Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1179

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/01103 дугаар шийдвэртэй, Б.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч “Х” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэлтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урамшуулалд 8 924 566 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, өмгөөлөгч Б.Ганпүрэв, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хны Орон нутгийн Иргэдийн банкны Баян-өлгий салбарын захирлаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс жинхлэн томилогдож хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаж байсан. Мөн хөдөлмөрийн гэрээний 3.2.5-т банкны эрх ашиг байгууллагын зорилгын төлөө өөрийн бүхий л мэдлэг ур чадвараа бүрэн зориулж ажил үүргээ бусдаас хараат бусаар гүйцэтгэх, эрхэлсэн ажилд шаардлагатай мэдлэг чадвараа дээшлүүлэхэд байнга анхаарах бөгөөд ажлын бүтээмжийг сайжруулахад идэвхи санаачилга гаргах талаар заасан. Дарамталж ажлаас чөлөөлөөгүй, банкны ажилтан солилцоогоор ажиллуулах журам, хэрэгжүүлэх хугацааг тухайн нэгж албан тушаалтны онцлогоос хамаараад эдгээр хүмүүсийг солилцоогоор ажиллуулж Хны үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс хийсэн. Гэтэл Хны Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 26/3978 дугаар тушаалаар намайг албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны давуу тал ажил олгогчоос хүлээлгэсэн итгэлийг урвуулан ашиглаж салбар нэгжийн ажилтнуудыг ялгаварлан гадуурхсан, нэр бүхий ажилтнуудад зүй бус шаардлага, дарамт, шахалт үзүүлэх байдлаар ажлын байрнаас хүсэлтээр нь чөлөөлүүлж албан тушаал бууруулсан, өөрийн хамаатан садан төрлөө нуун дарагдуулж, албан тушаал дэвшүүлсэн, өөрийн холбогдох этгээдүүдийг захирлын зөвлөлийг бүрдүүлэх албан тушаалд томилон ажиллуулсан, захирлын зөвлөлийн зарим гишүүнийг хуралд оролцуулахгүй хуралдах, дангаар шийдвэр гаргах, нэр бүхий ажилтнуудын АБТ-д заасан ажлыг хийлгэхгүй давуу байдал үзүүлэн бусад ажилтнуудад ажлыг хуваарилж хүндрэл учруулсан, сахилгын зөрчил гаргаж буй ажилтанд холбогдох арга хэмжээ авахгүй нуун дарагдуулах байдлаар давуу байдал үзүүлсэн, ажилтнуудад зүй бус шаардлага тавих зэргээр сэтгэл санааны хохирол учруулах, ажиллах хүсэл сонирхолгүй болгох, банкинд итгэх итгэлийг алдагдуулсан, ажилтнуудад ялгавартай хандаж шударга бус байдлыг үүсгэсэн, салбарын дотоод зохион байгуулалт ажил үүргийн хуваарилалт, ажлын байрны тодорхойлолтын дагуу зохион байгуулаагүйгээс зөрчлийг мэдэгдэх, шүгэл үлээх, санал хэлэх боломжийг хааснаар салбарын хэвийн үйл ажиллагаа алдагдах, сөрөг нөлөөлөх эрсдэл үүсгэсэн, хяналт шалгалт хийж буй ажилтанд худал тайлбар гаргасан, эрх ашигт сөрөг нөлөөлөхүйц шийдвэр гаргаж харилцагчдыг чирэгдүүлсэн, эрх бүхий байгууллагын шийдвэрт зааснаар банкны эрх ашиг, эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ аваагүй, дотоод хяналтын тогтолцоог зохих ёсоор хэрэгжүүлж, удирдлагаар хангаж ажиллаагүйгээс банкнаас илүү зардал гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, харьяа салбар, тооцооны төвийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж С үнэлгээтэй ажилласан зэрэг зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний бие дээрх тушаалд заасан зөрчлүүдийг хэрхэн гаргаснаа мэдэхгүй байгаа бөгөөд баримтгүй, нотлогдож тогтоогдоогүй зүйлээр намайг зөрчил гаргасан гэж үзэж гомдолтой байгаа, зөрчлийг шалган тогтоох дүрэм, журмаа баримтлалгүйгээр намайг ажлаас халж миний эрхийг зөрчсөн учир нэхэмжлэл гаргаж байна. Хны ажлын гүйцэтгэлийн үнэлэх журмын дагуу хагас жилд тутамд урамшуулал олгодог бөгөөд миний 2018 оны эхний хагас жилийн урамшуулал 8 024 566 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр миний цалингийн 5003103905 дугаар дансанд холбогдох журмын дагуу шилжүүлж, мөн өдөртөө миний данснаас ямар ч гарын үсэг зөвшөөрөлгүйгээр буцаан татан авсан. Миний бие хагас жилийн урамшуулал авах болзол шаардлагыг хангасан байхад олгосон урамшууллаа зөвшөөрөлгүйгээр татан авсан нь хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг салбарын захирлын ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, журмын дагуу олгодог хагас жилийн урамшуулал 8 924 566 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бауыржан нь Хны Баян-Өлгий салбарын захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан нь аудитын 2018 оны 7 сарын шалгалт, Б.Наадамцэцэг, Калила, Е.Маргулан, К.Мейрамбек, М.Аймерей, С.С-, Энхтуяа, Оюунгэрэл нарын гомдол гэрчийн мэдүүлэг, аудитын тайлангаар нотлогдож байгаа учраас тушаал үндэслэлтэй байна. Зөрчил нь банкны ажилтны ёс зүйн дүрэм хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3, 5.7.4, 5.7.8, 5.7.20-т заасан ноцтой зөрчилд хамаарна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “Х” ХХК-д холбогдох, Орон нутгийн Иргэдийн банкны Баян-Өлгий салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Б.Б-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар “Х” ХХК-аас /РД:2693321/ зорилтот урамшуулалд 8 024 566 төгрөг гаргуулан, Б.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2 дахь шаардлагын хувьд тэмдэгтийн хураамжид төлсөн 157 800 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 157 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Б нь "Х" ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хагас жилийн урамшуулалд 8 924 566 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 'Баян-Өлгийн салбарын зээлийн багц хариуцсан менежер А.Р-гийн өгсөн гэрчийн мэдүүлэг дээр үндэслэж Б.Б-тай төрөл садангийн холбоотой гэж үзэн Банкны ёс зүйн дүрмийн 5.4-т ашиг сонирхлын зөрчилтэй этгээдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ямар нэгэн хэлбэрээр оролцохыг хориглохоор заасныг зөрчсөн гэж үзэж байгаа нь хавтаст хэрэгт байгаа баримтаар бүрэн гүйцэд нотлогдож тогтоогдоогүй байхад ганц А.Р-гийн мэдүүлэг дээр үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Б.Б- нь А.Р-тай төрөл садангийн холбоотой гэж шүүхээс үзэж байгаа бол ямар холбоотой хүмүүсийг тогтоосон нотлох баримтыг үндэслэж шийдвэрээ гаргах естой. Энэ талаар хавтаст хэрэгт нотолсон ямар ч баримт материал байхгүй байхад садан төрлийн холбоотой гэж үээж гэрчийн мэдүүлэг болон өөрөө үгүйсгэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа шийдвэр нь үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1103 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

            Б.Б- нь “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нэмэгдэлтэй тэнцэн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хагас жилийн урамшуулалд 8 924 566 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зөрчил гаргасан нь аудитын шалгалтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь хуульд нийцсэн гэж маргажээ. /1хх 1-2, 22 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Б- нь Орон нутгийн Иргэдийн банкны Баян-Өлгий салбарын захирлын албан тушаалд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад хариуцагч “Х” ХХК-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 26/3978 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ./1хх 5-6 дугаар тал/

 

Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б- нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т “Банкны ёс зүйн дүрэмд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцохоор заасан ноцтой зөрчлийг гаргасан” бол, 5.7.20-д “ашиг сонирхлын зөрчилтэй этгээдтэй аливаа гэрээ, хэлцэл, арилжаа хийх, тэдгээртэй холбогдох асуудлаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад оролцсон” тохиолдолд тус тус ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарах талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 7-14 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “зөрчлүүдийг тогтоогоогүй, зөрчлийг шалган тогтоох дүрэм, журмаа баримтлалгүйгээр ажлаас халж эрх зөрчсөн, олгосон урамшууллаа зөвшөөрөлгүйгээр татан авсан нь хууль бус” гэж тайлбарласан байна.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Б- нь

“Х” ХХК-ийн Орон нутгийн Иргэдийн банкны Баян-өлгий салбарын зээлийн багц хариуцсан менежер А.Р-тай төрөл садангийн холбоотой болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны явцад гэрчээр асуугдсан А.Р-гийн мэдүүлэг, мөн С.С-ийг гэрчээр асуухад нэхэмжлэгч оролцсон байх ба даргалагчаас “Б та С-тэй ямар төрөл садангийн холбоотой вэ” гэж асуухад нэхэмжлэгч хариулахдаа “аавын бага дүү К-ийн нөхөр Д гэдэг хүний эгчийнх нь хүүхэд гэж сонссон. А.Р- бас хамаатан” гэж тайлбарласан зэргээр тогтоогдож байна./1хх 126, 148-150 дугаар тал/

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ажилтныг сэлгэн ажиллуулах тухай Б/59 тоот тушаалаар хяналтын мэргэжилтэн А.Р-г 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаагаар зээлийн багц хариуцсан менежерийн албан тушаалд сэлгэн ажиллуулсан нь Банкны ёс зүйн дүрмийн 5.4-т “ашиг сонирхлын зөрчилтэй этгээдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ямар нэгэн хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж, хөдөлмөрийн гэрээний 5.7.20-д заасныг тус тус зөрчжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.2.8-д удирдлагатай ажиллаж байгаа ажилтанд ажлын байрны дарамт үзүүлбэл хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно гэж заасан байх ба хэрэгт авагдсан аудитын дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь ажилтнууддаа дарамт шахалт үзүүлж байсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

            Гэтэл шүүхээс хариуцагч нь дотоод аудитын тайлангаар хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.3, 5.7.4, 5.7.8-д заасан зөрчил тогтоогдсон гэж тайлбарлаж байх боловч тайлан нь дотоод ажлын хэрэгцээнд шаардагдах баримт болохоос ажилтны зөрчлийг тогтоосон дүгнэлт гэж үзэхгүй, Б.Б-ы удирдлага дор ажиллаж байсан ажилтнуудын гэрчийн мэдүүлэг зэргийг үнэлэх боломжгүй гэж хариуцагч “Х” ХХК-ийн захирлын 26/3978 тоот тушаалын дээрх үндэслэлүүд тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Гэрч Н.К, К.М, А.Г, Т.Г, М.А, Б.Н нарын мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаснаас гадна дотоод аудитийн тайланд тусгагдсан ажилтанд шахалт дарамт үзүүлсэн гэх үйл баримтыг давхар нотолжээ.

 

Иймээс нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Иймд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Түүнчлэн, “Х” ХХК-ийн Хүний нөөц хариуцсан дэд захирлын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 06/3794 тоот тушаалын хавсралтын 5 дугаарт зааснаар Б.Б-д 10 000 000 төгрөгийн бонус олгохоор шийдвэрлэсний дагуу 8 924 566 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн 5003103905 дугаар дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгын баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нь шилжүүлсэн урамшууллыг ажлын зөрчил гаргасан үндэслэлээр буцаан авсан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

            Шүүхээс техникийн алдаа гаргаж “8 024 566 төгрөг” гэснийг “8 924 566 төгрөг” гэж өөрчлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг бүхэлд нь хянах үзэх хэмжээнийхээ хүрээнд залруулах боломжтой.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/01103 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын “8 024 566 төгрөг” гэснийг “8 924 566 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО 

 

                                      ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ 

 

                                                  С.ЭНХТӨР