| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 197/2025/0153/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/385 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч О.Д****ж, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан нарыг оролцуулан тус шүүхийн “11” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2510 0000 00103 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Б******н овогт О******рын Д****ж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам ээжийн хамт Хан-Уул дүүргийн ********* тоотод оршин суух, регистрийн дугаар *********, урьд
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Д****ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн *********** тоотод 2025 оны 1 дүгээр сарын 03-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Т.М*********гийн бие эрх чөлөөнд халдаж баруун гарын ядам хуруунд язарсан шарх, нүүрэнд зулгаралт, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч О.Д****ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн *********** тоот гэртээ 2025 оны 1 дүгээр сарын 03-ны шөнө эхнэр Т.М*********гтэй маргалдан хоолойг нь боож, амиа хорлоно гэж цонхоор үсрэхээр завдсан үйлдлийг таслан зогсоосон эхнэрийнхээ баруун гарын ядам хурууг хазаж, баруун бугалгыг базаж, нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь хуруунд язарсан шарх, нүүрэнд зулгаралт, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- ХУДЦГ ЦХ-2 Шуурхай удирдлагын тасгийн РСQА08947832 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....9******3, Дуудлага хүлээн авсан...2025.01.03, 03:10:37 минут...Дуудлагын утга...Согтуу хүн орж ирээд маргалдаад зодолдох гээд байна...” гэх дуудлагын хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),
- Хохирогч Т.М*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн үед...нөхөр 2 дүүтэйгээ тоглосон дуусаад тэндээ хажууд байсан караоке ороод 1 цаг дуулчхаад караокеноос шууд гэр рүүгээ харьсан гэрийн гадаа ирчхээд манай нөхөр ажлынхаа дүүтэй ярьж байгаад утасны цаанаас хэрэлдээд байсан тэгээд гэрийн гадаа машинаас буухад хамт явж байсан нэг дүү нь манай нөхрийг оруулж өгсөн нөхөр бид 2 гэрт ороод унтлагынхаа өрөөндөө ороод байж байсан чинь гэнэт манай нөхөр гэрийн гадаа хэрэлдээд байсан дүүтэйгээ дахиж яриад хэрэлдээд байхаар нь чи болчихоо зүгээр амаръя гэсэн чинь миний хоолой боохоор нь шууд ээж гэж орилсон чинь нөхөр шууд цонхоо онгойлгоод 4 давхраас үсрэх гэж байхаар нь ээж хаалга онгойлгож орж ирээд нөхрийн цамцнаас татаад ээж Д****жийг чи яагаад дандаа ингэж байдаг юм бэ гэж хэлээд татаад авсан чинь тэр хэсэгт бөөн ноцолдоон болоод нөхөр миний баруун гарын ядам дунд хуруунаас нь хазсаныг мэдээд байгаа юм хазаж байхад нь чи болиоч гэж хэлэхэд болихгүй байхаар нь өөрийнхөө хурууг хүчээр сугалж авсан миний нүүр хэсгийг яасныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
“...Надад өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй.. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал)
“...Миний зүүн талын хацрыг урж гэмтээсэн, мөн баруун гарын ядам хурууг шүдээрээ хазаж гэмтээсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дахь тал)
- Гэрч Б.Х*********мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 1 дүгээр сарын 03-аас 4-нд шилжих шөнө 3 цагийн орчимд...охин М*********г, хүргэн Д****ж нар гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн, орж идээ хоорондоо муудалцаад байх шиг байсан...удалгүй охин М*********г нь ээж гэж орилохоор нь би өрөөнөөс гараад хартал хүргэн Д****ж нь гэрийн цонхон дээр оччихсон, амиа хорлоно гээд зогсож байхаар нь би очиж Д****жийг цонхноос буулгасан. Тэгэхэд Д****ж нь цонхноос буугаад шууд охин М*********г рүү дайраад нүүр рүү нь нэг удаа цохиж харагдсан, тэгэхээр нь би голоор нь ороод салгах гэтэл дийлээгүй, охин М*********г нь өөрөөсөө Д****жийг холдуулах гэж гараараа түлхтэл Д****ж нь М*********гийн баруун гарынх нь ядам хурууг хазаад зуугаад тавихгүй болохоор нь би Д****жийн ам руу гараа хийж байгаад хазуулахыг нь болиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1707 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Баруун дээд зовхинд 0.5х0.3см, зүүн дээд зовхины дотор хэсэгт 0.7х0.6см, баруун хацрын дотор хэсэгт 1.8х0.7см, 2х1см, 2х0.5см, зүүн нүдний дотор булангаас хамрын зүүн угалзны хажуугаар дээд уруул хүрсэн 6.7х2м хэмжээтэй, улаан өнгийн зулгаралттай, баруун бугалгын дотор хэсэгт 9х6см, 5х4.5см хэмжээтэй, хөх өнгийн цус хуралттай, голд нь цагариг хэлбэртэй, цус хуралт үүсээгүй хавдсан хэсэгт, баруун гарын ядам хурууны 1-р шивнүүр дотор хажууд 1.2х0.3см орчим хэмжээтэй, язарч ангайсан, гадна хэсэгт хумсны толионы дээд хэсэгт 1.2х0.8см орчим хэмжээтэй, арьс хууларч үгүй болсон шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
2025.01.03ө-ны өдрийн ГССҮТ-ийн эмчийн онош: Баруун сарвууны 4-р хурууны хазагдсан шарх гэжээ...ДҮГНЭЛТ
1.Т.М*********гийн баруун гарын ядам хуруунд язарсан шарх, нүүрэнд зулгаралт, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
- Шүүгдэгч О.Д****жийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр...гэртээ ирээд юу болсон талаар санахгүй байна, нэг мэдэхэд цагдаагийн газарт эрүүлжүүлэх байранд сэрсэн...Би эхнэр М*********гийн биед халдаж бэртэл, гэмтэл учруулсан байсан би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, ямар нэгэн маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д****ж нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Хэрэгт авагдсан баримтаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 1707 дугаартай дүгнэлтээр Т.М*********гийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.
Мөн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт “эхнэр, хамтран амьдрагч”-ийг ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж заасан байдаг.
Иймд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч О.Д****ж нь шууд санаатай үйлдлээр, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.М*********гийн эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч О.Д****ж нь хохирогч Т.М*********гийн баруун гарын ядам хуруунд язарсан шарх, нүүрэнд зулгаралт, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Д****жийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.М*********г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч О.Д****жид гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Прокурор санал болгож шүүгдэгч О.Д****ж нь хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Д****ж болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч О.Д****ж нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 46, 45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 42, 43 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 40 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 32-35 дахь тал) төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг үндэслэж эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу хүсэлтийг хангаж шийдвэрлэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч О.Д****жийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.Д****жид торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2510 0000 00103 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******н овогт О******рын Д****жийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д****жийг 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д****жид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д****ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нар авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ