| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/05123/И |
| Дугаар | 101/ШШ2022/04056 |
| Огноо | 2022-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/04056
2022 10 06 101/ШШ2022/04056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Л.П-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- П.Б-д холбогдох,
гэрээний үүрэгт 17,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
Хариуцагч П.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь П.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 11,500,000 төгрөг, хүү 2,300,000 төгрөг, гэрээгээр тооцсон алдангийн төлбөрт 3,450,000 төгрөг, нийт 17,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 24,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай П.Бд зээлж, шилжүүлсэн. Хэд хоногийн дараа П.Б нь 13,000,000 төгрөгийг буцаан өгсөн боловч үлдэх 11,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна. Талуудын бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн хоногийн алдангид 3,450,000 төгрөг тооцсон, гэрээгээр тохирсон хүүгийн төлбөр 2,300,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул нийт 17,250,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Нотлох баримт:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8028 дугаартай зээлийн гэрээ /хх-3/, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 19587 дугаартай захирамж /хх-4-5/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-28/ зэрэг баримтуудыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч Л.Пүрэвдорж нь хариуцагч П.Бд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,500,000 төгрөг, зээлийн хүү 2,300,000 төгрөг, гэрээгээр тооцсон алдангид 3,450,000 төгрөг, нийт 17,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн хариуцагч П.Бд холбогдуулан гаргасан 17,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гардуулан өгч /хх-10/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-12/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.
Түүнчлэн хариуцагч П.Бн шүүхэд мэдэгдсэн ********** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй, нэхэмжлэл гардаж авсан хаягаар хүргэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудсыг хаягаар очоод эзэнгүй байсан тул гардуулаагүй гэх тайлбарыг шуудангийн ажилтан утсаар өгснөөр, хорооны засаг даргаар мэдэгдэх хуудсыг гардуулахаар хүргүүлснийг Х.Отгонжаргал гэж гардан авсан байх боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч П.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар зохигч талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 8028 дугаартай зээлийн гэрээнд нэхэмжлэгч Л.Пүрэвдорж нь зээлдүүлэгч, хариуцагч П.Б нь зээлдэгчийн хувиар оролцож, 24,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.
Харин дээрх зээлийн гэрээний арын нүүрэнд 2018 оны 10 дугаар сарын 26-нд 13,000,000 төгрөгийг хүлэн авлаа гэж Л.Пүрэвдорж гарын үсэг зурсан байна /хх-3 арын нүүр/.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуулиар зохицуулсан хэлбэрийн шаардлагыг хангасан буюу 209 тамганы дугаартай нотариатч 2018-10-23-ны өдөр гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна /хх-3/.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай тул тодорхой төрлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талуудын чөлөөтэй хүсэл зоригийн үндсэн дээр эрх, үүргээ тодорхойлох агуулгатай хийгдэнэ.
Тиймээс хариуцагч П.Б нь олон удаа хуурч, худал хэлж байна гэж нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариуцагчийн зүгээс ямар нэгэн тайлбарыг шүүхэд гаргаагүй болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй.
Иймд дурдсан үндэслэлээр хариуцагчаас 17,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 244,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч П.Бгөөс 17,250,000 /арван долоон сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Пүрэвдоржид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 244,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бгөөс 244,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.П-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.Я