| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/02681/И |
| Дугаар | 182/ШШ2023/00226 |
| Огноо | 2023-01-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2023/00226
2023 01 12 182/ШШ2023/00226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ДК ХХК -нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ч, өмгөөлөгч Ж.Э,
Хариуцагчийн төлөөлөгч Т.М,
Гэрч С.Б, Б.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Б нь ажлаас чөлөөлсөн 2021.12.30-ны өдрийн тушаалыг шуудангаас 2022.01.21-ний өдөр хүлээн аваад 2022.01.28-ны өдөр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Харин 2022.06.07-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байгаа. Ингээд нэхэмжлэлийг дахин 2022.06.09-ний өдөр гаргасан, хөөн хэлэлцэх хугацаан дотроо байгаа.
Ц.Б нь ДК ХХК-нд 2019 оны 01 дүгээр сараас эхлэн гагнуурчны ажилд орж, 2020 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн чулууны мужааны ажлыг болон удирдлагын хий гэсэн ажлуудыг хийж байсан. Тус компанид ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Харин байгууллагын зүгээс 2021.12.30-ны өдрийн 02/21 тоот ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Энэхүү тушаалаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 4.1 дэх заалт, ажилтны өргөдлийг тус тус удирдлага болгон ажлаа орхин явсан гэж 2021.12.23-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Харин нэхэмжлэгч Ц.Бгийн зүгээс ажлаа орхиж явсан зүйл байхгүй, байгууллагадаа ажлаас гарах тухай ямар нэгэн өргөдөл өгч байгаагүй, ажил олгогч өөрөө санаачилж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг үндэслэлийг тушаалдаа баримтлах ёстой байтал баримтлаагүй, нэхэмжлэгч Ц.Б яг ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний заалт барьсан байгаа боловч тэр нь ямар заалт болох нь ойлгомжгүй, хөдөлмөрийн гэрээг байгууллага алга болгосон гээд шүүхэд гарган өгөөгүй. Уг нь нэхэмжлэгч Ц.Б ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан гэдэг, байгууллага нь аваад буцааж нэг хувийг нь өгөөгүй, өөрт нь мөн байхгүй. Тийм учраас ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй, агуулгын хувьд зөрчилтэй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Бгийн өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гээд байна уу, эсхүл түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж халаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Б нь 2020 оны 07 сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл бага төлөх зорилгоор удирдлагатайгаа ярилцаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж байсан. Бодит байдал дээр сар 1,400,000 төгрөгөөс 1,800,000 төгрөгийн хооронд цалин авч байсан гэдэг нь харагдана. Ер нь бол цагийн бүртгэлээс болж Б.Утэй муудалцсан, энэ талаар С.Бт хэлсэн, харин С.Б нь ажиллаж чадахгүй бол яв гэж хэлсэн гэдэг. Тэгээд 24, 25-ны өдрүүдэд ажиллах гэж очсон боловч ажиллуулаагүй.
Иймд нэхэмжлэгч Ц.Бг гагнуурчны ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг 2021.12.23-ны өдрөөс өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б нь манай компанид 2019 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Харин хөдөлмөрийн гэрээ нь манай байгууллагад байхгүй, алга болсон. Өөрөөр хэлбэл Ц.Б ажлаа хаяад явснаас хойш байхгүй болсон гэсэн үг. Тиймээс хөдөлмөрийн гэрээг шүүхэд гарган өгөх боломжгүй тухайгаа бичиж өгсөн. Мөн ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлэхийг хүссэн, энэ хүсэлтийн дагуу байгууллага түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн байгаа.
Ц.Б нь 2021.12.23-ны өдөр манай компанийн дэд захирал Болдбаатартай уулзаж, энэ чанар шалгагч, нярав Урнаа эгчтэй хамт ажиллах боломжгүй, нэг бол тэр хүнийг ажлаас гарвал би ажиллана гэдэг хүсэлт тавьсан. Манай компанийн зүгээс чамайг ажиллуулахын тулд өөр хүнийг ажлаас халах үндэслэлгүй гэж хариулахад тэгвэл би энд чинь ажиллаж чадахгүй гээд ажлын байраа орхиод явсан байдаг. Түүнээс хойш холбоо барихгүй 7 хоногийн хугацаа өнгөрсөн тул 2021.12.30-ны өдрөөр тушаал гарган Ц.Бг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Манай байгууллага санаачилж хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, харин ажилтан өөрөө ажлаа хаяад явсан нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзсэн байгаа. Өөрөө ажлаа хаяад явсан байж одоо шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй юм. Тушаалын хувьд техникийн алдаа гарсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхний хуулбар, 2021.12.30-ны өдрийн 02/21 тоо ажлаас чөлөөлсөн тухай тушаал, 2022.06.08-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ХААН банк ХХК-ийн дансны хуулгууд, Монгол шуудан ХК-ийн 2022.12.14-ний өдрийн 09/962 тоот албан бичиг, хавсралт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.01-ний өдрийн 1506 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, 2022.06.07-ны өдрийн 7692 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг,
4.Хариуцагч талаас нэхэмжлэгч Ц.Бгийн бичсэн 2020.06.27-ны өдрийн, 2019.01.13-ны өдрийн хүсэлтүүд, хөдөлмөрийн дотоод журам гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан 2023.01.03-ны өдрийн тайлбар, цалингийн баримтыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч ДК ХХК-нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх талаар ямар нэгэн хүсэлт өгч байгаагүй, ажлаа орхин явсан зүйлгүй, ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг үндэслэлийг баримтлах ёстой баримтлаагүй, нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй байхад юуг үндэслэн хөдөлмөрийн гэрээний заалтыг тушаалд баримталсан нь ойлгомжгүй, хариуцагчийн гаргасан тушаал хууль зүйн үндэслэлгүй, агуулгын хувьд зөрчилтэй байна гэж тайлбарлав.
Хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь 2021.12.23-ны өдөр манай компанийн дэд захирал С.Бтай уулзаж, энэ чанар шалгагч, нярав Урнаа эгчтэй хамт ажиллах боломжгүй, нэг бол тэр хүнийг ажлаас гарга, үгүй бол би ажиллахгүй гэж хэлсэн, хариуд нь манай компанийн зүгээс чамайг ажиллуулахын тулд өөр хүнийг ажлаас халах боломжгүй гэсэн, тэгээд өөрөө ажлаа хаяад явсан, энэ нь түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг гэж үзсэн гэж мэтгэлцэв.
3.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч ДК ХХК-нд 2019 оны 01 сард гагнуурчнаар ажилд орж, байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч тухайн хөдөлмөрийн гэрээ хариуцагч ДК ХХК-нд байхгүй, нэхэмжлэгч Ц.Б тухайн үедээ хөдөлмөрийн гэрээнд гарын үсгээ зураад байгууллагад өгсөн, байгууллагын удирдлага гарын үсэг зураад нэг хувийг буцаан өгнө гэсэн боловч өгөөгүй, өөрт нь байхгүй болохыг тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Б нь хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан гэх боловч хариуцагч ДК ХХК-ийн гүйцэтгэх захирал хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй, гэрээний нэг хувийг нэхэмжлэгч Ц.Бд өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ зохигчдын хэн алинд байхгүй байгаа нь тэдний хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч Ц.Б хариуцагч ДК ХХК-нд хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байжээ гэсэн дүгнэлтэд хүргэлээ.
4.Ийнхүү нэхэмжлэгч Ц.Б нь ДК ХХК-нд ажиллаж байхдаа 2019.01.13-ны өдөр байгууллагадаа өргөдөл гаргаж, “...цалингаас нь нийгмийн даатгалын шимтгэл суутгахгүй байхыг хүссэн...”, мөн түүнчлэн 2020.06.27-ны өдөр өргөдөл гаргаж “...2020.06.27-ны өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг хүссэн...” байх бөгөөд хариуцагч ДК ХХК нь уг хүсэлтүүдийг хүлээн авч, 2020 оны 07 сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж байсан, улмаар хариуцагч ДК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.30-ны өдрийн 02/21 тоот “ажилтанг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нэхэмжлэгч Ц.Б нь 2021.12.23-ны өдрөөр тасалбар болон ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Энэхүү тушаалыг хариуцагч ДК ХХК нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3‑т зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн оршин суугаа хаягаар 2022.01.18-ны өдөр шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч Ц.Б 2022.01.21-ний өдөр хүлээн авч, 2022.01.28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2022.02.01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2022.06.07-ны өдрийн 7692 дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэгч Ц.Б нь 2022.06.09-ний өдөр нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргасан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасантай нийцнэ.
5.Хариуцагч ДК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.30-ны өдрийн 02/21 тоот ажлаас чөлөөлсөн тушаалд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 4.1 дэх заалт, ажилтны өргөдлийг удирдлага болгон “...гагнуурчин Цэрэндоржийн Б нь ажлаа орхин явсан...” гэсэн үндэслэлийг заажээ.
1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогч буюу хариуцагч ДК ХХК нь нэхэмжлэгч Ц.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг бие даан гаргах эрхтэй боловч энэ нь хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэг бий болсон тохиолдолд хэрэглэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.
6.Харин нэхэмжлэгч Ц.Б нь байгууллагын нярав, цаг бүртгэгч Б.Утэй 2022.01.21-ний орой ажлын цагийн бүртгэлээс болж 2022.11.22-ны өглөө ажлын байран дээр маргалдаж, улмаар хүний нөөцийн ажилтан С.Бын өрөөнд орж, болсон байдлын талаар тайлбарласан байх ба, “...би Б.Утэй хамт ажиллаж чадахгүй юм байна, ажлын цагийг буруу бүртгээд байна, У эгчийг ажлаас гарга, эсхүл би өөрөө ажлаас гарлаа...” гэж хэлсэн, 2022.01.23-ны өдрөөс ажилдаа ирээгүй болох нь гэрч С.Б, Б.У нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.
Тодруулбал, дээрх байдлын талаар гэрч Б.У “...Б бид хоёр цагийн бүртгэлээс болж маргасан, хүргэлт хийж айл руу яваад цагаа бүртгүүлэхдээ 21 цаг гэж, хамт явсан хүмүүс нь 19 цаг гэж зөрүүтэй хэлсэн, би Б надаас болж ажлаас гарсан гэдгийг огт мэдээгүй, 2022.01.23-нд ажилдаа ирээгүй, утсаар залгаад утсаа аваагүй, оронд нь өөр хүн ажилд гарсан...” гэж,
Гэрч С.Б “...2022.01.23-ны өдөр Б ундны цагаар манай өрөөнд орж ирсэн, цагийн бүртгэлээс болж У эгчтэй муудалцсан, хамт ажиллахад хэцүү байна гэж хэлсэн, тэгэхэд нь би чамд илүү цагийн мөнгө өгч байсан, өөр юу байна гэж хэлэхэд Б У эгчийг ажлаас гарга, эсхүл би өөрөө ажлаас гарлаа гэж хэлээд 14 цагт гараад явсан, дахиж ажил дээр ирээгүй, ...ажиллаач энэ тэр гэж гуйгаагүй, ажиллах гээд ирэхэд нь ажиллуулахгүй байсан зүйл байхгүй, ...харин 3 хоногийн дараа машин буцааж өгөхтэй холбоотой ирж уулзсан, тухайн үед байгууллагаас машин зээлээр авсан байсан...” гэж тус тус мэдүүлжээ.
7.Харин нэхэмжлэгч талын тайлбарласнаар “...нэхэмжлэгч Ц.Б 2022.01.24, 25-ны өдрүүдэд ажлаа хийх гээд очиход нь байгууллагын зүгээс ажиллуулахгүй байсан...” гэх үйл баримт баримтаар тогтоогдохгүй байх хариуцагч талын гаргасан “...нэхэмжлэгч Ц.Б ажлаа орхин явсан нь ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригийн илэрхийлэл болно...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Б ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн ямар нэгэн бичгийн өргөдлийг байгууллагад өгөөгүй, “ажлаа орхин явсан гэдэг” нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд зааснаар ямар зөрчил болох нь тодорхойгүй, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй талаар шүүх дээр нэгэнт дүгнэсэн, энэ тохиолдолд ажилтныг зөрчил гаргасан гэж ажлаас халах үндэслэл болохгүй, хариуцагчийн төлөөлөгч нь тушаалд техникийн алдаа гаргаж, өмнө байсан тушаалын төсөл дээр нөхөж бичих байдлаар энэхүү тушаалыг гаргасныг зөвшөөрч байна.
8.Түүнчлэн Хөдөлмөрийн дотоод журмын 19 дүгээр зүйлийн 19.4.13-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан үйл баримт баримтаар тогтоогдохгүй, энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөөгүй байх ба ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирсонгүй.
Иймд нэхэмжлэгч Ц.Бгийн гаргасан гомдлыг хангаж, түүнийг урьд эрхэлж байсан гагнуурчны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
9.Нэхэмжлэгч Ц.Бгийн нэг сарын дундаж цалин хөлсийг хариуцагч талаас гарган өгсөн цалин хөлсний баримтыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцвол 1,686,655 /2021 оны 12 сард 1,780,817 төгрөг, 11 сард 1,878,450 төгрөг, 10 сард 1,400,700 төгрөг = 5,059,967 төгрөг : 3/ төгрөг болов.
Нэхэмжлэгч Ц.Бг ажлаас нь чөлөөлсөн 2021.12.23-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2023.01.12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцвол, 12 сар /1,686,655 төг * 12 сар = 20,239,860 төг/, ажлын 13 өдөр 1,686,655 төг : 21,5 өдөр = 78,449 төг * 13 өд = 1,019,837 төг/-ийн олговор нийт 21,259,697 /20,239,860 төг + 1,019,837 төг/ төгрөг болж байна.
Иймд хариуцагч ДК ХХК-иас 12 сар, ажлын 13 өдрийн олговорт нийт 21,259,697 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгож, уг олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ДК ХХК-нд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ гэж үзлээ.
10.Ц.Бгийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ДК ХХК-иас 264,248 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцэж байна.
Энэхүү маргаан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад хамаарч байх тул хуучин хуулийг баримтлан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бг хариуцагч ДК ХХК-ийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоосугай.
2.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч ДК ХХК-иас 21,259,697 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.
3.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн дээрх олговроос шимтгэл тооцон, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ДК ХХК-нд үүрэг болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч ДК ХХК-иас 264,248 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА