Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 132/ШШ2023/00092

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 37,875,000 /гучин долоон сая найман зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах тухай132/2022/00597/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч Э******* ХХК-д холбогдуулан 37,875,000 /гучин долоон сая найман зуун далан таван мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“Эвсэг сайхан” ХХК-ний захирал Д.О******* 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай компаниас 14.00R25 хэмжээтэй дунд даацын авто машины дугуйг нэг бүрийг нь 2,350,000 төгрөгөөр 15 ширхэг дугуйг нийт 35,250,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Э******* ХХК-ний захирал Д.О******* 10,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 25,250,000 төгрөггийг өнөөдрийг хүртэл төлөхгүй гэрээний үүргээ зөрчиж байна.

Талуудын хооронд байгуулсан “зээлээр худалдах, худалдан авах гэрээнд гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног дутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон. Дээрх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги нийт 12,625,000 төгрөг болох тул хариуцагч “Э*******” ХХК-аас нийт 37,875,000 (Гучин долоон сая найман зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 2.Хариуцагчийн төлөөлөгч Д.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х*******” ХХК-аас зээлээр худалдан авах гэрээгээр 32,250,000 төгрөгийн дугуй худалдан авч 10,000,000 төгрөгийг төлсөн 2021 оны 4 дүгээр сараас ажил зогсож одоог болтол ажилгүй байгаа тул алдангид ноогдуулсан төлбөрийг төлж чадахгүй болсон. Иймд үндсэн төлбөр болох 25,250,000 төгрөгийг төлж дуусгахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-1 дугаартай нэхэмжлэлх /хэргийн 3-р хуудас/,

-“Х*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-“Х******* ХХК”-аас олгосон итгэмжлэл /хэргийн 5-р хуудас/

-Авлага барагдуулах гэрээ /хэргийн 6-р хуудас/

-Дугуй худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хэргийн 7-8-р хуудас/,

-Зарлагын баримт /хэргийн 9-р хуудас/

 

        4.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

        5.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Эвсэг сайхан ХХК-д бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Авто тээврийн үндэсний төвөөс Эвсэг сайхан ХХК-ний нэр дээр тээврийн хэрэгсэл, бусад машин механизм бүртгэлтэй эсэх лавлагаа, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх арилжааны банкнаас Эвсэг ХХК-ний банкин дахь харилцах дансны талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулж авсан /хэргийн 49-63, 65-66-р хуудас/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

        2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч “Э*******” ХХК нь дугуй худалдах, худалдан авах гэрээний дагуу 15 ширхэг дугуйг авсан боловч 25,250,000 төгрөгийг төлөхгүй гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул  гэрээний дагуу алданги тооцож нийт 37,875,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

        3.Хариуцагч “Э*******” ХХК-ийн төлөөлөгч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 25,250,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, алдангийг төлөхгүй гэж маргадаг.

        4.Хэрэгт авагдсан авлага барагдуулах гэрээ, Дугуй худалдах, худалдан авах гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

        5.Нэхэмжлэгч “Х*******” ХХК,  хариуцагч “Э*******” ХХК-ны хооронд  2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дугуй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээгээр “Х*******” ХХК нь 14.00R25 хэмжээтэй дунд даацын авто машины 15 ширхэг дугуйг нэг бүрийг нь 2,350,000 төгрөгөөр “Э*******” ХХК-д худалдсан бөгөөд гэрээний дагуу 15 ширхэг дугуйг “Э*******” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь  хариуцагчийн /Х*******” ХХК-аас дугуй худалдан авч 10,000,000 төгрөг төлсөн, үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 25,250,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэх/ тайлбараар тогтоогдож байна.

        Харин “Э*******” ХХК нь гэрээний үнэ болох 35,250,000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор “Х*******” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн боловч 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 25,250,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар тогтоогдож байна.  

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу  бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Зохигчийг хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд “Х*******” ХХК нь хариуцагч “Э*******” ХХК-аас гэрээний үнэ 25,250,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Хариуцагч нь гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 25,250,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин алданги 12,625,000 төгрөгийг төлж чадахгүй гэжээ.

 

7.Зохигчийн хооронд байгуулсан Дугуй худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт төлбөрийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлэн төлсөн бол хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэсэн байх тул “Х*******” ХХК нь алданги 12,625,000 төгрөгийг “Э*******” ХХК-аас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт нийцэж байна.

 

8.Иймд “Э*******” ХХК-аас дугуйны үлдэгдэл төлбөр 25,250,000 төгрөг, алданги 12,625,000 төгрөг нийт 37,875,000 төгрөгийг гаргуулж, “Х*******” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

9.Нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 347,325 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 347,325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э*******” ХХК-аас 37,875,000 /гучин долоон сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж. нэхэмжлэгч “Х*******” ХХК-д олгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,325 /гурван зуун дөчин долоон мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 347,325 /гурван зуун дөчин долоон мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ХИШИГДЭЛГЭР