Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 134/ШШ2023/00046

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ө ХХК

Хариуцагч: Б.Б

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 45,355,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Г.Э, түүний өмгөөлөгч Ч.О

Хариуцагч: Б.Б, түүний өмгөөлөгч М.Х

Гэрч: Ж.А

Иргэдийн төлөөлөгч: Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Ө  ХХК нь Б.Б холбогдуулан гэм хорын хохиролд 45,355,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ө  ХХК нь өөрийн өмчлөлийн Буянт шанд худалдааны төвийн 2 давхарт Тулгатай цай цайны газрыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатайгаар, сарын 1,500,000 төгрөгөөр иргэн Б.Б-д түрээсэлсэн. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр цайны газарт гал түймэр гарч, ихээхэн хэмжээний хохирол учирсан. Гал гарсан үйлдлийг Дорноговь аймгийн Цагдаагийн газар шалгаж, Онцгой байдлын газрын шинжээчийн дүгнэлтээр Цайны газрын гал тогооны өрөөний зүүн урд хэсэгт байрлах хуушуурын цахилгаан зуухан дээр тос хэт удаан халаасны улмаас буцалж, үсрэн цахилгаан зуухан дээр унаж гал түймэр гарсан байна гэж гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон. Хохирлын хэмжээг Х-ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 40,270,856 төгрөг гэж тогтоосон. Гэвч гал гарсан хэсгийг засварлаж хэвийн байдалд оруулахад 40,447,530 төгрөг болсон. Засварын ажил хийх, барилгын материал авах зорилгоор Ө  ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Э  2,021,500 төгрөгийн, түүний гэр бүлийн хүн болох Ж.А 8,501,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг авч зээлийн хүүд 408,299 төгрөгийг төлсөн. Гал гарсаны улмаас цайны газрыг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл гурван сарын хугацаанд засварласан тул түрээсийн төлбөрт 4,500,000 төгрөг, нийт 45,355,829 төгрөгийг нэхэмжилж байна. Засвар хийх материалын хувьд зах зээлийн хамгийн муу материалыг авчирсан. Хар тоосгон судалтай хавтан авчирсан. Би буцаасан нь үнэн. Надаас нэг ч удаа юу авчирах вэ гэж асуугаагүй. Лампирыг нь 2 хүүхэд нь солих гээд ирсэн байхад нь би болиулсан. Яагаад болиулсан бэ? гэхээр шатсан байгаа прүс модыг нь солихгүйгээр хэдхэн дранк мод хадаад шууд лампирдах гэж байсан. Үүдэн хэсгийн таазыг би одоо засвар хийгээд сольж байгаа. Яагаад сольж байгаа вэ гэхээр хүмүүс орж ирэхдээ танай байшингаас муухай үнэр үнэртээд байна гээд байсан. Тэгээд таазыг нь хуулаад харахад шатсан моднууд нь тэр чигтээ байсан. Арга буюу тэр тортогтой лампирыг нь хуулж хаяад шинээр хийж байгаа. Дээврийн ажил дээр намайг бүтэн дээврээ сольсон гээд аймгаар нэг зарлаад шуналтай гэж элдвээр нь доромжлоод байгаа. Дээврийг очоод үзэхэд андашгүй. Хуучин хормой хэсэг нь бороороо байгаа. Шатсан оройн хэсгийг сольсон. Ийм тооцоо гарах юм байна шүү гээд энэ хүнийг модны хүн дээр аваачиж уулзуулсан. Би ганцаараа дураараа шийдээд, үнэтэй юм аваад хийе гэж шийдээгүй. Үнэ ханш нь ийм байна гээд хэлэхэд энэ хүн тэг тэг, аваад хийлгэж бай би мөнгийг нь төлнө гэж хэлээд алга болчихсон. Дээврийн төмөр дээр асуудал гарсан. Яагаад вэ гэхээр дээврийн шувуун нурууны төмөр байгаа. Манайх дээвэр дээрээ зуны сууц буюу мансард орно гээд өндөр дээвэр хийсэн. Тэгэхээр энэ дотор бүхэл бүтэн өрөө гаргана гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тэрний 3/1 нь шатсан байгаа. Тэрийг сольсон. Дам нурууны 15-ын палкууд шатсан байна. Энийг солъё гэхэд нөгөө хүмүүс залхуураад, аргалчихсан гээд шар будгаар будчихсан байгаа. Одоо хүртэл шар будаг нь байгаа. Манай дээвэр маш их бэхэлгээ хийсэн дээвэр байсан. Дээврийн талыг нь хуулахгүй байж болохгүй байсан. Манай гэрт учирсан хохирол гэх юм бол 2 галын машин дүүрэн ус гал унтраах гэж манай гэр лүү шүршсэн. Тийм их хэмжээний ус асгахаар гэр ямар болох нь ойлгомжтой. Би ам бүл цөөтэй болохоор хивсээ давхарлаад дэвсээд байдаг байсан. Тэр их ус асгаж байхад тэр хананы шохой, замаск урсахгүй яах юм бэ? Хивсээ хими цэвэрлэгээнд аваачиж өгсөн. Ийм олон асуудал гарсан. Материалын зардал гээд эдний гаргаж өгсөн тооцоо миний санаанд огт нийцэхгүй байна. Яагаад гэхээр хийсэн засварт нь 15 шуудай затирка орно гэж хаана ч байхгүй. Ямар ч тоосго ороогүй. Тэр байтугай хувцас сольдог өрөөний тортог нь яг хэвээрээ байгаа. Бид нар засвар хийсэн гээд байгаа боловч яг юу хийсэн юм бэ гэхээр хэлдэггүй. Дээврийн 200 ширхэг төмөр, хайрцаг хадаас авч өгсөн нь үнэн. Бид нар энэ хүний гаргасан зардлыг үгүйсгээгүй. Зөвхөн өөрийнхөө дансаар гүйлгээ хийсэн, өөрсдөө худалдаж авсан материал, засвар үйлчилгээний зардлаа шаардаад байгаа гэдгийг шүүхэд дахин хэлмээр байна. Хариуцагчийн хэлээд байгаа шиг 28,000,000 төгрөгийн зардал гарсан эсэх нь маш их эргэлзээтэй байна. Бид нарын хийсэн ажил, ажил гүйцэтгэх гэрээнүүд, гэрээний дагуу төлбөр төлсөн баримтууд, гэрээний ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан актуудаар тогтоогдоно. Бид нар дотоод заслын ажил дээр маргаж байгаа. Баримтыг нь үзэхээр 2,388,000 төгрөгийн баримт байгаа. 5,000,000 төгрөгийг мод буулгасан хөлсөнд өгсөн гэдгийг мэдэж байгаа.

Шинжээчийн дүгнэлтэнд 2 дугаар давхрын материалын зардал байхгүй байгаа нь техникийн алдаа байх. Түүнээс биш задаргааг нь харахаар үнэлгээний тайланд орсон харагдаж байна. Үнэлгээг дахин гаргуулах шаардлагагүй, зөвшөөрч байна. Гэхдээ хөрөнгийн үнэлгээний тайлан тухайн үед үүссэн хохирлын хэмжээг тогтоож байгаа болохоос биш үнэлгээний тайлангийн дүнгээр хохирлыг арилгасан тохиолдол ховор байдаг. Хэзээ ч бодитой үнэлгээ тэндээс гардаггүй. Хэрвээ хохирлын үнэлгээгээр явна гэх юм бол 176,000 төгрөгийн зөрүү байгаа юм байна. Бид нар Б.Б  гаргасан зарим зардлуудыг хүлээн зөвшөөрсөнХийсэн гээд байгаа ганц хоёр ажлууд байгаа. Гэхдээ тэр нь шаардлага хангаагүй, дахин хийх шаардлага гарсан. Манай нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол компаниас гаргасан зардал, И баримт, төлбөрийн баримтаар баталгаажсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

2.Хариуцагч тал хариу тайлбартаа: Нөхөр бид хоёрыг эзгүй хөдөө яваад ирэх хооронд тогоочийн хариуцлагагүй үйлдлийн улмаас 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гал гарсан. Манайх гэрээний дагуу хариуцлагаа хүлээж тухайн байгууллагыг өөрсдийнхөө хэмжээнд 28,900,000 төгрөгийн засвар хийсэн. Бүтэн шатаагүй төмөр дээвэр 15,000,000 төгрөгөөр дээвэрлэж өгсөн. Дотоод заслыг нь 2, 3 давхартай нь хийж өгсөн. Чанаргүй байна гэж хуулуулсан. Тэр хуул гэснийх нь дагуу манайх хуулаад хий гэснээр нь хийж өгсөн. Энэ хүн маш их загнадаг, уурладаг, хатуу, хахир ханддаг. Нэг удаа засвар яаж хийх талаар ярилцъя гэхэд өнөөдөр миний ярьдаггүй өдөр гэсэн. Одоо болохоор материал асуугаагүй гээд байна. Төмрийг нь өөрийнх нь хэлсэн Хятад хүнээс очиж авсан. Энэ хүнд сэтгэл ханамж гэж байдаггүй. Манайх ч гэсэн энэ галын улмаас хохирсон. Миний хавсаргаж өгсөн зурган дээрээс өмнө нь ямар байсан талаарх зураг нь байгаа. Одоо хүртэл манай хийсэн засвар хэвээрээ байгаа. Гэрийнхээ засварыг мөн манайхаас нэхэмжилсэн. 4 өрөө байрны засвар хийлгэнэ гэхэд манай нөхөр зөвшөөрөөгүй. Гал яагаад дээвэр лүү гарсан бэ гэхээр зориулалтын бус тааз, хуванцар хоолойтой байсан учраас гал гарсан гэсэн дүгнэлт гарсан. Хэрвээ хариуцлага хүлээх ёстой гэвэл эднийх ч гэсэн зориулалтын бус материалаар хийсэн гэдгээрээ хариуцлага хүлээх ёстой. Галын дүгнэлтийг би 2 талтай зөв гарсан гэж үздэг. Энэ айлын хүсэлт бол манайхаар 100 хувь дээврийн засвараа даалгах гээд байгаа. Би 100 хувь дээврийг хариуцаж чадахгүй. 70, 30 хувиар тохиръё гэсэн боловч эднийх зөвшөөрөөгүй. Тэгэхээр нь 50, 50 хувиар хийе гэсэн чинь бас зөвшөөрөөгүй тул тэгвэл шүүхээрээ шийдүүлье гээд салсан. Би дээврийн төмөр 7,900,000 төгрөгөөр авсан баримт байгаа. Шрүп тээврийн зардалтайгаа нийлээд 10-аад сая төгрөг болсон. Шатаагүй төмөр дээврийг би цоо шинэ болгож өгсөн. Дээврийн мод 100 хувь шатаагүй. Дээврийн мод буулгаж байсан хүмүүс 50 хувь буулгана гэж хэлж байсан. Гэтэл бид нараар 90 хувь буулгуулсан. Хэрвээ гэрчлэх шаардлагатай гэвэл гэрчлэхэд бэлэн гэж мод буулгаж байсан залуу хэлсэн. Дээврийн мод буулгасан хөлсөнд 5,000,000 төгрөгийг манайх бас өгсөн. Бүх зардлаа манайхаар даалгах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж байгаа эд зүйл дотроо хивсний цэвэрлэгээг хүртэл оруулсан байна. Би тоосго авсан гэж огт хэлээгүй. Тоосгоны хэлбэртэй хуулга наасан. Тэрийг хэлээд байх шиг байна. 15 уут затирка ороогүй гэж хэлээд байна. 1 давхарт хүртэл затирк татсан байгаа. Бид шатсаны дараах болон засвар хийсний дараа, засвар хийж байх үеийн процессын зургийг өгсөн. Зургаас анх хүлээж авахад байсан байдал болон засвар хийсний дараах байдал дүйцэхүйц харагдаж байгаа. Хуульд зааснаар гэм хор учруулсан этгээд гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээх ёстой. Хариуцагчийн зүгээс сэргээсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа. Үнэлгээний тайлангаар 40,000,000 төгрөг гарсан. Гэтэл нэхэмжлэгч тал өнөөдөр 45,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хүсэлт гаргахгүй яасан юм бэ? Манай тал үнэлгээг хүлээн зөвшөөрсөн. Мөн түрээсийн төлбөрийн үлдэгдэл нэхэмжлээд байна. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус юм. Тэгэхээр хуулийн шаардлагаараа энэ түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байгаагүй. Мөн зээлийн гэрээний хүү нэхэмжлээд байгаа. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2 тал хоёулаа засвар хийсэн байна. Хариуцагч нь засвар хийсэн зардлаа хасуулаад үлдсэн мөнгийг нь төлье гэсэн боловч нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй. Иймд, хариуцагч тал зардлыг бүрэн төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

4.Нэхэмжлэгчээс Ө  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Түрээсийн гэрээ, гэрэл зургууд, 2021.08.19-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.О, Ц.Ц , Б.Ж, Б.Б нарын мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Ж.А-ийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын шинжээчийн дүгнэлт, Хохирол үнэлгээний тайлан, хавсаргасан баримтууд, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2021.12.17-ны өдрийн 5/167 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2022.01.19-ний өдрийн 5/01 дугаартай Гомдлыг хүлээн авч, прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, 2022.01.19-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, Зөрчлийн талаар бичгээр болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Холбогдогч Б.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022.02.07-ны өдрийн Шийтгэлийн хуудас, зарлагын, төлбөрийн, И баримтууд, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Хивс угаалгын нэхэмжлэх, Ажил гүйцэтгэх гэрээнүүд, ажлын хөлс хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэх баримтууд, тээврийн хөлс төлсөн гэх баримтууд, тэтгэврийн зээлийн өргөдөл, гэрээ, Г.Э, Ж.А  нарын ХААН банкны дансны хуулга,

Хариуцагчаас, Түрээсийн гэрээ, 2021.04.26-ны өдрийн зээлийн гэрээ, Б.Б-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримтууд, өөрийн гараар бичсэн тооцоо, бэлэн мөнгөний орлогын баримт, шийтгэлийн хуудас, гэрэл зургууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талын хүсэлтээр гэрчээр Д.Г, Б.Ж, Ц.Ц нарыг, нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр Ж.А-г асуусан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Б.Б нь цайны газрын зориулалтаар талбай түрээслэж байхдаа гал түймэр гаргаж, гэм хор учруулсан тул засварын зардал 40,447,530 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, зээлийн хүү 408,299 төгрөг нийт 45,355,829 төгрөгийг гаргуулах гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээн зассан, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус, зээлийн хүүг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Өсөхзэндмэнэ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Түрээсийн гэрээ, гэрэл зургууд, хэрэг бүртгэлтийн хэргээс хуулбарласан 2021.08.19-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.О, Ц.Ц, Б.Ж, Б.Б нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын шинжээчийн дүгнэлт, Хохирол үнэлгээний тайлан, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2021.12.17-ны өдрийн 5/167 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2022.01.19-ний өдрийн 5/01 дугаартай Гомдлыг хүлээн авч, прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, Зөрчлийн талаар бичгээр болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Холбогдогч Б.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022.02.07-ны өдрийн Шийтгэлийн хуудас, зарлагын, төлбөрийн, И баримтууд, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хивс угаалгын нэхэмжлэх, Ажил гүйцэтгэх гэрээнүүд, ажлын хөлс хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэх баримтууд, тээврийн хөлс төлсөн гэх баримтууд, Ж.А-ийн ХААН банкны дансны хуулга, Б.Б-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримтууд, гэрэл зургууд, гэрч Д.Г, Б.Ж, Ц.Ц, Ж.А нарын мэдүүлэг, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Ө ХХК, Б.Б нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаатай цайны газрын зориулалтаар талбай түрээслэх түрээсийн гэрээ байгуулагдсан.

4.2.Түрээслэгчийн буруутай үйлдлийн улмаас 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гал түймэр гарч, эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Б.Б-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

4.3.Х-ХХК-ийн хохирол үнэлгээний тайлангаар Ө  ХХК-ийн эд хөрөнгөд 40,270,856 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон.

5.Талууд гэм хорын хохирол буюу засварын зардалд хэн нь хичнээн төгрөгийг зарцуулсан гэдэгт маргаантай, гал гарсан үйл баримтанд маргаангүй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэснээр нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс хохирол шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ө  ХХК-ийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан гэм буруутай болох нь галын дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд гэм буруугийн асуудлаар талууд маргаангүй тул хохирлыг хариуцах үүрэгтэй.

Х- ХХК-аас хохирол үнэлгээний тайланд үндсэн барилгын 2 давхарын материалын зардлын тооцоог нэг бүрчлэн хүснэгтээр тооцож оруулаагүй боловч материалын зардлын нийт дүнд 1,936,945 төгрөгөөр тооцож, улмаар хохирлын нийт дүнд оруулж тооцсон байна. Тайлангаар тогтоогдсон хохирлын үнэлгээний нийт дүн болох 40,270,856 төгрөгт талууд маргаангүй, дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэсэн тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс, дээрх үнэлгээнээс илүү зардал гаргасан гээд засварын материал худалдан авсан гэж 21,057,230 төгрөгийн зарлагын баримт, 16,295,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, төлбөр төлсөн 21,029,730 төгрөгийн И баримтуудыг, мөн Ж.А-гийн дансаар төлбөр шилжүүлсэн гэж ХААН банкны дансны хуулгыг тус тус шүүхэд гаргасан.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасан.

Иймээс, хохирлын үнэлгээ 40,270,856 төгрөгөөс хариуцагчийн гаргасан зардал болох 15,776,000 төгрөгийг хасч 24,494,856 төгрөг, мөн түрээсийн гэрээний төлбөр нь олох ёстой байсан орлогод хамаарах тул 4,500,000 төгрөг нийт 28,994,856 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, зээлийн хүү болон илүү гарсан зардал нь гэм хор учруулсны бодит хохиролд тооцогдохгүй үндэслэлээр 16,360,973 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Тухайлбал, хариуцагч талаас гаргасан 14,258,200 төгрөгийн зарлагын баримтууд нь шууд нотлох баримт болохгүй боловч төлбөрийн гүйлгээ хийсэн ХААН банкны дансны хуулгаас үзэхэд:

-       2021.08.04-ний өдөр дээврийн төмөр авсан ачааны үнэ 200,000 төгрөг,

-       2021.08.05-ны өдөр вакум цонхны үнэ 200,000 төгрөг,

-       2021.08.05-ны өдөр хадаасны үнэ 189,000 төгрөг,

-       2021.08.05-ны өдөр хавтангийн үнэ 188,000 төгрөг,

-       2021.08.07-ны өдөр дотор заслын хөлс 500,000 төгрөг,

-       2021.08.03-ны өдөр затирка татуулсан үнэ 440,000 төгрөг

-       2021.08.03-ны өдөр цэвэрлэгээ 30,000+30,000+30,000 нийт 90,000 төгрөг,

-       2021.08.04-ний өдөр дээврийн төмөр үнэ 7,800,000 төгрөг,

-       2021.08.04-ний өдөр затирка татсан үнэ 500,000 төгрөг,

-       2021.08.09-ний өдөр заслын үнэ 100,000 төгрөг,

-       2021.08.15-ны өдөр хадаас 44,000 төгрөг,

-       2021.08.16-ны өдөр хадаас 25,000 төгрөг,

-       2021.08.16-ны өдөр дээврийн мод буулгасан хөлс 1,360,000 төгрөг,

-       2021.08.17-ны өдөр дээврийн мод буулгасан хөлс 1,140,000 төгрөг,

-       2021.08.10-ны өдөр дотор засал хөлс 500,000 төгрөг,

-       2021.08.11-ний өдөр дээврийн мод буулгасан хөлс 2,500,000 төгрөг нийт 15,776,000 төгрөгийн зардлыг хариуцагч Б.Б  гаргасан гэж үзэхээр байна.

Харин гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээн засварласан гэдэг нь нэхэмжлэгч талын гаргасан зарлагын болон төлбөр төлсөн баримтууд, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг болон үнэлгээний тайлангаар үгүйсгэгдэж байна.

Тухайлбал, хадаасны үнэ 258,000 төгрөг, дээврийн төмрийн үнэ 7,800,000 төгрөг, дээврийн мод буулгах ажлын хөлс 5,000,000 төгрөг, ачааны зардал 200,000 төгрөг зэргийг хариуцагч талаас төлсөн, 1 цонх сольсон, хананд хавтан наасан, затирка татсан, цэвэрлэгээ хийсэн гэдгийг нэхэмжлэгч талаас маргаангүй хүлээн зөвшөөрдөг, харин дотор заслын хувьд өнгө, чанарын шаардлага хангаагүй үндэслэлээр дахин хийлгэсэн болох нь дээрх баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогддог.

Үүнээс дүгнэхэд хариуцагчаас тодорхой хэмжээний зардал гарсан боловч үнэлгээтэй харьцуулахад засвар дутуу хийгдсэн, нэхэмжлэгч нь дутуу хийгдсэн ажлыг өөрийн зардлаар засварласан, мөн шаардлага хангаагүй ажлыг дахин хийсэн, хариуцагч дээврийн шатсан модыг буулгаж, төмөр, хадаас авч өгсөн боловч дээврийн заслын ажлыг нэхэмжлэгч дангаараа хийж гүйцэтгэсэн, лампир авсан байснаа хийж дуусгаагүй үлдээсэн гэж тайлбарласан зэргээс хариуцагч гэм хорын хохирлыг бүрэн арилгасан гэж үзэхээргүй байна.

Гэм хорын хохирлын үнэлгээнд хоолны зардал ороогүй учир хариуцагчийн хоолонд зарцуулсан хэсгийг засварын зардалд оруулахгүй. Мөн зарлагын баримтууд нь төлбөр төлсөн баримт биш учир дансаар зарцуулсан зардал дээр нэмж тооцогдохгүй.

Түүнчлэн хариуцагч хохирлын үнэлгээгээр тогтоогдсон зардлаас илүү гарсан зардлыг хариуцах үндэслэлгүй. Учир нь, гэмт хэрэг, зөрчлийн хохирлын хэмжээг хөндлөнгийн этгээдээр хийлгэх нь хэргийн зүйлчлэлд хамаарахаас гадна хохирогчид учирсан бодит хохирлыг тогтоох зорилготой байдаг. Талууд маргаж байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллагын үнэлгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.

Нэхэмжлэгч нь, хариуцагчаас гаргасан зардлууд манай талаас гаргасан засварын зардлаас хасагдаж тооцогдохгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, дээврийн төмрийн үнэ 7,800,000 төгрөг, дээврийн мод буулгасан зардалд 5,000,000 төгрөг нийт 12,800,000 төгрөгийг хариуцагч Б.Б  төлсөн гэдэгт нэхэмжлэгч маргаагүй. Мөн тодорхой хэмжээний дотор заслын ажил хийсэн, 1 цонх сольсон, хананд хавтан наасан, цэвэрлэгээ хийсэн, хадаас авч өгсөн гэдгийг үгүйсгээгүй, улмаар хариуцагч нь эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэсэн, зардал гаргасан болох нь гэрэл зургууд, банкны гүйлгээний утга, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч талаас, түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус үндэслэлээр түрээсийн төлбөр төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй.

Зохигчид 2021 оны 07 дугаар сарын 01ий өдөр цайны газрын зориулалтаар түрээсийн гэрээ байгуулахдаа Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 дугаар гудамжид байрлах 264 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг талбайг ашиглахаар гэрээ байгуулсан нь талуудын тайлбараар тогтоогддог.  

Түрээсийн гэрээний зүйл болох цайны газрын зориулалттай талбайн хувьд тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй тул талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлага тавигдахгүй юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх түрээсийн гэрээг зохих байгууллагад бүртгүүлээгүй нь талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж дээрх түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

7.Хариуцагч Б.Б-г гэм буруутай гэж үзсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцах үүрэгтэй гэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан хуульзүйн хүрээнд үнэлээд гэм хорын бодит хохирлоос хариуцагчийн гаргасан зардлыг хасаж тооцох нь зөв гэж үзсэн болно.

8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,729 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 302,924 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

9.Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.О-ны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 334/ШЗ2023/00012-1 дугаартай Хариуцагчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын дагуу хариуцагч Б.Б-гийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг талуудад болон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Б.Б-с гэм хорын хохиролд 28,994,856 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,360,973 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,729 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 302,924 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.О-ны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 334/ШЗ2023/00012-1 дугаартай Хариуцагчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын дагуу хариуцагч Б.Б-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг талуудад болон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА

 

ШҮҮГЧИД                                                Б.НАРАНЧИМЭГ

 

                                                         Р.БАТБАЯР