Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 132/ШШ2023/00064

 

                                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7 дугаар байр, 1 тоотод байрлах, Төрийн банк ХХК /5341469/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймаг, Булган сум, ** дугаар баг, Энэбишийн гудамж, **** тоотод оршин суух, Н******* овогт П*******ийн С*******

Хариуцагч: 1978 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сум, 1 дүгээр баг, 7-703 тоотод оршин суух, Шарх овогт П*******ийн С******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 6,305,461 /зургаан сая гурван зуун таван мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2023/00042/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1995 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Төрийн банк ХХК-ийн Булган салбарын Зүүн түрүү тооцооны төвийн захирал ажилтай, Булган аймгийн Булган сум, * дүгээр баг, *** тоотод оршин суух, П овогт Б Г*******

            Хариуцагч П.С*******,

            Хариуцагч П.С*******,

Нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

          ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Төрийн банк ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* нь П.С*******, П.С******* нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 6,305,461 /зургаан сая гурван зуун таван мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Төрийн банк ХХК нь зээлдэгч П.С*******, хамтран зээлдэгч П.С******* нартай 2018 оны 05 сарын 02-ны өдрийн 121800076407 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 6,000,000 төгрөгийг жилийн 20,4% хүүтэй, 32 сарын хугацаатай, 2018 оны 08 сарын 08-ны өдөр 121800076407 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, нэмэлт зээл 3,000,000 төгрөгийг жилийн 20,4% хүүтэй, 60 сарын хугацаатай, 2018 оны 11 сарын 07-ны өдөр 121800076407 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, нэмэлт зээл 1,500,000 төгрөгийг жилийн 20,4% хүүтэй, 60 сарын хугацаатай, 2018 оны 12 сарын 05-ны өдөр 121800076407 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, нэмэлт зээл 3,000,000 төгрөгийг жилийн 16,8% хүүтэй 60 сарын хугацаатай цалингийн зээлийг зээлдэгчийн 120000231658 дугаарын дансанд олгосон. 2020 оны 11 сарын 30-ны өдрийн 121800076407 дугаартай “Зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-г байгуулж зээлийн хугацааг сунгаж, хамтран зээлдэгч сольсон. Зээлдэгч нь зээлийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан бөгөөд зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банк зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 2.2.1, 6.2 заасны дагуу банк гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг шаардаж байна.

Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул зээлдэгч П.С*******, хамтран зээлдэгч П.С******* нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, П.С*******, П.С******* нараас үндсэн зээлд 6,013,239.81 төгрөг, хүүгийн төлбөрт 277,290.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,430.76 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 6,293,961.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал: 2023 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй 100 хоног зөрчсөн.

Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээг цуцалж, зээлийн дүн 6,013,239.81 төгрөг, хүүгийн төлбөр 277,290.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3430.76 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 6,305,461 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч П.С******* нь шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би төлөхгүй гэж шалтаг хэлээгүй. 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр осолд орсон. Осолд орсон өдөр энэ талаар Төрийн банкинд утсаар, зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон, хүүг нь зогсоож өгөөч гэж хэлж байсан. Би 4 сарын турш хэвтрийн дэглэмтэй байж байгаад боссон. Осолд орсон учраас зээлээ төлж чадахгүй байна, хамтран зээлдэгч маань мөн осолд орсон гэж хэлсэн. Гэтэл Төрийн банк 6 дугаар сараас хойш 11 дүгээр сар хүртэл хүүгээ бодсоор байсан. Би гомдолтой байгаагаа хэлсэн. Банкнаас нэг ч удаа биеэр ирж уулзаагүй, 2 удаа утсаар ярьж байсан. Би төлөхгүй гэж хэлээгүй. Гол нь хүүгээ зогсоож өгөөч гэж хүсэлт гаргаж байхад хүүгээ зогсоогоогүй нэмж нэхэж байгаад гомдолтой байна. Хамтран зээлдэгчийн дансанд орсон мөнгийг бүгдийг нь авсан. 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хугацааны зээлийг хамтран зээлдэгч төлсөн. Хүү төлж чадахгүй. Үндсэн мөнгөө төлнө. Хүүг зогсоогоод өгөөч гэж зөндөө хэлсэн. Надад төлөх боломж байхгүй байна. Төрийн банканд гомдолтой байгаа. Зээлийнхээ эргэн төлөлтийг чадахаараа төлнө гэсэн. 11 дүгээр сард ковид тусаад ажилдаа явж чадаагүй. 1 сарын цалин саатсан болохоор ажил тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй байсан гэв.

3.Хариуцагч П.С******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний  бие П.С*******гийн Төрийн банкнаас өөрийн хэрэгцээнд авсан зээлэнд хамтран зээлдэгчээр орсон нь үнэн. Гэхдээ С*******г 2022 оны 04 дүгээр сараас эхлэн төлбөрийн чадвараа алдаад  төлөх чадваргүй байх хугацаанд мөнгийг нь төлж байсан. 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1,500,000 төгрөг төлсөн. С******* 9 сараас эхлэн ажлаа хийж эхлээд зээлээ бүрэн төлөх боломжтой байсан. Би өөрөө ч бас банкинд зээлтэй 6, 7 сард гэнэтийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдаж байгаад 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон. Тиймээс Төрийн банкнаас нэхэмжилсний дагуу С*******тай хамтарч зээлийг төлөх боломжгүй  гэв.

4.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Төрийн банк ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/1163 дугаартай “Булган салбарын захирал Дандарын Ганхуягт итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх-ийн 3/, Төрийн банк ХХК-ийн Булган салбараас Б.Г*******т олгосон итгэмжлэл /хх-ийн 4/, Төрийн банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 6-7/, нотариатын үйлчилгээний нэхэмжлэх /хх-ийн 8/, П.С*******, П.С******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 9/, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 121800076407 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн наториатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 10-12/, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 121800076407 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13-15/, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 121800076407 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 16-18/, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 121800076407 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 19-21/, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 121800076407 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 22-25/, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 121800076407 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 26/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд /хх-ийн 27-28/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 29-33/ зэргийг баримтуудыг ирүүлсэн байна.

 5.Хариуцагч нар хариу тайлбар ирүүлсэн байна. /хх-ийн 43,45/,

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

“Төрийн банк” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* нь П.С*******, П.С******* нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл 6,305,461 /зургаан сая гурван зуун таван мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл төлөх болон зээлийн гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэж байсан тул гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч, хамтран зээлдэгч нараас гаргуулна гэжээ. 

 

3.Хариуцагч П.С******* нь хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан  зээлийн хүүг зогсоох талаар нэхэмжлэгч байгууллагад хүсэлт гаргаж байсан боловч хүү зогсоогоогүй тул зээлийн үндсэн төлбөрийг төлнө, хүүг төлөхгүй гэж,

хариуцагч П.С******* нь П.С******* нь ажил хийж, цалин авч байгаа тул зээлийг төлөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

3.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 121800076407 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-10-12/, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 121800076407 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13-15/, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 121800076407 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 16-18/, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 121800076407 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 19-21/, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 121800076407 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 22-25/, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 121800076407 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 26/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд /хх-ийн 27-28/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 29-33/ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.П.С*******, П.Солонго нар нь Төрийн банкны Булган салбараас 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 121800076407 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийн зээлийг 20,4 хувийн хүүтэй, 32 сарын хугацаатай, сар бүр эргэн төлөх нөхцөлтэйгээр авч,

-2018 оны 08 сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4% хүүтэй, 60 сарын хугацаатай нэмэлтээр,

- 2018 оны 11 сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4% хүүтэй, 60 сарын хугацаатай нэмэлтээр,

-2018 оны 12 сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8% хүүтэй, 60 сарын хугацаатай нэмэлтээр,

-2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 121800076407 дугаартай барьцаат зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан хамтран зээлдэгчээс П.Солонгыг хасч П*******ийн С*******г хамтран зээлдэгчээр сольж, зээлийн гэрээний хугацааг сунгасан байна.

4.Талууд зээлийн гэрээ байгуулж, зээл авсан талаар маргаагүй, харин хүндэтгэн үзэх шалтгаантай байхад зээлийн хүүг зогсоох хүсэлтийг шийдвэрлээгүй тул хүүг төлөхгүй гэж маргаж байна.

5.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь  хүчин төгөлдөр гэрээ байна.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар  нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах, хариуцагчид уг мөнгөн хөрөнгө, гэрээнд зааснаар түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүрэгтэй байна.

Хамтран зээлдэгч гэдэг нь “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэсэн ойлголт (Иргэний хуулийн 240.1.2) бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний  3.3-т “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж зааснаар зээлдэгч нар банкны өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл, зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгч, хамтран зээлдэгч нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй. 

6.Зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, 100 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгч зээлдэгч нарыг зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан нь зээл эргэн төлөх хуваарь, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №01 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээ цуцлах  тухай мэдэгдэл /хх-ийн 27-28/ зэргээр тогтоогдож байна.

7.Зохигчийн хооронд байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дуусах байсан боловч хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд /эргэн төлөх хуваарь/ үүргээ гүйцэтгээгүй, эргэн төлөх хуваарь зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, талуудын хооронд байгуулсан барьцаат цалингийн зээлийн гэрээний 3.2.1,  /үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх.../, 6.2.1 /зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээг аваагүй бол гэрээг цуцална/ дэх заалтуудыг зөрчөөгүй байна. 

Иймд хариуцагч П.С*******, П.С******* нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 6,013,239.81 төгрөг, хүү 277,290.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,430.76 төгрөг, нийт 6,293,961.41 /зургаан сая хоёр зуун ерэн гурван мянга есөн зуун жаран нэг төгрөг, дөчин нэг мөнгө/ төгрөгийг гаргуулж, Төрийн банканд  олгох нь зүйтэй байна.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэхэд гаргасан нотариатын зардал 11,500 /арван нэгэн мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэггүй байна.

Иймд нотариатын зардал 11,500 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,653.38 /нэг зуун арван таван мянга зургаан зуун тавин гурван төгрөг, гучин найман мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 115,653.38 /нэг зуун арван таван мянга зургаан зуун тавин гурван төгрөг, гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч П.С*******, П.С******* нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 6,293,961.41 /зургаан сая хоёр зуун ерэн гурван мянга есөн зуун жаран нэг төгрөг, дөчин нэг мөнгө/ төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХХК-д  олгож, 11,500 /арван нэгэн мянга таван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 115,653.38 /нэг зуун арван таван мянга зургаан зуун тавин гурван төгрөг, гучин найман мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 115,653.38 /нэг зуун арван таван мянга зургаан зуун тавин гурван төгрөг, гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

              3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МЯГМАРСҮРЭН