Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2023/00670

 

 

 

 

 

 

 

 

 2023        02         07                                           182/ШШ2023/00670

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СФ ХХКн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэг болон зардалд 12,266,392 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Г.Ж,

Хариуцагч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: СФ ХХК нь Д.Наас түрээсийн төлбөр 12,196,192 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2022.01.28-ны өдөр шүүхэд гаргасан боловч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.07-ны өдрийн 182/Ш32022/07693 дугаар захирамжаар хариуцагч Д.Нын МГ ХХК-нд холбогдуулан залилан мэхэлсэн гэх гомдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа гэсэн үндэслэлийг хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022.06.22-ны өдрийн 5059 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолоор Номгонбатын гаргасан МГ ХХК-д холбогдох гомдлыг хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Өмнө нь хариуцагч Д.Нын хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж байгууллага өөрөөсөө зардал гаргасан байдаг. СФ ХХК-нь Д.Нтай 2019.08.27-ны өдрөөс 2019.09.26-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. Үүнд:

1.2019.08.27-ны өдрөөс 2019.09.26-ны өдөр хүртэлх 304 ширхэг бараа материалыг 30 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-220 төгрөгөөр түрээслүүлж, түрээсийн төлбөрт нийт 1,755,600 төгрөг, барьцаа 500,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас Д.Н нь мөн өдөр түрээсийн төлбөрт 1,755,600 төгрөг болон барьцаанд 500,000 төгрөгийг төлсөн.

2.Бараа материалыг үргэлжлүүлэн түрээслэхээр тохиролцсоны дагуу “Авлага өглөгийн товчоо” тооцоогоор 2019.08.27-ны өдрөөс 2020.01.25-ны өдөр хүртэлх 1207 ширхэг бараа материалыг 18-151 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-250 төгрөгөөр түрээсэлж нийт түрээсийн төлбөрт 15,743,490 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр борлуулсан 2500 ш барааны үнэ 250,000 төгрөг, эвдэрсэн 8 ширхэг бараа материалын үнэ 38,500 төгрөгийг нэмж, нийт төлбөл зохих дүн 16,031,990 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсанаас нийт төлсөн 6,588,800 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл 9,443,190 төгрөг болсон. Үүнийг Д.Н нь хүлээн зөвшөөрч авлага өглөгийн товчоо тооцоо болон Тооцоо үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Мөн 2019.10.13-ны өдөр барьцаанд 1,000,000 төгрөгийг нэмж төлж нийт барьцааны үлдэгдэл 1,500,000 төгрөг болсон.

3.Түрээсийн үргэлжлэл болох “Авлага өглөгийн товчоо” тооцоогоор 2020.01.25-ны өдрөөс 2020.01.28-ны өдөр хүртэлх 310 ширхэг бараа материалыг 3 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-220 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 187,605 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр 2019.08.27-ны өдрөөс 2020.01.25-ны өдөр хүртэлх түрээсийн тооцооны үлдэгдэл 9,443,190 төгрөгийг нэмж, нийт төлбөл зохих дүн 9,630,795 төгрөг болсон. Үүнээс барьцаанд төлсөн 1,500,000 төгрөгийг хасч үлдэгдэл 8,130,795 төгрөг болсон. Үүнийг Д.Н өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тиймээс түрээсийн гэрээний дагуу алданги тооцсон. 2020.01.28-ны өдрөөс 2022.01.20-ны өдрийг хүртэл 723 хоног, 1 хоногийн 0.5 хувиар тооцож үзэхэд 29,392,824 төгрөгийн алданги гарсан. Үүнийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8,130,795 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 4,065,398 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан.

Бид хариуцагч Д.Нтай гэрээний эрх зүйн харилцаанд орсон, түрээсийн зүйл болох эд зүйлийг Д.Н хүлээн авч, хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан байдаг. Харин энэ маргаанд МГ ХХК ямар оролцоотой болох, хаана үйл ажиллагаа явуулдаг болох, хариуцагч Д.Н тухайн байгуууллагад ямар ажил хийж байсан зэрэг нь тодорхойгүй, энэ талаарх бичгийн баримтгүй. Тийм учраас манай байгууллага МГ ХХК-ийг хариуцагчаар татах ямар ч боломжгүй. Харин Д.Н нь гэрээний дагуу манай байгууллагатай тооцоогоо хийчхээд дараа нь МГ ХХК-тайгаа өөрөө учраа олох нь зүйтэй. Иймд хариуцагч Д.Наас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 8,130,795 төгрөг, алданги 4,065,398 төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох 70,200 төгрөг нийт 12,266,392 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд төлбөр, тооцоог хүлээн зөвшөөрч байгаа. Би байгууллагын өмнөөс түрээсийн зүйлийг авч, буцаан хүлээлгэн өгч, тооцооны баримтууд дээр гарын үсэг зурж байсан нь үнэн. Гэхдээ би түрээсийн хэв хашмалыг хувиараа ашиглаагүй. МГ ХХК-ийн өмнөөс очиж түрээсийн гэрээ байгуулсан. Би тухайн үед буюу 2017 оны 08 сараас 2019 он хүртэл МГ ХХК-нд нярвын ажлыг хийж байсан. Тухайн хэв хашмал болон эд зүйлийг МГ ХХК нь Тэрэлжийн Мэлхий хадны хавьд баригдаж байсан барилгад ашигласан, түрээсийн төлбөр МГ ХХК-иас төлөгдөж байсан. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг МГ ХХК ашигласныг мэдэж байгаа, хоёр компанийн захирлууд түрээсийн төлбөрийн талаар уулзалдаж байсан. Би МГ ХХК-д холбогдуулж Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Тиймээс төлбөрийг хариуцах этгээд нь би биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

3.Нэхэмжлэгч талаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч Д.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хуулбар/, 2019.08.27-ны өдрийн түрээсийн гэрээ, 2019.08.27-ны өдрийн бараа, материалын тооцоо, авлага, өглөгийн товчоо гэсэн баримтууд, 2020.01.25-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020.01.25-ны өдрийн Д.Нын тайлбар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.01.14-ний өдрийн албан бичиг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.07-ны өдрийн 7693 дугаар хүсэлт шийдвэрлэн, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022.09.13-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022.06.22-ны өдрийн 5059 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 2019, 2020 оны зарлагын болон орлогын баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.  

4.Хариуцагч нь шүүхэд ямар нэгэн бичгийн тайлбар, холбогдох баримтуудыг ирүүлээгүй байх бөгөөд түүний гаргасан хүсэлтээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2023.01.19-ний өдрийн 1/680 тоот албан бичгийг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч СФ ХХК нь хариуцагч Д.Над холбогдуулж түрээсийн гэрээний үүрэг болон зардалд 12,266,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид хариуцагч Д.Нтай гэрээний харилцаанд орсон болохоос биш МГ ХХК-тай гэрээний харилцаанд ороогүй, тэгэхлээр Д.Н гэрээний дагуу манай байгууллагад төлбөрөө төлчихөөд дараа нь МГ ХХК-иас шаардан авах эрхтэй, хариуцагч Д.Н нь барилгын хэв, хашмал түрээсэлчихээд төлбөрөө төлөөгүй учир үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй, мөн хариуцагчийг эрэн сурвалжилж, хаяг тогтоох ажиллагаа хийлгэж байгууллага өөрөөсөө зардал гаргасан тул гаргасан зардлаа мөн шаардах эрхтэй гэж тайлбарлав.  

 

Хариуцагч Д.Н нь би тухайн үед МГ ХХК-нд нярваар ажиллаж байхдаа байгууллагыг төлөөлж барилгын хэв хашмал түрээсэлж авсан, түрээсийн төлбөр МГ ХХК-иас төлөгдөж байсан, би байгууллагын өмнөөс түрээсийн зүйлийг авч, буцаан хүлээлгэн өгч, тооцооны баримтууд дээр гарын үсэг зурж байсан нь үнэн, тооцооллын талаар маргахгүй, гэхдээ нэхэмжлэгч нь энэ байдлыг тухайн үедээ мэдэж байсан, одоо түрээсийн төлбөрийг надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, би хариуцан төлөх этгээд нь биш гэж маргасан.

 

3.Зохигчдын хооронд 2019.08.27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Д.Н нь барилгын ажилд ашиглагдах хэв, гадна булан, дотор булан, труба, тулаас, шат, тай, богино дэгээ, урт дэгээ, түгжээ, хомут эргэдэг, эргэдэггүй гэсэн эд зүйлийг 30 хоног буюу 2019.09.26-ны өдрийг хүртэл, 1 хоногийн 165-220 төгрөг, нийт 1,755,600 төгрөгөөр түрээслэн авч төлбөр төлөх, мөн барьцаа 500,000 төгрөг төлөх, нэхэмжлэгч СФ ХХК нь түрээсийн эд зүйлийг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцжээ.

 

4.Нэхэмжлэгч СФ ХХК нь түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хэв хашмал, гадна булан, дотор булан, труба, тулаас, шат, тай, богино дэгээ, урт дэгээ, түгжээ, хомут эргэдэг, эргэдэггүй гэсэн барилгын талбайд ашиглагдах нийт 304 ширхэг эд зүйлийг хариуцагч Д.Над 2019.08.27-ны өдөр хүлээлгэн өгсөн байх ба, хариуцагч Д.Н нь түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4-т зааснаар түрээсийн эд зүйлийг зарлагын баримтаар хүлээн авч, орлогын баримтаар нэхэмжлэгч СФ ХХК-нд буцаан хүлээлгэн өгсөн, тэрээр барилгын хэв хашмал, эд зүйлийг МГ ХХК-ийн барьж буй Тэрэлжийн Мэлхий хадны урд байрлах барилга дээр ашигласан, түрээсийн төлбөр, барьцааны мөнгийг МГ ХХК төлсөн гэж тайлбарлаж байна.

 

Мөн зохигчид түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу бараа материалыг үргэлжлүүлэн түрээслэхээр тохиролцож, түрээсийн гэрээ, тухайн нөхцөлөөр сунгагдсан байх ба, Авлага, өглөгийн товчоо гэсэн баримтаар,

- хариуцагч Д.Н нь 2019.08.27-ны өдрөөс 2020.01.25-ны өдөр хүртэлх 1207 ширхэг хэв хашмалыг 18-151 хоногийн хугацаанд, 1 хоногийн 165-250 төгрөгөөр түрээсэлж, түрээсийн төлбөрт 15,743,490 төгрөг төлөхөөр,

- 2020.01.25-ны өдрөөс 2020.01.28-ны өдөр хүртэлх 310 ширхэг хэв хашмалыг 3 хоногийн хугацаанд, 1 хоногийн 165-220 төгрөгөөр түрээслүүлж, түрээсийн төлбөрт 187,605 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

5.Хариуцагч Д.Н нь 2019.08.27-ны өдрөөс 2020.01.25-ны өдрийн хооронд түрээсийн эд зүйл болох 1207 ширхэг хэв хашмалыг, 2020.01.25-ны өдрөөс 2020.01.28-ны өдөр хүртэл нийт 310 ширхэг хэв хашмалыг нэхэмжлэгч СФ ХХК-иас тус тус хүлээн авч ашиглан, буцаан хүлээлгэн өгсөн, мөн 2019.10.13-ны өдөр барьцаанд 1,000,000 төгрөг төлсөн байх боловч энэ хугацааны түрээсийн төлбөрт 15,931,095 /15,743,490 төг+187,605 төг/ төгрөг төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, түрээсийн төлбөрийн үлдэгдлийг зохигчид тооцоо нийлж баталгаажуулсан байна.

Хариуцагч Д.Н нь түрээсийн гэрээний хугацаанд нийт 6,588,800 төгрөг, барьцаанд 1,500,000 төгрөг, нийт 8,088,800 төгрөгийг нэхэмжлэгч СФ ХХК-нд төлсөн байх бөгөөд энэ талаар бичгийн баримтгүй хэдий ч зохигчид маргаагүй, харин хариуцагч Д.Нын байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийн зохих хэсэг нэхэмжлэгч СФ ХХК-нд төлөгдсөн байгаа нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасантай нийцнэ.

6.Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Н нь дээрх 15,931,095 төгрөгөөс гадна, борлуулсан 2500 ш барааны үнэ 250,000 төгрөг, эвдэрсэн 8 ширхэг бараа материалын үнэ 38,500 төгрөг, нийт 16,219,595 төгрөг төлөх ёстойгоос түрээсийн төлбөр, барьцаанд төлсөн нийт 8,088,800 төгрөгийг хасч түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 8,130,795 төгрөг гэж тооцсон нэхэмжлэлийн тооцоолол үндэслэлтэй байна.

Тодруулбал, хариуцагч Д.Н нь түрээсийн төлбөр төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн буруутай байх тул түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар нэмэлт үүрэг болох алдангийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч талын алданги 4,065,398 /2020.01.28-ны өдрөөс 2022.01.20-ны өдрийг хүртэл 723 хон * 0,5% = 29,392,824 төг. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8,130,795 төг * 50%/ төгрөг гэсэн тооцоолол нь Иргэний  хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн бөгөөд хариуцагч Д.Н нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл, алдангийн тооцооллын талаар маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрч 2020.01.25-ны өдөр нэхэмжлэгч СФ ХХК-нд тайлбар өгч байжээ.

7.Түүнчлэн нэхэмжлэгч СФ ХХК нь хариуцагч Д.Ныг эрэн сурвалжлуулж, хаяг тогтоолгосон байх боловч үүний улмаас 70,200 төгрөгийн төлбөр төлж, өөрөөсөө зардал гаргасан байдал баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү түрээсийн төлбөртэй холбоотойгоор нэхэмжлэгч СФ ХХК нь хариуцагч Д.Ныг эрэн сурвалжлуулж, үүний улмаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар өөрөөсөө зардал гаргасан нь баримтаар тогтоогдсон тохиолдолд тэрээр уг зардлаа Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Д.Наас шаардах эрхтэй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч СФ ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8,130,795 төгрөг, алданги 4,065,398 төгрөг, гарсан зардал 70,200 төгрөг, нийт 12,266,392 төгрөгийг хариуцагч Д.Наас шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч Д.Н төлөх үүрэгтэй боловч баримтаар тогтоогдохгүй байгаа 70,200 төгрөгийг хариуцан төлөх үүрэггүй болно.

Тиймээс хариуцагч Д.Н нь “...би тухайн үед МГ ХХК-нд нярваар ажиллаж байхдаа байгууллагыг төлөөлж барилгын хэв хашмал түрээсэлж авсан, түрээсийн төлбөр МГ ХХК-иас төлөгдөж байсан, ... түрээсийн төлбөрийг надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд тэрээр тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотолсонгүй.

8.Нэхэмжлэгч СФ ХХК нь энэхүү нэхэмжлэлийг хариуцагч Д.Над холбогдуулан өмнө нь шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, холбогдох ажиллагааг явуулж, 2022.06.07-ны өдрийн 7693 дугаар шүүгчийн захирамжаар “...хариуцагч Д.Нын гаргасан МГ ХХК-нд холбогдох 12,1 сая төгрөг залилсан гэх гомдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа нь тогтоогдсон...” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Улмаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022.06.22-ны өдрийн 5059 дүгээр прокурорын тогтоолоор “...иргэн Д.Наас гаргасан 2019 оны 07 сард МГ ХХК-нд ажиллаж байх хугацаандаа СФ ХХК-тай барилгын хэв хашмал түрээслэх гээд байна гэж МГ ХХК-ийн захирал Нямбаяр 12,100,000 төгрөгийг авч хэрэглээд буцааж өгөхгүй байна...” гэх агуулга бүхий гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж, Иргэний хуулиар зохицуулагдах иргэд хоорондын маргаан, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байх бөгөөд энэхүү татгалзсан тогтоолтой материалд МГ ХХК-ийн ажилтан Амараа, Нямбаяр гэх хүмүүсээс мэдүүлэг аваагүй, бусад холбоотой баримт байхгүй болох нь шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2023.01.19-ний өдрийн 1/680 дугаар албан бичгээр тогтоогдсон.

 

9.Тодруулбал, хариуцагч Д.Н нь түрээсийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ нэхэмжлэгч СФ ХХК-ийн өмнө зохих ёсоор, шударгаар биелүүлэх учиртай байтал биелүүлээгүй, тэрээр тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, түүний ажиллаж байсан гэх МГ ХХК тухайн түрээсийн маргаанд хамааралтай талаарх ямар нэгэн бичгийн баримтгүй, МГ ХХК-ийг нэхэмжлэгч хариуцагчаар татахыг зөвшөөрөөгүй, тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа хаяг тодорхойгүй байгаа тохиолдолд хариуцагч Д.Ныг дээр дурдсан түүний тайлбарыг үндэслэн түрээсийн гэрээний үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч Д.Наас 12,196,191 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СФ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 70,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

10.Нэхэмжлэгч СФ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 210,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Наас 210,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СФ ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Д.Наас 12,196,192 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СФ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 70,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч СФ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 210,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Наас 210,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СФ ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА