Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/00399

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 13 101/ШШ2023/00399

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  Э Э Ф ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Б.А-д холбогдох,

7,368,129 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П.

 

Хариуцагч Б.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.А нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б3 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 28,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн дүнг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн дансанд шилжүүлсэн боловч хариуцагч нь зээлийн төлбөрөө гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Зээлээс 2020-10-01-нд 1,525,869 төгрөг, 2021-03-24-нд 3,000,000 төгрөг, 2021-10-19-нд 1,900,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд манай компанийн зүгээс барьцааны зүйл болох автомашиныг хураан авч худалдан борлуулснаар 2022-01-17-нд 28,500,000 төгрөгийг төлснөөр хариуцагч нь нийт 34,925,869 төгрөгийг төлсөн. Хариуцагчаас автомашиныг хураан авснаар уг машины торгуулийн төлбөрт 456,465 төгрөг, 2020 оны албан татварт 41,122 төгрөг, 2021 оны албан татварт 102,537 төгрөг, 2022 оны албан татварт 102,537 төгрөгийг, үзлэг оношилгоонд 150,000 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 6,518,129 төгрөг, автомашиныг хураан авч бусдад худалдахад гарсан зардалд 852,661 төгрөг, нийт 7,368,129 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-3/, Э Э Ф ББС ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-5-7/, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б3 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-8-10/, UB1 delguur нэртэй 55,000 төгрөгийн баримт /хх-45/, оношлогооны хуудас /хх-46/, А Ш ХХК-н автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-48-49/, Э.М автомашины татвар 2022-01-26-нд төлсөн баримт /хх-52, 53, 54/, 2022-01-26-ны торгууль гэсэн баримт /хх-55/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-56-58/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

 

Хавтаст хэргийн 11 , 12, 47, 50, 51-р талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э Э Ф ББСБ ХХК нь Б.Ад холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлийн үүрэгт 6,518,129 төгрөг, автомашины торгуулийн төлбөрт 456,465 төгрөг, 2020 оны албан татварт 41,122 төгрөг, 2021 оны албан татварт 102,537 төгрөг, 2022 оны албан татварт 102,537 төгрөгийг, үзлэг оношилгоонд төлсөн 150,000 төгрөг, нийт 7,368,129 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.

 

Хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан 7,368,129 төгрөг гаргуулах тухай Э Э Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гардуулан өгч /хх-19/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулж /хх-21/, хэргийн материалтай танилцуулсан /хх-22, 62/ боловч хариуцагч Б.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.

 

Хариуцагч Б.Аын хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн 9 дугаартай баримтад 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурсан байх боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн хариуцагч Б.Аыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1. Үндсэн зээлийн 6,518,129 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Э Э Ф ББСБ ХХК, Б.А нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр барьцаат зээлийн БЗ00178 дугаартай гэрээ байгуулагдсан, 28,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлдэгч зээлийг хувийн хэрэгцээний зориулалтаар ашиглахаар, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор, үүргийн гүйцэтгэлийг хангахаар 09-16 УАМ улсын дугаартай, тоёота кроун маркийн автомашиныг барьцаалсан гэж талууд тохиролцжээ /хх-8-10/.

 

Зохигчдын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хариуцагч Б.А барьцаат зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж тус тус зохицуулсан.

 

Тиймээс банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг бичгээр байгуулсан, улмаар нэхэмжлэгчээс хариуцагчид зээлийн 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулгаар нотлогдож нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, улмаар нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 09-16 УАМ улсын дугаартай, тоёота кроун маркийн автомашиныг хураан авч худалдан борлуулснаар 2022 оны 01-р сарын 17-ны өдрийн 28,500,000 төгрөгийг зээлээс хасаж тооцсон болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх тул зээлийн гэрээний 6.2-т заасныг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөр тасалбар болгон барьцаат зээлийн гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 6,518,129 төгрөгийг шаардсан бөгөөд хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч Б.А нь 2020-10-1-нд үндсэн зээл, хүүгийн төлбөрт 1,525,869 төгрөгийг, 2021-03-24-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 3,000,000 төгрөгийг, 2021-10-19-нд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,900,000 төгрөгийг, 2022-01-17-ны өдөр үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,000,000 төгрөгийг, мөн өдөр үндсэн зээлийн төлбөрт 10,500,000 төгрөгийг тус тус төлсөн байна /хх-57-58/.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн 6,518,129 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байна.

 

2. Автомашины татвар, оношилгоо, торгуулийн төлбөрт шаардсан 850,000 төгрөгийн тухайд

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлдүүлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаатай холбогдуулан гарсан зардлыг хохиролд тооцно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д барьцаалсан **** УАМ улсын дугаартай автомашины хураан авч худалдан борлуулахаар оношилгоонд оруулсан зардалд 150,000 төгрөг, торгуулийн төлбөрт 456,465 төгрөг, 2020 оны албан татварт 41,122 төгрөг, 2021 оны албан татварт 102,537 төгрөг, 2022 оны албан татварт 102,538 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд автомашины торгууль төлсөн гэх 456,465 төгрөгийн баримт нь Гэрэгэ систем ашиглан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн /хх-55/, автомашины татвар төлсөн гэх 48,122 төгрөг, 102,537 төгрөг, 102,537 төгрөгийн Гэрэгэ системийн баримтад **** УАМ улсын дугаартай автомашины эзэмшигч Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ гэж бичигдсэн /хх-52-54/, Auto center оношилгооны хуудас гэх баримтад А Ш гэсэн нэр бичигдсэн /хх-46/, UB-1 delguur8 unelgee tog 55.000 гэсэн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт /хх-45/ байна.

 

Мөн А Ш ХХК-н автомашины техникийн үнэлгээний 2022-01-06-ны өдрийн огноотой тайланд **** УАМ улсын дугаартай, Grown210 маркийн автомашины зах зээлийн дундаж үнэлгээг үнэлсэн талаар дурдсан /хх-48-49/ байх боловч дурдсан татвар хураамжийн зардалд 850,000 төгрөгийг нэхэмжлэгч Э Э Ф ББСБ ХХК төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 09-16 УАМ улсын дугаартай, тоёота кроун маркийн автомашиныг хариуцагчаас хураан авч худалдан борлуулсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан дээрх төлбөрийн баримтаар үүргийн зөрчилтэй холбоотой үүссэн хохирол тооцох үндэслэлгүй тул **** УАМ улсын дугаартай автомашины оношилгоонд оруулсан зардал 150,000 төгрөг, торгуулийн төлбөр 456,465 төгрөг, 2020, 2021, 2022 оны албан татвар 246,197 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шаардсаныг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчаас 6,518,129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 119,240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ааас 6,518,129 /зургаан сая таван зуун арван найман мянга нэг зуун хорин есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э Э Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 850,000 /найман зуун тавин мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 132,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас 119,240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эл Эс финанас ББСБ ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.Я