Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2022/03630

 

 

 

 

 

 

 

 

 

   2022      12         13                                             182/ШШ2022/03630

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:МТҮП ТӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК‑нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 3,465,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г,

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Д.Б,

Гэрч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: МТҮП ТӨААТҮГ нь 2013.03.14-ний өдөр 13/11 дугаартай төрийн өмчийг түрээслэх тухай гэрээг Э ХХК-тай байгуулж, МТҮПийн 3 давхар, 305 тоотын 33 м.кв талбайтай өрөөг, 1 сарын 1.155.000 төгрөгөөр 2013 оны 03 сараас 2013 оны 06 сар хүртэл 4 сарын хугацаатай түрээсэлсэн. Тухайн үед Э ХХК нь 2013 оны 03 сарын түрээсийн төлбөрийг төлсөн ба түүний дараах 3 сарын түрээсийн төлбөрийг огт төлөөгүй байдаг. Манай зүгээс хариуцагчаас хүлээн авсан 3,000,000 төгрөгийн барьцааны баримт гарч ирэхгүй байна, тийм болохоор барьцаа аваагүй байна гэж үзсэн. Улмаар манай зүгээс 2013.10.04-ний өдөр Э ХХК-д төлбөр төлөх талаар нэхэмжлэл хүргүүлж, тухайн нэхэмжлэл дээрээ гэрээнд заасны дагуу алданги тооцох талаараа сануулсан байдаг. Гэтэл Э ХХК нь өнөөдрийг хүртэл тухайн 3 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй байгаа учир Э ХХК-аас түрээсийн төлбөрт 3.465.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МТҮП ТӨААТҮГ нь тухайн үед IT-ийн компаниудыг инкубатор компани гээд 1 жилийн хугацаанд түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог байсан. Биднийг анх түрээсэлж эхлэх үед инкубатор компанийн шалгаруулалт арай эхлээгүй байсан учир бид 2013.03.14‑ний өдөр түрээсийн гэрээ байгуулаад 1 сарын түрээсийн төлбөр 1,150,000 төгрөгийг төлж, 3,000,000 төгрөгийг барьцаа болгон бэлнээр н.Батцэнгэл гэх хүнд өгсөн. Тухайн үедээ бэлэн мөнгөний баримт үйлдсэн боловч өнөөдөр энэ баримт олдохгүй болчихоод байна. Улмаар шалгаруулалт явагдаад бид инкубатор компаниар шалгарч чадаагүй учир тухайн түрээсийн талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. 2013.05.31 хүртэл байж байгаад 2013.06.10‑ны өдөр байраа чөлөөлж өгсөн. Энэ үед бид тооцоо хийгээгүй, барьцааны 3,000,000 төгрөгөөр түрээсийн төлбөр төлөгдсөн гэж ойлгож явсан.

Гэтэл нэхэмжлэгч нь өнгөрсөн 9 жилийн хугацаанд биднээс ямар нэгэн түрээсийн төлбөр нэхэж байгаагүй, өнгөрсөн зун л нэг удаа бидэнд энэ талаар мэдэгдэж байна. 2017 онд манай байгууллагыг эрэн сурвалжлуулсан гэж байгаа боловч бид тэр талаар нь огт мэдээгүй. Иймд бид түрээсийн төлбөрийг төлчихсөн, нөгөө талаар Иргэний хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013.03.14‑ний өдрийн 13/11 дугаар төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ  /бүрэн уншигдахгүй/, түрээсийн гэрээний сунгалтууд, авлага, өглөгийн товчоо тайлан гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, иргэний үнэмлэхний лавлагаа гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Тус шүүхийн 2022.12.01‑ний өдрийн 15539 дүгээр шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9‑д зааснаар 2013.03.14‑ний өдрийн 13/11 дугаар төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, түрээсийн гэрээний сунгалтууд, Э ХХК‑иас МТҮП‑ын захиргаанд гаргасан өргөдөл, Хан‑Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.07‑ны өдрийн нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой 2017.11.07‑ны өдрийн итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.17‑ны өдрийн 2919 дүгээр шийдвэр, Мэдээллийн технологийн инкубаторын үйл ажиллагааны журам, журмын хавсралт, Мэдээллийн технологийн үндэсний паркын ажил дүгнэх журам гэсэн баримтууд шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч МТҮП ТӨААТҮГ /цаашид МТҮП гэж товчилно/ нь хариуцагч Э ХХК‑нд холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 3,465,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч тал түрээсийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, тухайн үед 1 сарын түрээсийн төлбөр төлснөөс өөр төлөлт хийгээгүй, түрээсийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч нь өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд бид тухайн үедээ түрээсийн гэрээ байгуулж, 1 сарын түрээсийн төлбөр, барьцааны 3,000,000 төгрөгийг төлсөн, 2013.05.31 хүртэл үйл ажиллагаа явуулж, 2013.06.10‑ны өдөр өрөөгөө хүлээлгэн өгсөн, тухайн үед бидний барьцааны мөнгөнөөс төлбөр, тооцоог хийсэн гэж бодсон, тэгээд ч 9 жилийн хугацаанд биднээс төлбөр нэг ч шаардаж байгаагүй, иймд түрээсийн төлбөрийг төлчихсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

3.Хариуцагч Э ХХК нь МТҮП‑ын захиргаанд хандаж “...бидний үйл ажиллагаа өргөжсөнтэй холбогдуулан ажлын өрөө шаардлагатай байгаа тул 2013.03.13‑наас 2013.05.31‑ний хооронд түр хугацаагаар өрөө гаргаж өгнө үү...” гэж хүссэн байх бөгөөд, зохигчдын хооронд 2013.03.14‑ний өдрийн 13/11 дугаар төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагджээ.

 

Уг гэрээгээр хариуцагч Э ХХК нь МТҮП‑ын 3 дугаар давхарт байрлах, оффисын зориулалттай, 33 м.кв талбай бүхий 305 тоот өрөөг, 1 м.кв‑ыг 35,000 төгрөгөөр тооцон, 1 сард 1,155,000 төгрөгөөр 2013.03.14‑ний өдрөөс 2013.05.31‑ний өдрийг хүртэл түрээслэн ашиглаж төлбөр төлөх, МТҮП нь оффиссын зориулалттай 305 тоот өрөөг Э ХХК‑нд хүлээлгэн өгч, хяналт тавьж, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцэж байх бөгөөд хуулийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг онцлогтой.

 

4.Нэхэмжлэгч МТҮП нь түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 1.5, 1.7, 2 дугаар зүйлийн 2.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1‑д зааснаар түрээсийн зүйл болсон 33 м.кв, 305 тоот өрөөг гэрээ байгуулсан өдөр хариуцагч Э ХХК‑нд хүлээлгэн өгсөн, хариуцагч Э ХХК нь мөн хуулийн заалт болон, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.4‑т заасны дагуу өрөөг хүлээн авч, зохих журмын дагуу ашиглаж, гэрээ байгуулсан өдрөө урьдчилан 1,155,000 төгрөг болон барьцаа болгон 3,000,000 төгрөгийг тухайн үеийн байгууллагын ажилтан н.Батцэнгэлд хүлээлгэн өгсөн байна.

 

Энэ талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Баттулга “...Би Э ХХК‑нд тухайн үед программ хангамжийн хөгжүүлэлтийн ажилд нь тусладаг байсан, Э ХХК нь МТҮП‑д нэг хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан, тухайн байгууллагын санхүүгийн ажилтан н.Батцэнгэл гэдэг хүнд Батмөнх бид хоёр хамт явж байгаад 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, баримт үйлдсэн эсэх, ямар зориулалттай байсныг одоо санахгүй байна, гэхдээ түрээсийн төлбөр байсан гэж бодож байна...” гэж мэдүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын хэн аль нь барьцааны 3,000,000 төгрөгийг хүлээн авсан, өгсөн талаар баримтгүй байх боловч шүүх хариуцагч талын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр Э ХХК нь нэхэмжлэгч МТҮП-ын тухайн үеийн ажилтан н.Батцэнгэлд барьцааны 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...3,000,000 төгрөгийн баримт манай байгууллагад байхгүй байгаа учир хариуцагчаас тухайн үедээ барьцааны мөнгө аваагүй байх боломжтой...” гэх тайлбар няцаагдав.

5.Түрээсийн гэрээний сунгалт гэсэн 2 удаагийн баримтаас үзвэл түрээсийн гэрээг ямар хугацаагаар, хэзээ сунгасан нь тодорхойгүй, энэхүү хоёр баримтаар түрээсийн гэрээг сунгагдсан гэж үзэхгүй бөгөөд хариуцагч Э ХХК нь 2013.06.10‑ны өдөр түрээсийн өрөөг нэхэмжлэгч МТҮП‑д буцаан хүлээлгэн өгчээ. Талуудын хэн аль нь гэрээнд зааснаар акт үйлдээгүй, түрээсийн байрыг ямар байдалтай хүлээн авч, ямар байдалтай хүлээлгэн өгсөн талаар баримтгүй байх боловч талууд энэ талаар маргаагүй болно.

 

Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээний хугацаа 2013.05.31‑ний өдөр дуусч, сунгагдаагүй, нэхэмжлэгч тал өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, авлага, өглөгийн товчоо тайлан гэсэн баримтаар хариуцагч талыг 3,465,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж шаардаж байх боловч хариуцагч Э ХХК нь 2013.03.14‑ний өдрөөс 2013.06.10‑ны өдрийг хүртэл 3 сар үйл ажиллагаа явуулсан, энэ хугацаанд гэрээнд тохиролцсоны дагуу нийт 3,465,000 /1,155,000 төг * 3 сар/ төгрөгийг нэхэмжлэгч МТҮП‑д төлөх үүрэгтэй, энэ үүргээс 3 дугаар сарын түрээсийн төлбөрт 1,155,000 төгрөгийг, 3,000,000 төгрөгийн барьцаа, нийт 4,155,000 төгрөг буюу илүү 690,000 төгрөгийг төлж, гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн байна гэж дүгнэлээ.

 

6.Нөгөө талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1‑д заасан нэхэмжлэгч МТҮП-ын гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусчээ. Тодруулбал, нэхэмжлэгч МТҮП нь 2013 оны 06 сараас 2016 оны 06 сарын дотор энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх учиртай, энэ хугацаанд хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тухай бичгийн баримтгүй байна.

 

Харин нэхэмжлэгч МТҮП нь дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 2017.08.07‑ны өдөр анх Хан‑Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Э ХХК‑нд холбогдуулан түрээсийн төлбөрт 5,197,500 төгрөг нэхэмжилж байсан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.17‑ны өдрийн 2919 дүгээр шийдвэрээр хариуцагч компанийг эрэн сурвалжлуулж хаяг тогтоон 2022 оны 09 сард тус шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

7.Тиймээс хариуцагч Э ХХК нь түрээсийн гэрээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн төлбөр төлөх үүргийг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлж, хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1, 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар гэрээний хугацаа дуусгавар болсноор түрээсийн өрөөг нэхэмжлэгч МТҮП‑д хүлээлгэн өгсөн, тэрээр 1 сарын урьдчилгаа төлбөр 1,155,000 төгрөг, барьцааны 3,000,000 төгрөгөөр түрээсийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, нөгөө талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан байна гэж дүгнэлээ.

 

 Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хариуцагч Э ХХК‑нд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 3,465,000 төгрөг гаргуулах тухай МТҮП-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

8.Нэхэмжлэгч МТҮП‑ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч талаас гарган өгсөн Мэдээллийн технологийн инкубаторын үйл ажиллагааны журам, журмын хавсралт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар, Мэдээллийн технологийн үндэсний паркын ажил дүгнэх журам нь хэрэгт хамааралгүй байх тул эдгээр баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Э ХХК‑нд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 3,465,000 төгрөг гаргуулах тухай МТҮП ТӨААТҮГ‑ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч МТҮП ТӨААТҮГ‑ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА