Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 038

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,

орчуулагч Т.Маншүк,

улсын яллагч М.Фарида,

хохирогч Д.Шархүү,

хохирогчийн өмгөөлөгч Д.Айбек,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, 

шүүгдэгч Ш.Ерулан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найман овогт Шахериягийн Еруланд холбогдох 201704000038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Ш.Ерулан: Монгол Улсын иргэн, Найман овогт Шахериягийн Ерулан, БЛ81092014 регистрийн дугаартай, 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа, шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч Ш.Еруланы холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Ерулан нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө эзэмшлийн “DONGFENG” маркийн 8691 БӨА улсын дугаартай, чиргүүлтэй ачааны тээврийн хэрэгслийг жолоодож явахад ачааны тээврийн хэрэгслийн чиргүүлд тус сумын 9 дүгээр багийн насанд хүрээгүй иргэн Шархүүгийн Анхбилгүүн нь дайрагдаж нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ш.Ерулан шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр айлуудад нүүрс буулгаж явж байгаад дээрх асуудал гарсан. Миний буруу болон хүүхдийн буруу байсан. Толиноос хараад тээврийн хэрэгслээ зогсоосон боловч амжсангүй. Харамсаж байна” гэв. 

- Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Миний хүү Анхбилгүүн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр осолд орж нас барсан. Шүүгдэгч хохирол барагдуулсан нь үнэн. Шүүгдэгчид ямар нэгэн гомдол санал байхгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанд: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хохирогчийг байцаасан тэмдэглэл, Замын Цагдаагийн албаны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 129 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 

Шүүгдэгч Ш.Еруланы гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ш.Ерулан нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө эзэмшлийн “DONGFENG” маркийн 8691 БӨА улсын дугаартай, чиргүүлтэй ачааны тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж сургуулийн насны хүү амь хохирогч Ш.Анхбилгүүн нь дайрагдаж нас барж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/, 

- Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургууд /хх-ийн 8-14 дүгээр хуудас/, 

- Хохирогч Д.Шархүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 50 минутын үед өөрийн хүүхэд болох Цэнгэл сумын Тува бага сургуульд сурдаг 2 дугаар ангийн сурагч Ш.Анхбилгүүн нь нүүрс ачиж явж байсан тээврийн хэрэгсэлд дайруулсан тухай мэдээллийг эхнэрээс сонсож мэдсэн. Зам тээврийн осол гаргасан жолооч Ш.Ерулан бид нарт 5.800.000 төгрөг бэлэн өгсөн. Бид нар Еруланыг уучилсан. Одоо бид нарт нэхэмжлэх хохирол байхгүй. Цаашид ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй. Би зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлт үнэн зөв гарсан байна, бид нарт ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/, 

- Гэрч А.Ерханат мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ш.Ерулан бид хоёр түүний 8691 БӨА дугаартай, ачааны чиргүүлтэй тээврийн хэрэгслээр Цэнгэл сумын төвд байдаг айлуудад нүүрс худалдаж буулгаж өгөөд явж байсан ба Ш.Насихатын гэрийн хашааны хойд талын хэсгээр Алмасбекийн гэр лүү очихоор явж байхад Ш.Ерулан машины хажуу талын толь руу харж байгаад энэ хүүхдүүд машин дагаад гүйж ирээд байна гээд кабины хаалганы хагас онгойлгосон цонхоор цаашаа харж цаашаа яваарай гэж чанга дуугаар хашгираад удаагүй тээврийн хэрэгслээ огцом тормозлож зогсоод машинаас шууд буугаад буцаж кабинд орж ирээд хүүхдийг татаж аваарай гэж машинаа ухраасан. Би тэр үед машинаас буугаад машины араар тойрч ирээд харахад нэг хүүхэд чиргүүлийн доор жолооч талын хойд суудлын хэсэгт газар хэвтэж байсан ба хамраас нь бага зэрэг цус гарч байсан. Би хүүхэд нас барсан байна одоо хөдөлгөж болохгүй цагдаа дууд гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/, 

- Насанд хүрээгүй гэрч Г.Анхням мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Н.Сэрдамба, Н.Отгончулуун, талийгаач Ш.Анхбилгүүн бид дөрөв хичээл тараад гэрлүү явж байх замд Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн харалдаа машин зам дагуу явж байхад Н.Сэрдамба бид нарын урд гараад түрүүлж явж байсан юм. Бид нарын араас машин замаар нүүрс ачсан улбар шар өнгөтэй чиргүүлтэй машин аяархан явж байхаар нь Н.Отгончулуун, талийгаач Ш.Анхбилгүүн бид гурав машинтай зэрэгцээд дагаж гүйсэн. Тэгээд бид гурав гүйгээд явж байхад талийгаач бид нарын урд гүйгээд явж байсан ба чиргүүлд цохигдоод уг нүүрс ачсан машины чиргүүлийн зүүн хойд талын дугуйн доор орсон. Тэгээд уг машиныг нэн даруй зогсоож, жолооч нь бууж ирсэн ба бид нар айсандаа зугтаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, 

- Насанд хүрээгүй гэрч Н.Сэрдамба мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Н.Отгончулуун, Г.Анхням, талийгаач Ш.Анхбилгүүн бид дөрөв гэрлүү харьж явах замд буюу Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн харалдаа, ертөнцийн зүгээр баруун талд машин замын хажуугаар явж байсан юм. Би Ш.Анхбилгүүн, Н.Отгончулуун, ПАнхням нарын урд талд нь тусдаа явж байсан бөгөөд Ш.Анхбилгүүн, Н.Отгончулуун, Г.Анхням нар нүүрс ачиж ирж явсан улаан шаргал өнгөтэй машины хажууд зэрэгцээд гүйгээд ирж байсан. Би нэг хойшоо эргэж харахад Анхбилгүүн уг нүүрс ачиж ирж байсан машины чиргүүлийн зүүн хойд талын дугуйн доор орсон байсан ба машин зогссон байсан. Талийгаач Анхбилгүүн машин доогуур яаж орсон эсэхийг үзэж хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, 

- Гэрч Ш.Насихат мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд би хашаан дотор түлээ хагалж байхад манай хашааны үүдээр чиргүүлтэй улаан өнгийн машин нүүрс ачсан маш удаан явж байгаад манай хашаа өнгөрөөд гэнэт зогссон. Тэгээд жолооч болон хажууд байгаа залуу хоёр хоорондоо хүүхэд гүйж ирээд чиргүүл доор орчлоо гэж ярьж сандарч байсныг сонсоод би гүйж хашааны үүдэнд гарахад машины чиргүүлийн жолооч талын хойд дугуйны урд талд дугуйнаас хөндий буюу бага зэрэг зайтай хүүхэд ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан ба жолооч эмч, цагдаа дуудах уу гэж сандарсан байдалтай хажууд нь байгаа залуу 3 хүүхэд барьж авсан та нар хэний хүүхэд вэ гэсэн байдалтай байсан. Ингээд жолооч бид хоёр тэр доор нь эмч, цагдаа дуудсан болно” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, 

- Гэрч К.Өмиргүл мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр жолооч Ш.Ерулан утсаар холбогдож би машинтай явж байгаад нэг хүүхэд чиргүүл доор орчихлоо, та хурдан ирээд үзээд өгөөч гэж хэлэхээр нь би тэр доор нь осол болсон газарт очиход улаан өнгийн чиргүүлтэй машины чиргүүлийн жолооч талын хойд дугуйны урд талд буюу бага зэрэг зайтай амьгүй хүүхэд баруун хажуугаараа хэвтэж байсан ба очиж уг хүүхдийн биеийн үзэхэд уг хүүхэд амьгүй, амнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, 

- Гэрч А.Кеншилик мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ш.Еруланы жолоодож явсан “DONGFENG” маркийн 8691 БӨА улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл Ш.Еруланы тээврийн хэрэгсэл болно. Миний бие уг тээврийн хэрэгслийг 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр Ш.Еруланд 15.000.000 төгрөгөөр худалдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, 

- Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: Талийгаач Ш.Анхбилгүүний цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины эд, хатуу хальсан доорх цусан хураа, доод эрүүний ясны бяцарсан хугарал зэрэг хавсарсан хүнд гэмтлүүдийн хүндрэлээр нас баржээ. -Талийгаач Ш.Анхбилгүүний биед гадны хүчин зүйлийн нөлөөллөөр гэстэл учирсан. - ...толгойн зүүн талын зулай дагзны хэсэг, баруун талын хацарны төвгөрд зулгарсан зулгаралтууд, доод эрүүний ясны бяцарсан хугарал, тархинд цусан хураа зэрэг гэмтлүүд учирсан байна. - уг гэмтлүүд нь хатуу мохой зүйлд хүчтэй цохигдох, дарагдах үед үүсэх боломжтой. -...тархины эд, хатуу хальсан доорх цусан хураа нь амьсгал зүрх судасны төвийг дарангуйлж үхэлд хүргэсэн байна” /хх-ийн 30-33 дугаар хуудас/, 

- Замын Цагдаагийн албаны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 129 дүгээр шинжээчийн дүгнэлт: “... жолооч Ш.Ерулан нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” /хх-ийн 69-71 дүгээр хуудас/, 

- Шүүгдэгч Ш.Ерулан мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед миний бие өөрийн DONGFENG маркийн   8691 БӨА улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр Жанболатын хашаанд нүүрс буулгаад Алмасбекийн хашаанд нүүрс буулгахаар Ш.Насихатын хашааны  хойд хэсгээр явж байхад тээврийн хэрэгслийн зүүн буюу жолооч талаар замын гадна талд явж байсан хүүхдүүд миний машинтай зэрэгцэж уралдаж гүйснийг машины толиноос хараад машины шилийг хагас буулгаад холдоорой гэж хашгирсан ба зэрэгцэж гүйж байсан 4 хүүхдийн нэгэн миний машины чиргүүлийн доод тал руу хальтирч унасан ба би хүүхдийн унасаныг толиноос хараад шууд тормоз дарж машинаас буугаад тээврийн хэрэгслийн дугуйд дайрагдсан болов уу гэж сандраад гүйж очиход тэр хүүхэд машины чиргүүлийн хойд дугуйд толгойн хэсгээр дайрагдсан байдалтай хэвтэж байсныг хараад тээврийн хэрэгслийг  холдуулах санаатай асаж зогсож байсан машиндаа ирээд туслах жолоочид хүүхдийг татаж ав тээврийн хэрэгслийн доор орчихлоо гэж хэлээд машиныг ялимгүй ухраасан ба дахин гүйж очоод хүүхдийг хартал хөдөлгөөнгүй амнаас цус гараад үхсэн юм шиг хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 77-80 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ш.Еруланы гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Еруланд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаяр, Тулпар ХК-ний жолооны сургуулийн багш З.Мереке, Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн хот хоорондын тээвэр зохицуулагч Б.Женис нарын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1 дугаартай дүгнэлтийг уг хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлж үзээгүй болно. 

Учир нь: уг дүгнэлт нь гэрч А.Ерханат, Ш.Насихат, К.Өмиргүл, А.Кеншилик нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Анхням, Н.Сэрдамба нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Замын цагдаагийн албаны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 129 дүгээр шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын СД бичлэг, зам тээврийн ослын газрын бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч Ш.Еруланы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн болно. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд  өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна”, 85.4. “Шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх заавал баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заасан байвал зохино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхашын : “... Еруланы 8691 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байна гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй. ... Замын хөдөлгөөний 1.5-д заасан замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал гаргахгүйгээр зорчино гэх заалтыг мөн дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах буюу зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөн гэх асуудалд эргэлзээ төрж байна. Тиймээс Еруланыг цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй ба харин өмгөөлөгчийн “....хэрвээ шүүхээс ял оногдуулбал улсын яллагчийн санал болгосон хорих ялыг шүүгдэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлж байгаагүй, төлөв даруу, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй. Гэмт хэргийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн, хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэнсэн хянан харгалзаж өгнө үү” гэж гаргасан хүсэлтийг шүүхээс анхаарч үзэв.

Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Ш.Еруланыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хуульд заасан хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Ерулан нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД диск 1 ширхэгийг хэргийн хамт хадгалав. 

Шүүгдэгч Ш.Еруланд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсныг / мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4/ хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн “DONGFENG” маркийн 8691 БӨА улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ш.Еруланд ял оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эдийн хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж, тэнсэгдсэн ялтан Ш.Еруланд хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна” гэж заасан тул Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаяр, Тулпар ХК-ний жолооны сургуулийн багш З.Мереке, Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн хот хоорондын тээвэр зохицуулагч Б.Женис нарын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 01 дугаартай дүгнэлтийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Ерулан нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.8-286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Найман овогт Шахериягийн Еруланыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Еруланы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Еруланд оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч Ш.Ерулан нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 

5. Шүүгдэгч Ш.Ерулан нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалсугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Еруланы эзэмшлийн “DONGFENG” маркийн 8691 БӨА улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ш.Еруланд оногдуулсан 3 /гурван/ жил, 1/ нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Ш.Еруланд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ш.Ерулан нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Еруланд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.Еруланд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              А.ДАУРЕНБЕК