| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 197/2025/0632/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/627 |
| Огноо | 2025-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота,
улсын яллагч Б.Тогтох (цахимаар),
шүүгдэгч С.Б*********л нарыг оролцуулан тус шүүхийн “11” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2510 0000 00266 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Б*******н овогт С*********рын Б*********л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн ********* тоотод оршин суух, регистрийн дугаар ********** урьд
- С*********р дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 591 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, түүний цагдан хоригдсон 12 хоногийг хасаж тооцон 172 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 446 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 172 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 572 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон.
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, түүний цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялд оруулан тооцож 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, тооцон зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ХМШЗ/31 дугаартай шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 572 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус хорих ялаар сольж биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 3 сараар тогтоож шийдвэрлэсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б*********л нь Д.Н*********ртой бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ********** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Г*********гийг өшиглөж, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зулгаралт, цээж, зүүн бугалга, тохой, зүүн шуу, баруун бугалга, хэвлий, зүүн ташаа, нуруу, баруун болон зүүн өвдөг, баруун шилбэ, баруун болон зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч С.Б*********л нь Д.Н*********ртой бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ********** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Г*********гийг өшиглөж, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зулгаралт, цээж, зүүн бугалга, тохой, зүүн шуу, баруун бугалга, хэвлий, зүүн ташаа, нуруу, баруун болон зүүн өвдөг, баруун шилбэ, баруун болон зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- ХУДЦГ ЦХ-2 Шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын PCOD14571980 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 8*******0, ...Дуудлага хүлээн авсан: 2023-04-10 06:36:55, ...Дуудлагын утга: Манай нөхрийг өчигдөр найз нь зодсон...” гэх баримт (хавтаст хэргийн 14 дэх тал),
- Хохирогч Б.Г*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр...манай гэрт ороод манай эхнэр болон 3 залуу тэгээд би байсан. Бид нар хамт архи уугаад би нэлээд согтсон байсан нэг мэдэхэд өндөр шар залуу намайг цохиж байсан тэрнээс хойш болсон зүйлийг болон хэнтэй маргалдаж золдсон эсэхээ санахгүй байна. ...Миний духны баруун талд шалбарч хавдсан, зүүн талын шанаа хөхөрч хавдсан нүд хөхөрсөн, цээж гар гуя нуруу хэсэгт шалбарч хөхөрсөн байсан...Би эмчилгээнд 300.000 төгрөгийн зардал гарж эмнэлгээр явж үзүүлсэн энэ хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
- Гэрч Ж.О*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр бид хоёр тухайн үед маралдсан байсан бөгөөд энэ талаараа хэлтэл манай нөхөр рүү чи эхнэртээ гар хүрдэг яасан эр хүн бэ чи эмэгтэй хүнээс төрөөгүй юу гээд шар хүрэмтэй туранхай залуу манай нөхрийг хэвтэж байхад нь өшиглөсөн бас хажууд нь байсан О**********л гэх залуу бас манай нөхрийг өшиглөсөн юм тэгээд би нөхрийг дарж хэвтээд боль гэж хэлсэн тэгтэл тухайн залуучууд гараад явсан...Шар хүрэмтэй залуу нь толгой хэсэгт нь 1-2 удаа өшиглөсөн. О**********л гэгч нь толгой хэсэгт нэг удаа өшиглөөд алаад хаячихъя гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4988 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанааны хэсгийг хамарсан 11х8см хөхөлбөр ягаан захаараа шаргал ногоон туяа бүхий цус хуралттай бага зэрэг овойж хавдсан, тэмтрэлээр эмзэглэлтэй, духны баруун дээд хэсэгт овойж хавдсан, 5х4см шаргал ногоон туяа бүхий цус хуралттай, уг цус хуралтын дээд хэсэгт 2х0.6см хүрэн тав бүхий зулгаралттай, цээжний зүүн дээд хэсэгт 8х6см, зүүн бугалгын урд дээд хэсэгт 5х3см, урд доод хэсэгт 11х9см, зүүн тохойнд 14х10см, зүүн шууны гадна дээд хэсэгт 2х1см, баруун бугалгын урд дунд хэсэгт 3х3см, цээжний баруун доод хэсэгт 2х1см, хэвлийн зүүн дээд хэсэгт 1х1см, зүүн ташаанд 2х1см, нурууны зүүн дунд хэсэгт 2х1см, бүсэлхий нурууны дунд хэсэгт 2х2см 3 ширхэг бүсэлхий нурууны зүүн дунд хэсэгт 7х4см, 4х3см, зүүн даланд 2х1.5см баруун өвдөгт 11х9см, зүүн өвдөгт 7х7см, баруун шилбэний урд доод хэсэгт 5х3см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 5х5см, ард дунд хэсэгт 2х2см баруун гуяны ард дунд хэсэгт 2х2см хөхөлбөр ягаан өнгийн захаараа шаргал ногоон туяа бүхий цус хуралттай
ГССҮТ-н 2023.04.10-ний өдрийн гэмтлийн эмчийн үзлэгт онош: Дунд зэргийн тархины няцрал гэжээ.
ГССҮТ-н 2023.04.10-ны өдөр хийгдсэн толгойн КТГ-н шинжилгээнд ...Духны баруун талд зөөлөн эдэд хавантай...гэжээ...ДҮГНЭЛТ
1.Б.Г*********гийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, тохой, зүүн шуу, баруун бугалга, хэвлий, зүүн ташаа, нуруу, баруун болон зүүн өвдөг, баруун шилбэ, баруун болон зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
- Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2025/шцт/127 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 166-168 дахь тал)
- Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийн тусгаарлах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 01 дэх тал),
- Шүүгдэгч С.Б*********лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Г*********г хэд хоногийн өмнө эхнэрээ зодсон байсан энэ талаар Н*********р мэдээд Г*********гтой муудалцсан. Тэгээд маргаан үүсээд Г*********гийг эхнэр нь нэг удаа өшиглөсөн тэгээд Н*********р хэдэн удаа алгадаад салсан...Би Г*********гийн биед халдаагүй. Ор руу нь нэг удаа түлхсэн өөр зүйл санахгүй байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б*********л нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Б*********л нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч С.Б*********л нь бүлэглэн, хувийн таарамжгүй сэдэлтээр, эхнэрээ зодсон гэх шалтгаан нөхцөлөөр, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогч Б.Г*********гийн нь бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болохыг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч С.Б*********лын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн байхыг шаарддаг болно.
Тиймээс шүүгдэгч С.Б*********лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г*********г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Б*********лд гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг ирүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Прокурор санал болгож шүүгдэгч С.Б*********л хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг хорих ялыг нэг хоногоор тооцож нийт 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 19 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 30 хоногийг хорих ялыг нэмж нэгтэн ний эдлэх ялыг 8 сар 19 хоногийн хугацаагаар тогтоох арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналаар шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б*********л нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч С.Б*********л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 35, 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.Б*********лыг гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар...” тогтоов.
Шүүгдэгч С.Б*********л нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 446 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 172 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 572 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон.
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, түүний цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялд оруулан тооцож 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, тооцон зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн.
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ХМШЗ/31 дугаартай шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 572 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус хорих ялаар сольж биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 3 сараар тогтоож шийдвэрлэсэн ба тэрээр хорих ял эдэлж байгаа ялтан байна.
Шүүгдэгч С.Б*********л нь энэ хэрэгтээ 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс (хавтаст хэргийн 171 дэх тал) мөн оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх... цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ...тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус хуульчилжээ.
Тиймээс шүүгдэгч буюу ялтан С.Б*********лд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж заасны дагуу 240 цагийг ажлын 8 цагт хувааж нийт хорих ялыг 30 хоногоор тооцон энэ тогтоолоор оногдуулсан ялыг эдэлсэнд тооцов.
Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасан “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлага байхгүй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлсэнд тооцсон болно.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2510 0000 00266 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт С*********рын Б*********лыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*********лыг 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*********лд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б*********лын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 30 (гуч) хоног буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 240 (хоёр зуун дөчин) цагийг эдлэх ялд нь оруулан тооцож эдлэх ялаас хассугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ