Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0129

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Н 

Нэхэмжлэгч: О.Г 

Нэхэмжлэгч: С.Ж 

Нэхэмжлэгч: Т.Б******* 

Нэхэмжлэгч: Ц.С 

Нэхэмжлэгч: Л.Б 

Нэхэмжлэгч: Т.М 

Нэхэмжлэгч: Н.Ж 

Нэхэмжлэгч Л.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Б.Ц 

Хариуцагч: дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.А нарын хоорондын дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн дүгээр цэцэрлэгийн ард талд байрлах гараашт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.                       

дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн дүгээр цэцэрлэгийн ард талын гараашийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

 

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд.

2.1. дүүргийн Засаг даргын 1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 тоот “Газрын зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “... тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дүгээр цэцэрлэгийн хойд талд” 28 машины гарааш барих 0,1 га газрыг “Т*******” ХХК-д 5 жилийн хугацаатай олгожээ.

2.2. Нэхэмжлэгч Л.Нын тухайд,

Дээрх дүүргийн Засаг даргын 1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 тоот захирамжийг үндэслэн иргэн Д.Э*******эбатад “тус дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр цэцэрлэгийн ар талын төвлөрсөн гарааш” гэх байршилд 28 дугаартайгаар, автомашины гараашийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар 18 м.кв газрыг эзэмших, ашиглах эрх олгогдсон.

2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “ дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр цэцэрлэгийн ард талын төвлөрсөн гарааш, 28 тоот, 18 м.кв тоосгон гарааш худалдаж авсны төлбөр хүлээлцэв” гэсэн нөхцөлтэйгөөр Д.Э*******эбат болон Л.Н нарын хооронд хэлцэл хийгдсэн байна.

Нэхэмжлэгч Л.Нд тухайн маргаан бүхий байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй буюу тэрээр тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Газрын төлбөрийг тодорхойлох тухай” 4/ ц/х/ №28 дугаартай актад 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх газар ашигласны төлбөрт төлсөн гэх 430,980 төгрөг нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр мөн дүнгээр Оюунчимэг нэрээр төлөгдсөн, 2015 онд – 190,080 төгрөг, 2017 онд – 190,080 төгрөг, 2018 онд – 95,040 төгрөг, 2019 онд 95,040 төгрөг тус тус төлсөн байна. 

2.3. Нэхэмжлэгч О.Гын тухайд

дүүргийн Засаг даргын 1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 тоот шийдвэрийг үндэслэн мөн иргэн О.Год “тус дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр цэцэрлэгийн ар талын төвлөрсөн гарааш” гэх байршилд 25 дугаартайгаар автомашины гараашийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар 18 м.кв газрыг эзэмших, ашиглах эрх олгогдсон.

Дээрх 5 жилийн хугацаа дуусмагц О.Г нь тухайн гараашийн доорх газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, газар ашигласны гэх төлбөрт 2003 онд – 44,000 төгрөг 2009 онд – 11,000 төгрөг, 2014 онд – 339,040 төгрөг тус тус төлж байжээ.

2.4. Нэхэмжлэгч С.Жын тухайд

2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ш.Мө******* болон С.Ж нарын хооронд “ дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр цэцэрлэгийн ар талд байрлах 24 дугаартай, 18 м.кв талбай бүхий автомашины гараашийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнд тус гараашийг шилжүүлнэ, уг гараашт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй ... талаар заасан байна.  

С.Жд тухайн маргаан бүхий байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй буюу тэрээр тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, харин дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Газрын төлбөрийг тодорхойлох тухай 4/ц-24 дугаартай актын сунгалт хэсэгт “2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгав. Төлбөр төлсөн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 95,040 төгрөг” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна. Энэхүү 24 тоот гараашийн газар ашигласны төлбөрт “2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлөгдсөн 95,040 төгрөг нь Ш.Мө******* /РД:ЗП74020715/-ын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газар ашигласны төлбөр болно” гэж дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тайлбарлажээ.

2.5. Нэхэмжлэгч Т.Б*******н тухайд

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “ дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлах 31 тоот, 18 м.кв талбай бүхий гараашийг худалдаж авсны төлбөрийг хүлээлгэж өгнө” гэсэн агуулгатайгаар Д.Р******* болон Т.Б******* нарын хооронд хэлцэл хийгдсэн байна.

Т.Б*******д тухайн маргаан бүхий байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй буюу тэрээр тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Газрын төлбөрийг тодорхойлох тухай 4/ц-31 дугаартай актын сунгалт хэсэгт “2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгав. Төлбөр төлсөн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна.

2.6. Нэхэмжлэгч Ц.Сгийн тухайд

2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Н.Б болон Ц.С нарын хооронд “ дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр цэцэрлэгийн ард талд байрлах 8 дугаартай, 21 м.кв талбай бүхий автомашины гараашийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Ц.Сд тухайн маргаан бүхий байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй буюу тэрээр тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, газар ашигласны төлбөрт гэж 2013 онд – 148,960 төгрөг, 2014 онд – 95,040 төгрөг, 2015 онд – 95,040 төгрөг, 2016 онд – 95,040 төгрөг, 2017 онд – 285,120 төгрөгийг тус тус төлж байжээ.  

2.7. Нэхэмжлэгч Л.Бын тухайд

2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр С.Э******* болон Л.Б нарын хооронд “ дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр цэцэрлэгийн ард талд байрлах 21 м.кв талбай бүхий автомашины гараашийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Л.Бод тухайн маргаан бүхий байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй буюу тэрээр тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Газрын төлбөрийг тодорхойлох тухай” 4/ц/х-29 дугаартай актын сунгалт хэсэгт “2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлбөр төлөв. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлбөр төлөв. 190,080” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн, 2016 онд – 190,080 төгрөгийн төлбөр төлсөн байна.

2.8. Нэхэмжлэгч Т.Мы тухайд

2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Т.Т******* болон Т.М нарын хооронд “ дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр цэцэрлэгийн ард талд байрлах 102 дугаартай, 18 м.кв талбай бүхий автомашины гараашийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

Т.Мд тухайн маргаан бүхий байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй буюу тэрээр тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газрын төлбөрийг тодорхойлох тухай 4/-12 дугаартай актын сунгалт хэсэгт “2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлбөр төлөв. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлбөр төлөв. 285,120 төгрөг” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна.

2.9. Нэхэмжлэгч Н.Жгийн тухайд

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С.Б******* болон Н.Ж нарын хооронд “ дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр цэцэрлэгийн ард талд байрлах 17 дугаартай, 21 м.кв талбай бүхий автомашины гараашийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

Н.Жд тухайн маргаан бүхий байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй буюу тэрээр тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газрын төлбөрийг тодорхойлох тухай 4/ц-17 дугаартай актын сунгалт хэсэгт “2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгав. Төлбөр төлсөн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 760,320 төгрөг” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна.

2.10. дүүргийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар “Газар чөлөөлөх тухай” захирамж гарсан, түүний хавсралтын 4 дүгээр багцын 4-т ногоон байгууламж бүхий тохижилт хийх талбайд дүгээр цэцэрлэгийн ард талын байршил орсон байна.

2.11. Дээрх захирамжийн хүрээнд дүүргийн 4 дүгээр дүгээр хороо, дүгээр цэцэрлэгийн хойно байрлах 32 гараашт 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг наасан байна.

2.12. Газар чөлөөлөх тухай маргаан бүхий асуудлаар гарааш эзэмшигчдийг төлөөлж нэхэмжлэгч Л.Н дүүргийн Засаг даргад хандан гомдол гаргасныг 2022 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр бүртгэсэн, хариуг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 14/02 тоот албан бичгээр Л.Н нарын 10 иргэнд хэмээн хаяглан хүргүүлжээ.

2.13. Өмнө нь дүүргийн Засаг даргад хандан 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Н.Жгаас, 6 дугаар сарын 25-ны өдөр иргэн Л.Н, Ц.С нараас, 6 дугаар сарын 26-ны өдөр С.Ж, Л.Б нараас, 7 дугаар сарын 01-ний өдөр Н.Ж, Т.М, Т.Б*******, Ц.С ... нараас тус тус “... маргаан бүхий гараашуудыг албадан буулгахыг төлөвлөлтөөс хасуулах” талаар хүсэлт гаргаж байсан, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаарх хариуг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 9/1439 тоот албан бичгээр Н.Ж нарын 12 иргэнд хэмээн хаяглан хүргүүлж байжээ.

2.14. Тус шүүхэд хандаж 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Л.Н, О.Г, С.Ж нар, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Т.Б*******, Ц.С, Л.Б, Т.М, Н.Ж нар тус тус нэхэмжлэл гаргасан.

2.15. Л.Н, О.Г, С.Ж нарын нэхэмжлэлтэй, дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

- Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 8395 дугаартай захирамжаар Т.Б*******, Ц.С нарын нэхэмжлэлтэй,

- Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9025 дугаартай захирамжаар Л.Бын нэхэмжлэлтэй,

- Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9093 дугаартай захирамжаар Т.М, Н.Ж нарын нэхэмжлэлтэй, дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тус тус нэгтгэж шийдвэрлэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө" гэж тодорхой заасан байна. Нэхэмжлэгч иргэд бид дүүргийн засаг дарга С.Э*******ийн 1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 тоот шийдвэрээр дүүргийн 4 дүгээр хороо дүгээр цэцэрлэгийн ард талд газар эзэмших эрхийн албан ёсны гэрчилгээтэй тоосгон автомашины гараашийг төрөөс албан ёсоор тендер зарлан бариулж иргэдэд нэгдсэн журмаар худалдсаны дагуу хууль ёсоор гэрээ байгуулж авсан иргэдээс 2014-2019 онуудад 12,000,000-15,500,000 төгрөгийн хооронд худалдан авсан.

3.2. Гэвч дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 3 дугаар сарын 24-ний он сар бүхий газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр наасан бөгөөд энэ талаар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дүүргийн Засаг даргатай уулзахыг хүсэхэд “би Засаг дарга байхаа больж байгаа, та нартай уулзах зав алга, хүлээж авахгүй Газрын албаны даргатай уулзаж асуудлаа шийд” гэсний дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Энхтөртэй уулзаж газар чөлөөлөх тухай шийдвэр, захирамжтай танилцахыг хүсэхэд “та нарт танилцуулах албагүй бид нураана гэсэн бол нураах болно” гэж бүдүүлэг авир гаргаж Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах эрхийг үл ойшоон шийдвэр, захирамжийг танилцуулалгүй хөөн гаргасан нь төрийн албан хаагчийн ёс зүй, хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлж иргэдийн мэдэх эрхийг хясан боогдуулж, албан тушаалаа ашиглаж жирийн ядарсан иргэдээр тохуурхан даажигнаж байгаа нь хууль бус юм.

3.3. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд зааснаар өмчлөгч иргэдэд тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагаа хийгээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн. Энэ нь гарааш өмчлөгч иргэд бидний шударгаар хөлс хүчээ урсган зээл тавин байж олж авсан өмчлөлийн эд хөрөнгийг минь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх үндсэн эрхийг маань үл ойшоон ноцтойгоор халдаж байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагыг тодорхойлсон байх бөгөөд 60.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой гэж заасан. Уг дүүргийн Засаг дарга болон Газрын албаны газар чөлөөлөх мэдэгдлийг харвал Монгол Улсын Үндсэн хуулийн 5.2 дугаар зүйл, мөн 16.3-т заасантай нийцэхгүй байгаа нь илт харагдаж байна.

3.4. дүүргийн Засаг даргын захирамж, газрын албаны мэдэгдэх хуудасны үндэслэлийг харвал харвал “гарааш өмчлөгч иргэд биднийг зохих зөвшөөрөлгүй газар дээр дур мэдэн барилга байгууламж барьсан байна” гэжээ. Гэвч энэ нь үндэслэлгүй юм. Учир нь дүүргийн Засаг дарга С.Э*******э 1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 тоот газрын зөвшөөрөл олгох тухай захирамжаар дүгээр цэцэрлэгийн хойд талд 28 машины гарааш барих 0.1 га газрыг "Т*******" ХХК-д олгохыг зөвшөөрсөн тухай баримт болон газрын гэрчилгээ байгаа юм. Энэ маргааны зүйл болоод байгаа гараашууд нь төрөөс албан ёсны нь зөвшөөрөлтэйгөөр бариулж иргэдэд худалдан борлуулсныг нотлох бичиг баримт болно.

3.5. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр баригдсан гараашийг албадан буулгах нь Үндсэн хууль, Газрын тухай хуульд нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны актад "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" тохиолдолд захиргааны актыг хүчингүйд тооцно гэж тодорхой хуульчилсан байна. Иймд дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн A/60 дугаар захирамжийн дүгээр цэцэрлэгийн ард талын гараашт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

3.6. Мөн хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх шаардлагыг хангаж Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хуулийн хугацаанд бичгээр хариу өгөөгүй байна. Нийслэлийн Засаг даргаас нийслэлийн Газар зохион байгуулалтын газрын мэргэжилтэн н.Дуламсүрэн гэх хүнд бидний гомдол цохогдсон. Түүний /89118936/ дугаарын утсаар бидний хариуг бичгээр өгөөч гэж шаарддаг боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй хүнд суртал гаргаж байна. Иймд хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэж болохоор байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.7. “Маргааны зүйл болоод байгаа тоосгон гараашийг 1998 онд дүүргийн Засаг дарга С.Э*******э B/98 дугаар захирамж гаргаж “Тайхар интернэшнл” ХХК-д гарааж барих зориулалтаар газрын зөвшөөрөл олгож, тухайн гараашуудыг иргэдэд борлуулсан байдаг. дүүргийн Засаг даргын зөвшөөрлийн дагуу газар эзэмших 55 дугаар гэрчилгээтэй авто машины тоосгон гараашийг Д.Э*******эбат гэдэг хүнд олгосон байдаг. Д.Э*******эбат гэдэг хүнээс нэхэмжлэгч Л.Н хууль ёсны дагуу 2014 онд 15,500,000 төгрөгөөр гараашийг худалдаж авч байсан. дүүргийн газрын алба гараашийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, газрын төлбөрийг төлүүлж актаар шилжүүлсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан.

3.8. Уг гарааш нэхэмжлэгч Л.Нын хууль ёсны дагуу шударгаар худалдаж авсан өмч хөрөнгө гэж үзэж байна. Л.Н өөрөө дур мэдэж, тоосго авч ирж газар дээр зөвшөөрөлгүй гарааш бариагүй. Мөн хэн нэгнийг мэхэлж аваагүй. Өөрийн хөдөлмөрийн үр шимээр цалин хөлсөөрөө дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр баригдсан авто машины гараашуудыг худалдаж авч өөрийн өмч болгосон. Өмч хөрөнгөтэй байх эрх хүний үндсэн эрхүүд дотроос амьд явах эрхийн дараа бичигдэх нэн чухал эрх. Өмч хөрөнгөтэй байх эрх ууж идэх, өмсөж зүүх, агаар амьсгалахтай адил хэрэгцээтэй жам ёсны эрх юм. Өмчлөх эрх хүн төрөхөд л бий болдог эрх бөгөөд ердийн хуулиар хамгаалсан, хамгаалаагүйгээс үл шалтгаалж шууд хэрэгжих үндсэн эрх юм. Аливаа объектод хөдөлмөрөө шингээж, түүндээ өөрийн ажил хөдөлмөрийн үр дүнг нэгтгэсэн тохиолдолд тухайн хөрөнгө тэр хүний өмч болно гэж хэлсэн байдаг. Үүнтэй адил Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасан байдаг.

3.9. Хариуц*******с гараашийг өнгө үзэмж муу, орчин тойрондоо бохирдол үүсгэж байна гэж тайлбарлагдаг. Хүн бүр өмчлөх адил эрхтэй. Түүнийг олж авах арга зам нь харилцан адилгүй байдаг. Хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж үзэж байна. Хариуцагчийн хэлээд байгаа үндэслэлээр ялгаварлан гадуурхах нь хуульд нийцэхгүй. Мөн хариуцагч тухайн гараашуудыг ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан гэж үзэж захирамж гаргасан байдаг. Дур мэдэж барьсан зүйл огт байхгүй.” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

3.10. “ Нэхэмжлэгч нарын хувьд бүгд маргаан бүхий захирамжаар албадан буулгахаар чөлөөлсөн авто машины гараашуудийг худалдаж авсан, зарим нь бусдаас худалдаж авсан. Энэ хугацааны газрын төлбөр тооцоог бүгд төлсөн. Тухайн гараашуудыг худалдан авахдаа эрх бүхий төрийн захиргааны байгууллагад мэдэгдсэн. Эрх үүргээ шилжүүлчихсэн. Энэ үйл баримтуудаар бүгд тодорхой хэмжээгээр өмчлөх эрхийг хууль ёсоор шударгаар ил тодоор олж авсан байдаг. Өмчлөх эрхийг олж авах үйл ажиллагааны явцад хариуцагч байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлсэн ойлголтыг төрүүлсэн. Үүнтэй холбоотой газрын төлбөр тооцооны актыг шилжүүлж газрын эрхийг авсан. Нэхэмжлэгч иргэдийн хувьд зарим нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан. Зарим нь газар ашиглах эрхийн гэрчилгээтэй байсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын хувьд хөндөгдөж байгаа эрх ашиг буюу өмчлөх эрх ашиг хөндөгдсөн учраас нэхэмжлэл гаргасан.”

3.11. Маргаан бүхий захирамжийг гаргахдаа хариуцагч байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан үйл ажиллагааны зарчмыг бүрэн баримталж ажиллах ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг зааж өгсөн байдаг. Тус зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан бөгөөд үүнийг “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй” гэж тайлбарласан байдаг.

3.12. Эдгээр хүмүүст өмчлөх эрхийг олж авах, түүнийг захиран зарцуулах ойролцоогоор 10-15 сая төгрөгөөр худалдах, худалдан авах эрх, итгэлийг хариуцагч байгууллага олгосон. Хариуцагч байгууллага яаж олгосон гэвэл би энэ гараашийг худалдаж авъя үүнтэй холбоотой зөрчлийн асуудал байна уу гэхэд та шилжүүлээд авчих, таны төлбөрийн актыг шилжүүлээд өгчихье гээд шилжүүлдэг. Үүнтэй холбоотой газрын төлбөрүүдийг төлөөд явж байхад 2018, 2019 онд одоо болъё гээд больж болохгүй. Миний ойлгож байгаагаар үүнтэй холбоотой иргэдийн хурлын тогтоол 2012 онд гарчихаад байхад энэ эзэмших эрх танд хууль ёсоор баталгаажихгүй, та хууль ёсны хөрөнгө аваагүй, үүнийг шилжүүлэхээс татгалзаж байна, та үр дагавраа ойлгож байна уу гэдэг ойлголтыг өгөлгүйгээр та төлбөрөө төлж байвал ав гээд авхуулсан. Та барьж болно, таны барьсан гарааш, газар эзэмших эрхээ та соёлтойгоор зарж болно, захиран зарцуулж болно гээд 1998 онд олгосон.

3.13. Энэ захирамж нь бидний итгэл хамгаалах зарчмыг хамгаалаагүй. Яагаад тухайн үедээ болиулаагүй юм бэ? Бид нарт гаргасан зардлын нөхөн олговрыг олгох асуудлыг нэг мөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Нөхөн олговор авах харилцаа мөн байсан эсэх асуудалд захиргааны байгууллага дүгнэлт хийгээгүй. Бодит урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хүсэж байна. Нөхөн олговор олгох асуудлыг зүй зохистой шийдвэрлэсэн эсэх асуудал хөндөгдөнө.

3.14. Газрын төлбөр нь газар эзэмшигч, ашиглагч иргэн хуулиар хүлээсэн гэрээний үүргийн дагуу төлж байгаа төлбөр тооцоо. Хариуцагч байгууллагаас иргэдийн хурлаар зөвшөөрөлгүй байвал газрын төлбөрийг 40 мянган төгрөгөөр тогтоож авна гэдэг. Хуулиас давсан тогтоол, журам байж болохгүй. Хууль бус газар эзэмшиж, ашигласны төлбөрийг ав гэдэг асуудал Газрын төлбөр тооцооны тухай хуульд байхгүй. Төлбөр тооцоо гэдэг нэг ёсны татвар хураамж. Татвар хураамжийг хуулиар бий болгоно. Хуулиар бий болгосон татвар хураамжид газрын төлбөр тооцоо газар эзэмшигч, ашиглагч иргэдээс авна гэдэг. Газар эзэмшигч, ашиглагч иргэдийн төлбөр тооцоог авч байна гэдэг нь хууль ёсоор тэр хүний газар ашиглах эрх байгаа юм. Үүнийг захиргааны байгууллага хүлээн зөвшөөрч газрын төлбөр тооцоог авсан. Газрын төлбөр тооцоог шилжүүлж хууль ёсны эрх олгож байгаа мэт байдлаар хандсан. Гэхдээ цуцлах ажиллагааг явуулахдаа лавлагаа авахад “хөрөнгийн мэдээлэл байхгүй, газрын мэдээлэл байхгүй” гэдэг хариуг өгдөг.

3.15. Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар яагаад эдгээр хүмүүс худалдаж авсан болох, яагаад хөрөнгөө зарцуулсан болох, үүнд захиргааны байгууллагын буруу байгаа эсэх, нөхөн олговрыг олгохгүй байх тохиолдол мөн эсэх асуудлуудад дүгнэлт хийгээгүй. 1998 оны захирамжийг хүмүүс огт үзээгүй. Үүнтэй холбоотой дүгнэлт, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй. Ийм байтал энэ нь нийтийн ашиг сонирхолд нийцсэн гэдэг. Нийцсэн гэдэг асуудлыг тавихдаа өнгө үзэмж, цэцэрлэгийн аюулгүй байдал, хашаа мөн замын асуудал, тохижилт хийнэ гэсэн асуудлыг тавьдаг. Зам траст орох, эсвэл тохижилт хийх, хашаа барих асуудал ямар дарааллаар явагдах вэ гэвэл эхлээд энэ дээр хөрөнгө байна уу, энэ нь хууль ёсных уу, нураах бол ямар эрх зүйн үр дагавар үүсэх, тухайн үүссэн эрх зүйн үр дагаврыг яаж шийдэх, үүний дараа газрыг нөхөн олговортойгоор авах тухайн зарчмыг хэрэгжүүлэхийн хүрээнд асуудлыг тодорхойлж, өмчлөгч, эзэмшигч иргэдтэй энэ асуудлыг тохиролцож, үүний дараа зураг төслийг оруулж, эсвэл тендерийг зарлаж явах ёстой.

3.16. Захиргааны акт гаргах дараалал зөрчигдсөн. Эхлээд маргаан бүхий асуудал шийдвэрлэгдэх ёстой, түүнийг шийдвэрлээгүй. Хэрэв тодорхой хэмжээний нөхөн олговрын асуудал, бусад асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээд явсан бол үйл баримтын хувьд маргахгүй гэдэг байр суурийг Засаг даргад илэрхийлж байсан. Захиргааны акт Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалах зарчим болон шийдвэр гаргах хууль тогтоомж, процессыг зөрчсөн, нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй захиргааны акт бөгөөд иргэдийн өмчлөх эрхэд шууд халдсан учир нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.17. “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т "Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна", 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно", 37 дугаар зүйлийн 37.1-т "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах үүрэгтэй. 56 дугаар зүйлийн 56.5-д "Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй" гэж тус тус заасан байдаг.

3.18. Нэхэмжлэгчдийн тухайд маргаан бүхий дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, дүгээр цэцэрлэгийн хойно байрлах, газрын зөвшөөрөлгүй 3 ширхэг тоосгон гараашийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй тул тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй байна.

3.19. Тус дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн автомашинууд нэвтрүүлэх, түгжрэлийг сааруулах, зам өргөтгөн шинэчлэх автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын гараашуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажиллаж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.20. “Маргаан бүхий газрын зөвшөөрөлгүй гарааш байгаа газарт дараах ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Үүнд:

-  Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүгээр цэцэрлэгийн хашааг шинээр хийхээр тендер зарлагдаж, гэрээ байгуулагдсан хугацаат ажил хийгдсэн байна.

-  Мөн тухайн маргаан бүхий газрын орчмын 11, 12 дугаар байрны 700 айлын тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудал болох Халуун, хүйтэн усны шугам шинэчлэн солих, дулааны шугам, сүлжээний таг болон зарим гэмтлийг засварлах ажлыг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинэчлэх ажил хийгдсэн.

-  Зам, тээврийн яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар автозам болон, авто зогсоол, явган хүний зам хийгдэхээр 2021 онд тендер шалгарсан байна. Зам, тээврийн яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар автозам болон, авто зогсоол, явган хүний зам хийгдэхээр тендерт шалгарсан “Голд -Өлзийт” ХХК автозам тавих ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Гарааш буулгаж, газар чөлөөлөөгүй тул явган хүний зам тавих, автомашины зогсоолын ажил хийгдээгүй хүлээгдэж байгаа ба авто зам тавих байршил өөрчлөгдсөн болно.

-  Барилга, Хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийгдэхээр тендер шалгарсан байна. Ажил нь хийгдэж эхлээгүй гараашийн газар чөлөөлөлт хийгдээгүй тул зогссон байна.”

3.21. Дээрх ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн тул маргаан бүхий газрын зөвшөөрөлгүй гараажуудийг албадан чөлөөлж, газрын зөрчил арилгах шаардлагатай болсон. Анх маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 дугаар захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дүгээр цэцэрлэгийн хойд талд 28 автомашины гарааш барих 0,1 газрыг “Т*******” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.

3.22. Улмаар газар ашиглах эрх 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусахад уг газар ашиглах эрх сунгагдаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно.” гэж заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон. Мөн Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.” гэж заасан нөхцөл байдал үүссэн.

3.23. Нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах хүсэлтийг холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргаж байгаагүй бөгөөд газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй этгээд юм. Харин Газрын тухай хууль зөрчин гараашийн зориулалттай газрыг ашиглаж байсан бөгөөд газрын төлбөр тогтоосон актаар дараах байдлаар газрын төлбөрийг төлсөн байдаг. Тухайлбал,

- Нэхэмжлэгч Л.Н нь 2014 онд иргэн Д.Э*******эбатаас 28 тоот гараашийг худалдах, худалдан авах гэрээгээр авсан. Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ байгаагүй бөгөөд газрын төлбөр тогтоосон акт үйлдэн 2014-2019 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй.

-  Нэхэмжлэгч О.Гын Газар эзэмших, ашиглах гэрчилгээний хугацаа 2003 онд дууссан бөгөөд газрын төлбөр тогтоосон акт үйлдэн 2014 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй.

-  Нэхэмжлэгч С.Ж нь 2018 онд иргэн н.Мө*******аас 24 тоот гараашийг худалдах, худалдан авах гэрээгээр авсан.  Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ байгаагүй бөгөөд газрын төлбөр тогтоосон акт үйлдэн 2018 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй.

-  Нэхэмжлэгч Т.М 2014 онд иргэн н.Т*******аас худалдах, худалдан авах гэрээгээр авсан.  Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ байгаагүй бөгөөд газрын төлбөр тогтоосон акт үйлдэн 2014-2017 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш төлөөгүй.

- Нэхэмжлэгч Н.Ж 2018 онд иргэн С.Б*******ээс гараашийг худалдах, худалдан авах гэрээгээр авсан. Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ байгаагүй бөгөөд газрын төлбөр тогтоосон акт үйлдэн 2017 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш төлөөгүй

-  Нэхэмжлэгч Л.Б 2013 онд иргэн н.Э*******аас худалдах, худалдан авах гэрээгээр авсан. Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ байгаагүй бөгөөд газрын төлбөр тогтоосон акт үйлдэн 2013 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй.

- Нэхэмжлэгч Ц.С 2009 онд иргэн Боос 8 тоот гараашийг худалдах, худалдан авах гэрээгээр авсан. Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ байгаагүй бөгөөд газрын төлбөр тогтоосон акт үйлдэн 2009 - 2017 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй.

- Нэхэмжлэгч Т.Б******* нь 2018 онд иргэн н.Р*******гаас 31 тоот гараашийг худалдах, худалдан авах гэрээгээр авсан. Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ байгаагүй бөгөөд газрын төлбөр тогтоосон акт үйлдэн 2017 онд худалдан авсан бөгөөд Газрын төлбөр төлж байгаагүй байдаг.

3.24. Өмчлөх, эзэмших эрхийн тухайд, анх маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 дугаар захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дүгээр цэцэрлэгийн хойд талд 28 автомашины гарааш барих 0,1 газрыг “Т*******” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Улмаар газар ашиглах эрх 2003.07.01 өдөр дуусахад уг газар ашиглах эрхийг сунгагдаагүй бөгөөд газар ашиглах эрх дууссан. Уг газар ашиглах эрх нь бусад этгээдэд шилжиж байгаагүй бөгөөд тухайн газар нь нийтийн эзэмшлийн зам, талбай юм.

3.25. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэн талаар дурдвал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “ дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 3/04 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 4, 24, 25, 26 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн маргаан бүхий гарааш эзэмшигчдэд хүргэсэн.

3.26. Дээрх сонсох ажиллагааны дагуу 2021 оны 6, 7 дугаар сард нэхэмжлэгч иргэдээс өргөдөл гомдол гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4, 24, 25, 26 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу судалж үзээд тус дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08 -ны өдрийн 9/1439 дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А/60 дугаар захирамж гарсан. Уг А/60 дугаар захирамжийг 2022 оны 04 дүгээр сараас эхлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдэж эхэлсэн байдаг.

3.27. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, дүгээр цэцэрлэгийн хойно байрлах газрын зөвшөөрөлгүй тоосгон гарааш байгаа газарт тус дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд газар эзэмших, ашиглах эрх үүсэж байгаагүй газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд, уг газар нь нийтийн эзэмшлийн зам талбай юм. Тиймээс тухайн захирамж нь нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй.

3.28. Нөхөх олговор олгох эсэх тухайд, уг асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам” -аар зохицуулах бөгөөд тус журмын 3.1-т “Өмчлөх, эзэмших эрх бүхий газар, Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж, Газар чөлөөлөх зардал зэргийг нөхөн олгохоор заасан. Өөрөөр хэлбэл уг газарт өмчлөх, эзэмших эрх үүссэн, тухайн эзэмших, өмчлөх эрх бүхий газарт байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор заасан.

3.29. Нэхэмжлэгчдийн тухайд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын үйлчлэлд хамаарахгүй болно. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэгч нараас дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар “Газар чөлөөлөх тухай” захирамжаар “...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийг тус тус үндэслэн дүүргийн нутаг дэвсгэрт Улс, Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор ...4... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр цэцэрлэгийн ард байрлах 23 гараашийг буулгаж газрыг чөлөөлж, авто зогсоол, ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр шийдвэрлэсэн байна.
  3. Нэхэмжлэгчээс “...зохих зөвшөөрлийн дагуу баригдсан авто гараашийг эзэмшдэг, ...хууль ёсны итгэлийг хамгаалах, оролцоог нь хангах, нөхцөл байдлыг тогтоох зарчмуудыг зөрчсөн..., “...нэхэмжлэгч бид нараас газрын төлбөр авч байгаа нь газар эзэмших эрхийг олгосонтой адил гэж үзнэ...хөрөнгө өмчлөх эрхэд халдсан, нөхөн олговор олголгүй шийдвэрлэсэн нь хууль бус...”, хариуц*******с “...газар эзэмших эрхийн гэрчилгээгүй..., газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн..., төлбөр төлсөн гэдгээр шууд газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
  4. Нэхэмжлэгч О.Г 1998, Ц.С 2009, Л.Б 2013, Л.Н, Т.М нар 2014, С.Ж, Т.Б*******, Н.Ж нарын хувьд 2018 оноос эхлэн гараашийг худалдах, худалдан авах гэрээ болон хэлцлийн дагуу аван ашиглаж, газрын төлбөрийг шилжүүлэн авсан хугацаанаасаа эхлэн зарим нэхэмжлэгч нар нь 2018 он хүртэл төлсөн, зарим нь төлбөрөө дутуу төлсөн  байдалтай байна.
  5. Анх тус гараашууд нь дүүргийн Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын  01-ний өдрийн Б/98 дугаар захирамжаар газар нь олгогдож баригдсан боловч нэхэмжлэгч иргэдийн хувьд тухайн гараашийг өмчлөх, түүний доорх газрыг эзэмших эрхтэй этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
  6. Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нарын хувьд газар эзэмших эрх олгосон захирамж, хугацаа төлбөр, зориулалтыг тогтоосон эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулагдаагүй байхад төлбөр төлсөн, бусдаас худалдаж авсан гэх шалтгаанаар хууль ёсны дагуу газар эзэмших эрх нь үүссэн, газрыг эзэмших нөхцөл, шаардлагыг хангасан байхад нь хууль ёсны итгэлийг нь хамгаалалгүйгээр хариуц*******с эрхэд халдсан нь хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй.
  7.  Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч тус бүрт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэж олгосон хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулагдсан байх тохиолдолд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хууль ёсны дагуу хамгаалагдах эрх гэж дүгнэгдэнэ.
  8. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нарын хувьд гараашийг зарим нь анх баригдсан үеэс нь ашиглаж байгаа, газар ашиглах гэрчилгээг авсан байх боловч хугацаа нь дууссан, гараашийн барилгын хувьд өмчлөх эрхийн гэрчилгээгүй, газар эзэмших захирамж, гэрчилгээ, гэрээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэгдэх үндэслэлгүй байна.
  9.  Хариуц*******с энэ тохиолдолд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд буюу Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашигл*******с газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж дүүргийн нутаг дэвсгэрт Улс, Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор маргаан бүхий захирамжийг гаргаж нэхэмжлэгч нарын гараашуудыг буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн.
  10. Шүүхээс хийсэн газрын үзлэгээр инженерийн шугам сүлжээг солих, тус шугамын худгийн тагыг солих, авто зам барих, явган хүний зам тавих ажлууд хийгдсэн, нэхэмжлэгч нарын ашиглаж буй гараашуудын чанх хойд талд авто зам тулсан байдалтай баригдсан ба эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй, зохих, төсөв төлөвлөгөөний дагуу хийгдсэн байгааг тэмдэглэж байна.
  11. Нэхэмжлэгч нараас худалдан авсан эд хөрөнгийн  эрхийн доголдол, учирсан хохирол, гараашийг буулгахдаа учруулсан гэм хорыг иргэний журмаар нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.
  12. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл хангагдах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч байгууллагаас гаргасан шийдвэр нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан “ дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн дүгээр цэцэрлэгийн ард талын гараашийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Л.Н, О.Г, С.Ж, Т.Б*******, Ц.С, Л.Б, Т.М, Н.Ж нарын нэхэмжлэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХ-ӨЛЗИЙ