| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/03612/И |
| Дугаар | 182/ШШ2023/00226 |
| Огноо | 2023-01-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2023/00226
2023 01 17 182/ШШ2023/00266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Дн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Л, Б.Б нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 35,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Х,
Хариуцагч Б.Л, Б.Б, өмгөөлөгч Г.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн ээж буюу хариуцагч нарын эмээ болох Д.Г нь 1930 онд төрсөн, 2020.09.21-ний өдөр 90 насандаа нас барсан. Аав, ээж хоёр нь хоёр талаасаа дагавар хүүхдүүдтэй нийлсэн гэдэг, тэгээд дундаас нь хүү Г.Б төрсөн байдаг. Тухайн үед Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотын 18 м.кв, 1 өрөө орон сууцыг нөхөр Ц.Гд улсаас үнэгүй өгсөн байдаг, улмаар нөхөр Ц.Г нас барж эхнэр Д.Г өвлөн авсан бөгөөд хүү Г.Бгийн хамт тухайн байрандаа амьдарч байсан. Гэтэл дүү Г.Б нь 2020.11.06-ны өдөр нас барсан. Энэ байрыг нэхэмжлэгч Д.Д, дүү Г.Б нараас өөр өвлөх эрхтэй этгээд байхгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Д хууль ёсны өв залгамжлагч мөн. Ингээд нэхэмжлэгч Д.Д нь тус байрны ээж Д.Гд оногдох хэсгийн өв залгамжлан авах хүсэлтийг 2021.09.20-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.Од гаргасан боловч дүү Г.Бгийн хүүхдүүд болох хариуцагч нартай ойлголцож, зөвшилцөж чадаагүй маргаан үүссэн.
Бид тухайн байрыг интернэтэд тавигдсан ханшаар зэх зээлийн үнийг 7,000,000 төгрөг гэж үнэлсэн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар хариуцагч нар нь өвлөх хүсэлт гаргаагүй учир эмээ Д.Ганпилмаагаас түүний хүү Г.Бд ногдох өвлөх хэсгээс татгалзсан гэж үзэж байна. Хариуцагч нарын хувьд хуульд заасны дагуу 1 жилийн дотор өвлөх хүсэлт гаргах ёстой байсан. Харин хүсэлтийг 2021.09.22-ны өдөр өвлөх хүсэлтийг тойргийн нотариатчид гаргасан байна. Тийм учраас Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотын 18 м.кв, 1 өрөө орон сууцыг хариуцагч нарт үлдээж, уг эд хөрөнгөөс ногдох хэсгийг ээж Д.Ггийн 50% гэж үзэн, 70,000,000 төгрөгийн 35,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмээ Д.Г нь 2020.09.21-ний өдөр нас барсан. Маргааны зүйл болсон орон сууц нь Д.Г болон түүний хүү болох Г.Б нарын өмчлөлд байдаг, тэд тус байрандаа хамт амьдарч байсан. Одоо хүүхдүүд нь амьдарч байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Д.Гг нас барах үед охин Д.Д, хүү Г.Б нар нь ээж Д-д ногдох 50%-ийг тэнцүү байдлаар өв залгамжлах эрхтэй болсон. Гэтэл Г.Б нь 2020.11.04-ний өдөр өв залгамжилж амжаагүй нас барсан. Иймд Г.Бгийн хүүхдүүд болох Б.Л, Б.Б нар нь Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотын 18 м.кв, 1 өрөө орон сууцнаас аав Г.Бд ногдох 50%, нэмээд эмээ Д.Ггийн 50%-ийн өмчлөлийн 25%-ийг, нийт 75%-ийг өвлөн авах эрхтэй. Тус орон сууцны үнэлгээ болох 70,000,000 төгрөгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Д нь шууд 50%-ийг шаардах хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэгч Д.Дд 70,000,000 төгрөгийн 25% буюу 17,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, харин нэхэмжлэлээс үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгч талаас Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2021.09.20, 2021.05.11-ний өдрүүдийн төрөл садангийн тухай лавлагаа, 2021.05.11-ний өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа, 2021.09.20-ны өдрийн гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, 2021.09.20-ны өдрийн нотариатын гаргасан хүсэлт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.20-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг,
4.Хариуцагч талаас 2022.12.09-ний өдрийн төрөл садангийн лавлагаанууд, Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтууд, нас барсны гэрчилгээ, 2021.09.22-ны өдрийн өв хүлээн авах хүсэлт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоот орон сууцны хувийн хэргийн баримт /38 хуу/,
тус шүүхийн 2023.01.03-ны өдрийн 466 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Монголын нотариатчдын танхимын 2023.01.16-ны өдрийн 52 дугаар албан бичиг, хавсралт баримт /5 хуу/-уудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Л, Б.Б нарт холбогдуулж Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотын 18 м.кв, 1 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ээж Д.Г, дүү Г.Б нарын хамтран өмчилж байсан, маргааны зүйл болсон орон сууцны өөрт ногдох хэсгийг 50% гэж үзэж байгаа, ээж нас барснаас хойш дүү Г.Б өвийг хүлээн авч амжилгүй нас барсан учраас түүний хүүхдүүд нь 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлтийг гаргах байтал хугацаа хэтрүүлж гаргасан, иймд зах зээлийн ханш болох 70,000,000 төгрөгийн 50% буюу 35,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч нар дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд аав Г.Б эмээ Д.Ггийн хамт амьдарч байсан, 3 сарын дотор ямар нэгэн байдлаар татгалзах санал хүсэлтийг гаргаагүй тул өвийг хүлээн авсан гэж үзнэ, үүнээс хойш аав нас барж, аавын өвлөх 50% дээр эмээгийн 25% өвлөгдөж ирсэн учир бид өвийн 75%-ийг өв залгамжлан авах эрхтэй болсон, бид аавын өвийг хүлээн авах талаар хуульд заасан хугацааны дотор хүсэлтээ гаргасан, тийм учраас нэхэмжлэгчид 25% буюу 17,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж мэтгэлцсэн.
3.Маргааны зүйл болсон Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг анх 1998.02.17-ны өдөр Цамбын Гэлэгпэл улсаас үнэ, төлбөргүй өмчилж авсан байх бөгөөд Ц.Г, Д.Г нар нь 1968.02.10-ны өдөр гэр бүл болсноо 1982.05.25-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн, тэдний дундаас 1969.05.07-ны өдөр хүү Г.Б төрсөн, Ц.Г 2011.07.27-ны өдөр нас барж, 2012.10.16-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр тус орон сууцны өвлөгч нар нь Д.Гэлэгпил, Г.Б нар болж, 2012.10.16-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авчээ.
Дээрх орон сууцны өмчлөгчөөр 2016.11.14-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлээр Б.Цэрэн нэмэгдэж, 2018.05.14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусдад бэлэглэх тухай гэрээгээр Ц.Цэрэн хасагдаж, Г.Номин өмчлөгчөөр нэмэгдсэн, 2020.08.31-ний өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээгээр Г.Номин хасагдаж, 2020.09.03-ны өдрийн байдлаар Д.Г, Г.Б нар тус орон сууцны хамтран өмчлөгч болсон байна.
4.Хариуцагч тал тус орон сууцны өмчлөгчөөр нэмэгдэж ороод, дараа нь хасагдсан Ц.Цг эмээ Д.Дгийн хүүхэд, Г.Нг Гн ахын хүүхэд, өөрөөр хэлбэл эмээ Д.Г нь Дн, Г, Г гэсэн 3 хүүхэдтэй, өвөө Ц.Г нь Б, Б, А гэсэн 3 хүүхэдтэй хоёр талаасаа нийлж гэр бүл болсон, тэдний дундаас манай аав Г.Б төрсөн, Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцнаас оногдох хэсгийг гаргуулахаар өөр маргаж байгаа этгээд байхгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, маргаагүй болно.
Тодруулбал, нэхэмжлэгч Д.Д нь Ц.Г, Д.Г нарын дагавар охин буюу эх Д.Гг дагаж ирсэн, 1950.09.13-ны өдөр төрсөн байх ба, Д.Д, Г.Б нар нь эх нэгтэй, эцэг өөртэй эгч дүүс байна. Г.Б нь 1992.01.27-ны өдөр Х.Отэй гэр бүл болсон байх бөгөөд тэдний дундаас 1992.08.12-ны өдөр хүү Б.Л, 1997.12.11-ны өдөр хүү Б.Б нар төрсөн, тэд 2008.01.23-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан байна.
5.Д.Г, Г.Б нар нь Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчид, эх Д.Г нь 2020.09.21-ний өдөр, хүү Г.Б нь 2020.11.05-ны өдөр тус тус нас барсан, Д.Г, Г.Б нар нас барах хүртлээ Г.Бгийн хүүхдүүд болох Б.Л, Б.Б нарын хамт тус орон сууцанд амьдарч байжээ.
Ийнхүү эх Д.Г нь 2020.09.21-ний өдөр нас барснаар Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцны эх Д.Ггийн өмчилж байсан 50%-ийг өвлөх эрх нээгдэж, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Д.Д, Г.Б нар адил хэмжээгээр өвлөн авах эрхтэй болсон байна.
6.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар хүү Г.Бгийн хувьд эх Д.Гд ногдох хэсэг буюу дээр дурдсан орон сууцны 50%-ийг өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат, баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй байх тул өвийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй, харин охин Д.Дгийн хувьд хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор нотариат, баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл гаргах учиртай.
Улмаар охин Д.Д нь 2021.09.20-ны өдөр өвлөгдөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцнаас эх Д.Гд ногдох хэсгийг өв залгамжлан авах тухай хүсэлтийг Нийслэлийн тойргийн нотариатч Д.Од гаргасан байх боловч нас барсан дүү Г.Бгийн хүүхдүүд болох Б.Л, Б.Б нартай тухайн эд хөрөнгийн өвлөн авах хэмжээний талаар маргаантай байсны улмаас түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна.
7.Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1-д зааснаар хүү Г.Б нь эх Д.Ггийн өвийг хүлээн авч чадалгүй 2020.11.05-ны өдөр нас барсан байх тул түүний хүүхдүүд болох Б.Л, Б.Б нарт өвлөгдөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцнаас эмээ Д.Ггийн хүү Г.Бд оногдох хэсгийг хүлээн авах эрх шилжжээ.
Ийнхүү хариуцагч Б.Л, Б.Б нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар 2021.09.22-ны өдөр эмээ Д.Г, эцэг Г.Б нарын өвлөгдөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцны эцэг Г.Бгийн 50%, түүнд эх Д.Ггаас өвлөгдөн ирэх 25%, нийт 75%-ийг өвлөн авах тухай хүсэлтийг Нийслэлийн тойргийн нотариатч Б.Оюунчимэгт гаргасан байх боловч нэхэмжлэгч Д.Дтэй тохиролцож чадаагүйн улмаас тэдэнд өвлөх эрхийн гэрчилгээ мөн адил олгогдоогүй байна.
8.Нэхэмжлэгч Д.Д нь өвлөгдөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, ханшийг 70,000,000 төгрөг гэж өөрөө тогтоосныг хариуцагч нар маргаагүй, зөвшөөрсөн болно.
Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар зохигчид Д.Г, Г.Б нарын өвлөгдөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцны өөрт оногдох хэсгийн талаар хэлэлцэн зөвшөөрөлцөж, оногдвол зохих хувь хэмжээгээр хуваарилж чадаагүй, маргаантай байх бөгөөд энэ асуудлыг шүүх шийдвэрлэхээр зохицуулжээ.
9.Иймд шүүх, Д.Г, Г.Б нарын өвлөгдөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцнаас эх Д.Ггийн охин Д.Дд оногдох хэсгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан “...өвлөгчид адил хэмжээгээр өвлөх эрхтэй...” гэсэн зарчим, Д.Г, Г.Б нар нас барах үедээ тухайн эд хөрөнгийг хамтран /50% / 50%/ өмчилж байсныг харгалзан үзэж, эд хөрөнгийн үнэлгээ болох 70,000,000 төгрөгийн 25% /50% / 2 хүүхэд = 25%/ буюу 17,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, өвлөгдөх хөрөнгийн эх Д.Ггийн өмчилж байсан 50%-ийн 25%-ийг хүү Г.Б буюу түүний хүүхдүүд болох Б.Л, Б.Б нар өв залгамжлан авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тул “...нэхэмжлэгч талын гаргасан ээж Д.Гд оногдох 50%-ийг бүхэлд нь өвлөн авах эрхтэй, Г.Бд оногдох хэсгийн талаар хариуцагч нар 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй, хугацаа хэтрүүлж гаргасан байна...” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.
10.Нэхэмжлэгч Д.Дгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 347,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Л, Б.Б нараас 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар хариуцагч Б.Л, Б.Б нараас 17,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 347,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Л, Б.Б нараас 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА