| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/04377/И |
| Дугаар | 182/ШШ2022/03631 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2022/03631
2022 12 13 182/ШШ2022/03631
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: МФ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ББ-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 609,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Хариуцагч Б.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б нь "МФ" ГХОХХК-тай 2020.01.08-ын өдөр Цахим Барьцаат зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр зээлдэгч нь өдрийн хүүтэй 290.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд 30,400 төгрөгийн хүү, нийт 320,400 төгрөг болгон буцаан төлөх үүрэг хүлээж, зээлийн мөнгийг бэлэн бусаар хүлээн авсан байгаа. Манай байгууллага нь Монгол Улсдаа анхдагч "Зээл олгох машин" зээлийн терминал машинаар бэлэн мөнгөний зээлийн үйл ажиллагааг нэвтрүүлэн Монгол Улсын Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 43 дугаар зүйлийн 43.2.4-т зааснаар байгуулсан цахим зээлийн гэрээ юм.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлөлтөө хийлгүй 648 хоногийн хугацаа хэтрүүлж, нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ гүйцэтгэх талаар мэдэгдэж, зээл авах үед бүртгүүлсэн утасны дугаарт залгаж, зээлийн төлөлт хийхийг анхааруулсан боловч Б.Б нь ямар нэгэн байдлаар зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Иймд бид зээлийн гэрээний 3.2, Иргэний хуулийн 222.5-д зааснаар зээл, хүүг зээлийн төлбөрийг зээлийг бүхэлд нь төлж дуусах хүртэл хугацаагаар шаардах эрхтэй гэж үзсэн байгаа. Тиймээс зээлийн хүүг 2020.01.22-ны өдрөөс 2021.05.05-ны өдрийг хүртэл 147 хоног, 1 өдрийн хүүг 2171 /30,400 төг : 14 хон/ төгрөгөөр тооцон, зээлийн хүүг зогсоосон.
Нэхэмжлэл гаргасан 2022.09.19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 290,000 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хуримтлагдсан хүү 319.000 /2171 төг * 147 хон/ төгрөг, нийт 609.000 төгрөг болсон байна. Нөгөө талаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэлд ямар нэгэн тайлбар өгөөгүй, татгалзлаа нотолсон баримт ирүүлээгүй байх тул нэхэжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Б.Баас зээлийн гэрээний үүрэгт 609.000 төгрөгийг гаргуулж МФ ГХОХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.01.08-ны өдрийн цахим барьцаат зээлийн гэрээ, зээл олгосон баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
3.Хариуцагч талаас шүүхэд ямар нэгэн бичгийн тайлбар, холбогдох баримтыг ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч МФ ГХОХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 609,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг зээлийн гэрээний хугацаа нэгэнт дууссан, хариуцагч нь авсан зээлээс нэг ч төлөлт хийгээгүй, манай байгууллага зээлийг төлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч байсан, иймд үндсэн зээл, хүүг зээлийг эргүүлэн төлж барагдуулах хүртэл шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч МФ ГХОХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, гадаад худалдаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд зохигчдын хооронд 2020.01.08-ны өдөр цахим барьцаат зээлийн гэрээ байгуулагджээ. Зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Б нь 290,000 төгрөгийг, 14 хоногийн хугацаатай, 30,400 төгрөгийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар нэхэмжлэгч МФ ГХОХХК-иас зээлж авах, зээлийг, хүүгийн хамт заасан хугацаанд буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги төлөхөөр тус тус тохиролцжээ.
3.Зохигчдын хооронд үүссэн энэхүү харилцааг шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа байна гэж дүгнэсэн бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 286 дугаар зүйлийн 286.2, 286.5, 42 дугаар зүйлийн 421.1, 43 дугаар зүйлийн 43.2.4-т заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч МФ ГХОХХК нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.6, 4 дүгээр зүйлийн 4.2.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлийн 290,000 төгрөгийг 2020.01.08-ны өдөр хариуцагч Б.Бт олгосон байхад хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.4.5-т зааснаар авсан зээл 290,000 төгрөг, ашигласан хугацааны 14 хоногийн хүү 30,400 төгрөг, нийт 320,400 төгрөгийг 2020.01.22-ны өдөр нэхэмжлэгч МФ ГХОХХК-нд буцаан төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн төлөлт огт хийгээгүй байна.
4.Нэхэмжлэгч Монэск финанс ГХОХХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3-т зааснаар зээлийг төлүүлэх талаар утсаар ярих, мэдэгдэл хүргүүлэх зэргээр тодорхой ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Б.Б зээлийг төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа 2020.01.22-ны өдөр дууссан байх бөгөөд хугацаа ямар нэгэн байдлаар бичгээр сунгагдаагүй.
Иймд нэхэмжлэгч МФ ГХОХХК-нд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээл, хүүг хариуцагч Б.Баас шаардах эрх үүссэн, нөгөө талаар хариуцагч Б.Б нь зээл 290,000 төгрөг, хүү 30,400 төгрөгийг нэхэмжлэгч МФ ГХОХХК-нд буцаан төлөх үүрэгтэй.
5.Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй байх боловч нэхэмжлэгч МФ ГХОХХК нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар үндсэн хүүгийн 30,400 төгрөгөөс гадна хэтрүүлсэн хугацааны хүүг 2020.01.22-ны өдрөөс 2021.05.05-ны өдрийг хүртэл тооцон 319,000 төгрөгийг хариуцагч Б.Баас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хариуцагч Б.Б нь зээлийг хугацаанд нь төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн байх тул хуульд заасан хүү төлөх үүрэгтэй, гэвч талууд энэ талаар гэрээгээр тохиролцоогүй, хэтрүүлсэн хугацааны хүүгийн хэмжээ хэд болох нь тодорхойгүй. Тиймээс зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийг гуравдагч этгээдэд дамжуулан зээлдүүлсэн эсэхээс үл хамааран энэхүү гэрээний үүрэг буюу үндсэн зээл, зээлийн хүү, алданги нь зээлийг бүрэн төлж барагдуулах буюу гэрээг дуусгавар болох хүртэл хугацаанд үргэлжилнэ” гэсэн заалт нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасантай нийцсэнгүй.
6.Шүүх хариуцагч Б.Бт 2022.10.27-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан, эрх, үүргийг нь танилцуулан, 2022.11.10-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч Б.Б нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Иймд хариуцагч Б.Быг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул хариуцагч Б.Баас үндсэн зээл 290,000 төгрөг, 14 хоногийн хүү 30,400 төгрөг, нийт 320,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МФ ГХОХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 288,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч МФ ГХОХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 18,920 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 10,262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МФ ГХОХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Баас 320,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МФ ГХОХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 288,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч МФ ГХОХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 18,920 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 10,262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МФ ГХОХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА