Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 132/2023/00009/И |
Дугаар | 132/ШШ2023/00058 |
Огноо | 2023-01-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 132/ШШ2023/00058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр багт байрлах “Их-******* говь” ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 1 дүгээр багт байрлах “Т******* түрүү” ХХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 84,000,000 /наян дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай 132/2023/00009/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
Хариуцагч “Т******* түрүү” ХХК-ний төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Их-******* говь” ХХК нь хариуцагч “Т******* түрүү” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 84,000,000 /наян дөрвөн сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
“Их-******* говь” ХХК нь “Т******* түрүү” ХХК-тай шатахуун нийлүүлэх зээлээр худалдах худалдан авах гэрээг 2022 оны 6 дугаар сард хийсэн байдаг. Энэ гэрээний дагуу “Т******* түрүү” ХХК нь үүргээ биелүүлээгүй учраас шатахууны үндсэн үнэ 56,000,000 төгрөг, гэрээний 3.10-т зааснаар үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээнд тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй, гэрээний 5.1-т зааснаар худалдан авагч тал шатахууны төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэсний дагуу алданги тооцсон 28,000,000 төгрөг, нийт 84,000,000 төгрөгийг “Т******* түрүү” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч “Т******* түрүү” ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т******* түрүү” ХХК нь “Их-******* говь” ХХК-аас 16000 литр шатахуун авсан нь үнэн болно. Бид намрын ургац хураалтаас уг мөнгийг өгөх боломж бүрдэнэ гэж тооцоолсон боловч ус бордоо чийг хэтрэлээс болж хураах ургац маань үр тогтоогүй ургац алдсан тул хураасан ургац нь борлуулалтын шаардлага хангах боломжгүй болсон учир энэ жил төлбөрийг өгч чадахгүй болсон.
Иймд бидний хувьд шатахууны үнэ болох 54,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Харин алданги болох 28,000,000 төгрөгөөс багасгуулах хүсэлтэй байна гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/
- 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Шатахуун, тос, тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хэргийн 5-6-р хуудас/,
- “Их-******* говь” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21/10 дугаар “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” тушаал /хэргийн 7-р хуудас/,
- “Их-******* говь” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 22/09 дугаартай “Т******* түрүү” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /хэргийн 8-р хуудас/,
- “Их-******* говь” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 9-р хуудас/,
4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр “Хаан банк” ХХК, “Төрийн банк” ХХК-ийн Булган салбаруудаас “Т******* түрүү” ХХК-ний харилцах дансны лавлагаа, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Т******* түрүү” ХХК-ний үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн талаарх лавлагааг гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хариуцагч “Т******* түрүү” ХХК-аас 67,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Их-******* говь” ХХК-д олгож, 16,500,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “Их-******* говь” ХХК нь хариуцагч “Т******* түрүү” ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 84,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч “Т******* түрүү” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 54,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 28,000,000 төгрөгийг багасгуулна гэв.
4.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, “Шатахуун, тос, тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Шатахуун, тос, тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна.
5.Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, харин хариуцагч тал 54,000,000 төгрөг төлнө мөн алдангийг багасгуулна гэж маргаж байна.
6.Зохигч “Шатахуун, тос, тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан боловч талуудын байгуулсан гэрээнд хүүгийн хэмжээ тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлагыг агуулаагүй. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг дараа төлөхөөр тохиролцсон тохиролцоо бүр зээлээр худалдах, худалдан авах гэрээ болохгүй ба тухайн гэрээний шинж нь зөвхөн хөрөнгийн үнийг төлөх хугацаагаар тодорхойлогдохгүй тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт /худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ/ заасны дагуу нэхэмжлэгч “Их-******* говь” ХХК нь хариуцагч “Т******* түрүү” ХХК-аас гэрээний үүргийг шаардах эрхтэй.
7.Зохигчийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу “Их ******* говь” ХХК нь “Т******* түрүү” ХХК-д 16,000 литр шатахууныг нийлүүлсэн. Харин Т******* түрүү ХХК нь 16,000 литр шатахууны үнийг төлөөгүй болох нь хариуцагчийн 16,000 литр шатахуун авсан нь үнэн. Бидний хувьд шатахууны үнэ болох 54,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбараар тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан “Шатахуун, тос, тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-д нэг литр шатахууны үнийг тухайн үед мөрдөгдөж байгаа үнэ тарифаар тооцно гэж байгаа боловч нэхэмжлэлд нэг литр шатахууныг хэдэн төгрөгөөр “Т******* түрүү” ХХК-д худалдсан тухай нотлох баримтыг хавсаргаагүй мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч тал нэг талаарх нотлох баримтыг хэрэгт өгөөгүй.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шатахууны үндсэн төлбөрийг 2,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч “Т******* түрүү” ХХК-аас шатахууны үнэ 54,000,000 төгрөг, алданги 27,000,000 төгрөг нийт 81,000,000 төгрөгийг гаргуулна гэв.
8.Хариуцагч хариу тайлбартаа 16,000 литр шатахууны үнэ 54,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул шатахууны үнэ 54,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зохигчийн хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хуульд нийцэж байна.
9.Зохигчийн байгуулсан “Шатахуун, тос, тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.1-д “Худалдан авагч тал шатахууны төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө” гэсэн байх тул нэхэмжлэгч алданги 27,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.
Гэвч дээрх гэрээний хугацаанд болон хариуцагчийн үүрэг гүйцэтгээгүй хугацаанд Монгол улс болон бусад улс оронд Ковид 19-ын халдвар дэгдэж, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл Ковид 19-ын халдвар дэгдсэн нь бизнесийн салбарт сөрөг нөлөө үзүүлж, бизнес эрхлэгчдийн орлого илт буурсан. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль баталсан бөгөөд энэ хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байсан. Энэхүү хуульд алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан тул нэхэмжлэгчийн хариуцагчаас авах алданги 27,000,000 төгрөгийн хэмжээг 50 хувиар бууруулж, хариуцагчаас алданги 13,500,000 төгрөгийг гаргуулж, шийдэх нь хэн альных нь эрх ашгийг хөндөхгүй гэж үзсэн.
Мөн хариуцагч “ус бордоо чийг хэтрэлээс болж хураах ургац маань үр тогтоогүй ургац алдсан, хураасан бага хэмжээтэй ургац нь борлуулалтын шаардлага хангахгүй байснаас төлбөрийг төлөх боломжгүйд хүрсэн гэж тайлбарыг харгалзан үзлээ.
Иймд хариуцагч “Т******* түрүү” ХХК-аас шатахууны үнэ 54,000,000 төгрөг, алданги 13,500,000 төгрөг, нийт 67,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Их-******* говь” ХХК-д олгож, 16,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,950 /таван зуун далан долоо мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч “Т******* түрүү” ХХК-аас 495,450 / дөрвөн зуун ерэн таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т******* түрүү” ХХК-аас 67,500,000 /жаран долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Их-******* говь” ХХК-д олгож, 16,500,000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 577,950 /таван зуун далан долоо мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 495,450 /дөрвөн зуун ерэн таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР