Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/00704

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 31 101/ШШ2023/00704

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, шүүгч Н.С, шүүгч Т.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Ж С Д М ГХОХХК -н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Ч.Т-т холбогдох,

гэм хорын хохирол төлбөрт 6,476,300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

Иргэдийн төлөөлөгч С.Э хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид ирцтэй холбогдуулан гаргах саналгүй гэснээр иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага автобусны буудал дээр сурталчилгаа байрлуулдаг. Бид самбарыг 2016 онд байршуулсан байсан. Тэр самбарыг 30 жилийн хугацаатайгаар байршуулж өөрийн эд хөрөнгөөр бүртгэсэн байсан. Хариуцагч нь машин барьж явахдаа манай самбарыг мөргөж, байгууллагын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн. Бид тус самбарыг өөрсдийн зардлаар сольсон. Самбарыг үнэлүүлж холбогдох байгууллагаар үнэлгээг гаргуулсан. Энэ талаар баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Бид үнэлгээ хийлгэхэд мөн тодорхой төлбөрийг төлсөн. Манай байгууллагад нийт 6.476.300 төгрөгийн хохирол үүссэн гэж үзэж байна.

Бид БНХАУ-д самбарыг захиалж үйлдвэрлүүлээд гаалийн татвар, тээврийн төлбөрийг төлөөд авч ирдэг. Ингээд оруулж ирээд байгууллагын үндсэн хөрөнгөөр бүртгэдэг. Манай санхүүгээс бараа материалын үнийн талаар мэдээллийг аваад шинжээч үнэлгээгээ хийсэн. Татвар болон НӨАТ-ийн асуудал хуулийн дагуу тусдаа төлөгдөж байдаг. Миний мэдэхээр краны төлбөр 400.000 төгрөг байдаг. Мөн ажилчдын зардал гарсан боловч яг хэдэн төгрөгийн зардал гарсан талаар мэдэхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь самбарыг эвдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч талаас самбарын бодит үнэлгээг хэрхэн гаргаж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Самбарыг тогтооход гарсан ажлын хөлс, тээврийн зардал, материалын үнэ зэрэг нь тодорхой байх ёстой. Би хувиараа судалгаа хийсэн. Ингээд нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувийг төлөх санал гаргаж байгаа. Нэхэмжлэгч талд хохирол учруулсан нь буруу хэдий ч хариуцагч нь гэр бүлийн хамт амьдрах гээд хичээж яваа залуу хүн гэдгийг ойлгож үзэх хэрэгтэй. Тухайн самбарыг ямар үндэслэлээр, хэрхэн үнэлж байгааг нарийн тодорхой гаргаж нэхэмжлэх ёстой гэж бодож байна.

Би гаалийн байгууллагаас судалгаа хийсэн. Иймэрхүү самбар 2.000.000 орчим төгрөгийн үнэтэй байсан. Гаалийн татвар нь үнийн дүнгийн 15.5 хувь байсан. 1 тонн барилгын материалын ачалтын үнэ 1300 орчим юань байсан. Ажлын хөлс, тээврийн зардал, татвар нийт 1.000.000 орчим төгрөг болно гэж үзсэн. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бодит үнэ биш гэж л үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг л төлөх боломжтой гэв.

 

Нотлох баримт тухайд

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-4-5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, нэхэмжлэгч компаний гэм хорын төлбөр гаргуулах тухай хүсэлт /хх-7-8/, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх хуулбар /хх-9/, Замын цагдаагийн албаны Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материал /хх-10-23/, Б Э ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-24-26/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл гаргасан /хх-37/

 

Хавтаст хэргийн 27, 28-30 дугаар талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 6,231,000 төгрөгийг хангаж, үлдсэн 245,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ж С Д М ХХК нь Ч.Тт холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохиролд 6,231,000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөрт төлсөн 245,300 төгрөг, нийт 6,476,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч Ч.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч Ж.Б нэг жилийн хугацаатай олгосон байна /хх-37/.

 

Хариуцагчид холбогдуулан гаргасан 6,476,300 төгрөг гаргуулах тухай Ж С Д М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гардуулан өгч /хх-38/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулж /хх-40/, хэргийн материал танилцуулсан /хх-41/ боловч хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбарыг шүүхэд гаргаагүй байна.

 

4. Хариуцагч талын хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх боловч шүүхэд тайлбар ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн хариуцагч Ч.Тыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.

 

5. Гэвч шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн 6,476,300 төгрөгийн шаардлага нь бодит зардал биш учраас уг шаардлагын 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргаж маргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч, эвлэрэх боломжгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалаас үзэхэд

- Эрх бүхий албан тушаалтны холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд Ч.Т нь ...найз бид 2 хоорондоо маргалдсан чигтээ авто машинаа бариад явчихсан, тэгж явахдаа багшийн дээдийн урд талын самбарыг мөргөчихөөд явсан, харсан хүн нь дуудлага өгөөд намайг гэрийн гадна зогсох үед цагдаа ирж барьсан гэх мэдүүлэг /хх-19/,

- Эрх бүхий албан тушаалтны магадлагаанд ...Ч.Т нь 2021 оны 10 сарын 09-ний өдрийн 00 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 1-р хороо, багшийн дээдийн урд замд ***** маркийн **** УББ улсын дугаартай авто машиныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн12.3, 3.7, 3.5, 9.5- заасныг тус тус зөрчиж Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах J ХХК-н эзэмшлийн сурталчилгааны самбарыг мөргөж эд хөрөнгийн хохирол учруулан осол хэргийн газрыг орхиж явсан байх үндэслэлтэй гэх тэмдэглэл /хх-21/,

- Ж С Д М ХХК-ийн эзэмшлийн рекламны самбарт учирсан хохирлыг үнэлсэн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 271 дугаартай тайланд рекламны самбар эвдэрлийн зэрэг их, элэгдэл бодож тогтоосон үнэ 4,669,000 төгрөг, угсралт, суурилуулалтын материал зардал элэгдэл бодож тогтоосон үнэ 1,034,000 төгрөг, ажлын хөлс 128,000 төгрөг, техник болон механизмын зардал 400,000 төгрөг, нийт 6,231,000 төгрөг гэх үнэлгээний баримт байна /хх-24/.

 

Ч.Т нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 00 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 103-н хажуу замд ***** маркийн **** УББ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ J ХХК-н эзэмшлийн сурталчилгааны самбарыг мөргөж хохирол учруулсан болон уг осол хэргийн газрыг орхиж явсан зам тээврийн осол гаргаж зугтаан ******* зогсоолд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан гэх зөрчлийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэс хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсаар Ч.Тыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаатай хасах шийтгэл ногдуулсан байна /хх-23/.

 

Дээрх баримтаар Ч.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо нэхэмжлэгчийн эзэмшлийн сурталчилгааны самбарыг мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч гэм буруугийн талаар маргахгүй байна.

 

Энэхүү ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн сурталчилгааны самбарт учирсан хохирлын үнэлгээг Б Э ХХК нь 6,231,000 төгрөгөөр тогтоосон байна /хх-24/.

 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулснаар нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдээс эд хөрөнгөд учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг Б Э ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон самбарын үнэ, угсралт суурилуултын зардл, ажлын хөлс, техникийн зардал 6,231,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 245,300 төгрөг гэж тодорхойлсон.

 

Хариуцагч талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх үүргийг дэлгэрэнгүйгээр тайлбарлан танилцуулсан бөгөөд шүүх хуралдааны үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтгүй гэснээр хэрэг хэлэлцэх ажиллагааг эхлүүлсэн.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан нь гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг төлөх үүрэгтэй тул шүүх 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн Б Э ХХК-ийн хохирлын үнэлгээг бодит хохирол гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулснаар хариуцагчаас 6,231,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн сурталчилгааны самбарыг хариуцагч Ч.Т мөргөсөн, хохирол учруулсанд маргаагүй боловч үнэлгээний тайланд тусгасан дүн бодит үнэлгээ биш гэж маргаж татгалзсан тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээ хийлгэхэд төлсөн ажлын хөлсний 245,300 төгрөгийн нэхэмжлэх нэртэй баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд 245,300 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн гэх баримтгүй байна.

 

Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Ч.Таас 6,231,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж С Д М ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 245,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 114,646 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигч талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Таас 6,231,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж С Д М ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 245,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Таас 114,646 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж С Д М ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Я

 

 

ШҮҮГЧИД Н.С

 

 

Т.Э