| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/03935/И |
| Дугаар | 182/ШШ2022/03435 |
| Огноо | 2022-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2022/03435
2022 11 25 182/ШШ2022/03435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХБ-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 4,437,676 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Хариуцагч Г.Б, өмгөөлөгч Г.Б нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б нь манай байгууллагатай 2018.04.30-ны өдөр 2018/000335/0056 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулан 7,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатайгаар, сарын 1,8%-ийн хүүтэйгээр зээлж авсан. Мөн 2018.04.30-ны өдөр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлого, түүний үр шим болох 11,536,000 төгрөгийг барьцаалсан. Хариуцагч Г.Б нь зээл, хүүг хуваарийн дагуу төлж байсан боловч 2020 оны 03 сараас зээл төлөхөө больж, 2020 оны 04 сараас хүү төлөхгүй болсон. Тэрээр зээлд 3,734,828 төгрөг, хүүд 2,835,062 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээл, хүү төлөх талаар хариуцагч Г.Бод удаа дараа шаардлага тавьдаг боловч биелүүлдэггүй, гэрээний хугацаа 2021.04.30-ны өдөр дууссан. Нэгэнт барьцааны гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул бид барьцааны гэрээний дагуу шаардлага гаргаагүй. Зөвхөн зээлийн гэрээний дагуу шаардлага гаргаж байна.
2022.09.12-ны өдрийн байдлаар хариуцагч Г.Бын зээлийн үлдэгдэл 3,265,171 төгрөг, хүүний үлдэгдэл 1,077,074 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,430 төгрөг, нийт 4,432,676 төгрөг болсон байна. Үүний зэрэгцээ бид шүүхэд нэхэмжлэл гаргаж, баримт материал нотариатаар батлуулсан зардал 5,000 төгрөг болсон байгаа. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг юу гэж үзсэн талаар шүүхэд огт тайлбар, баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагч Г.Боос нийт 4,437,676 /4,432,676+5,000/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.02.08-ны өдрийн 3/930 дугаар итгэмжлэл, 2018.04.30-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2018.04.30-ны өдрийн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, Г.Бын зээлийн хүсэлт, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатч Ю.Баярмагнайгийн 2022.08.26-ны өдрийн нэхэмжлэх гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.
3.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн тайлбар, баримт ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Г.Бод холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 4,437,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Г.Б нь зээлийг хүлээн авч, ашигласан байх боловч зээлийн гэрээний график зөрчиж, зээл төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан баримт, материал нотариатаар батлуулж байгууллагаас зардал гарсан тул зээл, хүү, зардлыг хариуцагч Г.Боос шаардах эрхтэй, харин барьцааны гэрээний шаардлага хэрэгжих боломжгүй учир татгалзсан байгаа гэж тайлбарлав.
Зохигчид 2018.04.30-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч Г.Б нь 7,000,000 төгрөгийг байшин засварлах зориулалтаар, 36 сарын хугацаатай, сарын 1,8%-ийн хүүтэйгээр нэхэмжлэгч ХХБ ХХК-иас зээлж авсан, тэрээр графикийн дагуу төлөлт хийх, хийгээгүй тохиолдолд 20%-иар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр,
2018.04.30-ны өдрийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Г.Бын ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлого, түүний үр шим болох 11,536,000 төгрөгийг барьцаалж, зээлийг төлөөгүй тохиолдолд уг орлого, үр шим болох 11,536,000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.
3.Зохигчдын хооронд байгуулагдсан дурдсан зээл, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Г.Бод 2018.04.30-ны өдөр 7,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байх бөгөөд хариуцагч Г.Б нь зээлийг ашиглаж, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу, зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 7,000,000 төгрөг, хүүд 2,575,419 төгрөг, нийт 9,575,419 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэхүү үүргийн дагуу үндсэн зээлд 3,734,828 төгрөг, хүүд 2,835,062 төгрөг тус тус төлсөн байх боловч 2020 оны 03 сараас зээл, 2020 оны 04 сараас хүү төлөхөө больж, зээлийн график зөрчигдөж, зээлийн гэрээний хугацаа 2021.04.30-ны өдөр дуусчээ.
4.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар нэхэмжлэгч ХХБ ХХК нь зээлийн 7,000,000 төгрөгийг хариуцагч Г.Бод шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч Г.Б нь мөн хуулийн заалт болон зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.3-т зааснаар зээл, хүү төлөх үндсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн төлөлтийг бүрэн хийгээгүй, зээл, хүүний үлдэгдэлтэй, уг төлбөрийг төлөхийг нэхэмжлэгчээс удаа дараа шаардсан, тэрээр шүүхэд хандаж, баримт материал нотариатаар батлуулж өөрөөсөө зардал гаргасан байдал баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч ХХБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5, 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,265,171 төгрөг, хүүний үлдэгдэл 1,077,074 төгрөг, гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү 90,430 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 4,437,676 төгрөгийг хариуцагч Г.Боос шаардах эрхтэй хариуцагч Г.Б төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол үндэслэл бүхий байна гэж үзлээ.
5.Шүүх хариуцагч Г.Бод 2022.10.05-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан, эрх, үүргийг нь танилцуулан, 2022.10.29-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч Г.Б нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Тиймээс хариуцагч Г.Быг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул хариуцагч Г.Боос үндсэн зээлийн үлдэгдэл 3,265,171 төгрөг, хүүний үлдэгдэл 1,077,074 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,430 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 4,437,676 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-нд олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
6.Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 85,953 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос 85,953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Г.Боос 4,437,676 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 85,953 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос 85,953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА