Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2023/00188

 

 

 

 

 

 

 

 

 

 2023         01        10                                             182/ШШ2023/00188

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч И.Амартөгс, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МД ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2,773,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С,

Иргэдийн төлөөлөгч М.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д,

Хариуцагч шүүх хуралдааны тов мэдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага иргэн Б.Мтэй 2022.05.24-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, түүний өмчлөлийн 25,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 44** УАС улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол улсад орж ирсэн, Лэндмн ББСБ ХХК-ийн барьцаанд байгаа Тоёота приус альфа экс ви маркийн автомашинд эрсдэл учирч, даатгалын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөр төлөх, Б.М нь даатгалын хураамжид 500,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байгаа.

Энэхүү тээврийн хэрэгслийг Б.М-н нөхөр Д.Н 2022.05.31-ний өдөр жолоодон явж байгаад, Хан-Уул дүүрэг, Маршал таун хотхоны хашаанд байх үед 71** УАК улсын дугаартай Тоёото харриер XU30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б мөргөж, зам тээврийн осол гаргасан. С.Б Замын хөдөлгөөний дүрмийн 10.4.-д заасан заалтыг зөрчиж даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 3,023,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан хохирлоос 2,773,000 төгрөгийн хохирлыг манай даатгалын байгууллагаас барагдуулж Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д заасны дагуу шаардах эрхийг шилжүүлсэн авсан. Иймд Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар хариуцагч С.Б-с 2,773,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч С.Б шүүхэд ямар нэгэн бичгийн тайлбар ирүүлээгүй байна.

 

3.Иргэдийн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч С.Б гэм буруутай гэдэг нь баримтаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэв. 

 

4.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.05.24-ний өдрийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 2022.05.31-ний өдрийн Буянт-Оюу ХХК-ийн тодорхойлолт, 71** УАК улсын бүртгэлийн дугаартай, Тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 44**УАС Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Д.Нын жолоочийн үнэмлэх, С.Бгийн жолоочийн үнэмлэх, 2022.05.31-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Ашид билгүүн ХХК-ийн 2022.05.31-ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт, ХААН банк ХХК-ийн 2022.06.08-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Нэхэмжлэгч МД ХК нь хариуцагч С.Бд холбогдуулж гэм хорын хохиролд 2,773,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг даатгалын гэрээний зүйл болсон Б.М-н автомашинд хохирол учирсан, үүнд хариуцагч С.Бгийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон, манай байгууллага Б.М-д даатгалын нөхөн төлбөрт 2,773,000 төгрөгийг төлж, шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж тайлбарлав.

 

МД ХК, Б.М нарын хооронд 2022.05.24-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан байх ба, уг гэрээгээр Б.М нь 500,000 төгрөгийн хураамж төлөх, МД ХХК нь түүний өмчлөлийн, 25,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 44** УАС улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол улсад орж ирсэн, Лэндмн ББСБ ХХК-ийн барьцаанд байгаа Тоёота приус альфа экс ви /Toyota.Prius Alpha-XW/ маркийн автомашинд эрсдэл учирч, даатгалын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөр төлөх үүргийг хүлээсэн байна.

 

3.Дээр дурдсан даатгалын гэрээний зүйл болох 44** УАС улсын дугаартай, Тоёота приус альфа экс ви маркийн автомашиныг даатгуулагч Б.Мийн нөхөр Д.Н 2022.05.31-ний өдөр жолоодон Хан-Уул дүүрэг, Маршал таун хотхоны хашаанд явж байхад, ЖЭБК ББСБ ХХК-ийн эзэмшлийн 71** УАК улсын дугаартай, Тоёото харриер экс юү 30 /Toyota.Harrier-XU30/ маркийн автомашиныг жолоодон явсан С.Б мөргөж, зам тээврийн осол гаргасан, С.Б Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4-т “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчиж, Б.Мийн өмчлөлийн, Лэндмн ББСБ ХХК-ийн барьцаанд байгаа Тоёота приус альфа экс ви маркийн автомашинд хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

 

Дээрх ослын улмаас даатгалын гэрээний зүйл болсон, Тоёота приус альфа экс ви маркийн автомашиний зүүн урд амортизатор, зүүн урд гурван салаа гэрэл, крыло, зүүн урд буферийн тогтоогч зам гэх мэт эд анги эвдэрсэн, үүнийг солих, засварлах шууд зардал 2,878,000 төгрөг, шууд бус зардал 145,000 төгрөг, нийт 3,023,000 төгрөг болохыг Ашид билгүүн ХХК-ийн 2022.05.31-ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоосон.

 

4.Ийнхүү нэхэмжлэгч МД ХК нь даатгуулагч Б.Мийн хүсэлтийг үндэслэн түүнд 2022.06.08-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 2,773,000 төгрөгийг төлжээ. Үүнээс үзэхэд дээрх даатгагч, даатгуулагч нарын хоорондох даатгалын гэрээний үүргийн харилцаа нь даатгагчаас даатгуулагчид учирсан хохирол нөхөн төлөгдөж, ашиг сонирхлыг сэргээснээр дуусгавар болсон байна.

 

Өөрөөр хэлбэл, үүргийн эрх зүйд даатгуулагчийн хохирол нөхөн төлөгдсөн, ашиг сонирхлыг сэргээсэн бол түүний шаардах эрх дуусгавар болсон гэж үзэх бөгөөд харин даатгалын эрх зүйд энэ шаардлага хэвээр үлдэх ба, даатгагч үүнийг хэрэгжүүлэх эрхийг олж авдаг. Ингэснээр даатгуулагчид хохирол учруулсан буруутай этгээд хохирол төлөхгүй, шударга бусаар давуу байдлыг олж авах боломж бий болдог нь иргэний эрх зүйн зарчимд нийцэхгүй юм.

 

Тиймээс нэхэмжлэгч МД ХХК нь даатгалын гэрээний 8 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагч Б.Мийн автомашинд учирсан хохиролд 2,773,000 төгрөгийг түүнд нөхөн төлснөөр хариуцагч С.Бгээс гэм хор буюу 2,773,000 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлэн авч, улмаар 2,773,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

5.Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, даатгуулагч Б.Мийн зүгээс зам тээврийн осолд буруутай этгээд болох С.Бгийн эсрэг хэрэгжүүлж болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан шаардах эрх даатгагч болох МД ХК-нд шилжсэн гэж ойлгоно.

 

Шүүх хариуцагч С.Бд 2022.09.14-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг нь танилцуулан, 2022.09.28-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч С.Б тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

6.Иймд хариуцагч С.Бг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул хариуцагч С.Бгээс 2,773,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МД ХХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан “хариуцагч С.Б гэм буруутай, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

7.Нэхэмжлэгч МД ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 59,320 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Бгээс 59,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МД ХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч С.Бгээс 2,773,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МД ХК-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар МД ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 59,320 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Бгээс 59,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МД ХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХТУЯА

 

   ШҮҮГЧИД                                                       И.АМАРТӨГС

 

                                                                              Ж.БАЙГАЛМАА