 2 дугаар баг, ** нутаг дэвсгэр буюу *** сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт уг “***” гэх газар нь  хамаардаг. *** гэх газар урд өмнө нь эвдэгдэж хөндөгдсөн талбай газар ихтэй. Би давхцалтай эсэхийг мэдэхгүй байна. Сэлэнгэ аймгийн *** сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор баталсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ 2025 онд нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй. Манай Ерөө сум өөрөө байгалийн дагалдах баялаг ихтэй үүнийг дагаад ашигт малтмал хууль бусаар олборлох иргэд ихээр нэмэгдэж байгаа мөн *** сумын 2 дугаар баг *** гэх газар руу очиход Байгаль орчин, Цагдаагийн байгууллага, Хан хэнтий улсын тусгай хамгаалалтын газраас албан хаагчид гардаг байсан. Энэ 2025 оноос хөрөнгө мөнгөний шалтгаанаар уг хяналтын постууд гарахгүй байгаа юм. Цаашид цагдаагийн байгууллага болон байгаль орчны албан хаагчдыг хяналтын постонд гаргах хөрөнгө мөнгийг шийдвэрлэх асуудлыг ярилцах болно. Мөн манай сумын байгаль орчны болон цагдаагийн алба хаагч нар *** сум мөн Бугант тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал байнга гарч байгаа юм. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Шүүх хуралд оролцох боломжгүй“ гэх мэдүүлэг[5],

6.Яллагдагч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний эзэмшилд “Хьюндай 2900 ЛС-3” загварын экскаватор байдаг юм. Тухайн экскаваторыг “****” гэх газарт энэ оны хавар явж байгаад эвдрээд тэндээ үлдээчихсэн байсан юм. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дагвасүрэн, Өгөөдэй нарыг “***” руу явах гэж байна гэхээр нь тэд нартай замын унаанд суугаад явсан. Тэгээд бид нар “***” гэх газарт 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчимд очоод би өөрийн экскаватор дээрээ үлдээд тэд нар *** экскаватор байгаа газар руу явсан. Бид нарын байсан зай 100 метрийн зайтай газар тусдаа байрласан. Тэгээд би өглөө нь экскаватораа асаагаад “***” гэх газарт алт олборлох зорилгоор ухаж 2-3 цагийн хугацаатай ажиллаж байтал экскаватор эвдэрсэн. Тэгээд *** экскаватор дээр очтол **** 3 экскаватортоо үйлчилгээ хийгээд хамт байж байсан. Тэгээд би буцаж экскаватор дээрээ ирээд засвар хийж байгаад ууланд байршуулаад орхисон. Одоо миний экскаватор “**” гэх газартаа байгаа юм. Миний эзэмшилд “Хьюндай 2900 ЛС-3” загварын экскаватор байдаг. Би “**” гэх газарт алт олборлох зорилгоор ажилласан боловч алт гарч ирээгүй. Би тухайн үед ганцаараа байсан” гэх мэдүүлэг;

         7.“Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №13/048 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Нэр бүхий иргэдийн Сэлэнгэ аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг, “***” нэртэй газар нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон ойн сан бүхий газарт давхцалтай байна. 2.Тухайн талбайн хүрээлэн буй орчинд 41,868 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 229,967 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт,

8.“Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээ хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №ТХҮ-925-912434 дугаартай дүгнэлтэд: Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр “Hyundai 2900” экскаватор хуучин, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу гар хийцийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 05 дугаар сарын байдлаар 6,200,000 төгрөгөөр тогтоов” гэх шинжээчийн дүгнэлт,

9.Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 11.Таслан шийдвэрлэх тогтоол, 12. Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 13.Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 14.Иргэний үнэмлэхийн лавлагаа, 15.Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 16.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 17.Жолоочийн лавлагаа, мэдээлэл, 18.Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, 18.Автотээврийн хэрэгсэл эзэмших,өмчлөх эрхийн лавлагаа, 19.Мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,

хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад  зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч *** хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 38,870 төгрөг, хүрээлэн буй орчинд учруулсан экологи-эдийн үасгийн хохирлын үнэлгээ 41,868 төгрөгийг тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч *** нь нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[6]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн өмчлөлийн  “Хьюндай робекс 2900 ЛС” маркийн экскаваторыг ашигласан байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төхөөрөмжийг битүүмжлэлээс чөлөөлж, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Хьюндай 2900 ЛС” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлого болгохтой холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 6.000.000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор шийдвэрлэсэн.

           Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *** анхааруулсан болно.

           Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг “Нуман-Алтай” ХХК-нд нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

           Энэхүү хэрэгт битүүмжилсэн алт угаах төхөөрөмжийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэсэн.

           Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая)-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч **д анхааруулсугай.

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч *** хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол  83,736 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 229,967 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч *** нөхөн төлснийг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн “Хьюндай 2900” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулсугай.

7. Энэхүү хэрэгт битүүмжилсэн алт угаах төхөөрөмжийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8. Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Хьюндай 2900” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмжийг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлого болгохтой холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг шүүгдэгч нь “Нуман-Алтай” ХХК-нд нөхөн төлснийг дурьдсугай.

10.Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 24 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас