Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/207

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Б*****в, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн “5-р” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2503000000307 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт Т*****нгаагийн Б*****в, Монгол улсын иргэн, Увс аймгийн Бөх мөрөн суманд 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой, **********, ***** ХХК-нд оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ************** тоотод оршин суух, регистрийн дугаар ******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б*****в нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонхорын замд “Toyota corolla axio”  маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн....үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл: 

Шүүгдэгч Т.Б*****в нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонхорын замд “Toyota corolla axio”  маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “...Т*****нгаа овогт Б*****в нь...драгер хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалтаар 0,38% хувийн согтолттой...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5 дахь тал),

-Жолоодох эрхийн лавлагаанд: “...Үнэмлэхийн хүчинтэй огноо...2035.01.31-ний өдөр...Жолооны үнэмлэхийн төлөв...Эрх хасагдсан...” гэх баримт (хавтаст хэргийн 31 дэх тал)

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2504 дугаартай шийтгэврээр...Т.Б*****вын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан...” гэх шийтгэвэр (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Т.Б*****вын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2025 оны 2 дугаар сарын 18-ны орой 17 дээр найз нарын хамт 2 шил 0.75 литрийн савлагаатай архийг дөрвүүлээ хувааж уугаад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд дарь эхийн ***** тоот гэр рүүгээ хариад унтсан тэгээд өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад эхнэрийн хамт Налайх ороод өдөр 16 цагийн үед Налайхаас буцаад хот руу явж байхад Хонхорын постон дээр цагдаа зогсоогоод миний машиныг шалгасан танай архи үнэртээд байна шалгана гэсэн тэгээд Баянзүрх дүүргийн замын цагдаагаас нэг алба хаагч ирээд намайг үлээлгэн шалгасан...2024 оны 10 дугаар сарын 01-нд согтууруулах ундааны зүйл хэрэглээсэн байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон гэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны лавлагаа (хавтаст хэргийн 28, 29 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлол (хавтаст хэргийн 35 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), Заг ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг баримтуудын шинжлэн судаллаа. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Т.Б*****в өмнө нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2504 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэгдсэн байна.

Дээрх хугацаа дуусаагүй үед шүүгдэгч Т.Б*****в нь дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан тухай шийтгэвэр (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэргээр нотлогдсон.

Иймд шүүгдэгч Т.Б*****вын дээрх үйлдлийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээрийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Б*****вын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Прокурор санал болгож шүүгдэгч Т.Б*****вын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

Шүүгдэгч Т.Б*****вын эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б*****вын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурав сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ (хохирол учраагүй), шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Б*****вын торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

Дээрх хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар шүүгдэгч Т.Б*****вт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй юм.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2503000000307 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Т*****нгаагийн Б*****выг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б*****вын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурав мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурав сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Т.Б*****вт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б*****вт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ