| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0164/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/165 |
| Огноо | 2025-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/165
2025 09 26 2025/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
улсын яллагч Б.Халиунгоо,
хохирогч *******,
шинжээч эмч Ч.Эрдэмболор /цахимаар/,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2404002110019 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .......... оны ........ дугаар сарын............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, ........... настай, ........, ...........боловсролтой, ..........мэргэжилтэй,..........., ам бүл.......... хамт Улаанбаатар хот, .........дүүргийн ........... дүгээр хороо, ........ дугаар байрны ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* (РД:.........),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын “” цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байр дотор хохирогч *******ын гар утсаараа бичлэг хийсэн үйлдэлд дургүйцэн, түүнийг дураараа бичлэг хийлээ гэж уурлан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, улмаар хохирогч *******ын нүүр, хэсэгт гараараа самардах, цохих, түлхэх зэргээр зодож, биед нь хамрын хэсэгт ил шарх, баруун гарын сарвууны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...15 цагийн орчим гэртээ байж байтал манай охин над руу залгаад “багшийг хоолоо авах гээд явсан хойгуур нь охиноо дагуулаад ариун цэврийн өрөө орсон. Тэгтэл охин харандаагаа алга болгочихсон гэж надад хэлсэн” гэхээр нь би сургууль ороод нийгмийн ажилтны өрөөнд очтол бага ангийг хариуцсан нийгмийн ажилтан байхгүй байсан. Тэгэхээр нь би анги руу нь яваад ортол манай охин охиныхоо харандааг хайгаад байж байсан. Тэр үед ангийн багш нь хоол аваад ирсэн бөгөөд би багшаас нь харандааг нь асуухад “хүүхдүүд балчир болохоор сонирхоод бие биенийхээ эд зүйлийг авчихдаг юм аа” гэж хэлсэн. Тэр үед гаднаас нийгмийн ажилтан орж ирээд бид нартай маргалдаад байсан. Тэр үед ангийн багш “та нар ангиас гарцгаа, би хүүхдүүдийнхээ хоолыг аягалж өгмөөр байна” гэсэн. Тэгээд би охин Байгалийн хамт гарсан. Араас ангийн багш, нийгмийн ажилтан гарч ирсэн. Удалгүй манай зээ охин ангид уйлах дуу гарахаар нь орох гэтэл нийгмийн ажилтан ангийн хаалгыг нуруугаараа хаагаад над руу хараад зогссон. Тэгэхээр нь би нийгмийн ажилтныг “холдоод өг” гэж хэлээд гараас нь бариад холдуулаад анги руу ороход зээ охин уйлчихсан аягатай хоол нь газар уначихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би хүүхдээ ангиас авч гараад явах гэтэл нийгмийн ажилтан надтай зууралдаад бичлэг хийгээд байсан. Тэгэж байхдаа миний биед халдаж баруун дээд зовхи хэсэгт цохисон. Тухайн эмэгтэй миний нүд хэсэг рүү хатгаад баруун нүдний дээд зовхи руу хатгаад цус гарчихсан байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд “чи яагаад хөгшин хүн рүү халдаж байгаа юм” гэж хэлсэн. Тэр эмэгтэйг бичлэг хийгээд эхлэхээр нь “чи бичлэг хийх ёсгүй” гэж хэлсэн. Тухайн үед би нүдэндээ цохиулснаа мэдэхгүй байж байтал манай охин надад хэлсэн. Тэр үед хажуу ангиас хоёр багш гарч ирсэн бөгөөд нэг нь Отгонжаргал багш байсан, нөгөө нэг багшийг нь танихгүй. Улаан цамцтай багш нь “миний найз тайвшир” гээд намайг тайвшруулсан. Тэгээд цагдаа ирсэн. Цагдаа ирэхээр нь би тухайн эмэгтэйг намайг цохисон учраас би бас цохино гээд нэг удаа цохисон. Тэрнээс өөрөөр халдсан зүйл байхгүй... Надад торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 18-19, тэмдэглэлээс),
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлын өрөөнд байж байхад нэг сурагчийн эмээ /ахимаг насны, бараан өнгийн хувцастай” орж ирсэн. Тэгээд "манай хүүхдийн харандаа алга болчихлоо, энэ хэргийг хурдан шийдээд өгөөд орхи" гэх захирангуй өнгө аясаар хэлсэн. Тухайн үед би нэг багшийн хамт албан ажил хийж байсан тул нөгөө настай эмэгтэй хүнд хандаад "би ажилтай байна. 1-5 дугаар анги хариуцсан нийгмийн ажилтан хотод ажилтай явж байгаа, та ангийн багштай нь уулзаж шийдвэрлүүлж болно, эсвэл нийгмийн ажилтан ирсний дараа шийдвэрлүүлж болно" гэж хэлэхэд нөгөө эмэгтэй "өчигдөр бас манай хүүхдийг хамаг гоё хувцсаа өмсөөд очсон байхад муухай болгоод хаячихсан байсан" гээд ууртай өрөөнөөс гараад явсан. Тэгэхээр нь миний санаа зовоод 4-5 минутын дараа араас нь хичээлийн 2 дугаар байрны 2 давхарт 1-2 ангид ороход нөгөө эмээ анги дотор 2-3 дугаар салааны хойд талын ширээний хажууд, сурагчийн ээж нь 3 дугаар салааны урд, ангийн багш нь 2 дугаар салааны урд зогсож байсан. Тэгээд нөгөө эмээ хэн рүү загнаж байгаа нь мэдэгдэхгүй "хүүхдийн юм хулгайлж авдаг, өдий багаасаа хулгайч, яахаараа хүүхдийн юм авдаг юм" гэх мэтээр чанга дуугаар хүүхэд загнасан, айлгасан байдалтай, мөн хүүхдүүд чихээ дарсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би анги дотор орж нөгөө эмээд хандаж "та анги дотор ийм байдалтай байж болохгүй, хүүхдүүд айлгаж болохгүй, бүгдээрээ гараад учраа олъё” гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тэгээд удаа дараа хэлсний дараа ангиас гарсан. Тэгээд хүмүүс гараад хамгийн сүүлд би гарч ангийн хаалгыг хааж зогссон. Тэгээд нөгөө эмээ “чи одоо хулгайч хүүхдээ олж өгөхгүй байж өөхшүүлээд намайг ангиас гаргаж яах гээд байгаа юм” гээд байсан. Тэгснээ нөгөө эмээ “хүүхдийг маань дотор зодоод байна, хүүхэд маань уйлаад байна” гээд дайраад миний гартай хамт хаалгыг хүчтэй татаад анги руу яваад орчихсон. Тэгээд хүүхдүүдийн хажууд тэднийг загнаад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд буцаад ангид ороход нөгөө эмээ, охиныхоо хамт "цагдаад дуудлага өглөө" гэж уурлаад дахин дахин хүүхдүүдийг загнаад болохгүй болохоор нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэр үед нөгөө эмээгийн охин нь гэх 25-30 орчим насны эмэгтэй "чи яахаараа бичлэг хийдэг юм, чи яахаараа дураараа бичлэг хийгээд байгаа юм бэ" гэх яриа өгүүлэл гаргаж миний хажуугаас толгой руу 2-3 удаа цохисон. Тэгтэл ширээний голд зогсож байсан нөгөө эмээ ирж “энэ одоо ямар даварсан хулгайч вэ" гээд над руу дайраад миний нүүр, нүд рүү гараараа самардаад, цохиод байсан. Тэр үед би өөрийгөө хамгаалж тухайн хүний гар руу хариу түлхэж холдуулах үйлдэл хийсэн. Тэр үед би санамсаргүйгээр баруун нүднийх нь дээд хэсэгт бага зэрэг шалбалсан ба цус гарч байсан. Тэгээд ангиас гараад би дахиж цагдаагийн байгууллага руу яриад зогсож байхад ардаас нөгөө эмээ коридорт гарч ирээд намайг цонх руу хавсарч хүчтэй түлхээд дахиж цохих гээд байсан. Ингээд үйлдлээ зогсоохгүй байхаар нь би дахиж орж дахин гар утсаараа бичлэг хийсэн. Тэгээд би ангиас гарч яваад цагдаа ирж байна уу гээд коридороор алхаад явж байхад араас нөгөө эмээ хүрч ирээд нуруу руу түлхэж дахин цохих гээд дайраад байсан бөгөөд би өөрийгөө хамгаалах гээд ухарсан. Тэгээд цагдаа ирэхэд болсон асуудлын талаар тайлбарлаж байхад 2 удаа миний нүүр рүү цохисон. Тэр үед миний нүдний шилтэй хавсарч цохигдож, нүдний шилний зөөлөвч унаж, миний хамар хэсэгт урагдчихсан, нүдний шилний гар далийсан байсан. Тэгээд дахиж миний эрүүний зүүн тал руу маш хүчтэй цохисон бөгөөд ярьж болохгүй өвдөөд байсан. Миний баруун талын эрхий хурууны ар талын арьс нь урагдаж, шалбарсан, зүүн гарын бугалганы гадна хэсэгт хөхөрсөн, хамарын баруун талд урагдаж ангайсан байсан. Би эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Миний толгой хэсэгт өвчин орсон их өвдөж байсан. Мөн эрүү хэсэгт хүчтэй цохиулсны улмаас хэд хоног ярьж болохгүй, шүд өвдөөд байсан. Миний эмээ гээд ярьж байгаа хүн нь ******* гэх хүн мөн. ...Би маш их гомдолтой байна. Би үйл явдал болох үед өөрийн харааны нүдний шилийг эвдлүүлсэн. Тухайн шилээ төлүүлмээр байна. Би сорвины тос 41,000 төгрөг, нүдний шилний төлбөр 150,000 төгрөг, замын зардал 30,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2,500,000 төгрөг, нийт 2,721,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 13-17, тэмдэглэлээс),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14 цаг 20 минутын үед ангидаа хоол аягалаад зогсож байтал ийн эмээ гаднаас орж ирээд “миний хүүхдийн харандааг хэн авсан бэ, чи авсан уу, хэн авсан, гаргаад ир” гэх мэтчилэн хүүхдүүд рүү өндөр дуугаар давшилсан. Тэгэхээр нь би “та 6 настай хүүхдүүдийг ингэж болохгүй, харандаа нь газар унасан байж магадгүй, хүүхэд өшиглөөд явчихсан ч байж магадгүй, эд нар чинь өөрийнхөө харандааг ч ялгахгүй, хүүхдүүд шүү дээ. Эсхүл харандааг өөрийнхөө харандаа гээд цүнхэндээ хамаад хийчихсэн ч байж магадгүй харандаа бол олдоно” гэж хэлсэн. Та ангид ингэж болохгүй гэж хэлээд гараад ярилцъя гээд байж байхад нийгмийн ажилтан ороод ирсэн. Тэгээд нөгөө яриа дахин давтагдаж эхэлсэн. Тэгээд “бүгдээрээ коридорт гаръя хүүхдүүдийн хажууд болохгүй” гэж хэлсэн чинь ийн эмээ их уурлаад гарцгаасан. Тэгээд тэр хэдийг гарсны дараа би хүүхдүүдийнхээ хоолыг аягалаад байж байтал гадаа пижигнээд явахаар нь гараад хартал нийгмийн ажилтан руу ийн эмээ дайрч давшлаад цохиод байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан. Тэгээд байж байтал хүүхдүүд ангид шуугиад эхлэнгүүт ийн эмээ би хүүхдээ авна гээд миний хажуугаар дайраад ангид орсон. Биднийг ангид ороход ийн хоол ширээн дээр нь асгарсан байсан чинь ийн эмээ “хүүхдийн хоол хэн асгасан бэ” гээд хүүхдүүд рүү дайрсан. Тэгээд эргэж хараад нийгмийн ажилтан руу дайраад хараал хэлээд байсан. Тэгтэл ******* гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн чинь ийн эмээ *******ыг бичлэг хийлээ гээд цохисон. Тэгэхээр нь буцаагаад ийн эмээг түлхсэн. Тэр үед ийн эмээгийн баруун нүдний зовхи хэсгээс цус гарч байсан. Тэгтэл ийн эмээ цусаа хараад руу дайрсан. Тэгэхээр нь би ангиас түлхээд гаргасан. ийн эмээ хүүхдээ авах үедээ хүүхдийн гар түлэгдсэн гэж хэлээгүй. Мөн түлэгдсэн хүүхэд уйлдаг шүү дээ. Тухайн үед уйлаагүй. Сургуулийн үдийн хоол цай хүүхэд түлэгдэх хэмжээний халуун байдаггүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 22),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед өөрийн охин ийг авахаар очсон бөгөөд манай охины пеналаас 1 ширхэг харандаа алга болчихсон байхаар нь ширээн доор буюу ойр орчмоор хайсан боловч олоогүй. Тэгэхээр нь ангийн багшид нь “манай охины балын харандаа алга болчихсон байна” гэсэн чинь багш нь ойр орчмоор унасан байж магадгүй, эсхүл хүүхдүүд өөрийнхөө юмтай хамаад цүнхэлчихсэн байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдээс “манай хүүхдийн харандааг харсан уу” гэж асуусан бүгд хараагүй гэж хэлсэн. Тэгээд ангиас нь гараад ээж рүү гээ яриад ийн харандаа алга болсон гэж хэлсэн чинь ээж маань буруу ойлгоод будгийн харандаа гэж ойлгосон байсан. Тэгээд би ангийн үүдэнд сандал дээр сууж байхад манай охин харандаа байхгүй хичээлээ хийхгүй суугаад байсан. Тэр үед хүүхдүүдэд үдийн цай өгч байсан. Тэгээд байж байтал манай ээж хүрч ирээд ангийн багштай уулзаад “манай хүүхдийн харандаа алга болсон байна” гэж хэлсэн чинь ангийн багш хүүхдүүдээ өмөөрөөд манай ээжид хандаад “энэ чинь жаахан хүүхдүүд шүү дээ, хүүхдүүд бие биенийхээ юмыг авч л байдаг шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед ээж хүүхдүүдэд хандаад “аниагийн дүү нар найзынхаа харандааг харсан уу” гэж асуусан чинь хүүхдүүд ойлгохгүй байх шиг байсан байх, хараагүй гэж хариулж байсан. Тэгээд байж байхад ангийн хаалга онгойлгоод эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй, нэг солиотой хүүхэн орилоод орж ирснээ шууд ээж бид хоёрт хандаад “энэ чинь жаахан хүүхдүүд, мэдрэл муутай авгай минь, юу хийцгээгээд байгаа юм, та нар” гээд орилоод унахаар би ээжтэйгээ хамт хүүхдүүд айлгалаа ангиас гарч яръя гээд дагуулаад гарсан. Ангиас гарахад ангийн багш цуг гарч ирсэн. Нийгмийн ажилтан гэх хүүхэнд юу болсон талаар тайлбарлаж байх хооронд ангид үймээн болж ангид 2 хүүхэд зодолдож байсан. Тэр үед миний охины хажуу талын ширээнд суудаг байсан хүүхэд үсрэхдээ миний охины ширээн дээр байсан халуун хоолыг нь манай охины гар дээр асгасан байсан. Тэр үед манай охин орилсон чинь манай ээж манай хүүхэд орилоод байна гэж хэлээд анги руу орох гэсэн чинь гэх нийгмийн ажилтан ангийн хаалгыг бөгсөөрөө таглаж хаачихаад оруулахгүй байсан чинь манай ээж “хүүхэд маань орилоод байна оръё” гэж хэлээд ыг түлхэж холдуулаад анги руу орсон. Тэгсэн чинь гэх эмэгтэй өөрийн гар утсаараа зөвшөөрөлгүй бичлэг хийгээд эхлэхээр нь би тухайн эмэгтэйд хандаад “яагаад хүний дуу дүрсний бичлэг зөвшөөрөлгүй хийгээд байгаа юм” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй гар утсаа над руу харуулахаар би очсон бөгөөд бичлэгээ зогсоогоогүй. Тэр бичлэг хийж байх үедээ ээж бид хоёрт хандаад “та муу хоёрыг өгдөг газар нь өгнө, шалгуулна, янхан, банзал, эрүү шүүлтэнд оруулна” гэх зэргээр орилж хашхираад байсан. Тэр үед би юу ч дуугараагүй чимээгүй зогсож байсан. Тэгэхэд хажуу ангийн хоёр багш гарч ирээд “юу болоод байгаа юм, хичээлээ ормоор байна” гэж гэх эмэгтэйд хэлж байсан. Тэгээд би анги руу ороод охиныхоо хувцсыг өмсүүлээд юмыг нь баглаад гарах гэж байхад гэх эмэгтэй манай ээжийн нүд рүү нь хумсаараа сох хатгасан ба нүднийх нь зовхиноос цус гарчихсан байсан. Ээж тэр үед нүдний зовхиноос нь цус гарчихсан байсныг нь мэдээгүй байсан. Тэгээд ээж тэр хүүхэнд хандаад “чи яахаараа ээж шигээ хүний нүүр ам руу цохиж байгаа юм” гэж хэлээд маргалдаж байхад нь би охиноо ангиас аваад гарсан. Тэгээд байж байхад цагдаа ирсэн. Цагдаа нарыг иртэл тэр эмэгтэй ээж бид хоёр руу орилж хашхирч, ээжийг “хөл, гар нь маажийсан балай, хар авгай минь чамайг өгдөг газар нь өгнө, та нар шиг янхануудтай нэгийгээ үзнэ” гэж орилж хашхирч байсан... Тухайн эмэгтэй ээжийг доромжлоод байсан болохоор манай ээж тэр эмэгтэйтэй маргалдсан. Тэрнээс биед нь халдаж байхыг хараагүй. Харин гэх эмэгтэй манай ээжийн баруун нүдний дээд зовхийг нь хумсаараа хатгасан байсан. Тэгээд толгой руу цохисон. Тэр хүүхний хумс нь их урт шовх үзүүртэй байсан. Ээжийн толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Миний хувьд тухайн эмэгтэйтэй юм яриагүй доромжлуулаад байж байсан ба биед нь ч халдаагүй, хажуу ангийн багш нар гарч ирээд “аа чи болиоч ээ, хичээлээ ормоор байна” гэж хэлж байсан. Тухайн үед миний охины гар улайсан, хүлээн авахаар очиж мэс заслын эмчид үзүүлсэн. Одоо улайлт нь зүгээр болсон, хоёр давхар цамцтай байсан болохоор гайгүй өнгөрсөн байна лээ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 23-24),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Сургууль дээр цэвэрлэгээ хийгээд байж байтал нийгмийн ажилтанг нэг настай эмэгтэй цохиж аваад “янхан минь” гэх зэргээр хэлээд байхаар нь би тухайн эмэгтэйд хандаад “та болиоч ээ” гэж хэлсэн чинь нөгөө настай эмэгтэй “та нарт ямар хамаатай юм” гэж хэлээд нийгмийн ажилтаны шанаа хэсэг рүү нь шанаадсан. Тэгээд “чи юу юм” гээд дахиад цохих гээд дайраад байхаар нь манай сургуулийн менежер ирээд салгасан. Тэгтэл цагдаа нар ирсэн. Тухайн эмэгтэй нийгмийн ажилтныг “чи янхан биз дээ, чи юу юм, янхан минь” гээд цохих гээд дайраад байсан ба хацар хэсэг рүү, шанаа хэсэг рүү нь хоёр удаа цохиж байхыг би харсан. Намайг явснаас хойш цохисон үгүйг мэдэхгүй байна. Нийгмийн ажилтан тэр эмэгтэйг цохиогүй. Харин “та яагаад намайг цохиод байгаа юм, зүгээр байгаач” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 25),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр баталсан хуваарийн дагуу зөрчлийн байцаагчаар ажиллаж байхад өдөр 14 цаг 46 минутын үед “1 дүгээр хороо, сургууль дээр эмэгтэй хүн хэрүүл хийгээд байна” гэх дуудлага өгсөн. Тухайн дуудлагын дагуу очиход сургуулийн 2 давхрын коридорт 2 эмэгтэй хүн хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тухайн хоёр эмэгтэйгээс юу болсон талаар тодруулахад сургуулийн нийгмийн ажилтан гэх эмэгтэй хэлэхдээ “энэ хоёр эмэгтэй сургууль дээр ирээд хэрүүл хийгээд байна” гэсэн чинь хоёр талаас нь тэр настай эмэгтэй охины хамт дайраад “чи муу намайг цохиж зоддог хэн бэ” гээд миний хоёр талд гарчихаад чанга чанга орилж хашхираад байхаар нь би тухайн хоёр эмэгтэйд хандаад шаардлагаа тавьсан. Ахимаг насны эмэгтэйн охин гэх эмэгтэй надад хандаад “миний охины харандаа алга болчихоод ээждээ хэлсэн чинь манай ээж ирээд хүүхдүүдээс асуугаад байж байтал нийгмийн ажилтан гэх эмэгтэй орж ирээд асуудлаа шийдээгүй байж хэрүүл хийгээд байна, энэ нийгмийн ажилтан бага ангийг хариуцсан нийгмийн ажилтан биш байж асуудалд оролцоод, манай ээжийг түлхэхдээ урт хумсаараа нүд рүү нь хатгасан” гэх утгатай юм ярьсан. Тэгээд байж байтал настай эмэгтэй нь нийгмийн ажилтан гэх эмэгтэйн нүүр хэсэг рүү 1 удаа цохихдоо нийгмийн ажилтны шилтэй нь хавсраад цохичихсон. Би голоор нь “та яаж байна аа” гээд салгахад тухайн настай эмэгтэй “энэ муу янхан, миний нүд рүү хатгадаг хэн бэ, асуудлаа шийдээгүй байж надтай хэрүүл хийлээ, чамайг би ална, янхан, гичий” гэх мэтээр хараалын үг хэлж байсан. Би тухайн эмэгтэйд шаардлага тавиад сургуулиас аваад гарах гээд явж байтал настай эмэгтэй нь сургуулийн нийгмийн ажилтан эмэгтэйн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тухайн эмэгтэй нийгмийн ажилтан эмэгтэйд хандаад “чи муу нүд рүү хатгадаг хэн бэ, янхан, гичий, чамайг ална, асуудлаа шийдэж чадахгүй байж хэрүүл хийлээ, янхан” гэх зэргээр хэрүүл хийсэн. Нийгмийн ажилтны нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэр үед нүдний шилний хамар хэсгийн зөөлөвч нь унаад төмөр нь хамар хэсгийг хатгаад шалбалчихсан байсан. гэх эмэгтэй настай эмэгтэйн биед халдаагүй. Настай эмэгтэйн урдаас ганц нэг хараалын үг хэлж байсан. Тэр үед яг юу гэж хэлснийг санахгүй байна, харилцан хэрэлдээд байсан...” (1хх-ийн 26, 28),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэх хүний биед үзлэг хийсэн. Тухайн хүн нь анх ирэхдээ толгой өвдөнө, эрүү өвдөнө, хамрын шархаар хорсож өвдөж байна гэж байсан. Үзлэг хийхэд хамрын хянга ясны орчимд язарсан шархтай, шархнаас цус гарсан байдалтай, эрүүний зүүн голд улайсан эмзэглэлтэй байсан. Тухайн хүний шарх гүн байсан учраас шарханд 1 оёдол тавьж гэрээр эмчилгээ зөвлөж буцаасан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 30-31),
Шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Үзүүлэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эмчийн үзлэгээр 2024 оны 09 дүгээр сарын 24-ний толгойн КТГ-тархины эзэлхүүнт өөрчлөлтгүй, тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн. Дунд бүрдэл хазайлтгүй. Хажуугийн болон 3,4 дүгээр ховдлууд, субарахнойдал зай хэвийн. Гавал ясанд гэмтэлгүй, дотор хана, хамар яс хуучин хугаралтай, хамрын таславч S хэлбэрийн мурийлт /хуучин/ хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн, дүгнэлтийг дүрс оношилгооны шинжээч цагдаагийн ахлах дэслэгч О.Оюунбаясгаланд уншуулсан. Дээрх гэмтэл нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө, 28-аас дээш хоногийн хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үзүүлэгч *******ад учирсан гэмтэл байхгүй... Хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13161 дугаартай дүгнэлт нь миний гаргасан дүгнэлт мөн байна. 1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэг нь миний өгсөн мэдүүлэг мөн. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт зурсан гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 48-49, тэмдэглэлээс),
Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байцаагч тогтоолыг үндэслэн шүүх эмнэлгийн ажлын өрөөнд хохирогч гэх ад шүүх эмнэлгийн хохирлын зэргийг тогтоох үзлэгийг биечлэн хийсэн. Үзлэгээр оёдол тавигдсан ил шарх, баруун гарын сарвууны хэсэгт зулгарсан, майжуулсан оромтой байсан. Дээрх үзлэг дүгнэлт, шарх, зулгаралтыг үндэслэн ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэж тусгасан болно. Хохирогч нь ирж үзүүлж болсон асуудлын талаар ярихдаа “ажлын байран дээрээ бусдад зодуулсан, гар руугаа маажуулсан, нүдний шилтэй хавсарч цохисны улмаас дээрх шархыг учруулсан, тухайн үедээ ирж эмнэлгийн хүлээн авах тасагт оёдол тавиулсан” гэх яриа өгүүлэлтэй, эмнэлгийн анхан шатны ариун боолт хийлгэсэн байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 51),
Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаартай “...*******ын биед хамрын хэсэгт ил шарх, баруун гарын сарвууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1хх-ийн 36-37),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13161 дугаартай “...*******ын баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг юм уу олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. *******ын биед дээрхээс өөр гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1хх-ийн 43-44),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0525/609 дугаартай “...Шинжээч эмч 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гарсан №280 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. *******ын биед хамарт шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, маажих, хүчний хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хамарт шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх өдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой байна. *******ын биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Үзүүлэгч *******ын биед хамрын ясны орчимд 0,5 см орчим урт язарсан шарханд мэс заслын оёдол тавиагүй тохиолдолд тухайн шарх нь оёдол тавьсны дараах шархнаас илүү гүн сорви тогтож эдгэрнэ. ...” гэх дүгнэлт (2хх-ийн 92-94),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0525/736 дугаартай “... Урьд гаргасан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №13161 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. *******ын баруун нүдний ухархайн дотор хана, хамар яс хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн цохих үйлчлэлээр үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Хэрэг учрал болсон гэх 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө үүссэн, үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно...” гэх дүгнэлт (2хх-ийн 100-102),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0525/835 дугаартай “…Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан №280 дугаартай дүгнэлт, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0525/609 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. *******ын биед хамрын нурууны баруун хажуу хэсэгт 1х0.2 см хэмжээтэй шарханд мэс заслын 1 ширхэг оёдол тавигджээ. …” гэх дүгнэлт (2хх-ийн 110-112),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0525/836 дугаартай “…Урьд гаргасан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №13161 дугаартай дүгнэлт, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0525/736 дугаартай дүгнэлтүүд тухайн үедээ үндэслэлтэй байна. *******ын баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө үүссэн, ба тухайн гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Э.Мөнгөнсүхийн тархи доргилт гэх онош нь эмнэлзүй болон багажийн шинжилгээгээр батлагдаагүй байна…” гэх дүгнэлт (2хх-ийн 116-119),
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаартай тушаалын зургадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар “сэтгэцэд учирсан хор уршгийн 2 (хоёрдугаар) зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хохирогч *******” гэжээ (1хх-ийн 39),
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “Багануур дүүргийн 1 дүгээр хороо, сургуулийн хичээлийн байранд хийгдсэн бичлэг байв. Уг бичлэг нь нийт 9 секундын хугацаатай бичлэг байх бөгөөд бичлэг эхлэх үед ******* нь хичээлийн танхимд сурагчийн ширээний голд зогсож байгаа харагдаж байна, гурав дахь секундээс “чи ямар дураараа юм бэ, түрүүнээс хойш дуугүй байгаад байхад” гэх яриа өгүүлэл гарч камерыг зүүн тийш эргүүлэхэд гэх эмэгтэй түлхэж байна, түүний хажуугаар ******* “энэ ямар даварсан муу хулгайч вэ, чи муу одоо юун бичлэг” гэх яриа өгүүлэл гаргаж ирээд утасны камер хөдөлж байгаагаар бичлэг дуусаж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв” гэжээ. (1хх-ийн 73, 232-234),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Багануур дүүргийн 1 дүгээр хороо, сургуулийн хичээлийн 2 дугаар байрны коридорын телекамерын бичлэгт 02 цаг 35 минутад хар бараан өнгийн пиджактай эмэгтэй утсаар яриад зогсож байхад цэнхэр өнгийн хаалгатай ангиас намхан, гартаа жижиг цүнх барьсан хар хөх өнгийн хувцастай эмэгтэй гарч ирснээ утсаар ярьж байсан эмэгтэйн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод буцаад анги руу орох гэхэд утсаар ярьж байсан эмэгтэй араас нь нэг удаа түлхэхэд тухайн эмэгтэй буцаж эргэж хараад гар хэсэг рүү нь цохиод дахин нүүр хэсэг рүү нь цохиход хажууд нь байсан цоохор эрээн хормогчтой эмэгтэй голоор нь ороод салгаж байгаа бичлэг ба удалгүй цагдаагийн албан хаагч ирээд ******* гэх эмэгтэйтэй уулзаад зогсож байхад тус сургуулийн нийгмийн ажилтан хажууд нь ирэхэд ******* нь хохирогчийн цээж хэсэг рүү нэг удаа түлхээд гараа зангаад хэрэлдэж байх ба дахин гэх эмэгтэйн зүүн шанаа хэсэг рүү нь цохиж байгаа бичлэг тус тус бичигдсэн байсныг тэмдэглэл болгон бичив” гэжээ (1хх-ийн 74),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “...Багануур дүүргийн 1 дүгээр хороо, сургуулийн хичээлийн 2 дугаар байрны коридор хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэг байх бөгөөд бичлэг эхлэхэд 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 43 минут 48 секунд зааж байв. ...Түүний дараа 14 цаг 42 минут 30 секундэд ******* нь *******ын нүүр рүү гараараа цохих үйлдэл хийж байна. Тэгээд ******* нь газарт унасан эд зүйлээ авах гэхэд нь ******* нь хажуу талаас нь бие рүү нь түлхэж байв. Түүний дараа харилцан гараараа түлхэлцэж байна. Түүний дараа 14 цаг 47 минутад ******* нь *******ын нүүр рүү гараараа 1 удаа цохиж байх ба энэ үед хэсгийн байцаагч Ч.Наранбат сургуулийн коридороор орж ирж байв... Түүний дараа 14 цаг 48 минут 40 секундэд ******* нь *******ын нүүр рүү дахин нэг удаа баруун гараараа цохиж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв” гэжээ. (1 хх-ийн 77-82),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 25 минутын хуудсаар “ , ирэх үеийн зовиур толгой өвдөнө, хамар дээд өнгөц шархтай, хорсож өвдөнө, зүүн талын эрүү өвдөнө... Шийдвэрлэсэн байдал: Шархыг ариутган оёдол тавьж, ариун боолт хийн гэрээр эмчилгээ зөвлөж буцаав. Цаашид пирацетам 1х2 удаа 5 хоног, ибуфропен 400 мг 1х8 цагаар уух, гэмтлийн амбулаториор хяналтанд үзүүлэх, өдөр болгон боолт солих” гэжээ. (1хх-ийн 56-58, 71-72),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цаг 11 минутын хуудсаар “******* *******, ирэх үеийн зовиур баруун нүдний дээд зовх хөхөрсөн өвдөнө... Шийдвэрлэсэн байдал: Зөвлөгөө өглөө, эм бичив, хяналтанд гэмтлийн эмчид үзүүлэх” гэжээ. (1хх-ийн 65-70),
Хохирогч, шүүгдэгч нарын нүүр болон гар хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 86, 123, 2хх-ийн 124-125),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 213 дугаартай “******* нь 2024.09.18-ны өдөр бусдад зодуулсан асуудлаар тус эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасагт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ба мэс заслын оёдол тавиулсан байна” гэх албан бичиг (2хх-ийн 134),
Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд (1хх-ийн 100-101, 103, 2хх-ийн 128-132),
Шүүгдэгч *******ын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд (1хх-ийн 120-122, 2хх-ийн 128-132),
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/947 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 107-109),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 104) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын “” цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байр дотор хохирогч *******ын гар утсаараа бичлэг хийсэн үйлдэлд дургүйцэн, түүнийг дураараа бичлэг хийлээ гэж уурлан, хувийн таарамжгүй харилцаа үүсэн, маргалдаж, улмаар хохирогч *******ын нүүр, хэсэгт гараараа самардах, цохих, түлхэх зэргээр зодож, биед нь хамрын хэсэгт ил шарх, баруун гарын сарвууны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Шүүгдэгч *******ын “...нийгмийн ажилтныг холдоод өг гэж хэлээд гараас нь бариад холдуулаад анги руу ортол зээ охин уйлчихсан аягатай хоол нь газар уначихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би хүүхдээ ангиас авч гараад явах гэтэл нийгмийн ажилтан надтай зууралдаад бичлэг хийгээд байсан. Тэгэж байхдаа миний биед халдаж баруун дээд зовхи хэсэгт цохисон... Тэгээд цагдаа ирсэн. Цагдаа ирэхээр нь би тухайн эмэгтэйг намайг цохисон учраас би бас цохино гээд нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч *******ын “...Тэгтэл ширээний гол зогсож байсан нөгөө эмээ ирж "энэ одоо ямар даварсан хулгайч вэ" гээд дайраад миний нүүр, нүд рүү гараараа самардаад, цохиод байсан. Тэр үед би өөрийгөө хамгаалж тухайн хүний гар руу хариу түлхэж холдуулах үйлдэл хийсэн. Тэр үед би санамсаргүйгээр баруун нүднийх нь дээд хэсэгт бага зэрэг шалбалсан ба цус гарч байсан. Тэгээд ангиас гараад би дахиж цагдаагийн байгууллага руу яриад зогсож байхад ардаас нөгөө эмээ коридорт гарч ирээд намайг цонх руу хавсарч хүчтэй түлхээд дахиж цохих гээд байсан. Ингээд үйлдлээ зогсоохгүй байхаар нь би дахиж орж дахин гар утсаараа бичлэг хийсэн. Тэгээд би ангиас гарч яваад цагдаа ирж байна уу гээд коридороор алхаад явж байхад араас нөгөө эмээ хүрч ирээд нуруу руу түлхэж дахин цохих гээд дайраад байсан бөгөөд би өөрийгөө хамгаалах гээд ухарсан. Тэгээд цагдаа нар орж ирсэн. Болсон асуудлын талаар тайлбарлаж байхад 2 удаа нүүр рүү цохисон. Тэр үед миний нүдний шилтэй хавсарч цохигдож, нүдний шилний зөөлөвч унаж, миний хамар хэсэгт урагдчихсан, нүдний шилний гар далийсан байсан. Тэгээд дахиж миний эрүүний зүүн тал руу маш хүчтэй цохиод ярьж болохгүй өвдөөд байсан. Миний баруун талын эрхий хурууны ар талын арьс нь урагдаж, шалбарсан, зүүн гарын бугалганы гадна хэсэгт хөхөрсөн, хамарны баруун талд урагдаж ангайсан байсан. Би эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Миний толгой хэсэгт өвчин орсон их өвдөж байсан. Мөн эрүү хэсэгт хүчтэй цохиулсны улмаас хэд хоног ярьж болохгүй, шүд өвдөөд байсан...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч “... нийгмийн ажилтан ыг ийн эмээ дайрч давшлаад цохиод байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан. Тэгээд байж байтал хүүхдүүд ангид шуугиад эхлэнгүүт ийн эмээ би хүүхдээ авна гээд миний хажуугаар дайраад ангид орсон. Биднийг ангид ороход ийн хоол ширээн дээр нь асгарсан байсан чинь ийн эмээ “хүүхдийн хоол хэн асгасан бэ” гээд хүүхдүүд рүү дайрсан. Тэгээд эргэж хараад нийгмийн ажилтан руу дайраад хараал хэлээд байсан. Тэгтэл ******* гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн чинь ийн эмээ *******ыг бичлэг хийлээ гээд цохисон. Тэгэхээр нь буцаагаад ийн эмээг түлхсэн. Тэгтэл ийн эмээгийн баруун нүдний зовхи хэсгээс цус гарч байсан. Тэгтэл ийн эмээ цусаа хараад руу дайрсан...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч “...нийгмийн ажилтанг нэг настай эмэгтэй цохиж аваад “янхан минь” гэх зэргээр хэлээд байхаар нь би тухайн эмэгтэйд хандаад “та болиоч ээ” гэж хэлсэн чинь нөгөө настай эмэгтэй “та нарт ямар хамаатай юм” гэж хэлчихээд буцаад нийгмийн ажилтаны шанаа хэсэг рүү нь шанаадсан. Тэгээд “чи юу юм бэ” гээд дахиад цохих гээд дайраад байхад манай сургуулийн менежер ирээд салгасан. Тэгтэл цагдаа нар ирсэн. Тухайн эмэгтэй нийгмийн ажилтныг “чи янхан биз дээ, чи юу юм, янхан минь” гээд цохих гээд дайраад байсан ба хацар хэсэг рүү, шанаа хэсэг рүү нь хоёр удаа цохиж байхыг би харсан...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч “...Тэгээд байж байтал настай эмэгтэй нь нийгмийн ажилтан гэх эмэгтэйн нүүр хэсэг рүү 1 удаа цохихдоо нийгмийн ажилтны шилтэй нь хавсраад цохичихсон. Би голоор нь “та яаж байна аа” гээд салгахад тухайн настай эмэгтэй “энэ муу янхан, миний нүд хүү хатгадаг хэн бэ, асуудлаа шийдээгүй байж надтай хэрүүл хийлээ, чамайг би ална, янхан, гичий” гэх мэтээр хараалаар хэлж байсан. Би тухайн эмэгтэйд шаардлага тавиад сургуулиас аваад гарах гээд явж байтал настай эмэгтэй нь сургуулийн нийгмийн ажилтан эмэгтэйн шанаа хэсэг 1 удаа цохисон. Тухайн эмэгтэй нийгмийн ажилтан эмэгтэйд хандаад “чи муу нүд рүү хатгадаг хэн бэ, янхан, гичий, чамайг ална, асуудлаа шийдэж чадахгүй байж хэрүүл хийлээ, янхан” гэх зэргээр хэрүүл хийсэн. Нийгмийн ажилтны нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэр үед нүдний шилний хамар хэсгийн зөөлөвч нь унаад төмөр нь хамар хэсгийг хатгаад шалбалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч “... 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэх хүний биед үзлэг хийсэн. Тухайн хүн нь анх ирэхдээ толгой өвдөнө, эрүү өвдөнө, хамрын шархаар хорсож өвдөж байна гэж байсан. Үзлэг хийхэд хамрын хянга ясны орчимд язарсан шархтай, шархнаас цус гарсан байдалтай эрүүний зүүн голд улайсан эмзэглэлтэй байсан. Тухайн хүний шарх гүн байсан учраас шарханд 1 оёдол тавьж гэрээр эмчилгээ зөвлөж буцаасан...” гэсэн мэдүүлэг,
-Шинжээч эмч “2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үзүүлэгч *******ад учирсан гэмтэл байхгүй... Хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13161 дугаартай дүгнэлт нь миний гаргасан дүгнэлт мөн байна. 1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэг нь миний өгсөн мэдүүлэг мөн. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт зурсан гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна” гэсэн мэдүүлэг,
-Шинжээч эмч “Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байцаагч тогтоолыг үндэслэн шүүх эмнэлгийн ажлын өрөөнд хохирогч гэх ад шүүх эмнэлгийн хохирлын зэргийг тогтоох үзлэгийг биечлэн хийсэн. Үзлэгээр оёдол тавигдсан ил шарх, баруун гарын сарвууны хэсэгт зулгарсан, майжуулсан оромтой байсан. Дээрх үзлэг дүгнэлт, шарх, зулгаралтыг үндэслэн ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэж тусгасан болно. Хохирогч нь ирж үзүүлж болсон асуудлын талаар ярихдаа “ажлын байран дээрээ бусдад зодуулсан, гар руугаа маажуулсан, нүдний шилтэй хавсарч цохисны улмаас дээрх шархыг учруулсан, тухайн үедээ ирж эмнэлгийн хүлээн авах тасагт оёдол тавиулсан” гэх яриа өгүүлэлтэй, эмнэлгийн анхан шатны ариун боолт хийлгэсэн байсан...” гэсэн мэдүүлэг,
-Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаартай дүгнэлт,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0525/609 дугаартай дүгнэлт,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0525/835 дугаартай дүгнэлт,
-Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
-Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламж,
-Хохирогч, шүүгдэгч нарын нүүр болон гар хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 213 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэдийгээр шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “*******ын хамарт шарх гэмтэл учраагүй, шинжээчийн дүгнэлт худал гарсан. Харин миний эрүүл мэндэд гэмтэл учирсан” гэсэн агуулгаар маргах боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын талаар гаргасан Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлстийн шинжээчийн 2024.09.20-ны өдрийн 280 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025.04.10-ны өдрийн ЕГ0525/609 дугаартай дүгнэлт, Шүүн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025.06.12-ны өдрийн ЕГ0525/835 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******ын эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаар гаргасан Шүүн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024.10.10-ны өдрийн 13161 дугаартай дүгнэлт, Шүүн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025.05.10-ны өдрийн ЕГ0525/736 дугаартай дүгнэлт, Шүүн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025.06.13-ны өдрийн ЕГ0525/836 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, яллагдагч, хохирогч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж хүний халдашгүй, эрх чөлөөтэй байх эрхийг баталгаажуулсан. Уг эрхийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг байхаар Эрүүгийн хуульд заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******тай маргалдаж, цохисны улмаас түүний эрүүл мэндэд хамар хэсэгт ил шарх, баруун гарын сарвууны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлстийн шинжээчийн 2024.09.20-ны өдрийн 280 дугаартай дүгнэлт, Шүүн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025.04.10-ны өдрийн ЕГ0525/609 дугаартай дүгнэлт, Шүүн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025.06.12-ны өдрийн ЕГ0525/835 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь сорвины тос 41,000 төгрөг, нүдний шилний төлбөр 150,000 төгрөг, замын зардал 30,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2,500,000 төгрөг, нийт 2,721,000 төгрөгийг шүүх хуралдаанд нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлд хамрагдсан гэж хохирогчид танилцуулсан баримт хэрэгт авагджээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээний байгууллага нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан.
Өөрөөр хэлбэл, тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлт гэдэгт шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу шинжлэх ухаан, техник, урлаг, үйлдвэрлэлийн салбарт эзэмшсэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд эрх бүхий байгууллага, этгээдээс томилсон мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, мэргэшсэн ажилтны бичгээр гаргаж буй үнэлэмжийг ойлгодог.
Хохирогч нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй, эд хөрөнгийн болон сэтгэцийн хор уршиг учирсан эсэх талаарх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч ******* нь 322,896 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 28/130 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй, мөрдөгчөөс тус байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэр хэрэгт авагдаагүй тул эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын хугацаагар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын орлого олох боломж, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын нэхэмжилсэн сорвины тос 41,000 төгрөг, нүдний шилний төлбөр 150,000 төгрөг, замын зардал 30,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 2,500,000 төгрөг, нийт 2,721,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ