| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0195/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/204 |
| Огноо | 2025-08-01 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, У овогт Бн Аад холбогдох 2513000000255 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19*** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Баян-Өлгий аймгийн У суманд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн У сумын *** дүгээр /Монгол гол/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, У ургийн овогтой Бгийн А, регистрийн дугаар: БК***,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Б.А нь 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, төрсөн охин А.Кг 2024 оны 02 дугаар сард нас барсныг мэдэж атлаа улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2024 оны 3 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 700,000 төгрөгийг А.Кгийн нэрээр хууль бусаар авч, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу манай байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашигладаг HH-Office болон е-halamj программуудаас тухайн иргэний нэр дээр олгогдсон хүүхдийн мөнгөн тэтгэмжийн үйлчилгээг үзэхэд А.К гэдэг хүүхэд нь 2012 оны 11 дүгээр сараас эхэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжийн үйлчилгээ авч байсан бөгөөд уг үйлчилгээг 2024 оны 09 дүгээр сар хүртэл тасралтгүй авсан байсан. Нийт олгогдсон мөнгөн дүнг тооцож үзэхэд 7,180,000 /долоон сая нэг зуун наян мянга/ төгрөг болсон. Яагаад 2024 оны 09 дүгээр сараас хойш мөнгө олгогдоогүй талаарх мэдээллийг үзэхэд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажлын хэсгийн хяналт шалгалтын үед багийн засаг даргын мэдээлснээр тухайн хүүхэд нас барсан гэсэн тул үйлчилгээг нь түр зогсоосон байсан. Тэр цагаас хойш мөнгө олгогдоогүй. Дээрх хүүхэд нь хэзээ нас барсан болохыг би мэдэхгүй байна... Хүүхэд нас барах үед эцэг, эх нь Улсын бүртгэлийн байгууллагад нас барсан талаар хэлж, нас барсны гэрчилгээ авах үед манай байгууллагад мэдэгдэл ирдэг. Тэгээд Улсын бүртгэлийн байгууллагын мэдэгдлийг үндэслээд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах үйлчилгээ автоматаар зогсдог. Ингэхдээ хүүхэд нас барсан сарынх нь мөнгөн тэтгэмж олгогдоод дараа сарын мөнгөн тэтгэмж олгогдохгүй байдлаар явдаг. Жишээлбэл хүүхэд 3 сард нас барсан бол 3 сарын мөнгөн тэтгэмж олгогдоод 4 сараас эхэлж олгогдохгүй, үйлчилгээ нь зогсоно гэсэн үг... Дээрх үйлдэлд хүүхдийн нас барсан хугацааг тогтоож, хууль бусаар мөнгөн халамж авсан үйлдэл байгаа бол манай байгууллагын халамжийн санд учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. 700.000 төгрөгийг Б.Ааас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /30-31, 51 дэх тал/, яллагдагч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “...Миний охин болох А.К нь 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, айлын 5 дахь хүүхэд болж мэндэлсэн. Бид нар 2024 оны 02 дугаар сард Бүгд Найрамдах Казахстан улс руу нүүх зорилгоор гэр бүлээрээ БНКУ-ын Петропавл хотын нутаг дэвсгэрт явж байхад зам тээврийн осолд орсны улмаас охин маань амь насаараа хохирсон. Тухайн үед бид нар охиноо нас барсан тухай бүртгүүлээгүйн улмаас түүний нэр дээр сар болгон орсон хүүхдийн мөнгийг авч, хэрэгцээндээ зарцуулсан. Би өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал), хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.
4. Шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5. Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас нийгмийн халамжийн санд 700.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 700.000 төгрөгийг шүүгдэгч Б.А бүрэн төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 54 дэх тал),
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Аын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Б.А нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Б.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Аад сануулах нь зүйтэй.
4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
5. Шүүгдэгч Б.Аад холбогдох эрүүгийн 2513000000255 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У ургийн овогтой Бгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийгмийн халамжийн үйлчилгээ авсан” буюу “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Аад тэнссэн хугацаанд “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Аад сануулсугай.
5. Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн хор уршигт 700.000 (долоон зуун мянга) төгрөг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б