| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/01762/И |
| Дугаар | 182/ШШ2022/03693 |
| Огноо | 2022-12-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2022/03693
2022 12 20 182/ШШ2022/03693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БОАЖЯ ТБАГУТҮГ,
Хариуцагч: ОББҮХнд тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж,
Хариуцагч БОАЖЯ төлөөлөгч Т.Э,
Хариуцагч ОББҮХ-ны төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Х нь БОАЖЯ, ОББҮ хорооны Агаар, орчны бохирдлыг бууруулах технологи, инновацийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажил гүйцэтгэж байгаад БОАЖЯны сайдын 2020.12.22-ны өдрийн Б/62 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2021.06.25-ны өдрийн 1406 дугаартай шийдвэр, 2021.09.10-ны өдрийн 1390 дугаартай магадлал, 2021.10.29-ний өдрийн 798 дугаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааныг тогтоол тус тус гарч, Д.Хийг өмнөх ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан.
Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж хариуцагчаас шүүхийн шийдвэрт заасан цалин хөлсийг олгосон боловч ажилд нь авахгүй байсан. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022.08.09-ний өдөр хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг бөгөөд ОББҮ хорооноос нэхэмжлэгч Д.Хийг 2022.04.11-ний өдрийн 5/21 дүгээр тушаалаар Агаарын бохирдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон тушаал гарсныг мэдсэн. Энэ тушаалын хуулбарыг 2022 оны 08 сард вайбераар хүлээн авсан байдаг. Тухайн үедээ нэхэмжлэгч Д.Х ОББҮ хорооны даргатай уулзаж, ажилд орох талаар ярилцсан байдаг, гэхдээ хариуцагч талаас ажилдаа ор, тэгээд өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж хэлдэг. Тийм учраас хариуцагчийн ажилд авсан тушаал бодит байдлаар хэрэгжээгүй, Д.Х ажлаа огт хийгээгүй, өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзсэн байгаа. Бид шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд ямар нэгэн гомдол гаргаагүй, нэгэнт шүүхэд хандсан байгаа учир энэ асуудлаа шийдвэрлүүлнэ гэж шийдсэн байгаа. Харин ажлаас чөлөөлсөн гэх 2022.09.30-ны өдрийн тушаалыг нэхэмжлэгч огт мэдээгүй, өнөөдрийн хурал дээр мэдэж байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 2021.06.25-ны өдрөөс эхлэн өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч ОББҮ хорооноос гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ОББҮ хороонд даалгаж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч БОАЖЯ, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхий сайдын 2022.03.01-ний өдрийн 30 дугаар захирамжаар ОББҮ хорооны бүрэлдэхүүн ба ажиллах журмыг өөрчилсөн. Өмнө нь ОББҮ хорооны дарга нь БОАЖЯны сайд байсан. Өөрөөр хэлбэл ОББҮ хороо нь тухайн үед сайдын даргалж байсан хуулийн этгээдийн статус бүхий байгууллага байсан. Харин Засгийн газрын 2022.09.22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор ОББҮ хорооны бүрэлдэхүүнийг баталж, дарга нь Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болж өөрчлөгдсөн бөгөөд журмын 5.3-т зааснаар өдөр тутмын үйл ажиллагааг нь нарийн бичгийн дарга буюу ажлын албаны дарга удирдан зохион байгуулахаар болсон байдаг. Тийм ч учраас ОББҮ хорооны ажлын албаны дарга нь нэхэмжлэгч Д.Хийг ажилд авсан тушаал гаргасан байгаа учир үр дагаврыг хариуцах учиртай. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна, үүнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.
Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна”, 14.1.11-т “Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн”, 16 дугаар зүйлийн 16.4-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.4-т “төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга тус байгууллагын төсвийн” гэж заасан. Өөрөөр хэлбэл яамны төсөвтэй холбоотой асуудлын шууд захирагч нь төрийн нарийн бичгийн дарга байдаг.
Иймд яам хариуцагч биш байх тул яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч ОББҮ хороо нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Хийг 2022.04.11-ний өдөр ажилд нь авсан тушаал гаргасан. Энэ тушаалыг гаргахаас өмнө нэхэмжлэгч Д.Хтэй хоёр ч удаа уулзалт зохион байгуулсан. ажилд авсан тушаалаа гаргачихбал өөрийн хүсэлтээ өгөөд гарна, энэ байгууллагад эргэн ажиллахгүй гэж байсан. Энэ гаргасан тушаалыг ч Д.Х маш сайн мэдэж байгаа. Тушаал гарсны маргааш нь ирж ажиллана гэсэн боловч ирээгүй, бид араас нь холбогдох гэж 3-4 удаа оролдсон, утас нь холбогдохгүй байсан. Хамгийн сүүлд хүүхэдтэй нь холбогдоход аав хөдөө малаа маллаад явж байгаа гэсэн хариу өгсөн. Тийм учраас 2022 оны 09 сард ажлаас нь чөлөөлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч тал иргэний үнэмлэхний хуулбар, 2022.04.11-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020.05.05-ны өдрийн Б/17 тоот, 2019.08.28-ны өдрийн Б/46 тоот, 2020.12.22-ны өдрийн Б/62 тоот тушаалууд, 2019.08.19-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ОББҮ хорооны 2019.04.16-ны өдрийн 19/04 тоот тогтоол, хорооны ажиллах журам, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.25-ны өдрийн 1406 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.10-ны өдрийн 1390 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.10.29-ний өдрийн 798 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.01.11-ний өдрийн 1-125/754 тоот, 2022.02.22-ны өдрийн 1-125/3389 тоот албан бичгүүд, нэхэмжлэгч Д.Хийн 2021.03.15, 2021.04.04, 2021.12.01-ний өдрүүдийн БОАЖЯ болон ОББҮ хороонд хандсан өргөдлүүд, Д.Хийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022.08.09-ний өдрийн 22/08-757 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гэсэн баримтуудыг,
5.Хариуцагч Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол улсын Засгийн газрын 2022.09.22-ны өдрийн 350 дугаар тогтоол, тогтоолын хавсралт хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудыг,
Хариуцагч ОББҮ хорооноос Монгол улсын ерөнхий сайдын 2022.03.01-ний өдрийн 30 дугаар захирамж, захирамжийн хавсралт хуулбар, 2022.09.30-ны өдрийн Б/30 дугаар Д.Хийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
6.Шүүх 2022.12.07-ны өдрийн 15781 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар ОББҮ хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын 2022.04.11-ний өдрийн Б/21 тоот Д.Хийг ажилд томилсон тухай тушаалыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч БОАЖЯ /цаашид БОАЖЯ гэж товчилно/ болон ОББҮ хороо /цаашид ОББҮХ гэж товчилно/-нд тус тус холбогдуулж ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэгч Д.Хийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул шүүхэд хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж цалин хөлсийг авсан боловч ажилд нь эгүүлэн аваагүй байна, хариуцагч ОББҮХ-ны ажилд авсан тушаал бодит байдлаар хэрэгжээгүй, Д.Х ажлаа хийгээгүй, хэдийгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байгаа ч бид нэгэнт шүүхэд хандсан байгаа учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэгэн гомдол гаргаагүй, тийм учраас 2021.06.25-ны өдрийн шийдвэрээс хойшхи хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг энэхүү шүүхийн шийдвэр гаргах хүртэл шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч БОАЖЯ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд өмнө ОББҮХ-ны дарга нь сайд байсан, дараа нь Засгийн газрын тогтоолоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болсон, тийм учраас хариуцагч ОББҮХ нь нэхэмжлэгч Д.Хийг ажилд нь эгүүлэн авснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна, энэ ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна, иймд бид хариуцагч байх үндэслэлгүй, яаманд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж,
Хариуцагч ОББҮХ нь шүүхийн шийдвэрийн дагуу манай байгууллага нэхэмжлэгч Д.Хийг ажилд нь авсан тушаалаа гаргасан, Д.Х энэ талаар маш сайн мэдэж байгаа, бид хоёр ч удаа уулзалт зохион байгуулсан, тухайн үед Д.Х нь намайг ажилд авсан тушаалаа гаргачих, дараа нь би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөнө, ажиллах хүсэлгүй байгаа гэдгээ илэрхийлж байсан, ингээд тушаал гарсны маргаашнаас огт ирээгүй, бид түүнтэй холбогдох гэж 3-4 удаа оролдсон, сүүлд охинтой нь утсаар холбогдож хөдөө малаа маллаж байгааг мэдсэн, ингээд 2022 оны 09 сард ажлаас нь чөлөөлсөн байгаа учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцэв.
3.Монгол улсын ерөнхий сайдын 2022.03.01-ний өдрийн 30 дугаар захирамж /legalinfo.mn/-аар Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан байх бөгөөд уг захирамжийн 1 дүгээр хавсралтаар ОББҮХ-ны дарга БОАЖ-ын сайд байна. Мөн тус захирамжийн 2 дугаар хавсралтаар ОББҮХ-ны ажиллах журмыг баталсан байх бөгөөд журмын 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар ажлын албаны ажилтнуудыг Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга томилж, чөлөөлөх, сэлгэн ажиллуулах, урамшуулах шийдвэр гаргах эрхтэй байна.
Монгол улсын Засгийн газрын 2022.09.22-ны өдрийн 350 дугаар тогтоол /legalinfo.mn/-оор Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байх бөгөөд уг тогтоолын 12 дугаар хавсралтаар ОББҮХ-ны дарга нь Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, ажлын албаны дарга нь нарийн бичгийн дарга байхаар тогтоожээ.
4.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.25-ны өдрийн 1406 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Хийг ОББҮХ-ны Агаар, орчны бохирдлыг бууруулах технологи, инновацийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,497,190 төгрөгийг БОАЖЯ-ны сайдын багцаас гаргуулж Д.Хд олгож, Д.Хд олгогдох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Уг шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.10-ны өдрийн 1390 дугаар магадлалаар хэвээр үлдэж, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.10.29-ний өдрийн 798 дугаар тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч Б.Алтанзулын гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байх ба, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрээр Д.Хийг ажилд нь эгүүлэн тогтоосон үйл баримт болон түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг гаргуулсан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүх дахин нотлох шаардлагагүй юм.
5.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/‑ийн 61 дүгээр зүйлийн 61.1‑д “ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй”, 61.1.2‑т “хүнийг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”,
127 дугаар зүйлийн 127.1‑д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”,
43 дугаар зүйлийн 43.2-т “ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж тус тус заасан.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.Хийг ажилд нь эгүүлэн тогтоосон дээр дурдсан 1406 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар биелүүлж, нэхэмжлэгч Д.Хийг ажилд нь эгүүлэн авч, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулах үүрэгтэй байна.
6.Тиймээс нэхэмжлэгч Д.Х нь 2021 оны 03 сар, 04 сар, 12 саруудад хариуцагч БОАЖЯ болон ОББҮХ-нд тус тус хандаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг хүссэн байх боловч ямар нэгэн хариу өгөөгүй, нэхэмжлэгч Д.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны үндсэн дээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох ажиллагааг явуулж 2022 оны 01, 02 сард БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Н.Бат-Эрдэнэ нарт тус тус шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичгийг хүргүүлжээ.
Үүний дагуу 2022.03.21-ний өдөр Төрийн сангаас “...ХЗДХЯ-ны 2022 оны А/46 тушаалын дагуу нөхөн төлбөр...” гэсэн утгаар 5,497,190 төгрөгийг нэхэмжлэгч Д.Хд шилжүүлсэн, хариуцагч ОББҮХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын 2022.04.11-ний өдрийн Б/21 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Хийг ОББҮХ-ны ажлын албанд Агаарын бохирдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр 04 сарын 11-ний өдрөөс эхлэн томилсон байна.
7.Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022.08.09-ний өдрийн 22/08-757 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.
Нэхэмжлэгч Д.Х нь энэхүү тогтоолын талаар 2022 оны 09 сард мэдсэн гэх бөгөөд тогтоолыг 2022.12.05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулбарлан авсан байх боловч энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан журмын дагуу, тогтоосон хугацаанд холбогдох албан тушаалтанд гомдол, шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн 2022.08.09-ний өдрийн 22/08-757 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...ажилд авсан тушаал бодит байдлаар хэрэгжээгүй, нэхэмжлэгч Д.Х ажлаа огт хийгээгүй, тиймээс шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байна...” гэх тайлбар няцаагдаж байна. Харин шүүх хариуцагч ОББҮХ-ны гаргасан “...нэхэмжлэгч Д.Х нь түүнийг ажилд авсан 2022.04.11-ний өдрийн тушаалыг маш сайн мэдэж байсан, өөрөө ажилдаа ирээгүй алга болсон, бид араас нь 3-4 удаа холбогдох гэж үзсэн, эцэст нь хөдөө мал маллаж байгааг нь мэдсэн...” гэх тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзсэн бөгөөд хариуцагч ОББҮХ нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.25-ны өдрийн 1406 дугаар шийдвэрийг бүхэлд нь биелүүлсэн байна гэж дүгнэлээ.
Харин ОББҮХ-ны 2022.09.30-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Д.Хийг Ажлын албаны агаарын бохирдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлаас чөлөөлсөн байх боловч шүүх энэ талаар тусгайлан дүгнэх шаардлагагүй, маргааны зүйлд хамааралгүй, тусдаа асуудал гэж үзсэн болно.
8.Нэхэмжлэгч Д.Х нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.25-ны өдрийн 1406 дугаар шийдвэрээс хойш шүүхийн шийдвэр биелэгдсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон 2022.08.09-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч ОББҮХ-ноос шаардах эрхтэй.
Нөгөө талаар хариуцагч ОББҮХ нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.25-ны өдрийн 1406 дугаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсон даруйд нэхэмжлэгч Д.Хийг ОББҮХ-ны Агаар, орчны бохирдлыг бууруулах технологи, инновацийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажилд нь эгүүлэн авч, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн байсан бол нэхэмжлэгч Д.Х нь ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж, цалин хөлсөө авч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж байх байсан, тэрээр цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж үзнэ.
9.Нэхэмжлэгч Д.Хийн ажилгүй байсан бүх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсийг хэрхэн яаж тооцож, тогтоосон нь шүүхийн шийдвэр, магадлалаас харагдахгүй байх тул шүүх нэхэмжлэгч Д.Хийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн, дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу түүний 1 сарын дундаж цалин хөлсийг тооцвол 930,293 /2020 оны 12 сард 1,242,167 төг + 11 сард 701,781 төг + 10 сард 846,933 төг = 2,790,881 төг : 3/ төгрөг болов.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021.06.25-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон 2022.08.09-ний өдрийг хүртэл тооцвол 13 сарын 12,093,809 /930,293 төг * 13 сар/ төгрөг, ажлын 12 өдрийн 519,228 /930,293 төг : 21,5 өд = 43,269 төг * 12 өд/ төгрөг, нийт 12,613,037 /12,093,809 төг + 519,228 төг/ төгрөг гэж тооцогдлоо.
10.Иймд нэхэмжлэгч Д.Хийн 13 сар, ажлын 12 өдрийн ажилгүй байсан бүх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нийт олговорт 12,613,037 төгрөгийг хариуцагч ОББҮХ-ноос гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгож, хариуцагч БОАЖЯ-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь Монгол улсын Засгийн газрын 2022.09.22-ны өдрийн 350 дугаар тогтоол, ОББҮХ-ны ажилд авсан тушаал зэргээс үзвэл уг нэхэмжлэлийн шаардлагыг БОАЖЯ хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрх олговроос шимтгэл тооцон нэхэмжлэгч Д.Хийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ОББҮХ-нд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/‑ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцнэ.
11.Нэхэмжлэгч Д.Х нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал 2022.04.19-ний өдөр 148,911 төгрөгийг төлсөн байх тул энэхүү 148,911 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгож, хариуцагч ОББҮХ-ноос 216,759 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/‑ийн 127 дугаар зүйлийн 127.1‑д зааснаар хариуцагч ОББҮ хорооноос 12,613,037 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгож, хариуцагч БОАЖЯанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/‑ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч Д.Хийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ОББҮ хороонд үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Х нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 148,911 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгож, хариуцагч ОББҮ хорооноос 216,759 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА