Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 116/ШШ2023/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                  Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                  Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

             Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай захирамжийн 5 дахь заалтыг хүчингүй болгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал *******, хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэхэмжлэгч “Буйр трэвел” ХХК-ийн захирал ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Дорнод аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Буйр” нуурын эрэгт 2002 онд жуулчны баазын зочид буудал, ресторан зоогийн газар, амралтын байр, сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авч, 2005 онд жуулчны баазын объектын доорхи 10 газарт эзэмших эрхийн захирамжтай, гэрчилгээ авч байсан. Жуулчны баазыг өргөтгөх төсөл хэрэгжүүлэхээр 2006 онд 30 га газар нэмж эзэмших эрх авах хүсэлтийг ******* сумын Засаг даргад гаргасан. Намайг Улаанбаатар хотод байхад захирамж чинь гарсан байна, гэсэн учраас гэрчилгээ авах материалаа хүнээр хүргүүлж, 30 га газар эзэмших гэрчилгээ маань бичигдсэн. Ингээд үйл ажиллагаагаа өргөтгөж бусадтай хамтарч ажиллахаар болж, бичиг баримтаа янзлах болоод 2022 оны 08 дугаар сард ******* сумын Засаг дарга дээр очиход 2005 онд авсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тэмдэглэл хийсэн. Гэтэл 2006 онд 30 га газар эзэмших эрх олгохдоо 10 га газрыг хүчингүй болгосон захирамжийн заалт гарсан болохыг 2022 оны 08 сард олж мэдлээ. ******* сумын Засаг даргад хандан 10 га газар эзэмших эрхээ буцаан олгож, өгөхийг хүссэн боловч боломжгүй гээд шийдвэрлэсэнгүй. Миний эзэмшиж өмчилдөг объектуудын доорх 10 га газар нь 30 га газраас тусдаа байрлалтай болохоор өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд газаргүй болж, эрх минь зөрчигдөж байна. Иймд ******* сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай захирамжийн 5 дахь заалтыг хүчингүй болгохыг Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэв.

                Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус суманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “*******” ХХК нь сумын Засаг даргын 2005 оны 83 дугаар захирамжаар 10 га газар эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаад 2006 оны 44 дүгээр захирамжаар 10 га газрыг цуцлан 30 га газрыг эзэмшүүлсэн. Энэ компанийн хувьд манай Буйр нуурын хэсэгт үйл ажиллагаа явуулдаг газар. Бид сайн мэднэ. Миний хувьд ойлгохдоо 10 га газрыг эзэмших эрхийг цуцалж, 30 га газрыг олгосон. Нэг захирамжаар 10 га газрыг эзэмших эрхийг цуцалсан. Тиймээс тус компанид 10 га газрыг буцаан олгох боломжгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай захирамжийн 5 дахь заалтыг хүчингүй болгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан[1].

            “*******” ХХК-ийн захирал ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Буйр нуурын зүүн эрэг дэхь жуулчны баазын зүүн талд хувийн сууцны зориулалттай 64 м2 талбай бүхий, Буйр нуурын эрэг дэхь жуулчны баазад ресторан, зоогийн газрын зориулалттай 100м2 талбай бүхий, мөн... зочид буудлын зориулалттай 260 м2 талбай бүхий, ... аялал жуулчлалын зориулалттай 80 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн 000148888, 000023345, 000023347, 000023344 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.[2]  

               Анх Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 83 дугаар захирамжаар ...Газрын тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийг үндэслэн “*******” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар /хуучин амралтын газарт/ 10 га газрыг эзэмшүүлснийг, ...сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр захирамжаар ...30 га газар  эзэмшүүлж, 2005 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 83 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

         Өөрөөр хэлбэл ******* сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр захирамжаар аялал жуулчлалын зориулалтаар 30 га газрыг  эзэмшүүлсэн хэрнээ уг захирамжийн 5 дах заалтаар өмнө эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 83 дугаар захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй, мөн Газрын тухай хуулийн 12, 27 дугаар зүйлийн аль заалтыг баримталж хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна.

            Иймд Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаар захирамжийн 5 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр захирамжийн 5 дахь заалтыг хүчингүй болгохыг Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-р хуудас

[2] Хавтаст хэргийн 3-6-р хуудас