| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2022/01006/И |
| Дугаар | 130/ШШ2023/00157 |
| Огноо | 2023-02-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2023/00157
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн А сумын 2 дугаар багт оршин суух, Ж овогт Б,
Хамтран хариуцагч: Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургууль /захирал Е/,
Хамтран хариуцагч: Б аймгийн А сумын 21 дүгээр цэцэрлэг /эрхлэгч Н/-т тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан 17 тонн нүүрсний үнэ 1275000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А,
Хариуцагч Х,
Хамтран хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т,
Хамтран хариуцагч Б аймгийн А сумын 21 дүгээр цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,
Орчуулагч Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А нь хариуцагч Х, хамтран хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургууль, тус сумын 21 дүгээр цэцэрлэгт тус тус холбогдуулан Зээлээр худалдан авсан 17 тонн нүүрсний үнэ 1275000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие нүүрс тээвэрлэлтийн бизнес эрхэлдэг бөгөөд хариуцагч Х нь 2020 оны 11 дүгээр сард надаас нийт 17 тонн нүүрсийг нэг тонныг 75000 төгрөгөөр үнэлэн нийт 1275000 төгрөгөөр үнэлж зээлээр худалдан авсан болно.
1.2 Гэтэл уг нүүрсний үнэ болох 1275000 төгрөгийг элдэв шалтгаан тоочиж өгөхгүй хоёр жил болсон тул шүүхэд хандаж байна.
1.3 Гэтэл Х нь надаас зээлээр худалдан авсан 17 тонн нүүрсийг А сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн харьяа 21 дүгээр цэцэрлэгт тушаасан, үнэ өртгийг А сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн санхүү, төсвөөс гаргуулах журамтай гэж тайлбарласан. Иймд тус иргэний хэрэгт А сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийг хамтран хариуцагчаар татан оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А-ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
2.1 Тухайн 17 тонн нүүрсийг миний бие хувьдаа аваагүй.
2.2 17 тонн нүүрсийг Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн нярав Х миний бие сургуулийн уурын зууханд буулгасан. Тухайн үед сургуулийн нүүрсний мөнгө А сумын 21 дүгээр цэцэрлэгийн дансанд орж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цэцэрлэгийн данснаас шилжсэн юм.
2.3 Нэхэмжлэгч А-ийн өмнөх нүүрсний мөнгийг 21 дүгээр цэцэрлэгийн данснаас цэцэрлэгийн нягтлан бодогч шилжсэн. Үлдсэн 17 тонн нүүрсний үнэ болох 1275000 төгрөгт миний бие ямар ч хамааралгүй.
2.4 Тухайн үед би нярав хүн болохоор сургуулийн захирлын үүргийн дагуу нэхэмжлэгчтэй тохиролцож нүүрс буулгасан. Би тухайн үед авсан нүүрсний бүх орлого зарлагыг гаргаж өгч байсан. 35 тонн нүүрсний баримт, сүүлд буулгасан 17 тонн нүүрсний орлогод авсан нүүрсний баримтууд байна. Сургууль болон цэцэрлэг хоёрт хоёр нярав байдаг. Өмнөх 35 тонн, сүүлд буулгасан 17 тонн нүүрсний орлого, зарлагын баримтыг сургуулийн нягтланд өгсөн. Сургуулийн нягтлан уг баримтуудыг үндэслэн нүүрсний мөнгийг шилжүүлсэн. Энэ асуудалд манай сургууль хамаагүй гэж үзэж байна гэжээ.
3.Хамтран хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Хад холбогдох иргэний хэрэгт А сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай шүүгчийн захирамжтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
3.1 2020 онд манай сургуульд түлш халаалтын зардал төсвөөс батлагдаагүй ба харин 21 дүгээр цэцэрлэгт түлш халаалтын зардалд 25000000 төгрөг баталж өгсөн тул тэд төлөх учиртай юм. Манай байгууллагад 2021 оноос хойш түлш халаалтын зардал баталсан. Х нь манай сургуульд нярваар ажилладаг нь үнэн. Гэхдээ манай сургууль 2020 онд огт нүүрс хүлээж авч байгаагүй.
3.2 Харин А сумын 21 дүгээр цэцэрлэгийн хувьд хаанаас хэдий хэмжээний нүүрс ав байсныг манай сургууль мэдэхгүй. Учир нь түлш халаалтын зардал төсөв манайд байгаагүй учраас хамтран хариуцагчаар татан шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.3 Харин нүүрсийг хариуцагчаар татагдсан Х авсан бол өөрөө хариуцаж учраа олох ёстой болохоос бид мэдэхгүй байна. Хэрвээ нярав Х нь нүүрсийг цэцэрлэгт авсан бол орлогын падаан бичиж, зарлагын падаанаар гаргаж мөнгийг нь төсвийн зардлаас төлөх учиртай. Иймд тус сургуулийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хамтран хариуцагч Б аймгийн А сумын 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хад холбогдох иргэний хэрэгт тус цэцэрлэгийг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай шүүгчийн захирамжтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
4.1 А сумын 21 дүгээр цэцэрлэг, Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн барилга нь цогцолбор барилгын зориулалтаар баригдсан учир нэг уурын зуухаар галладаг ба уурын зуух, галчийн орон тоо, цалин хөлсийг сургууль хариуцдаг. Анх байгуулагдсан 2020 он төсвийн буруу хуваарилалтаас болж тогтмол зардал болох 25000000 төгрөг манай цэцэрлэгийн дансанд орсон байсан.
4.2 Цогцолбор барилгыг 2019 онд 11 дүгээр сард ашиглалтад өгсөн ба сургууль, цэцэрлэг байгуулагдаагүй үед “А” ХХК нь халаалтыг хариуцаж байсан учир 2020 оны түлш халаалтын зардлын 15625000 төгрөгийг “А” ХХК-ийн дансанд шилжүүлэх ёстой гэж үзэж тухайн үед аймгийн орлогч даргаар ажиллаж байсан К цэцэрлэгийн нягтлан бодогчид хэлж, зохих санхүүгийн баримтыг бүрдүүлэн тус компанийн дансанд шилжүүлсэн.
4.3 Үлдсэн 10, 11, 12 дугаар саруудын түлш халаалтын зардал болох 9375000 төгрөгийг сургуулийн нягтлан бодогч холбогдох санхүүгийн баримтуудыг авч ирж цэцэрлэгийн нягтлан бодогчид хүлээлгэн өгч шилжүүлэг хийлгэсэн. Жолоочоос нүүрс хүлээн авах, зарцуулах талаар цэцэрлэгийн нягтлан бодогч, нярав нар ямар ч оролцоогүй ба энэ бүгдийг сургууль хариуцдаг.
4.4 Нэхэмжлэгч иргэн А-тай нэг ч удаа уулзаж байгаагүй ба нүүрсийг сургуулийг нярав Х хүлээж авсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө баталж байна. Манай байгууллага ямар компаниас, хэн гэгч иргэнээс хэдий хэмжээний нүүрс авсан талаар ямар ч мэдээлэлгүй, зөвхөн сургуулийн нягтлан бодогч, нярав нарын авч ирсэн компаниудаас нүүрс худалдаж авсан нэхэмжлэлийн дагуу л гүйлгээ хийж, тухайн жилийн турш түлш халаалтын зардлын тооцоог дуусгаж, дансны үлдэгдэлгүй болгосон.
4.5 Иймд манай байгууллагыг хамтран хариуцагчаар тус хэрэгт татан оролцуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Х-ын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гарын баримт зэргийг,
Хамтран хариуцагчаас Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулиас Б.Төлеуд олгосон итгэмжлэл, А сумын 21 дүгээр цэцэрлэгийн 2020 оны батлагдсан төсвийн хэлбэлзэл зэргийг,
Хамтран хариуцагч Б аймгийн А сумын 21 дүгээр цэцэрлэгээс тус цэцэрлэгийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дансны хуулга, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн төлбөрийн хүсэлт, А ХХК-ийн 2019-2020 оны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгад /21 дүгээр цэцэрлэг/ зарцуулсан түлшний тооцооны баримт, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэх, А сумын 21 дүгээр цэцэрлэгийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дансны хуулга, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн хүсэлт, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зарлагын баримт, Н ХХК-ийн нэхэмжлэх, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн хүсэлт, Д ХХК-ийн нэхэмжлэх, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн төлбөрийн баримт, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн хүсэлт, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн төлбөрийн хүсэлт, В ХХК-ийн нэхэмжлэх, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн хүсэлт, Н ХХК-ийн нэхэмжлэх, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн хүсэлт, А-д олгосон итгэмжлэл зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Нэхэмжлэгч А-ийн хариуцагч Хаас 17 тонн нүүрсний үнэ 1275000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Х нь 2020 оны 11 дүгээр сард надаас нийт 17 тонн нүүрсийг нэг тонныг нь 75000 төгрөгөөр тооцож нийт 1275000 төгрөгөөр үнэлж зээлээр худалдан авсан болно. Гэтэл уг 17 тонн нүүрсний үнийг элдэв шалтгаан тоочиж өгөхгүй байгаа тул уг нүүрсний үнийг гаргуулж өгнө үү гэжээ.
8.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: А-аас авсан 17 тонн нүүрсийг миний бие тус аймгийн А сумын 10 дугаар сургуулийн уурын зууханд буулгасан. Тухайн үед сургуулийн нүүрсний мөнгө А сумын 21 дүгээр цэцэрлэгийн данснаас шилжсэн. Нэхэмжлэгч А-ийн өмнөх буулгаж байсан нүүрсний мөнгийг А сумын 21 дүгээр цэцэрлэгийн данснаас шилжүүлж байсан. Үлдсэн 17 тонн нүүрсний үнэ болох 1275000 төгрөгийг миний бие хариуцахгүй гэжээ.
9.Хамтран хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг болон хариуцагч Х-ын тайлбарыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: 2020 онд тус сургуульд түлш халаалтын зардал төсвөөс батлагдаагүй ба 21 дүгээр цэцэрлэгт халаалтын зардалд 25000000 төгрөг баталж өгсөн тул тэд төлөх ёстой. Манайд 2021 оноос хойш түлш халаалтын зардал баталж өгсөн. Манай сургууль 2020 онд огт нүүрс хүлээж аваагүй. Нүүрсийг манай сургуулийн нярав Х хүлээж авсан бол өөрөө хариуцаж учраа олох ёстой гэжээ.
10.Хамтран хариуцагч Б аймгийн А сумын 21 дүгээр цэцэрлэг нь нэхэмжлэлийг болон хариуцагч Х-ын тайлбарыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: А сумын 21 дүгээр цэцэрлэг, Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн барилга нь цогцолбор барилгын зориулалтаар баригдсан учир нэг уурын зуухаар галладаг ба уурын зуух, галчийн орон тоо, цалин хөлсийг сургууль хариуцдаг. Анх байгуулагдсан 2020 онд тогтмол зардал болох 25.0 сая төгрөг манай цэцэрлэгийн дансанд орсон ба тус мөнгийг зохих санхүүгийн баримтуудыг үндэслэн шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч А-тай нэг ч удаа уулзаж байгаагүй ба нүүрсийг сургуулийн нярав Х хүлээж авсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө баталж байна. Манай байгууллага ямар компаниас, хэн гэгч иргэнээс хэдий хэмжээний нүүрс авсан талаар ямар ч мэдээлэлгүй, зөвхөн сургуулийн нягтлан бодогч, нярав нарын авч ирсэн, компаниудаас нүүрс худалдаж авсан нэхэмжлэлийн дагуу гүйлгээ хийж, тухайн жилийн түлш халаалтын зардлын тооцоог дуусгаж, дансны үлдэгдэлгүй болгосон гэжээ.
11.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Хариуцагч Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн баримтад “.. Ааас 2020 оны 11 дүгээр сард сургуулийн уурын зууханд 00000 дугаартай Стейбр машинаар 17 тонн нүүрс буулгасан нь үнэн болно. Нэг тонн нүүрсний үнэ 75000 төгрөг” гэж бичигдсэн байна. А сумын 21 дүгээр цэцэрлэгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 71 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаартай төлбөрийн хүсэлтүүдээр А ХХК-д 2019-2020 оны түлш халаалтын төлбөрт 15625000 төгрөг, Н ХХК-д нүүрсний үнэд 3060000 төгрөг, Д ХХК-д 2720000 төгрөг, В ХХК-д 980000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогджээ.
12.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
13. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Худалдагч А нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 17 тонн нүүрсийг худалдан авагч Х-ын өмчлөлд шилжүүлж, эд хөрөнгө буюу нүүрсийг хариуцагч Х хүлээн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар бүрэн нотлогдож байна.
14.Хариуцагч Х нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч А нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдсан барааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуульд зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэж заажээ. Хариуцагч Х нь нэхэмжлэгч А-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 17 тонн нүүрсийг хүлээж авсан нь болсон үйл явдал болон бичгийн нотлох баримтын хүрээнд тогтоогдож байх тул талуудын хооронд хэлцэл хийгдэж эрх үүрэг үүсэн байна гэж үзлээ. Хариуцагч Х-аас уг нүүрсийг сургууль болон цэцэрлэгийн уурын зууханд ашиглахаар хүлээж авсан, тухайн нүүрсний үнийг тухайн үед халаалтын зардал хуваарилагдсан А сумын 21 дүгээр цэцэрлэг төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч А нь хариуцагч Х-аас өөр этгээдтэй хийсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х-аас худалдаж авсан нүүрсний үнэ 1275000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ад олгох нь зүйтэй байна.
15. Хамтран хариуцагч нар болох Б аймгийн А сумын 21 дүгээр цэцэрлэг болон тус сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургууль нь төсвийн байгууллага байна. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн байгууллагын дарга байх (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч бөгөөд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхтэй байна. Нэхэмжлэгч А нь хамтран хариуцагч нартай харилцан тохиролцож худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хөрөнгө шилжүүлсэн нь тогтоогдоогүй байгаа ба хариуцагч Х-ын хувьд дээрх төсвийн байгууллагуудыг төлөөлөх бүрэн эрхгүй тул хамтран хариуцагч Б аймгийн А сумын 21 дүгээр цэцэрлэг болон тус сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургуульд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
16. Нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х-аас 35150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х-аас худалдаж авсан нүүрсний үнэ 1275000 /нэг сая хоёр зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгосугай.
2.Хамтран хариуцагч Б аймгийн А сумын 21 дүгээр цэцэрлэг болон тус сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургуульд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х-аас 35150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х