Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар  2025/ШЦТ/259

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч П.Отгонбаатар,

Шүүгдэгч О.М******ай,

шүүгдэгч Н.У******р, тэдний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн “5-р” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг эрүүгийн 2509000810035 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Б******н овогт О****кийн М******ай, Монгол Улсын иргэн, Төв аймагт 1966 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн ******** харуул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүдийн хамт Баянзүрх дүүргийн ********* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *********.

2. ******* овогт Н*******гийн У******р, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*****” төвд гар утас засварын үйлчилгээ үзүүлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн **************тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ******

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч О.М******ай нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай цагаан өнгийн акуа маркийн тээврийн хэрэгслээс буух үедээ хохирогч К.А******гийн хайхрамж болгоомжгүйгээр унагаасан ай фоне 14 про макс загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж бусдад 200.000 төгрөгөөр зарж өөрийн өмчийн нэгэн адилаар захиран зарцуулж 2.400.000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.У******р нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” гар утас худалдааны төвийн ***** давхрын *****тоот лангууг түрээслэн үйл ажиллагаа явуулж байхдаа О.М******айг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2.400.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 14 про макс загварын гар утсыг 200.000 төгрөгөөр худалдан авч мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч О.М******ай нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай цагаан өнгийн акуа маркийн тээврийн хэрэгслээс буух үедээ хохирогч К.А*******ягийн хайхрамж болгоомжгүйгээр унагаасан ай фоне 14 про макс загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж бусдад 200.000 төгрөгөөр зарж өөрийн өмчийн нэгэн адилаар захиран зарцуулж 2.400.000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.У******р нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М*******л” гар утас худалдааны төвийн ********* тоот лангууг түрээслэн үйл ажиллагаа явуулж байхдаа О.М******айг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2.400.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 14 про макс загварын гар утсыг 200.000 төгрөгөөр худалдан авч мөнгө угаах хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

-Хохирогч К.А*******ягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64-р хүнсний дэлгүүрийн хажууд тавьсан байсан ******* улсын дугаартай цагаан өнгийн aqua маркийн машинаасаа өглөөний 7 цаг 20 минутын орчимд буугаад 2 хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд буцаад явсан. Багшийн дээдийн орчим явж байгаад утсаа үзсэн чинь байхгүй байсан. Буцаж очоод машин тавьсан газраараа үзээд сургуулийн жижүүрт хэлээд өөрийн 9908****24 дугаар руу залгуултал холбогдохгүй байсан. Би утсаа гадуур хувцасныхаа баруун талын халаасанд хийсэн...айфоне 14 про макс 512 гиги багтаамжтай америкаас 4.600.000 төгрөгөөр авсан хар өнгөтэй камерын хамгаалалтай хар өнгийн кэйстэй утас байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал)

-Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: “... Iphone 14 pro max маркийн гар утас нэг ширхэг 2.400.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

-Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: “...Баянзүрх дүүргийн *********** тоот оршин суух...Н.У******р хэрэгт ач холбогдол бүхий хар өнгийн Iphone 14 pro max загварын гар утсыг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27 дахь тал)

 

Шүүгдэгч О.М******айгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 11 дүгээр сард шиг санаж байна. Өглөө гэрээсээ гараад 06 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт алхаж яваад зам дээрээс гар утас олсон. Тэгээд уг гар утсаа өөрөө авч яваад М*****л гэх нэр бүхий газарт авч очиж нэрийг нь мэдэхгүй ченжид 200.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Би тэр ченж залууг өмнө нь харж байгаа. Үүдэнд утас янзлаад л байж байсан залуу би танихгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

-Шүүгдэгч Н.У******рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Түк-ийн хувцастай ах орж ирсэн. Тэгээд тэр ах над дээр ирээд энэ гар утсыг олсон юм аа авах уу” гэж хэлсэн. Тэгээд уг гар утсыг нь авч үзэхэд Iphone 14 pro max загварын гар утас байсан. Тухайн ах бод надад хэлэхдээ олсон утас л гэж хэлсэн. Тэгээд уг гар утсыг би 200.000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд уг гар утсыг ажил дээрээ байлгаж байхад 3-4 хоногийн дараа өнгөө ах цагдаа нартай ирээд уг гар утсыг хураалгасан. Би уг гар утсыг олсон гэж хэлэхэд нь ядарсан хүн шиг харагдахаар н худалдаж авсан...би өмнө нь хэн нэгнээс гар утас худалдан авч байгаагүй. Уг гар утасны зах зээлийн ханш нь 1.600.000-2.200.000 төгрөг орчим байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч О.М******ай нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг.

Шүүгдэгч Н.У******р нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Тиймээс шүүгдэгч О.М******айг Эрүүгийн хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Н.У******рыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч К.А*******яд “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтээр 2.400.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Н.У******р нь мөрдөн байцаалтын шатанд гар утсыг биет байдлаар буцаан өгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул тэндийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас: шүүгдэгч О.М******айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх,

Шүүгдэгч Н.У******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж зорчих бүсийн хязгаарыг Улаанбаатар хотоор тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлөх дүгнэлтийг,

Шүүгдэгч нар болон өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг...төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэдэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан

- шүүгдэгч О.М******ай иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 48, 49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал),Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 50-51 дэх тал)

- шүүгдэгч Н.У******р иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52, 53 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 54-55 дах тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.М******ай, Н.У******р нар нь хохирогчтой эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч О.М******ай, Н.У******р нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хэн аль нь гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй гэх нөхцөл байдлыг үндэслэн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.М******айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөг, шүүгдэгч Н.У******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч нарын дээрх хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн ...байдлыг харгалзан ...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэснийг үндэслэн мөн зүйлийн 1.1 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, ...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;” гэсний дагуу шүүгдэгч О.М******ай оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөг, шүүгдэгч Н.У******рыг оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

2.3.Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2509 0008 10035 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б*******н овогт О****кгийн М******айг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн

-Н*****н овогт Н*******гийн У******рыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.М******айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.У******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М******айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.У******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас тус тус чөлөөлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХЗУЛ