Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/631

 

 

 

 

 

                        

  2021             6              29                                          2021/ДШМ/631

 

Д.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлчимэг,

            хохирогч Т.Өлзийбаатарын өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

            шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Өлзийбаатар түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Хт холбогдох 2007001930262 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Д-ийн Х, 1995 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, “...........” ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Өлзийбаатартай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж биед нь баруун дээд 2, зүүн дээд 3 дугаар шүдний хугарал мултрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овгийн Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Өлзийбаатарын шүүгдэгчээс нэхэмжилсэн 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Д.Х нь хохирогчид 1.410.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хохирогч Т.Өлзийбаатар нь эмчилгээ хийлгэх 9.830.000 төгрөгийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Өлзийбаатар, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр шүүгдэгч Д.Хт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээгүй байж хэлэлцсэн мэтээр зориуд шийтгэх тогтоолд худал бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт хохирогчийн өмгөөлөгч миний бие “шүүгдэгч Д.Хыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэх дүгнэлт” гаргахад улсын яллагч Ч.Пүрэвсүрэн нь “залуу хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь нэр хүндэд нь муугаар нөлөөлнө” гэж, мөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хууль зүйн туслалцаа авч, өмгөөлүүлсний хөлс 500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Х төлөх үндэслэлгүй” гэж шүүгдэгч Д.Хыг хамгаалж өмгөөлж төрийн нэрийн өмнөөс яллах биш хохирогч намайг дорд үзэн ялгаварлан гадуурхаж шүүгдэгч Д.Хт давуу байдал бий болгож шүүхийн шийдвэрт нөлөөлж хууль ноцтой зөрчсөн.

Шүүх шүүгдэгч Д.Хт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлсэн гэсэн нь хавтас хэрэгт болон шийтгэх тогтоолд авагдсан гэрч Л.Чинбат, гэрч Т.Ганзориг, шинжээч эмч С.Төгсбуян нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн ШЭ/242 тоот дүгнэлт зэрэг нь хохирогчийн нүүрэнд гараараа цохиж биед нь шууд гэмтэл учруулсан нь нотлогдсон байхад шүүгдэгч Д.Х “би шилэн хүзүү рүү нь цохисон гэж гэмт хэрэг, гэмт үйлдлээ ойлгож гэмшээгүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлээгүй, учруулсан хохирлыг төлөөгүй, төлнө гэдэг баталгаагүй харин ч хохирогч Өлзийбаатарт бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн, алаад булчихна шүү гэж тохуурхан доромжилсон үйлдлүүд нь ялыг хөнгөрүүлэх биш хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байхад торгох ялыг сонгон оногдуулсан гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж шүүгдэгч Д.Хт давуу байдал бий болгож хууль ноцтой зөрчсөн. Шүүгдэгч Д.Хыг шүүх хуралдааны танхимд хамгаалагч цагдаагүй ганцааранг нь хохирогч Т.Өлзийбаатартай зэрэгцүүлэн суулгаж шүүхийн хэлэлцүүлэг явуулж шийтгэх тогтоол үйлдэж шүүх хуралдааны дэгийг шүүгч Х.Ганболд сахиулахгүй хохирогчид сэтгэл санааны дарамт үүсгэж дандаа л 800.000 төгрөгөөр торгохоос өөр хуульгүй мэт Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Шүүгч шүүгдэгч Д.Хыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж шийтгэх тогтоол уншиж танилцуулаад шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үед 800.000 төгрөгийг нэг мөр шүүхийн дансанд тушаах ёстой гэж шийдвэр гаргасан мөртлөө шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсэгт 800.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай гэж өөрчлөн зассан нь шүүгдэгч Д.Хт давуу байдал бий болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн .

Хохирогч Т.Өлзийбаатар цэргийн байнгын тэтгэврийн мөнгө хурааж шүд хийлгэх ямар ч боломжгүй , шүүгдэгч Д.Хаас яагаад хохирлын зайлшгүй зардал болох шүд нөхөн хийлгэх эмнэлгийн тодорхойлолт, үнэлгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн, мөн өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, шүдний үлдэгдэл 9.740.000 төгрөгийг заавал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хойшлуулж, шалтаглаж орхих биш Монсей шүдний эмнэлгийн шүд хийлгэх зайлшгүй зардлын магадлагаа, өмгөөллийн гэрээ, хөлс төлсөн баримтыг үндэслэн Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэх боломжтой байхад мөн л намайг дорд үзэн ялгаварлан гадуурхаж шүүгдэгч Д.Хт давуу байдал бий болгож шүүхийн шийдвэрт нөлөөлж хууль ноцтой зөрчсөн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ДШМ/209 дугаартай магадлалын “Тодорхойлох нь” хэсэгт түүнчлэн шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэлгүй шүүгдэгч Д.Хт давуу байдал бий болгож шүүхийн шийдвэрт нөлөөлж хууль ноцтой зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолд хохирол төлүүлэх өөрчлөлт оруулж болох боломжтой бол шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаан хүргүүлнэ үү” гэв.

 

            Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. 10.000.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн баримт хавтас хэрэгт байхгүй тул шүүхээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Өмгөөлөгчийн зардлыг гаргахдаа Засгийн газрын тогтоолд зааснаар төлбөрийн чадваргүй, насанд хүрээгүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй тохиолдолд өмгөөлөгчийн зардлыг гаргадаг. Хавтас хэргээс үзэхэд хохирогчийн зүй бус үйлдэл харагддаг. Шүүгдэгчид зохих ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

            Прокурор Ц.Гэрэлчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Хыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонгох санкцтай гэмт хэрэгт торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 800.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож болно гэсэн учир 3 сар төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна. Шүд хийлгэхээр нэхэмжилж байгаа 9.830.000 төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй буюу иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдсэн. Хохирогч Т.Өлзийбаатар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлж уг мөнгөө иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Өлзийбаатартай таксины төлбөрөөс болж үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж биед нь баруун дээд 2, зүүн дээд 3 дугаар шүдний хугарал мултрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Өлзийбаатарын “2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр буюу амралтын өдөр “АПУ” ХХК-ийн дэргэд явж байхад нэг эмэгтэй гар өргөхөөр нь машиндаа суулгахад “Налайх дүүрэгт хүргээд өгөөч 20.000 төгрөг өгье” гэхээр нь Налайх дүүрэгт хүргээд өгөхөд нэг айлд орох гэж байснаа болиод “та намайг Тэрэлж рүү хүргээд өгөөч гэхдээ нойллоод явчих” гэхээр нь зөвшөөрөөд Тэрэлж рүү явсан. Тэгээд Мэлхий хадны ойролцоо очингуут нөгөө эмэгтэй машинаас буугаад нэг машин дээр очоод уулзаж байснаа буцаад нэг эрэгтэйн хамтаар над руу ирж байхаар нь тооцоо хийх гэж байгаа юм байх гэж бодоод машиныхаа дэргэд зогсож байхад хамт ирж байсан залуу нь миний дэргэд хүрч ирэнгүүтээ надад ямар нэг зүйл хэлэлгүйгээр шууд баруун гараараа миний амны хэсэгт нэг удаа цохиж хөлөөрөө зүүн гуяны хэсэгт нэг удаа өшиглөсөн. ...” /хх 52/,

гэрч Л.Чинбатын “...Налайх чиглэлд явж байхад Мэлхий хадны дэргэдээс нэг залуу гар өргөхөөр нь суулгахад тэр залуу “эхнэр өөдөөс машинтай ирж байгаа, тосож авах гэсэн юм” гэхээр нь түүнийг суулгаад доошоо уруудаад 200 метр орчим явахад утас нь дугараад “урдаас ирж байгаа машин гэнээ” гээд машинаас буусан. Тэр залуу өөдөөс ирж яваа машины дэргэд очоод тухайн машинаас бууж ирсэн эмэгтэйтэй уулзаж байсан нь харагдсан. Намайг утсаар ярьж байхад манай жолооч Т.Ганзориг нь нөгөө залуу чинь өөдөөс ирсэн машины жолоочтой зодолдоод байна гэхээр нь очоод салга даа гэхэд хоорондоо салчихлаа гэсэн. ...” /хх 55-56/,

гэрч Т.Ганзоригийн “...Налайх чиглэлд явж байхад Мэлхий хадны дэргэдээс нэг залуу гар өргөхөөр нь зогсоход доошоо уруудаж хүн тосож авах гэсэн юм дайгдаад бууя гэсэн. Тэгээд тэр залууг машинд суулгаад хөдлөөд 200 метр орчим явахад нөгөө залуугийн гар утас нь дугараад ярингуут өөдөөс ирж явна гэнээ зогсоорой гэсэн газарт нь зогссон. Ингээд тэр залуу өөдөөс ирсэн жижиг суудлын машины дэргэд очоод нэг эмэгтэйтэй уулзсан. Тэгж байснаа нөгөө залуу чинь тухайн эмэгтэйг хүргэж ирсэн автомашины жолоочийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод авсан. ...” /хх 53-54/,

Шинжээч эмч С.Төгсбуянгийн “...Т.Өлзийбаатарын биед баруун дээд 2, зүүн дээд 3 дугаар шүдний хугарал, мултрал гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл толгойн дагзны хэсэгт цохих, доргих үед үүсэх боломжгүй. Тухайн шүдний мултрал гэмтэл нь ам эрүүний харалдаа мохоо зүйлийн цохих, доргих хүчний үйлчлэлээр үүсэх ба зовуурь нь гэмтэл авсан даруйд үүснэ. ...” /хх 38/ гэх мэдүүлгүүд,

“Т.Өлзийбаатарын биед баруун дээд 2, зүүн дээд 3-р шүдний хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 08 ШЭ/242 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 17-18/,

хохирлын баримт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Хохирогч Т.Өлзийбаатар, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан “...2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр шүүгдэгч Д.Хт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээгүй байж хэлэлцсэн мэтээр зориуд шийтгэх тогтоолд худал бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

...шүүгдэгч Д.Хыг хамгаалж өмгөөлж төрийн нэрийн өмнөөс яллах биш хохирогч намайг дорд үзэн ялгаварлан гадуурхаж шүүгдэгч Д.Хт давуу байдал бий болгож шүүхийн шийдвэрт нөлөөлж хууль ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоолд хохирол төлүүлэх өөрчлөлт оруулж болох боломжтой бол шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаан өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүх Д.Хт холбогдох хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Шүүх хуралдааны тов зарлах тухай” шүүгчийн захирамж /хх 153/ гарсан байх бөгөөд шүүх хуралдааны товыг 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр товлосон байна. Анхан шатны шүүх  шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргажээ. Хохирогч, өмгөөлөгч нар “...хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хэлэлцээгүй байж шийтгэх тогтоолд худал бичиж хууль ноцтой зөрчсөн...” гэсэн гомдол нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

               Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 158/-ээс үзэхэд улсын яллагчаас “шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх” ялын санал гаргасан байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна” гэж, 2 дахь хэсэгт өмгөөлөгчийн эрхийг зааж өгсөн байх бөгөөд өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хэлэх эрх, үүрэгтэй гэж заагаагүй байна. Өмгөөлөгчийн гомдолд дурдсан “анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс Д.Хт 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлт гаргахад улсын яллагч шүүгдэгчид давуу байдал бий болгож, шүүхийн шийдвэрт нөлөөлж хууль ноцтой зөрчсөн талаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. 

              Шүүгдэгч Д.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1500000 төгрөг төлсөн байх бөгөөд шүүх үүнээс нотлох баримтын хүрээнд эмчид үзүүлсэн үзлэгийн 90000 төгрөгийг хасаж,  1.410.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дүгнэж, цаашид 2 шүдний эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалын хохирол, хор уршгийн шинж чанарт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэсэн заалтыг биелэгдсэн гэж үзнэ. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Өлзийбаатар, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Өлзийбаатар, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        

                         ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ