Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар  2025/ШЦТ/145

 

  

 

 

 

 

 

    2025        03           13                                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Б.М*****т, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “5-р” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2505005200216 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт Б*****агийн М*****т, Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун Урт суманд 1986 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, ********** ажилтай, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн ***********тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *********.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М*****т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулан үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 00 цаг 07 минутын орчимд Баянгол дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Вокзалын замд согтуугаар Toyota Prius маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл: 

Шүүгдэгч Б.М*****т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулан үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 00 цаг 07 минутын орчимд Баянгол дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Вокзалын замд согтуугаар Toyota Prius маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “...Б*****а овогт М*****т нь...драгер хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалтаар 1.86% хувийн согтолттой...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6 дахь тал),

-Жолоодох эрхийн лавлагаанд: “...Үнэмлэхийн хүчинтэй огноо...2029.06.24-ний өдөр...Жолооны үнэмлэхийн төлөв...Эрх хасагдсан...” гэх баримт (хавтаст хэргийн 09 дэх тал)

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 692 дугаартай шийтгэврээр...Б.М*****тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан...” гэх шийтгэвэр (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ч.М*****тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд би гэртээ 0.5 литрийн Чингис гэдэг нэртэй архийг найзтайгаа хувааж уучхаад гэртээ амраад байж байтал оройн 23 цагийн орчимд манай хуучин эхнэрийн дүү болох Д.Б*****н над руу утсаар залгаад Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт манай нөхрийн бие нь муудаад байна та намайг гэрээс ирж аваад эмнэлэг рүү хүргээд өгөөч гэхээр нь би өөрийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Баянгол дүүрэг Андуудын урд талын замаар явж байхад цагдаагийн алба хаагч нар шалгалт хийж таараад үлээлгэхэд 1.86 хувийн согтолттой гарсан учир саатуулагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал), мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны лавлагаа (хавтаст хэргийн 51, 53 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), Иргэний ***** тодорхойлолт (хавтаст хэргийн 54-58 дахь), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлол (хавтаст хэргийн 45-48 дэх тал) зэрэг баримтуудын шинжлэн судаллаа. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.М*****т өмнө нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 692 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгэгдсэн байна.

Дээрх хугацаа дуусаагүй үед шүүгдэгч Б.М*****т нь дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 11 дэх тал), жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан тухай шийтгэвэр (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэргээр нотлогдсон.

Иймд шүүгдэгч Б.М*****тын дээрх үйлдлийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээрийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М*****тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Прокурор санал болгож шүүгдэгч Б.М*****т хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

Шүүгдэгч Б.М*****тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*****тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурав сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ (хохирол учраагүй), шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М*****тын торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

Дээрх хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар шүүгдэгч Б.М*****тад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй юм.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2505 0052 00216 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б*****агийн М*****тын “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*****тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурав мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурав сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.М*****тад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*****тад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ