Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2023/00162

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б даргалж, шүүгч М, шүүгч Х нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Ж овогт Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух, Товогт М-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан хохирол 1798450 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                          

Нэхэмжлэгч Г , түүний өмгөөлөгч Б,

Хариуцагч М, түүний өмгөөлөгч А,

Орчуулагч А,

Иргэдийн төлөөлөгч Б,

Гэрч О, Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г  нь хариуцагч М-д холбогдуулан Эрүүл мэндэд учирсан хохирол 1798450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний нөхөр О-ийн хуучин танил гэх залуу      К гэх залуу түүнтэй тааралдаад      "...миний баз болох М гэдэг залуу нэг тарган үхэр зарахаар авч ирсэн байна, үхэр авах юм бол очоод араарай” гэж хэлсэн гэхээр нь би нөхрөө дагуулаад 2022 оны 10 дугаар сарын 36-ны өдөр өглөө 09 цагийн орчим Н-ийн гэрт зарна гэсэн үхрийг харахаар очих үед бид нарт 5-6 насны хүүхэд хаалга онгойлгож өгсөн. Тэр хүүхэд хэний хүүхэд байсан гэдгийг мэдэхгүй. Бид хоёр хашаа руу орох үед хашаан дотор байсан сарлаг үхэр шууд гүйж ирээд намайг мөргөхөд бетон хашааг толгойгоороо мөргөж газар унасан ба тэр үед нуруун тус газар хэд хэдэн удаа мөргөхөд миний толгойноос цус гоожиж, шоконд орсон, хүмүүс салгах ямар ч боломжгүй байсан, хашааны дотор шороо босож, үзэгдэх орчин ******* болсон.

1.2 Тэгээд миний нөхөр эмнэлгийн түргэн тусламж дуудсан, түргэний машин хүлээн авахад хүргэж, миний толгойд оёдол тавьж өгөөд явуулсан тул гэртээ хэдэн хоног байсан боловч хэвтрийн байдалд орсон ба аймгийн Нэгдсэн эмнэлгээс онош нь тодроогүй тул улсын Гэмтлийн эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр автобусаар хот руу явсан ба миний нөхөр асран хамгаалахаар хамт явсан.

1.3 Эхлээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хэвтсэн боловч ор хүрэлцэхгүй байна гэж М нэртэй хувийн эмнэлэг рүү шилжүүлсэн тул 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 11 хоног хэвтэн сэргээн засах эмчилгээ хийлгэж эмчлүүлсэн.

1.4 Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж ирэхэд надаас нийт 5,0 сая орчим төгрөгийн зарлага гарсан боловч би өөрт байгаа тамга, тэмдэгтэй М эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үеийн зарим баримтууд болон автобусаар Улаанбаатар хотод явж ирсэн замын зардлыг л үхрийн эзэн болох М-ээс нэхэмжлэхээр шийдсэн. Цаанаа нь эмийн сангаас худалдаж авсан эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс, орон байрны зардал, хот доторх таксины зардал зэргийг нэхэмжлэхгүй байгаа юм. Тухайлбал, дотроо төмөртэй Нурууны татлагыг гэхэд 250,000 төгрөгөөр худалдаж авсан юм /зураг нь байгаа/.

1.5 Дээрх үйл явдлын талаар аймаг дахь Цагдаагийн газарт гомдол мэдээлэл гаргаж  шалгуулсан ба аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 000 дугаартай тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргаж, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд заасны дагуу тухайн сарлагийн эзэн М-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

1.6 Би үхрийн эзэн М гэдэг залуутай миний нөхөр хэд хэдэн удаа уулзаж, учир байдлыг хэлж ойлгуулж, гуйсан ба эхлээд гарсан зардлыг төлж өгнө гэсэн боловч сүүлд би төлөх чадвар байхгүй гэж татгалзсан. Эцэст нь хэлэхэд Мий хайнга хариуцлагагүй байдлаас болж би тахир дутуу болж хохирсон. Одоо хүний байнгын асрамжид орсон, хөдөлгөөн хязгаарлагдсан, эмчийн заавар зөвлөмжийн дагуу дэглэм барьж байгаа боловч явж чадахгүй байгаа тул эмчилгээнд гарсан зардлын өчүүхэн хэсгийг ч гэсэн гаргуулж, зовлонгоо нимгэлэхээр ийнхүү шүүхэд хандаж байна.

1.7 Хариуцагч талаас тухайн үхэр номхон, дөлгөөн үхэр байсан. Хэн нэг рүү дайрахгүй гэж тайлбар гаргасан байна. Гэхдээ тухайн үхэр номхон үхэр байсан бол үхрийн урьд хоёр хөлийг нь тушаагаад үхрийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй байсан. Тухайн үхэр эр үхэр байсан. Үхрийн эзэн үхрийн хөлийг чанга тушаасан тохиолдолд үхэр над руу дайрах боломжгүй болох байсан.

1.8 Эмч нар таны уушги дотогшоо ороогүй учраас танд хагалгаа хийх шаардлагагүй төмөр татлагыг хоёр сар хэрэглээрэй гэж зөвлөсөн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 10 хоног эмчилгээ хийлгэсний дараа эмч нар дархлаагаа дэмжиж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нарын шилжүүлсний дагуу М гэх хувийн эмнэлэгт 15 хоног эмчилгээ хийлгэсэн. Эмч нар надад нэг сарын дараа дахин давтан шинжилгээ хийлгэх тухай зөвлөмжийг миний картад бичиж өгсөн. Гэхдээ би давтан шинжилгээнд очоогүй. Яагаад гэвэл дахин дахин Улаанбаатар хотод явж эмчилгээ, оношилгоо хийлгэх боломж байхгүй. Тухайн үед нөхөр маань хариуцагч М-д хандаж замын зардлыг даагаарай чамаас өөр мөнгө нэхэмжлэхгүй гэдгээ хэлсэн боловч М манай нөхөрт 40,000 төгрөг авчирч өгсөн. Гэхдээ тухайн 40,000 төгрөгийг аваагүй. Өмнө нь би таяг барьж үзээгүй эрүүл мэнд маань сайн байсан боловч 2022 оны 10 дугаар сараас хойш таягтай явж байна.

1.9 Би эрүүл мэндээрээ хохирч байна. Хүнд зүйл өргөж чадахгүй, өөрөөрөө хурдан явж чадахгүй одоо хүртэл зовуурьтай байгаа. Иймд Г  миний бие эрүүл мэндэд учирсан хохирол болох 1.798.450 төгрөгийг иргэн М-ээс гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М хариу тайлбартаа: Хариуцагч миний бие нэхэмжлэгч Г-ийн “М-ээс өөрийн эрүүл учирсан хохирол болох 1798450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

2.1 Би тус аймгийн Булган сумын Улаагчин багт оршин суудаг ба тэнд мал малладаг. Харин аймгийн төвд хүүхэд сургаж намар ирж хавар буцдаг худалдаа наймаа, ченж гэх мэт юм хийдэггүй, мал худалдахгүй жирийн малчин билээ.

2.2  2022 оны 10 дугаар сарын 4, 5-ны өдөр байх хөдөө Улаагчин багаас Өд нэг сарлаг үхрийг амьдаар нь авч ирсэн. Энэ үхрийг хүргэн ах Н нь хувьдаа авна гэж хэлсэн юм. Хэрэв авахгүй бол сургуульд сурдаг хүүхдүүддээ идэш болгодог юм уу гэж бодоод ганцхан сарлаг үхрийг гүүрний дээд талд оршин суудаг хүргэн ах Н-ийн хашаанд оруулж  урьд хоёр хөлийг нь тушаад тавьсан байсан. Уг сарлаг нь томоотой мал байсан  боловч би ямар нэгэн юм болох вий гэж урьдчилж хаширладаг зангаараа урьд хоёр хөлийг нь тушаад боосон байсан. Уг сарлаг үхэр нь урьд хоёр хөлөө тушуулснаар хөдөлгөөн нь хязгаарлагдаж, нөлөөлөх аюул нь ******* болдог.

2.3 Сарлаг үхэр нь мал бөгөөд хүмүүс олноор маллаж махыг нь идэж сүүг нь ууж арьс, үс, ясыг нь ашиглаад олон зуун жил болсон үхрийн төрөл, мал юм. Сарлаг үхэр нь аюултай зэрлэг амьтан биш.

2.4 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 09 цагийн үед хүргэн ах Н-ийн гэрт байхад хашаанд хүмүүс ярилцах  нь сонсогдсон. Гадаа гарахад хашаан дотор хүргэн ах настай эмэгтэй, эрэгтэй хоёр дагуулж ирсэн байсан. Тэдгээр хоёр хүн нь миний авч ирсэн сарлаг үхрийг эргэж тойрч харж үзэж сонирхож байсан юм. Би хүргэн ах Н-ийн “Эдгээр хүмүүс яах гэж яваа юм. Үхрийг юу гэж эргэж тойрч үзээд байгаа билээ” гэж асуухад хүргэн ах Н нь “энэ хоёр хүн махны ченжүүд. Би худалдах сарлаг үхэр байгаа гэхэд очиж үзэж байгаад авна” гэж хэлээд үхрийг үзэж байгаа гэж хэлсэн. Зайтай газраас тэднийг харж зогссон. Гэтэл нөхөр нь бололтой эрэгтэй нь уг  сарлаг үхрийн ард нь гарч сүүлнээс нь татаж биед нь хүрч барьж үзэх гэхэд уг сарлаг үхэр тушаат хэвээрээ урагшаа харайж үсрэхэд үхрийн урьд талд зогсож  байсан настай эмэгтэй ухарч гүйсэн. Гэхдээ сарлаг үхэр нь тэр эмэгтэйд халдаагүй. Биед нь хүрээгүй, тэр хүн рүү дайраагүй юм. Тэр эмэгтэй уг сарлаг үхрийн зүтгэж ганцхан удаагийн харайснаас үргэж, айгаад урагшаагаа хаалга тийш зугтахдаа өөрөө болгоомжгүй хөдөлгөөн хийж унасан юм. Тэр үед нэг хоёр харайгаад уг үхэр байрандаа тогтож зогссон юм.

2.5 Харин уг настай эмэгтэй унахдаа бие толгойгоороо юм мөргөж гэмтсэн байдалтай болсон байсан тул тэр үед нөхөр нь болох Н нар эмнэлэгт түргэн дуудаж аваачаад үзүүлсэн. Би ч гэсэн эмнэлэгт очиж эмчлүүлэхэд нь тусалсан.

2.6 Нэхэмжлэгч тайлбарлахдаа Еркин гэх залуу хашааныхаа хаалгыг онгойлгож өгсөн гэжээ. Энэ нь худлаа. Хашааныхаа хаалгыг Н ах өөрөө онгойлгож тэд орсон байсан ба үхрийг үзээд хашаан дотор байхад би гэрээс гарч дэргэд нь очсон, хашааны хаалгыг онгойлгонгуут үхэр шууд дайрсан намайг мөргөсөн гэжээ. Энэ нь бас худлаа. Намайг гэрээс гарахад гурвуулаа үхрийг эргэж тойрч харж байсан ба үхэр хэнийг ч мөргөөгүй. Үхэр шууд ирж мөргөсөн гэж худлаа гүтгэж байна. Эмэгтэй тушаатай үхэр урагшаа харайхад айгаад арагшаа ухарч зугтах гэсэн үед болгоомжгүй хөдөлж унахдаа юм мөргөж гэмтэл авсан юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн  дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн М эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн төлбөрийн баримт, СТМ МЕД эмнэлгийн орлогын баримт, М эмнэлгийн Рентген оношилгооны баримтууд, Сэргээн засах эмчилгээний баримтууд, рентген зураг, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зөрчих тасалбар, нэхэмжлэгчийн гэмтэл авсан үеийн гэх фото зургууд, Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 000 дугаартай прокурорын тогтоол, О, Г нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс Т.Бахытад олгосон итгэмжлэл зэргийг,

Хариуцагчаас өмгөөллийн гэрээ зэргийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр Н, О, Г нарын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Г гийн хариуцагч М-ээс гэм хорын хохирол 1798450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч Г-аас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие нөхрийн хамт 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагийн орчимд К-ийн гэрт зарна гэсэн үхрийг харахаар очиж түүний хашааны хаалгаар дотор орох үед хашаан дотор байсан сарлаг үхэр гүйж ирээд намайг мөргөх үед бетон хашааг толгойгоороо мөргөж газар унаж гэмтэл авсан. Дараа нь эмнэлгийн түргэн тусламж дуудсан ба эмнэлгээс оёдол тавьж өгч явуулсан боловч өвдөлт намдаагүй тул нөхрийн хамт Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явсан бөгөөд очиж ирэхэд нийт  таван сая гаруй төгрөгийн зардал гарсан. Дээрх үйл явдлын талаар Цагдаагийн газарт гомдол мэдээлэл гаргасан ба аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 000 дугаартай тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж ,учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн тул өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол 1798450 төгрөгийг М-ээс гаргуулж өгнө үү гэжээ. 

 

6.Хариуцагч М-ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Би Б аймгийн Булган сумын Улаагчин багт оршин суудаг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын эхээр хүргэн ах болох К-ийн гэрт байрлаж сургуульд сурдаг хүүхдүүддээ өвлийн идэш болгох зорилгоор нэг тооны сарлаг үхрийг аваад ирж К-ийн хашаанд оруулж урьд хоёр хөлийг тушаад тавьсан байсан. Уг сарлаг үхэр нь аюултай  зэрлэг амьтан биш бөгөөд хөдөлгөөнийг хязгаарлаж урьд хоёр хөлийг уяагаар тушаад тавьсан байсан. Уг сарлаг үхрийг үзэхээр ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хашаанд орж ирсэн ба нөхөр нь бололтой эрэгтэй нь уг сарлаг үхрийн ард гарч сүүлнээс татаж биед нь хүрч барьж үзэх гэхэд уг сарлаг үхэр тушаатай хэвээрээ урагшаа харайж үсрэхэд үхрийн урьд талд зогсож байсан настай эмэгтэй айгаад хашааны хаалга тийшээ зугтахдаа өөрөө унасан юм. Гэхдээ сарлаг үхэр тэр эмэгтэйд халдаагүй, биед нь хүрээгүй, түүн рүү дайраагүй гэжээ.

 

7.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

7.1. Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 324 дугаартай тогтоолоор О-ийн “... эхнэр Г  нь 2022 оны 10 дугаар сарын эхээр Ө сумын 1 дүгээр багт байрлах Н-ийн хашаанд үхэрт мөргүүлж гэмтсэн ...” гэх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

7.2 Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Х.Тилеужан гэх баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г  нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өөр Цээжний хөндийн тодосгогч бодисгүй КТГ, мөн Гавал тархины тодосгогч бодисгүй КТГ хийлгэсэн байна.

7.3 М эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Эмнэлэгт өвчтөн илгээх хуудсанд “1.Г, нас 60, ... 7. Үндсэн онош Хр. Астмойдный бронхит...” гэж бичигджээ. М эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хэвтэн эмчлүүлэгчийн төлбөр гэх баримтаар Г  нь орны төлбөр 649000, эмийн төлбөр 427450 төгрөг, дүрс оношилгоо 80000 төгрөг, үе мөч эмчийн үзлэг 10000 гэж бичигдсэн ба 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн НӨАТ-ын баримтаар эмийн үнэ 427450 төгрөг, ор хоног 649000 төгрөг, цээжний эгц зугийн үнэд 30000 төгрөг  тус тус төлсөн болох нь тогтоогджээ.

7.4 СТМ мед ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтаар  Г  нь Цээжний КТГ төлбөрт 120000 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгч Г  нь М эмнэлэгт сээр нурууны эгц болон хажуу байрлалын рентген зураг, хоёр талын өвдөгний үений 2 байрлалын рентген зураг авхуулж, 2 өвдөгний үеийн яс булчингийн хэт авиан шинжилгээ хийлгэж сэргээн засах, хөдөлгөөн засал зэрэг эмчилгээ хийлгэсэн байна.

 

8.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч М-ээс эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжилж байгаа гэсэн ба  хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ

9.Нэхэмжлэгч эрүүл мэндэд учирсан хохирол гаргуулахаар шаардсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд бусдад хохирол учруулахад хүргэсэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эрүүл мэндийн хохирол болох 1798450 төгрөгийн хохирол учрахад хариуцагч Мий гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн нь тогтоогдоогүй байна.

10.Мөн Иргэний хуулийн 501 дүгээ зүйлийн  501.2 дахь хэсэгт “Гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй” гэж заажээ.  Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тухайн сарлаг үхэр нь Ны хашаан дотор урьд хоёр хөл нь тушаатай байсан ба нэхэмжлэгч Г д гэм хор учирсан нь хариуцагч М-ийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй  холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

11.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г  нь Улаанбаатар хотын М эмнэлэгт өвдөгний үений остеоартрит, нурууны хугарлын үлдэц, бамбайн дутагдал оношоор 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 11 хоног  эмчлүүлсэн байх ба уг хугацаанд сэргээн засах болон хөдөлгөөн засал эмчилгээ хийлгэсэн байх боловч тухайн эмчилгээ хийлгэсэн байдал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан үйл баримтаас үүдэлтэй эсэх, дээрх эмчилгээ хийлгэхэд гарсан зардал нь хариуцагч М-ийн үйлдэл, эс үйлдэлд ямар шалтгаант холбоотой болох нь тодорхойгүй байна. 

12.Аливаа этгээдийн хохирол арилгах үүрэг нь хууль бус, гэм буруутай зөрчлийн үндсэн дээр бусдад тодорхой хохирол учирсан тохиолдолд үүсдэг бөгөөд нэхэмжлэгч Г гийн Улаанбаатар хотод очиж, ирэх,  М эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд болон бусад зардалд нийт 1798450 төгрөгийн зардал гарсан нь хариуцагчийн хууль бус гэм буруутай үйлдэлд шууд холбоотой гэж үзэх боломжгүй гэж үзлээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

13.Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж дүгнэж байгаа боловч хариуцагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдоогүй болно.

14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43800 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  501 дүгээр зүйлийн 501.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г-ийн хариуцагч М-ээс эрүүл мэндэд учирсан хохирол 1798450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43800 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б

                                                 ШҮҮГЧИД                               М

                                                                                                 Х