Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2023/00506

 

 

 

 

 

 

 

 

 2023        01        24                                            182/ШШ2023/00506

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АБАСЭОФ ХХК,  

Хариуцагч: Д.Н,

Хариуцагч: А.Э,

Хамтран хариуцагч: Ц.А,

Хамтран хариуцагч:  Б.Б нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 575,585,991 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б, Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, А.Б,

Хариуцагч АБАСЭОФ ХХК-ийн гүйцэтгэх захирал, хариуцагч Ц.А-н төлөөлөгч, хариуцагч Д.Н, өмгөөлөгч Т.О,

Хариуцагч А.Э, Б.Б нарын төлөөлөгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай банк зээлдэгч “АБАСЭОФ” ХХК-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Н, хувьцаа эзэмшигч А.Э нартай 2020.03.18-ны өдөр 20/40 тоот зээлийн гэрээг байгуулж 420,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн 384000114636 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2020.03.18-ны өдөр 20/40 тоот барьцааны гэрээг байгуулж, хариуцагч Б.Бий өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Бээжингийн гудамж ** дүгээр байрны *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023818 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн түүний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, * дүгээр 40 мянгат гудамж, 3 дугаар байр, 25 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220200**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Ц.А-н өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Бээжингийн гудамж ** дүгээр байрны *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч нь 20/40 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай зээлдэгчид мэдэгдэж, утсаар холбогдож зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж мэдэгдэл хүргүүлсэн. ТБанд хохирол учруулж, өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс огт төлөлт төлөлгүй муу ангилалтай болсон. Зээлийн графикаас харвал эхний 3 сар бид үндсэн зээл төлөхөөс чөлөөлсөн, зөвхөн хүү төлөхөөр байгаа. Зээлдэгч нь 20/40 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл огт төлөөгүй, зээлийн хүүний төлбөрөөс 20,451,090.63 төгрөг төлсөн. 2022.05.10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 420,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 151,875,484.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,710,506 төгрөг, нийт 575,585,991 төгрөг болсон байна.

Банкны зүгээс уг зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй. Харилцааны менежер нь зээлдэгч Д.Нтэй олон удаа утсаар ярих болон биечлэн уулзсан. Ингэхдээ утсаар ярьсан тэмдэглэл, зээлдэгчийн хүсэлтийг баталгаажуулж авдаг. Хариуцагч тал зээлийг төлнө гэдэг болохоос биш хүү зогсоолгох, гэрээ цуцлах болон ковидтой холбоотой ямар нэгэн хүсэлт огт гаргаагүй. Өөрөөр хэлбэл эхний хөл хорио 2020.11-11-ний өдрөөс 2020.12.24-ний өдрийг хүртэл, хоёр дахь хөл хорио 2020.12.23-ны өдрөөс 2021.01.06-ны өдрийг хүртэл, гурав дах хөл хорио 2021.02.11-2021.03.03-ны өдрийг хүртэл үргэлжилсэн. Энэ үед аж ахуй нэгж байгууллагууд хөл хорионы дэглэм сахиж ажиллаж байсан. Иймд зээлийн гэрээ, Иргэний хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул манай банк шүүхэд хандсанаар зээлийг цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 575,585,991 төгрөг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-Ү-22030***,                             Ү-220200****, Ү-2203033** дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч АБАСЭОФ ХХК-ийн гүйцэтгэх захирал, хариуцагч Ц.А-н төлөөлөгч, хариуцагч Д.Н, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АБАСЭОФ ХХК нь ТБтай 2020.03.18-ны өдөр 20/40 тоот зээлийн гэрээ байгуулж 420,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг рестораны үйл ажиллагаа явуулах зорилгоор, 60 сарын хугацаатай 19.2%-ийн хүүтэйгээр хөрөнгө оруулалтын зорилгоор авч байсан. Зээлийн барьцаа болгон Б.Б, Ц.А нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Тухайн үед бид Сүхбаатар дүүргийн * дүгээр хороонд байрлах, Чойжин сүйтс апартментийн Б1 давхарт ресторан, бар түрээсэлж, тухайн газрыг тохижуулж засвар хийхэд хугацаа орсон. Улмаар авсан зээлээрээ тухайн газарт агааржуулагч, цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг авсан. Үүнтэй холбоотой мэдээллийг зээлийн эдийн засагч н.Мөнхзулд тайлагнаж байсан. Улмаар манайх 2020.10.26-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Гэтэл 1 сар ч болоогүй 2020.11.12-ны өдрөөс хөл хорио тогтоож эхэлсэн. Тухайн хөл хориотой холбоотойгоор бидний хувьд зарим үед огт ажиллахгүй, зарим үед цагийн хязгаартайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагаа явуулж байхдаа ч нэг ширээнд олон хүн суух боломжгүй, олон ширээ тавих боломжгүй тийм нөхцөл байдал үйл ажиллагаа явуулж байсан учраас орлого олж, сард 11 сая төгрөг төлөх ямар ч боломжгүй байсан. Тухайн үед ковид гарсан байсан гэдэг нь нийтэд илэрхий нөхцөл байдал ба ямар нэгэн байдлаар нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Хэдийгээр талууд энэ талаар гэрээгээр тохиролцоогүй боловч гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн. Өөрөөр хэлбэл тухайн зээл авсан компанийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр төлж чадахгүй байдалд хүрсэн байгаа. Авсан зээлийн талаар маргаан байхгүй, үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй. Төлсөн хүүгийн талаар маргахгүй, гагцхүү бидний хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан үзэж зээлийн хүүг багасгаж өгөөч гэж хүсэж байна.

Харин иргэн Д.Н нь энэ зээлийн гэрээтэй ямар нэгэн хамааралгүй, тухайн зээлийг АБАСЭОФ ХХК, иргэн А.Э нар авсан байгаа. Тийм учир энэ хэрэг маргаанд Д.Н хамааралгүй учир Д.Нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч А.Э, Б.Б нар, түүний төлөөлөгч Г.Гг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас гэрээ цуцлах мэдэгдэл гаргаагүй, шууд шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй байна. Тухайн цаг үед ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хариуцагч нар санхүүгийн хүнд байдалд орсон нь үнэн. Харин нэхэмжлэгч тал хариуцагч нарт ковидын нөхцөл байдалтай холбоотой ямар нэгэн боломж олгоогүй, энэ нөхцөл байдлыг харгалзалгүй зээлийн хүүг бүхэлд нь нэхэмжилж байгааг, мөн эцэстээ хүний эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл байдлыг зориудаар бий болгож байна гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.12.21-ний өдрийн 01/6435 дугаар эрх олгосон итгэмжлэл, хариуцагч Д.Н, А.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, АБАСЭОФ ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, зээлдэгчийн анкетууд, 2020.03.18-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2020.03.18-ны өдрийн барьцааны гэрээнүүд, 2020.03.18-ны өдрийн батлан даалтын гэрээ, 2020.03.20-ны өдрийн мемориалын баримт, 2021.09.30, 2021.11.29, 2022.02.16-ны өдрийн мэдэгдлүүд, 2021.09.30-ны өдрийн хариуцагч Д.Нгийн өргөдөл, 2022.03.09, 2022.04.13-ны өдрийн АБАСЭОФ ХХК-ийн хүсэлтүүд, барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Б, Ц.А нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 2020.02.10, 2020.03.18, 2020.03.19-ний өдрийн итгэмжлэлүүд, АБАСЭОФ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, зээлийн тооцооллууд, зээлийн дансны харилцагчийн хуулгууд, 2022.03.16-ны өдрийн 01/1156 дугаар эрх олгосон итгэмжлэл гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

 

5.Хариуцагч нар шүүхэд ямар нэгэн баримт өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч АБАСЭОФ ХХК, Д.Н, А.Э, Ц.А, Б.Б нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 575,585,991 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

                                               

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нар нь зээлийг хүлээн авч, ашигласан байх боловч зээлийн гэрээний график зөрчиж, зээл төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул бид зээл, хүүг төлүүлэх талаар шат дараалсан арга хэмжээ авсан, ямар нэгэн үр дүн гараагүй, хариуцагч тал зээлийг төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, тийм учраас бид гэрээг нэг талын санаачилгаар цуцалж шүүхэд хандсан, иймд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч АБАСЭОФ ХХК-ийн гүйцэтгэх захирал, хариуцагч Ц.А-н төлөөлөгч, хариуцагч Д.Н нар нь авсан зээлийн талаар, төлсөн төлөлтийн талаар маргаан байхгүй, харин ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа доголдсон байсныг харгалзан үзэж хүүгийн хэмжээг багасгуулах хүсэлтэй, иргэн Д.Нгийн хувьд зээлийн гэрээнд ямар нэгэн оролцоо байхгүй учир түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж,

Хариуцагч А.Э, Б.Б нар нь нэхэмжлэгч талаас гэрээ цуцлах мэдэгдэл гаргаагүй, шууд шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, тухайн цаг үед ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хариуцагч нар санхүүгийн хүнд байдалд орсон нь үнэн, нэхэмжлэгч тал энэ нөхцөл байдалтай холбоотой ямар нэгэн боломж олгоогүй, зээлийн хүүг бүхэлд нь нэхэмжилж байгааг, мөн бусдын эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл байдлыг зориудаар бий болгосныг зөвшөөрөхгүй гэж тус тус мэтгэлцсэн.

 

3.Хариуцагч Д.Н, А.Э нар нь хариуцагч АБАСЭОФ ХХК-ийн үүсгэн байгуулагчид байх бөгөөд 2020.01.23-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлаар компанийн эзэмшиж буй HUB нэртэй ажиллуулж байгаа бар, рестораны дотор засал, эргэлтийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ТБ ХХК-иас 495,000,000 төгрөгийн зээл авах асуудлыг хэлэлцэж, хувьцаа эзэмшигч А.Э, Д.Н нар энэ талаар харилцан зөвшөөрөл олгож, зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг гүйцэтгэх захирал Д.Нд олгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч АБАСЭОФ ХХК, гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Д.Н нь 2020.02.08-ны өдөр, хариуцагч, тус компанийн хувьцаа эзэмшигч А.Э 2020.02.12-ны өдөр тус тус зээл авах хүсэлтийг ТБ ХХК-нд гаргаж, үүний үр дүнд хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нар нь ТБ ХХК-ийн Баянгол дүүрэг салбартай 2020.03.18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 420,000,000 төгрөгийг 1 сарын 1,60%, 1 жилийн 19,20%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авах, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хамтран төлөх, нэхэмжлэгч ТБ ХХК-ийн Баянгол дүүрэг салбар нь зээлийн мөнгийг хариуцагч нарт шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

 

Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн Баянгол дүүрэг салбар нь уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020.03.18-ны өдөр хариуцагч АБАСЭОФ ХХК, Б.Б, Ц.А нартай барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд, уг барьцааны гэрээгээр хариуцагч АБАСЭОФ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н нь хариуцагч А.Э, Б.Б, Ц.А нарын 2020.02.10, 2020.03.18, 2020.03.19-ний өдрүүдэд олгосон итгэмжлэлүүдийг үндэслэн,

1.хариуцагч Б.Бий өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203023818 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Бээжингийн гудамж, ** дүгээр байрны *** тоотод байрлах, 142 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.хариуцагч Б.Бий өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220200**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, * дүгээр 40 мянгат гудамж, * дугаар байрны **  тоотод байрлах, 55,34 м.кв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3.хариуцагч Ц.А-н өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203033** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Бээжингийн гудамж, ** дүгээр байрны *** тоотод байрлах, 64 м.кв, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

4.Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, **  дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж-28 тоотод байрлах, 137,635,300 төгрөгийн үнэ бүхий рестораны тоног төхөөрөмж, тавилга эд хогшил /жагсаалтаар/-ыг тус тус ТБ ХХК-ийн Баянгол дүүрэг салбарт барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулагдсан дурдсан зээл болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 1* дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлагад нийцжээ.

 

          Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн Баянгол дүүрэг салбар нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлийн 420,000,000 төгрөгийг 2020.03.20-ны өдөр хариуцагч АБАСЭОФ ХХК-нд шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нар нь зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар, гэрээний хугацаанд үндсэн зээлд 420,000,000 төгрөг, хүүд 244,284,775 төгрөг, нийт 664,284,775 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

 

Дээрх үүргээс хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нар нь зээлийн хүүд 2020.04.20-ны өдөр 6,848,876 төгрөг, 2020.05.20-ны өдөр 1,532,213 төгрөг, 2020.05.31-ний өдөр 5,700,000 төгрөг, 2020.06.30-ны өдөр 6,849,000 төгрөг, нийт 20,451,090 төгрөг төлсөн байх боловч 2020.07.20-ны өдрөөс үндсэн зээл, хүү огт төлөөгүй, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.4, 2.1.6, 3 дугаар зүйлийн 3.2.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигджээ.

 

5.Иймд нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 4.1.13, 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар зээл, хүү төлөхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж, зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах тухайгаа 2021.09.30, 2021.11.29, 2022.02.16-ны өдрүүдэд тус тус мэдэгдэж, албан бичгийг хариуцагч нарт хүргүүлж байсан байна.

 

Хариуцагч АБАСЭОФ ХХК-ийн захирал Д.Н нь 2021.09.30, 2022.03.09, 2022.04.13-ны өдрүүдийн албан бичиг, хүсэлтээр “...ковид-19 цар тахлын халдвар гарсантай холбогдуулан эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүдээс хамааран үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээний хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон, уг хүндрэлээс болж зээл, хүүгийн төлөлт хуримтлагдсанд хүлцэл өчье,...Оюу толгой компаниас төлбөр орж ирмэгц зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн агуулга бүхий хариуг нэхэмжлэгч ТБ ХХК-нд өгсөн байх боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй.

 

Тиймээс нэхэмжлэгч ТБ ХХК нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээний хугацаа дуусах 2025.03.18-ны өдрөөс өмнө нэг талын санаачилгаар 2022.02.16-ны өдөр зээлийн гэрээг цуцалжээ. Иймд нэхэмжлэгч талын гаргасан “... нэмэлт хугацаа тогтоогоод үр дүн гараагүй учир 2022.05.10-ны өдөр шүүхэд хандсанаар зээлийн гэрээ цуцлагдсан...” гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Учир нь ТБ ХХК нь 2021.11.29-ний өдрийн албан бичигтээ “...зээл төлөх нэмэлт хугацаа олгосон, энэ хугацаанд төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцалж, холбогдох арга хэмжээ авахыг мэдэгдсэн...”, улмаар 2022.02.16-ны өдөр мөн утга бүхий албан бичгийг хариуцагч нарт дахин хүргүүлсэн нь 2022.02.16-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан гэх дүгнэлтэд хүргэж байна.

 

6.Иргэний хуулийн 45* дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”,

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2* дүгээр зүйлийн 21.2-т “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, 26 дугаар зүйлийн 26.1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”,

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”,

158 дугаар зүйлийн 158.1-д “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 158.2-т “үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ”,

174 дүгээр зүйлийн 174.1-д “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4* дүгээр зүйлийн 41.1-д “үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй”, 41.2-т “энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.

 

7.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ТБ ХХК нь зээлийн 420,000,000 төгрөгийг хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нарт хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нь зээлийг ашиглаж үндсэн зээл, хүү төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй байх тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д зааснаар нэмэлт үүрэг болох нэмэгдүүлсэн хүүг төлөх, зээлийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний 7 дугаар зүйл, барьцааны гэрээний * дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.2, 2.5-д зааснаар барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байна.

 

Иймд нэхэмжлэгч ТБ ХХК нь хуулийн дээрх заалтуудын дагуу хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээ цуцлагдсан 2022.02.16-ны өдрийг хүртэл шаардах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй, хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нар нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.Б, Ц.А нар барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй болжээ. Тиймээс хариуцагч нарын төлөөлөгч Г.Г-н гаргасан “... нэхэмжлэгч тал бусдын эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл байдлыг зориудаар бий болгосныг зөвшөөрөхгүй...” гэх агуулга бүхий тайлбар няцаагдана.

 

8.Нэхэмжлэгч ТБ ХХК нь 575,585,991 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 2022.05.10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 420,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 151,875,484.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,710,506 төгрөг гэж задлан тайлбарласан бөгөөд хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй, гагцхүү ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогссон учир хүү төлөх боломжгүй тайлбарлан зээлийн хүүг багасгуулахыг хүссэн.     

 

Шүүх зээлийн тооцооллыг гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн 2022.02.16-ны өдрийг хүртэл, зээлийн дансны хуулга, зээлийн тооцооллыг үндэслэн тооцож үзвэл,

- үндсэн зээлийн үлдэгдэл 420,000,000 төгрөг,

- зээлийн хүүгийн үлдэгдэл 131,991,650 /2022.02.16-ны өдрөөс 2022.04.20-ны өдөр хүртэл буюу 2022.02.20-ны өдрийн 6,848,876 төгрөг, 2022.03.20-ны өдрийн 6,186,082 төгрөг, 2022.04.20-ны өдрийн 6,848,876 төгрөг, нийт 19,883,834 төгрөгийг зээлийн хүү 151,875,848 төгрөгөөс хассан/ төгрөг,

- нэмэгдүүлсэн хүү 2,701,207 /2022.02.16-ны өдрөөс 2022.04.20-ны өдөр хүртэл буюу 2022.02.20-ны өдрийн 327,162 төгрөг, 2022.03.20-ны өдрийн 313,401 төгрөг, 2022.04.20-ны өдрийн хүү 368,736 төгрөг, нийт 1,009,299 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү 3,710,506 төгрөгөөс хассан/ төгрөг,

Бүгд 554,692,857 /420,000,000 төг + 131,991,650 төг + 2,701,207 төг/ төгрөг болов.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд форс мажор буюу давагдашгүй хүчин зүйлийн талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй, тухайн цаг үед ковидын нөхцөл байдал байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нотлох шаардлагагүй боловч, зээлдэгчийн хүсэлтээр зээл, хүү төлөх хугацааг хойшлуулж байсан, хариуцагч нар нь зээл, хүү зогсоолгох хүсэлтийг ТБ ХХК-нд гаргаж байсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагч нарын төлөх зээлийг хүүг багасгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

9.Иймд хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нараас 554,692,857 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,893,134 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Д.Нд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь хариуцагч Д.Н зээлийн гэрээ, барьцааны гэрээний оролцогч биш, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1‑д зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-иас зээл авах талаар түүний хүсэл зориг илэрхийлэгдээгүй, нэхэмжлэгч ТБ ХХК-ийн өмнө зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байна. Харин хариуцагч Д.Н 2020.03.18-ны өдөр ТБ ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан байх боловч нэхэмжлэгч ТБ ХХК нь батлан даалтын гэрээний дагуу ямар нэгэн шаардлага гаргаагүй, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг онцлогтой болно.

 

Хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нар нь зээлийн гэрээний дагуу 554,692,857 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ТБ ХХК нь барьцааны зүйл болох,

1.хариуцагч Б.Бий өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203023818 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Бээжингийн гудамж, ** дүгээр байрны *** тоотод байрлах, 142 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.хариуцагч Б.Бий өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220200**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, * дүгээр 40 мянгат гудамж, * дугаар байрны **  тоотод байрлах, 55,34 м.кв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3.Хариуцагч Ц.А-н өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203033** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Бээжингийн гудамж, ** дүгээр байрны *** тоотод байрлах, 64 м.кв, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч ТБ ХХК нь Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, **  дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж-28 тоотод байрлах, 137,635,300 төгрөгийн үнэ бүхий рестораны тоног төхөөрөмж, тавилга эд хогшил /жагсаалтаар/-оос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаагүй болохыг дурдав.

 

10.Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3,106,080 /3,035,880 төг + 70,200 төг/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нараас 3,035,880 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч Б.Б, Ц.А нараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж, нийт 3,106,080 төгрөгийг нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 45* дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нараас 554,692,857 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,893,134 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Д.Нд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ТБ ХХК нь барьцааны зүйл болох хариуцагч Б.Бий өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203023818 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Бээжингийн гудамж, ** дүгээр байрны *** тоотод байрлах, 142 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Б.Бий өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220200**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, * дүгээр 40 мянгат гудамж, * дугаар байрны **  тоотод байрлах, 55,34 м.кв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Ц.А-н өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203033** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Бээжингийн гудамж, ** дүгээр байрны *** тоотод байрлах, 64 м.кв, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3,106,080 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч АБАСЭОФ ХХК, А.Э нараас 3,035,880 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч Б.Б, Ц.А нараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА