Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 133/шш2023/00087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ГАА-ийн ***-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 0 дүгээр баг, Харзат 0 гудамж, 0 тоотод оршин суух, С-ийн Г-д холбогдох,

Шүүхийн шийдвэрээр олгосон 3,675,313 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч С.Г, түүний өмгөөлөгч Х.Э иргэдийн төлөөлөгч Г.Мөнх-Өрнөлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэрээр Б.Б-д олгосон 3,675,313 төгрөгийг гаргуулах

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ХХААГ нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 112/ШШ2019/0007 дугаар бүхий шүүхийн шийдвэрээр иргэн Б-ын Б-д олгосон 3,367,313 төгрөгийг тухайн үеийн аймгийн Засаг дарга байсан Совогтой Г-ээс гаргуулах. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ мөн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын газрын 03/58 дугаар албан шаардлагыг үндэслэн нэхэмжилж байна. Иймд бүрдүүлсэн материалыг үндэслэн 3,675,313 (гурван сая зургаан зуун далан таван мянга гурван зуун арван гурав) төгрөгийг гаргуулж өгнө үү.

3. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: ГАА-ийн ХХААГ-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 112/ШШ2019/0007 дугаар бүхий шүүхийн шийдвэрээр олгосон 3,675,313 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Г-А аймгийн З д-аар ажиллаж байсан С.Г миний бие ХХААГ-ын дарга Б.Б-ийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн байдаг. Үндэслэл нь хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, тайлан мэдээгээ хугацаандаа хүргүүлээгүй өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй удаа дараа зөрчсөн гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжилж байна гэжээ. Б.Б-ийг чөлөөлсөн үйл явдал 2018 оны 12 дугаар сард болсон үйл явдал учир С.Г миний бие нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Энэхүү мөнгийг төлүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

5. Нэхэмжлэгчийн цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/81 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар,

-2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн төлбөрийн хүсэлтийн Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 112/ШШ2019/0007 дугаартай шийдвэрийн шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

6. Хариуцагчаас ирүүлсэн нотлох баримт байхгүй.

7. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

1. Нэхэмжлэгч ГАА-ийн ХХААГ нь хариуцагч С.Г-д холбогдуулан шүүхийн шийдвэрээр олгосон 3,675,313 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч С.Г- нь Г-А аймгийн З д-аар ажиллаж байхдаа Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/81 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-ийг ажлаас халсан байх бөгөөд уг захирамжийг Б.Б хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 112/ШШ2019/0007 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн болох нь дээрх шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрээр нэгэнт тогтоогдсон Б.Б-ийг урьд эрхэлж байсан Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон үйл баримтыг дахин нотлохгүй.

Хариуцагч С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж, Говь-Алтай аймгийн ХХААГ-ын дарга Б.Б-ийг ажлаас чөлөөлсөн захирамж гаргаснаар шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарч, ажилгүй байсан хугацааны олговорт 3,675,313 төгрөгийг нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ХХААГ-аас шилжүүлсэн гэж тайлбарлаж, энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.

4. Засаг даргын эрх зүйн байдал. Маргааныг шийдвэрлэх цаг хугацаанд 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар бүх шатны засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтны ангилалд хамаарч байна.

Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж, хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн нэг дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийн хангах, хууль дээдлэх нь төрийн албан хаагчийн үндсэн зарчим гэжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Сумын засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнгээр томилогддог байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хуульчлахдаа хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т засаг дарга эрх хэмжээний хүрээнд хуульд тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхтэй гэж, хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 41.2-т засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж тус тус заажээ.

5. Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г нь ажил олгогчийн хувьд бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан байна. Ийнхүү гаргасан тушаал нь хууль зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь С.Г-ийн хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх нөхцөл шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс ялгаатай юм.

6. Ажил олгогчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд ажлаас чөлөөлөх тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалсны эрх зүйн үр дагаврыг шүүхээс тодорхойлох зэрэг ажиллагааны эрх зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг. Ажилд эгүүлэн тогтоогдсон Б.Б, түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан С.Г Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ажуйн газартай хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиодолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой байна. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4-т заасан байна.

Хуульд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийн тулд ажилтан байгууллагад хохирол учруулсан байх, мөн ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч С.Г нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэжээ.

Энэхүү үндэслэлээр хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан хариуцагч С.Г-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх боломжгүй.

8. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэжээ.

9. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт ...дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ... хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр дундаж цалин хөлсийг тодорхойлно, 9-т Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна гэж тус тус заажээ.

Энэ тохиолдолд хариуцагч С.Г-ийн цалин хөлсний цэс, данс, бүртгэл хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, уг нотлох баримтыг нэхэмжлэгч иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

10. Иймд хариуцагч С.Г-ээс шүүхийн шийдвэрээр олгосон 3,675,313 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г-А аймгийн Х, х а а г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

11. Иргэдийн төлөөлөгч Г.Мөнх-Өрнөлт нь энэхүү мөнгийг төлүүлэх нь зүйтэй гэж бодож байна гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд тэдгээрээр тогтоогдож буй үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийсэн ба хэргийн оролцогчид нотлох баримтаа өөрсдөө гаргаж, бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлээгүй учраас иргэдийн төлөөлөгчийн хариуцагч С.Г-ээс 3,675,313 төгрөг гаргуулж, төлүүлэх тухай дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 6.5 дахь хэсэгт Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж мэтгэлцэх зарчмын агуулгыг хуульчилжээ.

Мэтгэлцэх зарчмын дагуу хэргийн оролцогч нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг гаргах үүрэгтэй бөгөөд шүүх нь хөндлөнгийн байгууллагын хувьд мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг хангах, хэргийн оролцогчийн диспозитив эрхийг зөрчихгүйн үүднээс хариуцагчийн цалин хөлсний цэсийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Мөн түүнчлэн шүүхээс хэргийн оролцогч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулж, энэ талаар баримтад гарын үсэг зуруулсан болно.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С-ийн Г-ээс шүүхийн шийдвэрээр олгосон 3,675,313 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ХХААГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ