Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2023/00099

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2023/00099

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, ******* банкны төв байранд байрлах ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжигч ******* овогт ******* *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,926,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Г.*******-*******, /онлайнаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* /онлайнаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******гэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 24,926,789.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Д.******* нь ******* банктай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ290020 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 24,500,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай авч зээлдэгч нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ЗГ290020 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг нэмэгдүүлж банкнаас зээлдэгчид олгосон зээлийг 32,060,383 төгрөг болгон жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өгсөн. Зээлдэгч ******* нь ЗГ290020 тоот зээлийн гэрээнүүдийн хавсралт нэгийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 185 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байх тул 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 22,905,019 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,965,789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 56,011 төгрөг нийт 24,926,789.54 төгрөгийг Д.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Г.*******-******* нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж оролцож байна. Банкны хувьд зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан. Энэ гэрээг байгуулахдаа банк ямар нэгэн байдлаар хууран мэхлэх, хүч хэрэглэх гэх мэтээр давуу эрхийн үндсэн дээр байгуулаагүй. Зээлдэгч маань зээлийн гэрээ байгуулах өдрийн байдлаар Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар бүх эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжтой иргэний эрх зүйн чадамжтай иргэн байсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн данс нээж зээлийг тухайн хүний дансанд шилжүүлснээр зээл олгосон гэж үздэг. Хэрэгт авагдсан хуулга, зээлийн гэрээний хүү, тооцооллын хүснэгт, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Д.*******ын өөрийн гараар бичиж гарын үсгээ зурж эхнэрийнхээ зээлийг хаасан баримт зэргээс үзвэл гэрээ байгуулах хариуцагчийн хүсэл зориг тухайн үед байсан гэдэг нь харагдаж байна. Тухайн өдөр *******ын 290121 гэсэн данс руу 20,000,000 төгрөгийн зээлийг олгоод Д.******* өөрөө гарын үсэг зураад эхнэрийнхээ зээлийг хаасан болох нь нотлох баримтаар авагдсан дансны хуулгаар нотлогдож байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийг ямар шалгуураар олгодог юм бэ? гэж хэлж байх шиг байна. Шүүх банкнаас хэрэглээний зээлийн журмыг нотлох баримтаар шаардаж авсан. Уг журмын 2.3.5-д зааснаар цалингийн зээл маань ямар ч зориулалт шаардагдахгүй зээл бөгөөд тухайн зээлийг юунд зарцуулах нь тэр хүний өөрийнх нь асуудал. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хариуцагч нь 1,520,000 төгрөгөөс 3,844,000 төгрөгийн хооронд цалин авдаг юм байна лээ. Банк цалингийн зээл олгохдоо тухайн харилцагчийн сүүлийн 6 сарын цалингийн дунджаар тухайн хүний нэг сарын дундаж төлбөрийг гаргаад зээл олгодог. Тэгэхээр энэ хүний хувьд зээлийн судалгаа нь зээл авах боломжтой гэж гарсан болохоор зээлийг олгосон гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхнэр нь тухайн зээлийг авч хэрэглэсэн учраас эхнэрээс нь нэхэх ёстой гэж байна. Банк бол гэрээ байгуулсан зээлдэгчээсээ нэхнэ, харин Д.******* эхнэр С.*******чимэгээс энэ мөнгөө нэхэх эсэх нь өөрийнх нь асуудал. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Д.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* банктай ЗГ290020 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 24.500.000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэмэлт зээлийн гэрээгээр 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ЗГ290020 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийг 20,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрдөггүй юм.Учир нь дээрх 20,000,000 төгрөгийг бодит байдал дээр өөрөө зээлж аваагүй бөгөөд өөрийн эхнэр *******чимэгийн цалингийн зээлийн үлдэгдлийг банк өөр дээр нь нэмэлт зээлийн гэрээ байгуулж хууль бусаар нэмэлт зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж Д.******* хэлдэг юм,

Д.******* нь Улаанбаатар хотын 2 дугаар цахилгаан станцын Зуухан Үнс нурам зөөгчийн албан тушаалд ажил хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд 2022 хавар эрүүгийн гэмт хэргийн улмаас 4 жилийн хорих ялаар шийтгүүлж ШШГЕГ-ын 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байна. Д.******* нь хорих ялаар шийтгүүлсний улмаас ажлаасаа халагдаж цалингийн зээлээ төлөх ямар ч боломжгүй болсон. Энэ гэрээнд гарын үсэг зурсан талаар бид маргаагүй боловч энэ гэрээ нэг талын санаачилгаар хийгдсэн гэж ******* үздэг. Өөрөөр хэлбэл эхнэр нь ******* банканд зээлтэй байсан бөгөөд Дулааны станцад ажиллаж байгаад БНСУ-руу явчихсан, өөрөө монголд байхгүй, зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэх үед нөхөр нь энэ зээлийг төл гэж ******* банкнаас удаа дараа шаардсан учраас энэ зээлд гарын үсэг зурсан. Уг зээлийг гар дээрээ аваагүй, тэр өдөрт нь С.*******чимэгийн зээлийг хаасан гэдэг нь баримтаар нотлогдож байна.

******* банк банкны тухай хууль болон зээл олгох журмыг ноцтой зөрчиж бусдын төлөх төлбөрийг нөхөрт нь хариуцуулах байдлаар нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна.

******* би энэ зээлийг төлөхийн тулд гар дээрээ ямар ч мөнгө авдаггүй байсан, амьдрах ямар ч боломжгүй байсан, 100,000 төгрөг үлдэхэд надад 100,000 төгрөгөөр амьдрах боломжтой шүү дээ гэж банкныхан хэлдэг байсан. Банк надад зээл олгох журмаа зөрчөөд их хэмжээний зээл цалингийн 95 хувьд нь олгочихсон. Өөрөөр хэлбэл энэ зээл олгох журмаа зөрчөөд зээл олгосон нь өөрөө хууль бус болсон гэж үзэж байна.

Тэгэхээр банк нэгэнт их хэмжээний олгож байгаа бол эрсдэлээ зайлшгүй тогтоох ёстой. Энэ хүн хэдэн төгрөгийн цалин гар дээрээ авдаг вэ?, авдаг цалингаараа тухайн зээлийг төлөх боломжтой юу гэдэг судалгааг огт хийгээгүй, амьдрах эх үүсвэр бусад байдлаар энэ хүний гар дээр ямар ч мөнгө үлддэггүй байсан нь тухайн цалингийн картын үлдэгдлээр харагдаж байна. Зээлийг гучин сарын хугацаатай олгохдоо нэг удаагийн төлөлт нь 656,223 төгрөг энэ нь 16 хоногийн төлөлт, тэгэхээр сардаа 1,300,000 төгрөг төлөх үүрэг хүлээгээд байдаг. Энэ хүн гар дээрээ 1,500,000 төгрөгийн цалин авдаг, заримдаа үүнээс дээшээ доошоо болох тохиолдол байдаг. Арилжааны банк нь зээл олгох журмаа зөрчсөн өөрөөр хэлбэл өрхийн орлого болон зарлага, эрсдэлийг тооцоогүй олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 4,926,789,54 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18/02-6242 дугаартай итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* банкны Гүйцэтгэх захирлын тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ290020 дугаартай зээл болон барьцааны гэрээ/ цалингийн зээл/, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ290020 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /цалингийн зээл/, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/290020 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ ЗГ/290020-Б дугаартай гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 290020 тоот гэрээний хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн зээл хаасан төлбөрийн баримт /хх-ийн 4-12 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар,

Хариуцагчийн төлөөлөгчөөс хариу тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн,

Хариуцагч талын хүсэлтээр Д.*******ын эхнэр С.*******чимэгийн зээлийн дансны хуулганууд, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ /ЗГ290381/, С.*******чимэгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ******* банкны Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 540 тоот тушаалын хавсралт №4, ******* банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 540 дугаартай зээлийн үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журам Дулааны 2-р цахилгаан станц ТӨХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1-01/20 дугаартай албан бичиг, цалингийн картны хуулга зэргийг шүүхийн зүгээс нотлох баримтаар тус тус бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.******* нь ******* банктай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ290020 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 24,500,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ЗГ290020 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг авч нийт 32,060,383 төгрөг болгон нэмэгдүүлж жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 22,905,019 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,965,789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 56,011 төгрөг нийт 24,926,790 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 24,500,000 төгрөгийн зээл авснаа зөвшөөрнө. Харин 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ЗГ290020 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 20,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээрх 20,000,000 төгрөгийг би бодит байдал дээр зээлж аваагүй бөгөөд банк эхнэрийнхээ зээлийг төл гэж шаардсаны улмаас уг гэрээнд гарын үсэг зурж гэрээ байгуулсан, эхнэр *******чимэгийн цалингийн зээлийн үлдэгдлийг банк тэр өдрөө суутган авсан. Энэ гэрээ бол нэг талын буюу банкны санаачилгаар хийгдсэн, банк зээл олгох журмаа зөрчиж олгосон зээл учраас нэхэмжлэлийн шаардлагаас 4,926,789,54 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Д.******* нь ******* банктай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ290020 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 24,500,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ЗГ290020 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг нэмэгдүүлж нийт 32,060,383 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлжээ. /хх-ийн 8-12 дугаар хуудас/

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно, 196.1.2 дахь хэсэгт тухайн гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцохоор тус тус заажээ.

6. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэв.

7. 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд ЗГ290020 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулагдаж тухайн өдрөө 20,000,000 төгрөг ******* *******ын 290020 тоот дансанд орсон, улмаар уг өдрөө буюу 2021.06.16-ны өдөр Д.******* нь албан ёсны гэр бүл С.*******чимэгийн цалингийн зээлийг 20,161,820.48 төгрөгөөр хаасан болох нь талуудын тайлбар, хариуцагчийн гарын үсэгтэй зээл хаасан төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн Д.******* нь 20,000,000 төгрөгийг бодит байдал дээр өөрөө зээлж аваагүй бөгөөд өөрийн эхнэр *******чимэгийн цалингийн зээлийн үлдэгдлийг банк өөр дээр нь нэмэлт зээлийн гэрээ байгуулж хууль бусаар нэмэлт зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэх тайлбар нотлогдохгүй, хариуцагчийн төлөөлөгч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно. Өөрөөр хэлбэл банк нь хариуцагчийг ноцтой төөрөгдүүлэх, хүч хэрэглэх, хууран мэхлэх, хүч хэрэглэхээр заналхийлэх гэх мэтээр хууль бусаар 20,000,000 төгрөг зээлэх нэмэлт зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй, хариуцагч нь хууль бусаар 20,000,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулж түүний цалингаас суутгаж байгаа нэхэмжлэгч талын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол өнөөдрийг хүртэл хугацаанд энэ талаар ******* банкны холбогдох хүмүүс, хууль хяналтын байгууллагад зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй, бөгөөд 2022.06.16-ны өдрөөс хойш 2 удаагийн үйлдлээр авсан 32,060,382 төгрөгийн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хорих ялаар шийтгүүлэх хүртлээ өөрийн цалингаас төлж ирсэн үйл баримт тогтоогдлоо.

8.Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нь зээл олгох журмаа зөрчиж эрсдэлээ тооцоолоогүй зээл олгосон гэх тайлбарыг өгсөн хэдий ч шүүхэд ирүүлсэн ******* банкны хэрэглээний зээл олгох журмаар нэхэмжлэгч тал уг журмыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

9. 2018.11.06-ны өдрийн ЗГ290020 зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ -ний 5 дугаар зүйлийн 5.2-т энэхүү гэрээнд талуудыг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд энэхүү журмын дагуу байгуулсан хавсралт гэрээнүүд нь хууль зүйн ижил хүчинтэй, мөн 2021.06.16-ны өдөр ЗГ290020 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт энэхүү гэрээнд талуудыг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус зааснаар талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, хүчин төгөлдөр гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй байх тул дээр дурьдсан бүх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно. /хх-ийн 8 дугаар хуудасны ар тал, 10 дугаар хуудас/

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 282,584 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

11. Талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэн нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт ******* *******аас үндсэн зээл 22,905,019.40 төгрөг, хүү 1,965,789.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,010.94 төгрөг нийт 24,926,789.54 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 282,584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282,584 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  ******* банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА