| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0194/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/209 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Орчуулагч, хэлмэрч М.Н,
Улсын яллагч: Баян-Ө аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Ө аймаг дахь салбарын өмгөөлөгч Х.З,
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, М м ургийн овгийн Сий Нд холбогдох 2513001060197 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20*** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Баян-Ө аймгийн Б суманд төрсөн, *** настай, эрэгтэй, Б сумын ерөнхий боловсролын сургуулийн ***а ангийг суралцаж төгссөн, Баян-Ө аймгийн Б сумын *** дугаар /Өмнөгол/ багт эцэг, эх, ах дүү нарын хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, М м ургийн овгийн Сий Н регистрийн дугаартай: БЕ***;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н, насанд хүрээгүй С.Е бүлэглэж, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баян-Ө аймгийн Ө сумын *** дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн орчимд хохирогч Н.Еыг "гөлөг" гэж хэллээ гэх шалтгаанаар нүүрэнд нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь дух, зүүн доод зовхинд шалбарсан шарх, зүүн хацар зовхи орчимд хаван хавдар, бугалга, баруун зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий, хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ жил арван жилийн сургуулийн 12 дугаар ангийг төгссөн, одоо Казакстаны их сургуульд сурах гэж өргөдөл явуулсан байгаа.” гэв.
1.2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Харин түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учирсан хохирлыг төлсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, их дээд сургуульд элсэн суралцах гэж байгаа хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргаж байна. Шүүгдэгч С.Нтай бүлэглэж, хохирогч Н.Еын биед халдсан С.Е эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй тул түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон” гэх дүгнэлтийг,
1.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч С.Н нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй С.Етай бүлэглэн хохирогч Н.Еыг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй байна. Хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол болох 860,000 төгрөгийг урьдчилан төлж барагдуулсан байгаа. Шүүгдэгч нь 20 настай боловч энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг дүүргэсэн бөгөөд Казакстан Улсад суралцахаар шалгалтын хариуг хүлээж байгаа. Цаашид их дээд сургуульд суралцах сонирхолтой байгааг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих хэсэгт зааснаар өсвөр насны хүнд ял оногдуулах зарчмаар ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд С.Ныг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн арилгасан, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж өсвөр насны хүнд ял оногдуулах зарчмаар ял оногдуулж, хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй.
2.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал),
2.2. СD хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэг / хавтаст хэргийн 07-09 дэх тал/
2.3. Хохирогч Н.Еын зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг 30 минутын үед сургуулийн хажууд талын дэлгүүр орох гэж явж байхад манай сургуулийн 8 дугаар ангийн сурагч С. Е намайг “гөлөг минь” гэж дуудаж надаар тоглосон, тэр үед би Ед би чамаар тоглож байгаагүй, чи яагаад намайг гөлөг гэж дуудаж байгаа юм бэ гэж хэлсэн. 5 минутын дараа миний хажууд хөх өнгөтэй суудлын тэрэг зогсож дотроос нь Еын ах Н, дүү нь Е болон хамт явж байсан нэг найзын хамт бууж ирсэн. Тэгээд Е ах Н намайг барьж аваад “Чи миний дүү яагаад дарамтлаад байгаа юм бэ” гээд хэрүүл маргаан үүсгэж, намайг айлган сүрдүүлж, би чамайг зодохгүй гэж хэлж байгаад эхлээд Н миний нүүрний зүүн хэсэгт цохисон, дараа нь хамт байсан Е болон Нын найз болох Е нар нийлж намайг зодсон, тухайн үед тэнд явж байсан хүүхдүүд ирж намайг салгаж авсан бөгөөд Н намайг өөр газарт очиж ярилцъя гэхээр би яваагүй. Тэгээд тэд яваад өгсөн, би сургууль орж хувцсаа цэвэрлэж хамраас гарсан цусаа цэвэрлэж дараагийн хичээл орох багшийг хүлээж байгаад багш ирээгүй болохоор нь цагдаагийн газарт ирж дуудлага өгсөн.
Тухайн үед С.Н, С. Е нарын аав болох Аийн С манай гэрт ирж болсон асуудалтай холбоотой уучлалт гуйж, миний эвдэрсэн утас болох iphone X загварын 64 gb хар өнгийн, 2 жилийн өмнө авч байсан гар утсыг бүрэн төлж өгсөн буюу 860,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад учирсан хохирол, гомдол санал, тухайн хүмүүсээс нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 25-26 дахь тал/,
2.4. Гэрч С.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг 30 минутын орчимд Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас завсарлагааны цаг байсан учраас би найз болох Н.Е, Р нарын хамт дэлгүүрээс ундаа авахаар гарсан. Тэгээд дэлгүүрт очих замдаа манай сургуулийн 8 дугаар ангийн сурагч С.Е нь миний хажууд байсан найз Н.Ед хандаж "гөлөг" хэмээн хэлсэн. Тэр үед Н.Е тухайн С.Е гэх хүүхдэд "чи тоглох юмаараа тоглоорой, чи чамайг танихгүй" гэж хэлсэн. Тэгээд ундаа аваад эргээд сургууль руу явж байхад түрүүн бидэнтэй таарсан С.Е өөрийн ах С.Н, Нын найз Е гэх хүүхдүүд ирж бидний хажууд зогссон. Тэгээд С.Н бууж ирээд миний найз Н.Еын нэг гарыг барьж байгаад ямар нэгэн шалтгаангүйгээр түүний зүүн хацар, зовхи, чих орчимд гараараа 2 удаа цохисон. С.Нын дүү С.Е миний найз Н.Еыг түүний зүүн нүдний зовхи орчимд 2 удаа цохисон. Тэр үед миний найз Н.Е өөрийгөө хамгаалж С.Нтой ноцолдох явцдаа газар унахад С.Е миний найз Н.Еыг хүзүү орчимд нь 2 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
2.5. Гэрч Е.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг 30 минутын орчимд найз С.Нын дүү С.Е тааралдаад "Е гэх хүүхэд намайг хэл амаар доромжилсон" гэж хэлсэн. Тэр үед түүний ах С.Н хэдүүлээ очиж, түүнтэй уулзъя гэж хэлээд Н.Еын байгаа газарт очоод эхлээд С.Н түүнд "Чи миний дүүг дээрэлхсэн үү" гэж хэлээд нүүрний зүүн хэсэгт нь нэг удаа цохисон. Түүний дараа дүү нь болох С.Е нь Н.Еын нүүрний зүүн хэсэг, нүд орчим газарт нэг удаа цохисон. Тэгээд С.Н нь Н.Еыг барьж аваад газар унагаахад дүү нь гэх С. Е Н.Еын толгой руу өшиглөсөн. С.Н бас түүнийг толгой, зүүн хацар, нүд орчимд цохисон. Тэр хоёр Еын дандаа зүүн зовхи, нүүр хэсэгт цохиж харагдсан. Тэд хоорондоо барилцаж газар унах үед би тэд нарыг салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
2.6. Баян-Ө аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 294 дугаартай: “...Иргэн Н.Еын биед дух, зүүн доод зовхинд шалбарсан шарх, зүүн хацар, зовхи орчим хаван хавдартай, бугалга, баруун зүүн өвдгөнд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
2.7. Яллагдагч С.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Д.А 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2513001060197 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би найзын машинтай сургуулийн ойролцоо явж байтал миний дүү С.Е тааралдаж, “намайг Н.Е дээрэлхэлээ” гэхээр нь би Н.Еаас болсон асуудлын талаар асуухаар очсон. Гэтэл тэр намайг болон манай аавыг элдэв үгээр доромжилсон. Би уурлаад Н.Еын нүүрэнд гараараа нэг удаа цохисон ба Н.Е намайг цохих гэхэд би бултсан. Тэгээд бид хоёр барилдаж ноцолдоход би эхлээд газар унахад миний найз Е гэх хүүхэд намайг татаад босгосон. Тэр үед Н.Е газар унахад миний дүү болох С.Е нь Н.Еыг нэг удаа өшиглөсөн. Тэгээд би дүүгээ дагуулаад яваад өгсөн. Би Н.Еыг зодож, түүний биед гэмтэл учруулсандаа харамсаж, гэмшиж байна.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 86-87 дахь тал /,
2.8. Насанд хүрээгүй С.Еын насыг түүний баримт бичигт үндэслэн тоолоход 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 14 нас, 5 сар, 11 хоногтой байсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 89 дэх тал/,
2.9. Иргэний хариуцагч А.Сий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие иргэний хариуцагчийн хувьд хохирогч Н.Ед учирсан хохирол болох 860,000 төгрөгийг түүний аав Нурлыбекийн дансанд нь хийж өгсөн болно. Надаас өөр хохирол нэхэмжлэхгүй гэж хэлсэн”. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/,
2.10.”А Б” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн БӨА-25-0089 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 45-49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.11. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал),
-Үндэсний энгийн гадаад паспортын лавлагаа (хавтаст хэргийн 51, 54 дэх тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.12. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:
3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Н.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 25-26 дахь тал), гэрч С.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрч Е.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 294 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал), шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд:
Шүүгдэгч С.Н нь өөрийн насанд хүрээгүй дүү С.Етай бүлэглэж, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн орчимд хохирогч Н.Еыг “дүү С.Еыг гөлөг” гэж доромжилсон гэх шалтгаанаар түүний зүүн хацар, зүүн нүдний зовхины орчимд цохиж, эрүүл мэндэд нь “дух, зүүн доод зовхинд шалбарсан шарх, зүүн хацар, зовхи орчимд хаван хавдар, бугалга, баруун зүүн өвдгөнд зулгаралт” гэмтэл бүхий, хөнгөн хохирол учруулсан үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.4 Шүүгдэгч С.Нын өөрийн насанд хүрээгүй дүү С.Етай бүлэглэж, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Н.Еыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
3.5. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд уг гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь бусадтай бүлэглэж, хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангах бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй, өөрийн төрсөн дүү С.Етай үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж хохирогч Н.Еыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
3.6. Шүүгдэгч С.Н нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч С.Ныг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
3.7. Шүүгдэгч С.Нын хохирогч Н.Еыг зодсон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
3.8. Шүүгдэгч С.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
3.10. Шүүгдэгч С.Н нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” дүгнэлтийг,
2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Шүүгдэгчид оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлэх” дүгнэлтийг,
2.3. Шүүгдэгч С.Н нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.
2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
2.6. Шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Н нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Н.Ед 860.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр заажээ.
Шүүгдэгч С.Н нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнийг “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэх үндэслэлгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй.
2.7. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж, хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн хор уршгийг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгон хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг хуульд заасан 90 хоногт сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж шийдвэрлэв.
2.8. шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Ноос гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD бичлэг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М м ургийн овгийн Сий Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг хуульд заасан 90 хоногт сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Шүүгдэгч С.Н нь гэмт хэргийн хор уршигт 860.000 /найман зуун жаран мянган/ төгрөгийг хохирогч Н.Ед төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Ноос гаргуулах хохирол, хор уршиггүйг дурдсугай.
5. Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD бичлэг 1 ширхгийг уг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б