Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 040

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,

орчуулагч А.Еркегүл,

улсын яллагч Б.Ботакөз, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Хумырсерик,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Костёр, Д.Айбек,

шүүгдэгчид Х.Айтуган, Б.Берикбол, Х.Хонысбек, Т.Архалых, Х.Тауке нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуантхан овогтой Айтуган, Байсалхан овогтой Берикбол, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуандах овогтой Хонысбек, Төлеген овогтой Архалых, Хажымухан овогтой Тауке нарт холбогдох 201704000043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б.Берикбол: Төлек овогт Байсалханы Берикбол, 1998 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Мурап” ХХК-ны Ногооннуур сумын Тавалтайд байдаг улаан тоосгоны үйлдвэрийн манаач ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5-р багт оршин суудаг, яс үндэс казах, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар Б389041012. 

2. Х.Айтуган: Ители овогт Хуантханы Айтуган, 1994 оны 09 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, охин дүүгийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногоонуур сумын 1 дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд зүйлийг хурааж, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар Б394092630.

З. Х.Тауке: Санырау овгийн Хажымуханы Тауке, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БЮ89112630.

4. Т.Архалых: Хурман овгийн Төлегений Архалых, 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. ажилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, дүү, нэг хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УП89091015. 

5. Х.Хонысбек: Арыххул овгийн Хуандагын Хонысбек, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, дүү, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БЮ89100215. 

Шүүгдэгч Х.Айтуган, Б.Берикбол,  Х.Хонысбек, Т.Архалых, Х.Тауке нарын нарын холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Берикбол, Х.Айтуган нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ногооннуур сумын Бахлаг багийн нутаг дэвсгэр Тавалтай гэх газарт байрлах чулууны үйлдвэрийн цоожыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 2.709.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 

Шүүгдэгч Х.Хонысбек, Т.Архалых, Х.Тауке нар нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн үед Ногооннуур сумын Бахлаг багийн нутаг дэвсгэр Тавалтай гэх газарт байрлах чулууны үйлдвэрт Х.Таукегийн УАЗ-31512 маркийн 8502 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж, уг үйлдвэрээс Б.Берикбол, Х.Айтуган нарын хулгайлж үйлдвэрийн гадаа гаргаж бэлдэж тавьсан 2.709.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж 180.000 төгрөгөөр худалдан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Х.Айтуган шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Б.Берикбол надад туслаарай гэж дуудсан. Би жанамыг тусалж гадаа гаргасан. Мөнгөнөөс аваагүй” гэв. 

- Шүүгдэгч Б.Берикбол шүүхийн хэлэлцүүлэгт: “... Цоожийг нь эвдэж орсон. Жанам, насос, чулуу өнгөлөгч, дрилл, чулуу таслагч зэргийг хулгайлсан. Гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

- Шүүгдэгч Х.Тауке шүүхийн хэлэлцүүлэгт: “... Т.Архалыхт Х.Айтуган хэлсэн байсан. Т.Архалых Х.Хонысбек бид хоёрт хэлсэн. Хулгайн эд зүйл биш үү гэхэд биш гэсэн” гэв.

- Шүүгдэгч Т.Архалых шүүхийн хэлэлцүүлэгт: “... Х.Айтуган надад Табалтайн тэнд жанам зэрэг зүйлүүд манаачид байгаа авах уу гэж хэлсэн. Хулгайн эд зүйл гэж хэлээгүй” гэв.

- Шүүгдэгч Х.Хонысбек шүүхийн хэлэлцүүлэгт: “... Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Хумырсерик шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би Табалтайн аманд байдаг чулууны үйлдвэрийн эзэн Ц.Базарханыг төлөөлж оролцож байна. Эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн. Шүүгдэгч нарт хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Би очиход үйлдвэрт хулгай орсон гэж тоосгоны үйлдвэрийн эзэн Нурболат хэлсэн. Усны насос, том хөрөөний жанам, төмөр таслагч, жижиг жанам, чулуу өнгөлөгч, чулууны цавуу, карааны акулатор, түлхүүр багажууд алга болсон байсан” гэв.

- Мөн шүүх хуралдаанд: Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газраас хураан авсан 2 ширхэг жанамны эрмээнийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, Мөр судлалын адилтгалын шинжилгээний 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт, хохирогч Ц.Базарханы мэдүүлэг, гэрч Ш.Хумырсерик, Х.Нурболат, Е.Батырбек нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 

Шүүгдэгч Х.Айтуган, Б.Берикбол, Х.Хонысбек, Т.Архалых, Х.Тауке  нарын гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Берикбол, Х.Айтуган нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ногооннуур сумын Бахлаг багийн нутаг дэвсгэр Тавалтай гэх газарт байрлах чулууны үйлдвэрийн цоожыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 2.709.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 

Шүүгдэгч Х.Хонысбек, Т.Архалых, Х.Тауке нар нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн үед Ногооннуур сумын Бахлаг багийн нутаг дэвсгэр Тавалтай гэх газарт байрлах чулууны үйлдвэрт Х.Таукегийн УАЗ-31512 маркийн 8502 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж, уг үйлдвэрээс Б.Берикбол, Х.Айтуган нарын хулгайлж үйлдвэрийн гадаа гаргаж бэлдэж тавьсан 2.709.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж 180.000 төгрөгөөр худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн З-8 дугаар хуудас/, 

- Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 256-258 дугаар хуудас/, 

- Үзлэгийн үеэр хураагдсан эд мөрийн баримтуудыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25 дүгээр хуудас/, 

- Шүүгдэгч Т.Архалыхаас усны цахилгаан насосыг хураан авах тогтоол, хураан авсан тэмдэгэлэл /хх-ийн 186-187 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.Хонысбекээс төмөр таслагч, жижиг жанам, цохилттой дрель, чулуу өнгөлөгч 16 ширхэг, чулуун цавуу 4 ширхэгийг тус тус хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 190-191 дүгээр хуудас/, 

- Шүүгдэгч Х.Таукегийн УАЗ-31512 маркийн 8502 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 380 вольтоор ажилладаг том жанамыг хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 192-193 дугаар хуудас/,

- Хэргийн газраас хураан авсан 2 ширхэг жанамны эрмээнийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 195 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Берикболоос хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан 22-24, 22-22-ын 2 ширхэг түлхүүрийг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тоггоол /хх-ийн 252-255 дугаар хуудас/,

- Мөр судлалын адилтгалын шинжилгээний 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт: “... Хэрэг учралын газраас бэхжүүлэн авсан гэх тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөрний гэрэл зураг нь УАЗ-31512 маркийн 8502 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйны мөртэй тохирч байна” /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

- Мөр судлалын адилтгалын шинжилгээний 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт: “... Хэрэг учралын газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гэх 1 ширхэг гутлын улны мөр нь Х.Айтуганаас хурааж авсан гэх гутлын улны мөртэй тохирч байна” /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

- Хэсгээс бүхлийг тогтоох адилтгалын шинжилгээний дүгнэлт: “... хэргийн газраас хураагдсан хэлтэрхий төмөр эд ангиуд шүүгдэгч Х.Таукегээс хураан авсан жанамтай таарч тохирч, нэг бүхэл эд мөн болох нь тогтоогдсон” /хх-ийн 261-263 дугаар хуудас/,

- Хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/, 

- Шүүгдэгч нараас хураан авсан хулгайн эд зүйлсийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Хумирсерикт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 194 дүгээр хуудас/, 

- Туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Туршилтаар 380 вольтоор ажилладаг, 22 кв тог гаргах хүчин чадалтай 245 кг жинтэй тог үүсгэгч генератор /жанам/-ыг 2 хүн өргөж явж чадахгүй, харин өнхөрүүлж чадаж байгаа, 5 хүн нийлж газраас 70-80 см орчим л хөндийрүүлж чаддаг нь тогтоогдсон бөгөөд жанамыг 2-3 метр өндрөөс буулгахад эрмээний ашиглаж буулгах гэж чадаагүй болохоор жанамыг газар унагааж буулгасан талаар шүүгдэгч Берикбол, Айтуган нар тайлбарлаж байв” /хх-ийн 197-201 дүгээр хуудас/,  

- Хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч Х.Таукегийн өмч, 1.100.000 төгрөгийн үнэтэй УАЗ-31512 маркийн 8502 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилэх тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 172-173 дугаар хуудас/, 

- Хохирогч Ц.Базарханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Улаанбаатар хот руу явахдаа үйлдвэр дээрээ ямар нэгэн харуул манаач үлдээлгүй, хажууханд байдаг тоосгоны үйлдвэрийн манаачид манай үйлдвэрийг харж байгаарай гэж хэлж захиад явсан цагаан сарын өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр манай үйлдвэрийн дарга Ч.Хумирсерик над руу залгаад манай үйлдвэрт хулгай ороод нилээн их багаж алдагдсан байна, хулгайч нарыг нь цагдаа нар барьчихсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, 

- Гэрч Ш.Хумырсерикийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие Ногоонуур сумын Тавалтай гэдэг газар байдаг Улаанбаатар хотын иргэн Базархааны нээсэн чулууны үйлдвэрийг хариуцаж ажиллуулж байсан. Чулууны үйлдвэрийг ажиллуулаад 3-4 жил болж байгаа, өвлийн улиралд зогсож, зун, хавар, намар ажилладаг. 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уг чулууны үйлдвэрт хулгай орсон байна гэж сонсож, чулууны үйлдвэрт ирж үзэхэд цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан гэсэн. ... Чулууны үйлдвэрээс хөрөө раманд байсан том жанам, заалд байсан төмөр таслагч, усны цахилгаан насос, чулуу өнгөлөхөд ашигладаг жижиг жанам, “Маз” маркийн өргөгч краны 2 ширхэг 24 вольтын 150 амперийн цагаан саарал өнгийн аккумулятор, лангуунд байсан ком түлхүүр, ком дорцов түлхүүр багажууд алга болсон байсан. Үйлдвэрт манаач, сахиул гэх хүн байхгүй, эзэнгүй байсан” гэа мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, 

- Гэрч Х.Нурболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын 4-ний өдөр миний бие Ногооннуур сумын Бахлаг багийн нутаг дэвсгэрт байдаг өөрийн тоосгоны үйлдвэрээс тоосго ачуулахаар очсон бөгөөд 13 цагт манай тоосгоны үйлдвэрийн хажууд байдаг чулууны үйлдвэрийн байгаа байдлыг шалгахаар очиход уг үйлдвэрийн гадна талын хаалганууд цоожгүй байхаар нь дотор нь орж үзээд хулгай орсон байх гэж бодоод Цагдаагийн газрын жижүүрт залгаж мэдээлэл өгсөн. Би чулууны үйлдвэр ороод дотор нь байсан хүний мөрийг харж тогтоож аваад Айтуган /Динай/ гэгч уг хэргийг үйлдсэн байх гэж сэжиглэж Айтуганыг дуудаж аваад асуухад эхлээд би хэрэг хийгээгүй гэж хэлж байсан боловч би цагдаа дуудсан байгаа гэхэд та цагдаа дуудаад хэрэггүй, манаач Берикбол аймгаас 3 залууг дуудаж, бид тавуулаа хулгай хийсэн гэж хэлсэн. Тэд жижиг, том жанам, таслагч, усны насос, цохилттой дрель, чулуу өнгөлөгч зэрэг зүйлийг хулгайлсан, бүх эд зүйл аймагт байгаа авч ирж өгье гэж хэлсэн. Би Берикболтой уулзахад эхлээд хүлээхгүй байсан ба Айтуган ирж та хэргээ үнэн зөвөөр хэлээрэй, асуудал хүндрэн шүү гэхэд тэр хийсэн хэргээ хүлээж бүх зүйлийг Айтугантай адилхан хэлж өгсөн. ...би өөр юу авсан бэ гэхэд өөр зүйл аваагүй гэж хэлж байсан. Берикболын гэр тоосгоны үйлдвэрийн хажууд байдаг. Айтуганы гэр тоосгоны үйлдвэрээс холгүй нэг километр зайтай байдаг. Тоосгоны үйлдвэр чулууны үйлдвэрийн хажууд 100-200 метр л зайтай газарт байдаг юм. Би чулууны үйлдвэрийг Берикболоор мануулдаггүй. Би түүнд чулууны үйлдвэрийг мана гэж нэмэлт цалин хөлс өгч байгаагүй. Чулууны үйлдвэрийн тусгай зөвшөөрөл албан ёсны бичиг баримт байхгүй, Базархан энэ жил тусгай зөвшөөрөл авна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, 

- Гэрч Е.Батырбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр миний бие эхнэрийн төрсөн дүү Х.Хонысбекийн гэрт хувийн ажлаар очсон ба гараажинд байсан цохилттой дрелийг хараад энэ дрелийг би хэрэглэж байгаад өгье гэхэд аваарай гэж надад өгсөн ба уг дрелийг би гэрт авч ирээд ажиллуулаад гэрт цэвэр усны хоолой явах нүх гаргаж аваад амбаарт оруулж тавьсан байсан. 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Х.Хонысбек нь цагдаа нартай ирээд авч явсан.  Уг цохилттой дрелийг хулгайн эд зүйл болохыг би мэдээгүй, цохилттой дрелийг надад өгөх үед бас төмөр таслагч өгч танай гэрт байж байг, шаардлагатай үед авна гэж өгч явуулсан. Би дээрх эд зүйлс хулгайн эд зүйл байсан бол авахгүй байх байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, 

- Шүүгдэгч Х.Айтуган, Б.Берикбол, Т.Архалых, Х.Тауке, Х.Хонысбек нарын өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Х.Айтуган, Б.Берикбол нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Архалых, Х.Тауке, Х.Хонысбек нарын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд тэдний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 

Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг харгалзан үзэж, шүүгдэгч Т.Архалых, Х.Тауке, Х.Хонысбек нарыг алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ухамсарлаж гэмшсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэргийг харгалзан үзэж тэдэнд шүүхээс ял оногдуулахгүйгээр хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Харин шүүгдэгч Х.Айтуган, Б.Берикбол нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд заасан хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.Берикбол, Х.Айтуган нарт шүүхээс ял оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жанамны эрмээн 2 ширхэг, жанамны таг 1 ширхэгийг хохирогч Ц.Базарханд буцаан олгож, жанамны гадна талын төмрийн хугарсан хэсгүүд 2 ширхэг, дамарны хугарсан 18 ширхэг хэсэг, тээврийн хэрэгслийн 22-22, 22-24 дугаартай 2 ширхэг түлхүүр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан Х.Таукегийн өмч, 1.100.000 төгрөгийн үнэтэй УАЗ-31512 маркийн 8502 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Х.Таукегийн өмч, 1.100.000 төгрөгийн үнэтэй УАЗ-31512 маркийн 8502 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Таукегийн эд хөрөнгө Цэнгэл сумын 8 дугаар багт байрлалтай 5 өрөө бүхий 7*8 метрийн харьцаатай, хөндлөн модоор барьсан, 13 сая төгрөгийн үнэтэй байшинг, шүүгдэгч Т.Архалыхын гэр бүлийн дундын өмч /ээж Алмазаны нэр дээр бүртгэлтэй/ Өлгий сумын 6 дугаар багт байрлах 1013 м.кв хэмжээтэй, 5.065.000 төгрөгийн үнэтэй газар, шүүгдэгч Х.Хонысбекийн “Тоёота Приус” маркийн 6971 БӨТ улсын дугаартай, 8.300.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Х.Айтуганы өмч Нокиа-105 маркийн хуучин, 10.000 төгрөгийн үнэтэй гар утас, гэр бүлийн дундын өмч нийт 310.000 төгрөгийн үнэтэй 2 эр хонь, 2 нас бие гүйцсэн сэрх, 2 нас бие гүйцсэн ямаа, шүүгдэгч Б.Берикболын өмч Нокиа-6020 маркийн хуучин, 10.000 төгрөгийн үнэтэй гар утас, гэр бүлийн дундын өмч нийт 310.000 төгрөгийн үнэтэй 2 эр хонь, 2 нас бие гүйцсэн сэрх, 2 нас бие гүйцсэн ямаа зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Берикбол, Х.Айтуган нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Айтуган, Б.Берикбол, Х.Хонысбек, Т.Архалых, Х.Тауке нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Х.Айтуган, Б.Берикбол нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 2 ширхэг, цахим иргэний үнэмлэх 2 ширхэгийг цагдаагийн байгууллагад, шүүгдэгч Х.Хонысбек, Т.Архалых, Х.Тауке нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 3 ширхэг, цахим иргэний үнэмлэх 3 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, тээврийн хэрэгслийн 01128785 дугаартай гэрчилгээг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Берикбол, Т.Архалых, Х.Тауке, Х.Хонысбек нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Харин шүүгдэгч Х.Айтуган нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд зүйлийг хурааж, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлсэн байна. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Төлек овогт Байсалханы Берикбол, Ители овогт Хуантханы Айтуган нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

- Шүүгдэгч Санырау овогт Хажымуханы Тауке, Хурман овогт Төлегений Архалых, Арыххул овогт Хуандагын Хонысбек нарыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Тауке, Т.Архалых, Х.Хонысбек нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Х.Тауке, Т.Архалых, Х.Хонысбек нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Айтуганы эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Берикболын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Айтуган, Б.Берикбол нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын  хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

6. Шүүгдэгч Х.Айтуган, Б.Берикбол, Х.Тауке, Т.Архалых, Х.Хонысбек нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан Х.Таукегийн өмч, 1.100.000 төгрөгийн үнэтэй УАЗ-31512 маркийн 8502 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жанамны эрмээн 2 ширхэг, жанамны таг 1 ширхэгийг хохирогч Ц.Базарханд буцаан олгож, жанамны гадна талын төмрийн хугарсан хэсгүүд 2 ширхэг, дамарны хугарсан 18 ширхэг хэсэг, тээврийн хэрэгслийн 22-22, 22-24 дугаартай 2 ширхэг түлхүүр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар шүүгдэгч Х.Таукегийн өмч, 1.100.000 төгрөгийн үнэтэй УАЗ-31512 маркийн 8502 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Таукегийн эд хөрөнгө Цэнгэл сумын 8 дугаар багт байрлалтай 5 өрөө бүхий 7*8 метрийн харьцаатай, хөндлөн модоор барьсан, 13 сая төгрөгийн үнэтэй байшинг, шүүгдэгч Т.Архалыхын гэр бүлийн дундын өмч /ээж Алмазаны нэр дээр бүртгэлтэй/ Өлгий сумын 6 дугаар багт байрлах 1013 м.кв хэмжээтэй, 5.065.000 төгрөгийн үнэтэй газар, шүүгдэгч Х.Хонысбекийн “Тоёота Приус” маркийн 6971 БӨТ улсын дугаартай, 8.300.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Х.Айтуганы өмч Нокиа-105 маркийн хуучин, 10.000 төгрөгийн үнэтэй гар утас, гэр бүлийн дундын өмч нийт 310.000 төгрөгийн үнэтэй 2 эр хонь, 2 нас бие гүйцсэн сэрх, 2 нас бие гүйцсэн ямаа, шүүгдэгч Б.Берикболын өмч Нокиа-6020 маркийн хуучин, 10.000 төгрөгийн үнэтэй гар утас, гэр бүлийн дундын өмч нийт 310.000 төгрөгийн үнэтэй 2 эр хонь, 2 нас бие гүйцсэн сэрх, 2 нас бие гүйцсэн ямаа зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Х.Айтуган, Б.Берикбол нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 1/нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Х.Айтуган, Б.Берикбол нарт хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Х.Айтуган, Б.Берикбол нар нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулсугай.

13. Шүүгдэгч Х.Айтуган, Б.Берикбол нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 2 ширхэг, цахим иргэний үнэмлэх 2 ширхэгийг цагдаагийн байгууллагад, шүүгдэгч Х.Хонысбек, Т.Архалых, Х.Тауке нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 3 ширхэг, цахим иргэний үнэмлэх 3 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, тээврийн хэрэгслийн 01128785 дугаартай гэрчилгээг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

14. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Айтуган, Б.Берикбол, Х.Хонысбек, Т.Архалых, Х.Тауке нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Айтуган, Б.Берикбол, Х.Хонысбек, Т.Архалых, Х.Тауке нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  А.ДАУРЕНБЕК