Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2023/00666

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК /РД: 5416078/. Хаяг: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үлдвэрийн гудамж, /17040/ Чингисийн өргөн чөлөө 37/1 тоот

Хариуцагч: Боржигон овогт Пүрэвжавын Баярцэнгэл /РД: ШУ88020719/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 1 дүгээр байр, 47 тоот

Зээлийн гэрээний үүрэгт 21,489,638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Баярцэнгэл нь манай байгууллагад хандаж 17,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 18 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 17,000,000 төгрөгийг №ЗГ0307220103 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Мөн №ЗБ0307220103 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулан 09-40 УНЭ улсын дугаартай AUDI А6-С6 маркийн тээврийн хэрэгслийг  манай компанийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл хариуцагч П.Баярцэнгэлээс дээрх тээврийн хэрэгслийг үл маргах журмаар, бодитоор гаргаж өгөөгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч П.Баярцэнгэлээс 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗГ0307220103 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү 137,638 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,352,000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 17,000,000 төгрөг 21,489,638 төгрөг, нотариатын зардал 11,700 төгрөг нийт 21,501,338 төгрөг гаргуулж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22/1-239 дугаартай итгэмжлэл, 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 01020196 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь хариуцагч П.Баярцэнгэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,489,638 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь хариуцагч П.Баярцэнгэлтэй, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ0307220103 дугаартай зээлийн гэрээ,  №ЗБ0307220103 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулан 17,000,000 төгрөгийг,  18 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хариуцагчийн эзэмшлийн 09-40 УНЭ улсын дугаартай AUDI А6-С6 маркийн тээврийн хэрэгслийг компанийн өмчлөлд шилжүүлэн авчээ. /хх-ийн 8-16/  

Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл гэх баримтуудаас үзэхэд хариуцагч нь гэрээний хугацаанд төлбөр төлөөгүй, мөн нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан нь тогтоогдоно. /хх-ийн 18, 23/

Зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, төлбөр төлөх хугацааг 270 гаруй хоногоор хэтрүүлсэн байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, гэрээгээр тохиролцсон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг  нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцсэн гэж дүгнэлээ.  

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 6.2 дахь хэсэгт зээлдэгч нь тохиролцсон хуваарийг дагуу зээлийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээг дуусгавар болгохоор  тохиролцсон байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. 

Хариуцагчид нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн ч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсгүүдэд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байх,  нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан  байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж, хариуцагчаас 21,489,638 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй болохыг, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Баярцэнгэлээс 21,489,638 /хорин нэгэн сая дөрвөн зуун наян есөн  мянга зургаан зуун гучин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,657 төгрөгийн 265,398 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 265,398 төгрөг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ