| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2017/0047/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/039 |
| Огноо | 2017-05-30 |
| Зүйл хэсэг | 145.2., 151.1., |
| Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/039
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч А.Е,
улсын яллагч Б.Б,
хохирогч Х.Ө,
шүүгдэгч Б.А, Ж.О нарын өмгөөлөгч К.Е, Д.А,
шүүгдэгчид Т.Б, Б.А, Ж.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Ж.О, мөн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б нарт холбогдох 201704000065 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Т.Б: Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, Х овогт Т-ын Б, 1971 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Баян-Өлгий аймгийн Буянт сумын **** дүгээр багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1.530.000 төгрөгөөр торгох ял, 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ********.
2. Шүүгдэгч Ж.О: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, И овогт Жгийн О, 1997 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар *****.
З. Шүүгдэгч Б.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, И овогт Б А, 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар *****.
Шүүгдэгч Т.Б, Ж.О, Б.А нарын холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч Т.Б нь Буянт сумын 4 дүгээр баг, Овоот нэртэй газар бэлчиж байсан үхэр сүрэгтээ нийлсэн, шар алаг зүсмийн алдуул нэг бухыг өөрийн тольтой, хар зүсмийн, нэг эр үхрийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бусдад худалдан завшсан гэмт хэрэгт,
- Шүүгдэгч Т.Б, Ж.О, Б.А нар нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн иргэн Х.Өийн 5 үхрийг Буянт сумын 4 дүгээр багийн нутаг Овоот нэртэй газарт бэлчиж байснаас бүлэглэн хулгайлж бусдад худалдан борлуулж 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би Хын 5 тооны үхрийг хулгайлсан. Хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж өгсөн. Би мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгөөгүй. Би төлбөрийг төлж өгсөн. 2 үхэр байсан. Нэг нь миний өөрийн үхэр байсан. Би өөрийнхөө малнаас төлж өгсөн. Өөр ярих зүйл байхгүй. Хулгайлсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
- Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “... Хохирогчоос уучлалт гуйж байна” гэв.
- Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт: “... Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Та бүхнээс уучлалт гуйж байна” гэв.
- Мөн шүүх хуралдаанд: Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Х.Ө, М.Х нарыг байцаасан тэмдэглэл, гэрч Х.М, Х.Д, Х.Х, К.Б нарыг байцаасан тэмдэглэл, хохирогч М.Хын шинээр гаргаж өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Т.Б, Ж.О, Б.А нарын гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Т.Б нь Буянт сумын 4 дүгээр баг, Овоот нэртэй газар бэлчиж байсан үхэр сүрэгтээ нийлсэн, шар алаг зүсмийн алдуул нэг бухыг өөрийн тольтой, хар зүсмийн, нэг эр үхрийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бусдад худалдан завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч М.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 15-ны үед Буянт сумын 2 дугаар багийн нутаг “Зоост эрэг” гэх нэртэй газраас мухар шар алаг зүсний 4 насны бух алга болсон. Уг бухын зөв талын чихэнд цуулбар, баруун тал буюу буруу талын чихний урдаас ухмал имтэй байсан. Энэ үеэр бух маань өөрийнхөө үхрүүдтэй хамт явахгүй, ороо нь ороод айлуудын үхэр хөөж явж болохгүй байсан. Уг бухыг ойр орчимд оршин суудаг айлуудын үхрээс зөндөө авч ирсэн боловч үхрүүдийн хамт явахгүй дахин дахин алга болж байсан. Тэгээд сүүлдээ 2016 оны 12 дугаар сарын сүүлчээр бүр алга болж олдохгүй байхаар нь шинэ он гараад хэсгийн төлөөлөгчид ирж тэмдэглүүлсэн байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын эхэнд аймгийн 9 мэдээгээр буюу радиогоор зарлуулсан ба 2017 оны 02 дугаар сарын эхэнд аймгийн цагдаагийн газраас намайг дуудаж 2 үхрийн толгойг үзүүлсэн, миний алдагдсан шар алаг мухар бухын толгой мөн байсан. Надад үзүүлсэн шар бухын толгой яг миний алга болсон бухын толгой мөн байсан, бүх им зүс, нас, толгойн магнай хэсэгт байгаа бага зэрэг цагаан үс зэрэг нь яг таарч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд Б бид хоёр нөгөө Хын хэлсэн айлд очиж Хын эсгий гэрийг хурааж миний портер машинд ачиж аваад ирж байхад замдаа Х надад замын зүүн талд байдаг өвөлжөөнд очъё, Б гэдэг хүн малчин авна гэж байсан гэж сонссон, очиж уулзах хэрэгтэй байна гэхээр нь Бийн өвөлжөөнд орой 18 цагийн үед очсон байх. Б, Х хоёр уулзаж ярилцсан боловч тохиролцоогүй, тэгж байхад Б Бд үхэр авах уу, үхэр зармаар байна гэж хэлсэн. Б үхэр хэдээр өгөх юм бэ гэж хоёулаа ярилцаж байсан ба яг хэдэн төгрөгөөр өгөх, авах гэж байсныг сонсоогүй, надад 4 үхэр багтах уу гэж асуухад би 2 үхэр багтана, 4 үхэр багтахгүй гэж хэлсэн.Тэгээд өвөлжөөний зүүн талд 1 км гаруй зайтай газарт байсан үхрүүдийг Б өөрийнхөө хар өнгийн мотоциклыг өгөөд туугаад ир гэж хэлсэн ба бид нар үхэрт ойртож очсон. Үхрүүдийн дунд Б ороод 2 казах залууд 2 үхрийг зааж үзүүлж байх шиг байсан, би машины кабинаас буугаагүй, дотор нь сууж байсан. Тэгээд 2 үхрийг машинд ачиж авсны дараа би Бөөс 2 үхрийн гарал үүслийн гэрчилгээг асуухад Б 2 үхэр миний үхэр, гарал үүслийн гэрчилгээг бичүүлээд маргааш энэ 2 залуугийн нэг аймаг орно, тэгэхэд өгөөд явуулна, санаа зовох зүйлгүй гэж хэлээд өөрөө гараараа баримт бичиж өгөөд малчны тамгыг дарж өгсөн байсан. Уг баримтыг Б авсан байсан. Тэгээд би Баас 2 үхэр ачсаны хөлсөнд 30000 төгрөг аваад үхрийг Бы хашаанд авч ирээд буулгаж өгсөн байсан. Надад ачиж ирсэн үхрийг би хулгайн үхэр гэж бодоогүй, Б нь миний өөрийн үхрүүд гэж баримт бичиж өгсөн байхаар нь би тэрэнд ямар нэгэн юм бодоогүй, машины бензинд нэмэр болох байх гэж ачиж авсан маань үнэн. Б нь 2 үхрийг ачуулахдаа Бд 1 үхрийг хулгайн үхэр шүү гэж огт яриагүй, би ч тийм зүйл сонсоогүй. Ачиж ирсэн 2 үхрийн нэг нь хар тольтой /халзан/, нэг нь шар алаг, хоёулаа 3-4 насны үхрүүд байсан, им, тамгыг анзаараагүй, мөн ямар шинж тэмдэг байсныг нарийн сайн хараагүй учраас хэлж мэдэхгүй байна, эр, эм эсэхийг ч анзаараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
- Гэрч Ж.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Т.Б, К.Б нарыг огт танихгүй хүмүүс байсан. Манайх 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Буянт сумын иргэн Гандаа гэдэг малчин айлд очиж малыг хариулахаар очсон. Уг айлд 2 сар гаруй байсан ба мал хариулсны хөлсийг өгөхгүй, цалин мөнгөнд таарахгүй болохоор нь буцаад аймаг нүүж ирэхээр болоод миний нөхөр Х 2017 оны 01 дүгээр сарын 10 хэдний үеэр зээ дүү Ө руу утастаж дуудсан, Ө өөрийнхөө портер маркийн машинтай хажуудаа нэг хүнтэй хүрээд ирсэн. Тэр хүний нэрийг Б гэсэн.Тэгээд манайх гэрээ хурааж машинд ачиж аймаг руу ирж байхад Б гэдэг айл байдаг, хөлсний малчин авна гэж сонссон, тэр айлд очиж уулзах хэрэгтэй байна гэж манай нөхөр Х хэлсэн, түүний дагуу Ө Бийн өвөлжөөнд бид нарыг аваад очсон, нөхөр бид хоёр Бтэй уулзаж ярилцаж үзэхэд сард 200000 төгрөг өгнө гэхээр нь тохиролцохгүй явахаар болсон. Өтай хамт ирсэн хүн Бөөс 2 үхэр худалдаж аваад машинд ачиж ирээд аймагт хашаанд буулгаж аваад үлдсэн байсан. Б, Б хоёр хоорондоо юу ярьсан, үхрийг хэдэн төгрөгөөр худалдсан, хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар би сонсоогүй. Машинд суусны дараа Б 2 үхэр худалдаж авсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,
- Буянт сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн алдуул малын бүртгэл, илтгэх хуудас /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
- Үхрүүдийн толгойд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “К.Бы гаргаж өгсөн 2 толгойнд үзлэг хийв. Шар зүсний үстэй, мухар сарлаг үхрийн толгой байсан ба зөв талын буюу зүүн талын чихэнд цуулбар имтэй, баруун талын чихний урдаас ухмал имтэй байлаа” /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Үнэлгээний шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт “Буянт суманд 2017 оны 01 дүгээр сарын байдлаар 4 настай /сарлаг/ бух 750.000-800.000 /долоон зуун тавин мянгаас найман зуун мянга/ төгрөгийн үнэтэй байна” /хх-ийн 91 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ж.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 1-р сарын дундуур байсан өдрийг нь тодорхой мэдэхгүй байна, айл нүүлгэж явж байна гэж цэнхэр өнгийн портер машинтай хүмүүс ирсэн ба түүний дотор малын ченж Б гэдэг хүн явж байсан. Тэр хүн Бөөс үхэр худалдаж авахаар тохиролцсон байсан ба Б нь А бид хоёрт бэлчээрт байгаа үхрүүдийг тууж ирээрэй гэж хэлэхээр нь бид хоёр Бийн мотоциклээр явж бэлчээрт байсан үхрүүдийг тууж өвөлжөө рүү ирж байхад урьдаас портер машинтай нөгөө хүмүүсийн хамт Б ирсэн. Тэр газарт үхрүүдийг тойруулж хариулж байгаад Бийн зааж үзүүлсэн 2 үхрийг А бид хоёр барихад тусалж барьж өгч ачилцсан. Үхрийг яг хэдэн төгрөгөөр худалдсан, хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. ... бид нарын ачилцсан үхрийн нэг нь хар зүсний, нэг нь шаргал зүсний үхэр байсан ба нарийн шинж тэмдгийг харанхуйд сайн анзаараагүй, хоёулаа жижиг үхэр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 186 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 1 дүгээр сарын 10-ны үед байх Буянт сумын нэг малчин айлд туслах малчин хийж байсан Х гэгчийн гэрийг аймаг руу нүүлгэж явж байна гэж цэнхэр өнгийн портер машин орой ирсэн ба хэдэн цагт ирсэн байсныг анзаараагүй, ямар ч байсан харанхуй болж байсан. Б портер машинтай ирсэн Б гэдэг хүнд 2 үхэр худалдана гэж хэлсэн. Тэгээд Б мотоциклоо өгөөд гэрийн зүүн талын уулын бэлд байгаа үхрүүдийг туугаад ирээрэй гэж О бид хоёрыг явуулсан. Бид хоёр үхрийг тууж өвөлжөө рүү ирж байхад урьдаас портер машинтай нөгөө хүмүүс ирсэн. Тэр газар үхрүүдийг тойруулж хариулж байгаад Бийн зааж үзүүлсэн 2 үхрийг О бид хоёр барьж өгсөн. Тэгээд үхрийн үнэ ханшийг Б, Б хоёр өөрсдөө хоорондоо тохиролцож байсан ба яг хэдэн төгрөгөөр зарсан, хэдэн төгрөгөөр өгсөн эсэхийг би мэдээгүй, ямар ч байсан 2 үхрийг Б өөрийнхөө үхэр малаас барьж өгсөн, хулгайн мал болохыг мэдээгүй, Бөд ямар ямар зүсний үхэр байдгийг нарийн сайн нэг бүрчлэн мэдэхгүй. 2 үхрийг ачуулсан газарт Б 2 үхэр өөрийнхөө үхэр мөн болно гэж баримт бичиж өгч байсан. Шар алаг эр үхэр байсан ба зассан, засаагүй эсэхийг анзаараагүй, нэг нь хар тольтой эр үхэр байсан, хоёулаа 3-4 насны үхрүүд байсан. Харанхуйд содон шинж тэмдгийг сайн анзаараагүй. Уг хоёр үхрийг хулгайн үхэр гэж огт бодоогүй, учир нь Бийн өөрийнх нь үхрүүдийн дундаас барьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 174 дүгээр хуудас/,
- Гэрч К.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би Бөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны үед 2 үхэр худалдаж авсан байсан. Нэг нь мухар, сартай хар гунжнаас дөнжин гарах үхэр, нэг нь шар алаг 3-4 насны эр үхэр байсан. 2 үхрийг нийлээд би 570000 төгрөгөөр худалдаж авсан. 2017 оны 01 дүгээр сарын эхэнд 3 адуу худалдаж авсан ба 3 адууны гарал үүслийн гэрчилгээ нь байсан. Харин 2 үхрийн гэрчилгээ нь байхгүй байсан, тухайн үед би Бөөс 2 үхрийн гарал үүслийн гэрчилгээг шаардсан үед би маргааш энэ 2 залуугийн аль нэгээр нь өгөөд явуулна санаа зоволтгүй аваад явчих гэж хэлээд өгсөн, араас нь надад гарал үүслийн гэрчилгээ ирүүлээгүй, би гарал үүслийн гэрчилгээгүй авсан 2 үхрийг нядлаж худалдсан ба 2 үхрийн толгойг гэртээ хадгалсан байгаа, одоо хүртэл 2 үхрийн толгой гэрт байна” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
- К.Быг мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр байцаахад өгсөн: “... би Бөөс үхэр худалдаж авсан маань үнэн, би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй, хулгайн үхэр болохыг мэдэж байж худалдаж авсан бол анхнаас та нарт хэлж мэдүүлэхгүй байх байсан юм. Мөн гарал үүслийн гэрчилгээгүй мал худалдаж авсан маань үнэн дараа нь янз бүрийн асуудал гарч магадгүй гэж бодоод Бөөс гарал үүслийн гэрчилгээгүй авсан 2 үхрийн толгойг хог дээр хаяагүй, гэртээ хадгалсан байсан. Би хулгайн үхэр худалдаж авсан бол юу гэж үхрийн толгойг гэртээ хадгалах юм бэ. Мөн уг хоёр үхрийг би нийт 570.000 төгрөгөөр худалдаж авсан. ...2 үхрийг Б өөрийнхөө үхэр гэж тайлбарлаж байсан, би гарал үүслийн гэрчилгээ асуухад маргааш би энэ 2 залуугийн нэгээр нь өгөөд явуулъя, аль нэг нь аймагт очих байх гэсэн, тэгээд орой болж байсан тул Б үнэндээ өөрийнхөө үхрээс нь худалдсан байх гэж бодсон. Машины жолооч ч гэсэн гарал үүслийн гэрчилгээ нь байхгүй бол ачихгүй гэж хэлсэн үед Б гарал үүслийн гэрчилгээнээс айх асуудалгүй, маргааш өгөөд явуулна гэх хэлсэн тэр үед би ч гэсэн хажуунаас маргааш өгөөд явуулчих байх гэж хэлээд машины жолоочид ачуулсан. Б хулгайн үхэр гэвэл би авахгүй байх байсан. Харин тухайн үед Б надад худалдсан 2 үхэрт өөрийн гараар миний үхэр мөн болно гэж баримт бичиж өгөөд, малчны тамгаа дарж өгсөн баримт нь одоо миний гэрт байгаа, авч ирээд өгнө” гэх мэдүүлэг 192-193 дугаар хуудас/
- Шүүгдэгч Т.Б 2 үхэр худалдах үед бичиж өгсөн гэж К.Бы гаргаж өгсөн гар баримт /хх-ийн 194 дүгээр хуудас/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Т.Бийн мэдүүлэг /хх-ийн 164 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
2. Шүүгдэгч Т.Б, Ж.О, Б.А нар нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн иргэн Х.Өийн 5 үхрийг Буянт сумын 4 дүгээр багийн нутаг Овоот нэртэй газарт бэлчиж байснаас бүлэглэн хулгайлж бусдад худалдан борлуулж 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Х.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний эцгийн гэр Алтай суманд оршин суудаг. Миний өөрийн 20 гаруй үхэр аавын үхэр малтай хамт байсан. Түүнээс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үхэр малын дотроос 5 үхэр алга болсон байна уг алга болсон 5 үхэр миний үхрүүд байсан. 3 нь нас бие гүйцсэн эм үхэр, хоёр нь 4 насны эм, эр үхрүүд байсан. Үүнээс 2 нь хар зүсний үхэр, нэг хар халзан, нэг нь шар зүсний 4 насны эр үхэр, нэг нь хөх зүсний 4 насны эм үхэр юм. Дээрх 5 үхрийн баруун талын чихний араас ухам имтэй, зүүн талын чихний урдаас догол имтэй, ямар нэгэн тамга байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Гэрч М.Хий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний өвөлжөө Алтай сумын нутаг Улаан сай гэх нэртэй газарт байдаг. Миний өвөлжөө байгаа газар нь Буянт сумын нутагтай хил залгаа газарт байдаг. Энэ жил Алтай суманд өвөлжилтийн байдал хүндэрч, үхэр малыг Буянт сумын нутаг Овоот гэх газарт хариулж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Буянт сумын Овоот гэх газарт манай айлын нийлсэн нийт 38 сарлаг үхэр бүгд бүрэн бэлчиж байсан. Би үхрүүдийн бэлчиж байсан газрын дээд талын уулнаас дурандаж үзсэн юм. Тэгэхэд манай үхрүүд Бийн өвөлжөөний дээд талд 1-2 км зайтай газарт бэлчиж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр миний хүүхэд М үхрүүдийг үзэхэд 5 үхэр алга болсон байна, би ойр орчим газраар явж хайгаад олоогүй гэж ирсэн. Тэгээд маргааш нь дахин гарч яваад хайж олоогүй. ... 5,6 хоног хайгаад олж чадаагүй. Алга болсон 5 үхэр миний тусдаа гарсан хүүхэд Өт өгсөн үхрүүд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний бие 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Алтай сумын төвөөс гараад хөдөө аавын гэрт очиж, дараа нь үхэр малыг харахаар үхрүүдийн бэлчиж байсан Овоот гэх газарт очиж үзэхэд үхрийн дундаас 5 үхэр алга болсон байсан. Тэгээд би Буянт сумын иргэн Бийн өвөлжөөнд оторлож байсан О, А нартай тааралдаж алга болсон 5 үхрийг асуухад бид нар хараагүй мэдээгүй гэсэн байдалтай юм хэлсэн. Урд шөнө Б аймаг руу 5 үхэр аваад явсан талаар надад хэлээгүй, энэ хоёр залуу тухайн үед надад хэлсэн байсан бол үхрүүдийг нядлахаас өмнө олоод авах байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
- Гэрч Х.Ды мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манайхаас 5 үхэр алдагдахаас өмнө Алтай сумын иргэн Рыстан овогтой Н гэдэг залуу манай үхрүүдийг хараад Х ахын үхрүүд энд ирсэн байна, алга болж магадгүй, хэлж мэдэгдэхгүй бол болохгүй, надад гар утас байхгүй, та нар Хий хүүхдүүдэд мэдэгдээрэй гэж хэлсэн үед О, А нар за тэгье мэдэгдье, Хий хүүхэд Д /Даукиш/-т утастаж хэлнэ гэж үлдсэн байна. Тэр өдөр надад О, А хоёрын аль нь ч утастаагүй, тэр өдрийн шөнө 5 үхрийг Б аймгаас ченж дуудаж, А, О нартай бүлэглэн хулгайлж ачуулсан байна. Үхрийг ачуулсан өдрийн өглөө нь миний ах М О, А нартай уулзаж 5 үхрийг харсан уу, 5 үхэр алга болсон байна, харж үзсэн зүйл байна уу гэж асуухад хоёулаа мэдээгүй, хараагүй гэж хэлсэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
- Гэрч Х.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хоол, цай уусны дараа гадаа гарсан ба хотонд 20 гаруй тоны үхэр байсан, уг үхрүүдийн дундаас 2 казах залуу 5 үхрийг барьж машины хажууд авч ирсэн. 5 үхрийг 2 казах залуу барьж байхад Б нь нөгөө хүний 2 үхрийг барьж болохгүй, буруу зөрүү ачигдаад дараа нь асуудал болно шүү тэр хоёрыг барихгүй шүү гэж хэлэхэд 2 казах залуу Бөд мэдэж байгаа гэж хэлж байсан. Бид нарт ачуулсан 5 үхрийг 2 казах залуу өөрсдөө сайн мэдэж байсан юм шиг харагдсан, шууд шууд бариад машины хажууд авч ирсэн. Б нь 2 казах залууд энэ үхрийг барь, тэр үхрийг барь гэж зааж үзүүлээгүй. Тэгээд 5 үхрийг портерт ачсаны дараа би Бөөс дахин гарал үүслийн гэрчилгээ асуусан үед Б надад бас л уурлаж “би чамд үхэр зарна гэж тохироогүй, чамд ямар хамаатай, би Бтай тохирсон, чи дуугүй бай” гэж хэлэхээр би жаахан Бтэй хэрэлдсэн, гарал үүслийн гэрчилгээгүй бол ачихгүй, худалдаж авахгүй гэж хэлсэн, Б ч гэсэн надад чамд зарахгүй, болохгүй бол би өөрөө аймаг авч очиж зах дээр зарна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
- Гэрч К.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш надад Т.Б нэг жимобайлын дугаартай утсаар залгаж надад 5 үхэр зарна, авах уу гэж хэлсэн. Би авна, гарал үүслийн гэрчилгээ нь байна уу гэж асуухад Б гарал үүслийн гэрчилгээ нь байгаа гэж хэлсэн. Тэгээд надад мөнгө бага байхаар нь хамаатан ах Х ахтай хамтарч худалдаж авахаар Х ахад Буянт сумын Б 5 үхэр худалдана гэж байна, надад мөнгө бага байна та бид хоёр яваад ирэх үү гэж хэлсэн үед Х ах гарал үүслийн гэрчилгээтэй мал уу гэж асуусан ба би гарал үүслийн гэрчилгээ нь байгаа гэсэн гэж хэлсэн гэртээ байхад Б надад дахин дахин утастаж заавал өнөөдөр ирэхгүй бол болохгүй, би маргааш өглөө эрт онгоцоор Улаанбаатар хот руу явах гэж байна гэж болохгүй байхаар нь би Х ах руу дахин утастаж одоо яваад ирэхгүй бол Б дахин дахин залгаж байна, маргааш өглөө онгоцоор Улаанбаатар хот руу явна гэж байна гэж хэлсэн, Х ах ч гэсэн тэгвэл яваад ирье гэж хэлээд манай гэрт И хоёр хүрээд ирсэн. И, Х ах бид гурав Бийн өвөлжөөнд шөнийн 01 цаг 30 минутын үед очсон. Б нь өвөлжөөнд оторлож байсан 2 казах залуугийн гэрт дагуулж оруулсан, уг айлаас шөл, цай уусан. Тэгээд гадаа гараад хотонд хэвтэж байсан үхрүүдийг бид нар тойроод хариулж байсан ба 2 казах залуу 5 үхрийг нэг нэгээр барьж машины хажууд авч ирсэн үед бид нар машинд ачиж байсан, 5 үхрийг барьж байхад Б нь хүний үхэр барьж болохгүй шүү гэж 2 казах залууд хэлж байсан ба тэр хоёр барих үхрүүдийг мэдэж байгаа гэж хэлсэн. Мөн бид нарт ачуулсан 5 үхрийг Б нь 2 казах залууд нэг нэгээр зааж үзүүлээгүй, 2 залуу өөрсдөө шууд шууд бариад авч ирсэн байсан. ...Үхрийг ачсаны дараа Х ах үхрүүдийг гарал үүслийн гэрчилгээ нь байна уу гэж асуухад Б 5 үхрийн гэрчилгээ нь байгаа гэж гараа халаасандаа хийгээд гаргаж үзүүлээгүй ба бид нарт та нар үхрийг хэдээр авах юм бэ гэж асуухад Х ах Б хоёр үхрийн үнэ ханшт тохиролцоогүй жаахан маргалдсан ба сүүлд нь Б нь Х ахад чамтай би тохиролцохгүй, чамтай наймаа хийхээр тохиролцоогүй, чамд үхэр зарахгүй гэж хэлсэн. Тэгээд Б намайг дагуулаад Хаас тусдаа авч очиж үхрийг хэдээр авах юм бэ гэж хэлсэн үед би Бөд би надад мөнгө байхгүй байгаа, тэгээд энэ Х ахыг дагуулж ирсэн, үнэ тохиролцвол авъя гэж хэлээд Х ахад очиж нэг үхрийг 300000 төгрөгөөр худалдана гэж байна яах вэ гэж хэлэхэд Х ах авахгүй, үнэтэй юм байна энэ тэр гэсэн үед Б шууд явъя, би өөрөө аймагт авч очиж худалдах болно гэж хэлсэн. 5 үхрийг хулгайн үхэр гэж бодоогүй, гарал үүслийн гэрчилгээг Х ах бид хоёр утсаар болон очсоны дараа амаар хэд хэдэн удаа асуухад байгаа гэж хэлсэн. Өвөлжөөнд очсоны дараа замаараа явж байхад багийн даргаас авна гэж худлаа хэлж бид нарыг итгүүлсэн байсан. Тэгээд чи бид нар авахгүй гэж хэлсэн үедээ өөрөө худалдах болно гэж ирээд цагдаад торгуулсны дараа бид худалдан авч буцаад худалдсан байсан. Тухайн үедээ би 2 казах залуугийн талаар ямар нэгэн юм бодоогүй байсан, Харин одоо бодохоор 2 казах залуу 5 үхрийг сайн мэдэж шууд шууд барьж байсныг бодоход хулгайн үхэр болохыг сайн мэдэж байсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Иын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн төвөөс 22 цаг 30 минутын үед Б, Х бид гурав миний портер машинаар гараад Буянт сумын хөдөө оршин суудаг Б гэгчийн гэрт нь 00 цаг өнгөрсөн байхад очсон. ...5 үхрийг өвөлжөөний хотонд байсан 20 гаруй үхрүүдийн дундаас Б болон 2 казах залуу барьж өгсөн. Үхрүүдийг барьж байхад Б нөгөө 2 казах залууд та хоёр мэдэж байгаа биз дээ гэж хэлж байсан, 5 үхрийг 2 казах залуу барьж өгсөн, Б нь энийг, тэрийг гэж заагаагүй, 2 залуу 5 үхрийг сайн мэдэж байсан юм шиг харагдсан, шууд шууд барьж авсан. Б нь ямар нэгэн үхэр бариагүй, 5 үхрийг 2 казах залуу барьж өгсөн. Би уг 5 үхрийг хулгайн үхэр мал гэж бодоогүй, Х ах хөдөө явж ирье, мал аваад ирье гэж хэлэхээр нь явсан үнэн, үхэр ачиж байхад би малын гарал үүслийн гэрчилгээг асуусан үед Б хулгайн мал биш, гарал үүслийн гэрчилгээг замаараа авч өгнө гэж хэлсэн болохоор үнэхээрийн Бийн өөрийн үхрүүд байна гэж ойлгосон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,
- Гэрч Р.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай үхрүүд өвөлжилтийн байдлаас шалтгаалж Буянт сумын нутаг дэвсгэрт өвөлжсөн байсан. Манай үхрүүд хэд хэдэн хуваагдсан байсан гэж сонсоод 3 хуваагдсан үхрүүдийг нийлүүлсэн, манай хуваагдсан нэг хэсэг үхрүүд бүр Толбо нуурын хөвөөнд очсон байсан газраас авч ирсэн. Тэгээд би хөдөө хээр 2 өдөр явж, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үхрүүдийг нийлүүлж тууж явж байхад Бийн өвөлжөөний ар талын ууланд манай сумын хөрш суудаг Өийн аав Хий үхрүүд бэлчиж байсан. Би яг Бийн өвөлжөөний хажуугаар явж байхад хонь хариулж явган явж байсан Атэй уулзаж ярилцаж зогсож байхад мотоциклтой О үхэр хариулж байна гэж хүрээд ирсэн. Тэгээд би Хий үхрүүд энд ирсэн байна, алга болж магадгүй, Хд мэдэгдэхгүй болохгүй юм байна. Өөрөө 2 өдөр явж үхэр хайсан болохоор адилхан малчин хүн учраас алга болоод хайгаад зовох байх гэж хэлсэн үед О надад та Хий үхэр болохыг яаж таньж байна гэж хэлсэн үед би сайн танина, манай үхрүүдтэй хамт нэг газарт бэлчдэг учраас сайн мэдэж байна гэж хэлсэн үед О Хий үхэр мөн бол тэдний хүүхэд Даукишт утастаж мэдэгдье гэж хэлсэн. Мөн тухайн газарт би шар бух, хөх зүсний үхэр, мөн том алаг хайнаг үхрүүдийг зааж энэ үхрүүд баталгаатай Х нарын үхэр шүү гэж О, А нарт хэлсэн. Хий үхрүүдийн хажууд 2-3 хэсэг үхрүүд байсан. Тэгээд би А, О нарт хэлж мэдэгдээрэй гэж хэлээд яваад өгсөн. Мөн Хий хүү Мт бас утсаар хэлж танай үхэр Бийн өвөлжөөний хажууд байна, очиж аваарай гэж хэлсэн. Маргааш нь М надад утсаар холбогдож манай үхрүүд таны хэлсэн газарт байна, олж авлаа, харин дотроос 5 үхэр байхгүй байна, шар бух байхгүй байна, өчигдөр манай үхрийг үзэхэд шар бух байсан уу гэж асуухад би шар бух өчигдөр баталгаатай байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
- Үнэлгээний шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт “Буянт суманд 2017 оны 01 дүгээр сарын байдлаар нас бие гүйцсэн эм сарлаг үхэр 500.000-600.000 төгрөг, 4 насны эм үхэр 400.000-500.000 төгрөг, 4 насны эр үхэр 300.000-350.000 төгрөгийн үнэтэй байна” /хх-ийн 74 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Т.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Т.Б, Ж.О, Б.А нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Т.Бийн үйлдлүүд нь алдуул мал, гээгдэл буюу санамсаргүйгээр олдсон эд хөрөнгө завших болон хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Мөн шүүгдэгч Б.А, Ж.О нарын гэмт үйлдэл нь хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Бөд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.А, Ж.О нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд тэдний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч М.Хын хяналтын прокурор Б.Бд гаргаж өгсөн тайлбарт: Миний бие Мотишийн Х нь нэг бух алдаж сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид алдуул малаар бүртгэсэн билээ. Миний алдуул бухыг Б гэдэг залуугийн хотонд очсоноос тэр бусдад худалдсан байна гэж цагдаагийн байцаагч намайг дуудаж надад хэлж бухыг Бөөр төлүүлж өгсөн юм. Цаашид Бөөс нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй, Б надаас уучлалт гуйсан. Би Бтэй хоорондоо сайн дураараа эвлэрсэн болно. Иймд Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүхээс хохирогч М.Хын гаргасан тайлбарыг харгалзан үзэж, шүүгдэгч Т.Бийн үйлдсэн алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ухамсарлаж гэмшсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэргийг харгалзан үзэж түүнд шүүхээс ял оногдуулахгүйгээр хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Т.Б, Б.А, Ж.О нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр, хуульд заасан хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт шүүхээс ял оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т.Б, Б.А, Ж.О нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А, Ж.О нар нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Бийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 36 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан Т.Бийн өмч “Кенбо-150” маркийн ***** улсын дугаартай, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй мотоциклыг хурааж улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Бийн өмч, гэмт хэрэг үйлдэх үед ашигласан “Кенбо-150” маркийн ***** улсын дугаартай, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй мотоциклыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Оын гэр бүлийн дундын өмч нэг бүр нь 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэтэй 5 эр хонь, шүүгдэгч Б.Аийн өмч нэг бүр нь 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэтэй 5 эр хонь, шүүгдэгч Т.Бийн өмч нас бие гүйцсэн, нэг бүр нь 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй 5 морь зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б, Б.А, Ж.О нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, тэдэнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Ж.О нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Бөд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.О, Б.А нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 2 ширхэг, цахим иргэний үнэмлэх 2 ширхэг, шүүгдэгч Т.Бийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг цагдаагийн газарт, ***** улсын дугаартай мотоциклын 1 ширхэг гэрчилгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүллээ.
Шүүгдэгч Т.Б нь Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 1530000 төгрөгөөр торгох ялаар, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Т.Б, Б.А, Ж.О нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Т-ын Бийг алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, - Шүүгдэгч Х овгийн Т-ын Б, И овогт Б А, И овогт Жгийн О нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Т.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял, шүүгдэгч Б.А, Ж.О нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б.А, Ж.О нар нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн өмч, гэмт хэрэг үйлдэх үед ашигласан “Кенбо-150” маркийн ***** улсын дугаартай, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй мотоциклыг хурааж улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн өмч, гэмт хэрэг үйлдэх үед ашигласан “Кенбо-150” маркийн ***** улсын дугаартай, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй мотоциклыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Оын гэр бүлийн дундын өмч нэг бүр нь 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэтэй 5 эр хонь, шүүгдэгч Б.Аийн өмч нэг бүр нь 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэтэй 5 эр хонь, шүүгдэгч Т.Бийн өмч нас бие гүйцсэн, нэг бүр нь 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй 5 морь зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Т.Бөд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч Б.А, Ж.О нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 1/нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Т.Б, Б.А, Ж.О нарт хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Т.Б, Б.А, Ж.О нар нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулсугай.
13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Ж.О нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Бөд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Шүүгдэгч Ж.О, Б.А нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 2 ширхэг, цахим иргэний үнэмлэх 2 ширхэг, шүүгдэгч Т.Бийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг Цагдаагийн газарт, ***** улсын дугаартай мотоциклын 1 ширхэг гэрчилгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А, Ж.О нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Бөд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК