| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0271/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/284 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000294 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, Тунгуан майнз ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байсан, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг 34-02 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч зодож, биед зүүн талын 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн талын 5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, духны няцарсан шарх, 2 талын нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн. Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө болох 105,462 төгрөгийг төлсөн...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг 34-02 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч зодож эрүүл мэндэд нь зүүн талын 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн талын 5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, духны няцарсан шарх, 2 талын нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний хувьд маргалдаж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн хийсэн үйлдэлдээ маргаад байх шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч “...2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гадуур ажлаа амжуулаад найз нөхдийн хүрээнд гадуур гараад ганц нэг пиво уугаад Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж байгаад ирсэн. Би эгчийнд орой 00 цагийн орчимд очиход гэрт нь эгч, түүний найзууд болох , түүний нөхөр нар архи уугаад сууж байсан. Би тухайн хүмүүстэй хамт архи дарс уугаагүй бөгөөд тэр хүмүүст хандаж “архи тамхиа больчих хүүхэд унтаж байна” гэх зэргээр хэлэхэд нь надад хандан “хөдөөний охин чамд ямар хамаатай юм” гэх зэргээр хэл амаар доромжлохоор нь би түүнийг нэг удаа алгадсан. Тэрээр босож ирээд намайг хана руу түлхэж унагаагаад миний дээр гарч суугаад нүүр болон толгой хэсэг рүү 1-2 удаа цохисон. Тэрээр миний дээрээс босохдоо хавирга хэсэгт өвдөглөн миний 2 хавиргыг хугалсан. Удалгүй түүний эхнэр ыг аваад явсан. ...Миний биед хавирга хугарч, хөмсгөндөө 5 оёдол тавиулсан гэмтэл шарх учирсан. нь надад эмчилгээнд шаардлагатай 2,000,000 төгрөг өгсөн. ...Миний хувьд сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулахгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Г.ын “...бид нар хэсэг сууж байтал хуурай дүү орж ирсэн. Тэр бид нартай хамт пиво уугаагүй бөгөөд бид нарт хоол хийж өгсөн. Тухайн пивоноос , бид 3 уусан бөгөөд энийгээ уугаад тэр хоёр харьж амрахаар тохирсон. Тухайн үед хоол хийж байхад чи хөдөөнийх үү гээд байн байн асуугаад байсан бөгөөд түүний хийсэн хоолыг хараад би ийм хоол идэж үзээгүй гэх зэргээр маргалдах үл тоомсорлосон байдал гаргаж байсан. ...Удалгүй тэр хоёрын маргаан ширүүсэж түүнийг гэрээс явчих хүүхдүүд унтаж чадахгүй байна, архи тамхиа больчих гэх зэргээр шаардлага тавихад нь түүний өөдөөс маргалдаж хэл амаар доромжлоод байхаар нь ын нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан. ыг алгадахад түүнийг түлхэж газарт унагасан бөгөөд газарт унахдаа толгой хэсгээрээ тавиур шиг зүйл мөргөж унасан байх, цус гарсан харагдсан. Тухайн үед би ариун цэврийн өрөө ороод гарч ирэх хооронд нь ыг газар уначихсан дээр нь гараад түүнийг зодож цохисон байдалтай харагдсан. Миний уур хүрч түүнийг түлхэн холдуулж , нартай маргалдаж тэд нарыг гэрээс гаргаж явуулсан. ...Түүнээс хойш ын цээж хавирга хэсэгт хөндүүрлэж өвдөөд байсан бөгөөд би эмнэлэг рүү авч очиж үзүүлэхэд хавирга нь хугарсан байж болзошгүй гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ДОР0725/488 тоот “... биед зүүн талын 6-р хавирганы зөрөөтэй хугарал, зүүн талын 5-р хавирганы зөрөөгүй хугарал, духны няцарсан шарх, 2 талын нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, *******ын хохирол төлбөр төлж буй гэрэл зураг, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, рентген оношилгооны бичиг, *******ын эрүүл мэндийн даатгалын санд 105,462 төгрөг төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрт 2,000,000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүл мэндийн даатгалын санд 105,462 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүл мэндийн даатгалын санд 105,462 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА