Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1178

 

 

 

 

 

 

 

 

 

“Ө-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00673 дугаар шийдвэртэй, “Ө-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С-” ХХК болон Э.Ц-, Б.Н- нарт холбогдох, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 277 956 248 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, өмгөөлөгч Э.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө-” ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “С-” ХХК-д холбогдуулан тус шүүхэд гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 300 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Уг нэхэмжлэлээ тодруулан тайлбарлавал, “Ө-” ХХК нь “С-” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 1603/1 тоот Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр “С-” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй Блю жем 4 цогцолборын барилгад 8 ширхэг цахилгаан шат, 6 ширхэг урсдаг шат бэлтгэн нийлүүлж, угсарч суурилуулах, “Ө-” ХХК нь гэрээний үнийг гэрээнд заасан журмын дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээний нийт үнийн дүн нь гэрээний зүйл 8 ширхэг лифт, 6 ширхэг урсдаг шатны үнэ, угсарч суурилуулах ажлын хөлс, татвар, тээврийн зардлын хамт 1 017 946 160 төгрөг байхаар тус гэрээний 2.1-2.4 дүгээр зүйлд заасан. Үүний дагуу “Ө-” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 487 746 000 төгрөгийг төлсөн. Гэвч “С-” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажпын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар харилцан ярилцаад 6 ширхэг урсдаг шатыг авахаас татгалзаж, 8 ширхэг цахилгаан шат авахаар болсон. Тус тохиролцооны дагуу 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажпын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, цахилгаан шатны үнэ, угсарч суурилуулах хөлс, татвар, тээврийн зардлыг оролцуулан 8 ширхэг цахилгаан шат угсарч, нийлүүлэх үнийг нийт 581,683,520 төгрөг буюу нэг цахилгаан шатны үнийг 72 710 440 төгрөг байхаар тооцоолсон. Мөн “С-” ХХК-ийг үүрэгжүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэмэлт гэрээний 2.1-д Гэрээний үлдэгдэл дүн болох 120 000 000 төгрөгийг шилжүүлснээс хойш 45 хоногийн дотор барилгын талбай дээр 5,6,7,8 дугаар лифтүүдийг бүрэн хүлээлгэн өгөх. Хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 4 ширхэг нийлүүлээгүй лифтний үнэ 290 841 760 төгрөгөөс 0,5%-ийн алдангийг тооцно, 2.2-т Дээрх заасан хугацаанд Гүйцэтгэгч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд төлсөн нийт дүнгийн үүрэг гүйцэтгээгүй үнийн дүнгээс /өгсөн бартер болон бэлэн мөнгө/ анз 0,5%-ийн алдангийг бэлнээр үл маргах шугамаар төлнө гэж тохиролцсон боловч мөн л гэрээгээ хэрэгжүүлээгүй. “С-” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2 ширхэг цахилгаан шат, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2 ширхэг цахилгаан шатыг хүлээлгэн өгсөн. Ингээд нэхэмжлэгч нь 2017 оны 4-р сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үлдэх 4 ширхэг цахилгаан шатыг худалдан авахаас татгалзаж, гэрээний дагуу цахилгаан шатны үнэд шилжүүлсэн мөнгө 350 000 000 төгрөгийг буцаан авах буюу үүнийгээ хохирол гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний агуулгыг хавтаст хэргийн 60 дугаар талд авагдсан шүүгчийн захирамжид тодорхой заасан. Эвлэрлийн ерөнхий агуулга нь “С-” ХХК нь эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор цахилгаан шатыг угсарч суурилуулж хүлээлгэн өгнө гэсэн учраас гэрээнээс татгалзалгүйгээр гэрээний үндсэн үүргээ биелүүлэх боломжийг хариуцагчид олгосон. Үүний дагуу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа боловч үлдэгдэл 4 цахилгаан шатны 1 ширхэгийг өнөөдрийг болтол огт нийлүүлээгүй, 3 ширхэг цахилгаан шатыг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч өнөөдөр ч хэвийн байдлаар ажиллагаанд оруулаагүй байна. “С-” ХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1603/1 тоот Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын 1603/1 тоот гэрээний нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир дээр дурдсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон өдрөөс хойшхи хугацаанд учирсан хохирлоо нэхэмжлэх эрх бидэнд нээлттэй байгаа. Иймд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 300 000 000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчийн зүгээс шүүгчийн захирамжаар эвлэрсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй ба цаг хугацааны хувьд ч эвлэрлийн гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд хариуцагч үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Иймд “С-” ХХК-аас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөний хохиролд 277 956 248 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С-” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө-” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С-” ХХК, иргэн Э.Ц-, Б. Наранзул нарт холбогдох гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 300 000 000 төгрөг гаргуулахаар хүссэн иргэний хэргийн хариуцагч тал “С-” ХХК нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн нэхэмжлэл нийт 3 хариуцагчтай. Гэтэл “С-” ХХК-аас 300 000 000 төгрөгийн хохирол шаардсан байна. Иргэн Э.Ц-, Б.Н- нараас юу шаардаж байгаа нь тодорхойгүй.  Манай компани нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Цахилгаан шат нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээ-г “Ө-” ХХК-тай байгуулсан. Тухайн гэрээнд нийт 8ш лифт, 6ш урсдаг шат нийлүүлэн угсарч суурилуулахаар тохирсон. Захиалагч талын санхүүжилт цаг хугацаандаа төлөгдөөгүй, санхүүжилт байхгүйн улмаас эхний ээлжинд 8ш лифтээ татан оруулах болж 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн гэрээгээр 6ш урсдаг шат цуцлагдаагүй хүчинтэй хэвээр байх ба үндсэн гэрээгээр зохицуулагдахаар тохирсон. Бид тухайн 6ш урсдаг шатыг үйлдвэрлүүлэхээр БНХАУ-д 2016 оны 4 сард захиалгийн хуудас баталгаажуулан гэрээ хийж үйлдэрлэлтийг эхлүүлэхэд 20 400 ам.долларын зардал гаргасан. Гэтэл захиалагч нь өөрсдөө дур зоргоороо үйлдвэрлэлтэнд хийгдсэн урсдаг шатуудыг авахаа больж гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээр өөр газартай гэрээ хийсэн байдаг. Үүнээс болж манай компани урьдчилгаанд төлсөн 20 400 ам долларыг авах боломжгүй болсон. Үүнийг бид нэхэмжлэгч талаас шаардах болно. 8ш лифтний ажлыг хугацаанд нь хийгээгүйн улмаас учирсан хохиролтой холбоотой шаардлагыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаар "Зохигчдийн эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шуүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл шүүх нэгэнт шийдвэрлэснээс хойно дахин хохирол шаардах нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д нийцээгүй. Бид тухайн захирамжаар хүлээсэн үүргээ 8-р лифтнээс бусад хэсгийг бүрэн биелүүлсэн. Харин 8-р лифтний ажлыг гүйцэтгэхэд эд хөрөнгө, данс битүүмжилсэн явдал нөлөөлж байна. Гэхдээ энэ үүргээ хэрэгжүүлнэ. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хохирол гэх 300,000,000 төгрөг нь хариуцагч нарын чухам ямар буруутай ажиллагааны улмаас гарсан зардал болох нь тодорхойгүй. Хэрхэн яаж тооцож энэ дүнг гаргасан нь ойлгомжгүй байна. Иргэний хуульд зааснаар захиалагч нь Иргэний хуулийн 227.3, 352.2.2-т зааснаар хохирол шаардах эрхтэй байдаг. 6, 7, 8-р лифтний үнийн илүү төлөлт 124 193 800 төгрөг шаардаж байна. Гэтэл манайх 6, 7 дугаар лифтний ажпыг хийж гүйцэтгэсэн, харин 8-р лифтийг хийгээгүй байна. Гэхдээ энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэн тул Иргэний хэргийн 352.2.3-т зааснаар шаардлага гаргах эрхгүй. Алданги 229 037 760 төгрөгийг Шүүхийн 182/ШШ2017/02070 дугаар бүхий шийдвэрээр 2017 оны 11 дүгээр сарын 31-ний дотор 5,6,7,8-р лифтний ажпыг хүлээлгэн өгөх хугацаанд тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 08 сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 210 хоногийн алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь 5,6,7-р лифт угсрагдсан, 8-р лифт угсрагдаагүй учир 4ш лифт угсрах үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гарсанаар гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч нэмэлт үүрэг, алданги шаардах эрхгүй. Шүүх ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр гүйцэтгэгчээс хохирол шаардсан нэхэмжлэл шүүхэд гаргаж, шүүх шийдвэрлэсэн тул гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд аль ч үндэслэлээр шаардах эрхгүй. 36 000 000 төгрөг нь шүүхийн шийдвэрээс өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул Иргэний хуулийн 240.1.5 заалтын дагуу, мөн баримтаар нотлогдохгүй байгааг мөн анхаарна уу. 86 905 380 төгрөг нь Барилгын тухай хуулийн 37.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үйлдлийн улмаас гарсан үйлдэл, мөн үндэслэл тооцоо тодорхойгүй зардлыг хариуцагч төлөх хууль зүйн ямарч үндэслэлгүй. НӨАТ болох 44 340 545 төгрөг нь НӨАТ-ын баримт өгөөгүйгээс энэ хэмжээний мөнгөөр хохирсон гэж үзэхгүй. Гэрээ дүгнэгдэж дууссаны дараа өгөх баримт тул тухайн үедээ НӨАТ-ын буцаан авалтаа авах боломжтой тул хохирол гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ц- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ө-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн “С-” ХХК, Э.Ц, Б.Н- нарт холбогдох гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 300 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч тал “С-” ХХК нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ө-” ХХК нь “С-” ХХК, Э.Ц-, Б.Н- нарт холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол болох 400 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд зохигч талууд хоорондоо эвлэрч 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаартай шүүгчийн захирамж гарсан. “С-” ХХК, болон Э.Ц- миний зүгээс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаартай шүүгчийн захирамжинд заагдсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой ажлыг хийж гүйцэтгэж дуусч байгаа болно. Уг захирамжийн Захирамжлах хэсгийн 4 дэх хэсэгт Захирамжид зохигчид заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай гэсэн захирамж гарсан бөгөөд “С-” ХХК-ний зүгээс гэрээний үүргээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийж гүйцэтгэж байгаа болно. Иймд “Ө-” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ө-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн “С-” ХХК, Э.Ц-, Б.Н- нарт холбогдох гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 300 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч тал “С-” ХХК нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Иргэн Б.Н-ын ямар буруутай үйл ажиллагаанаас болж “Ө-” ХХК нь хохирсон болох нь тодорхойгүй. С ХХК нь “Ө-” ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрээ баталгаажуулсан ба тухайн гэрээнд Б.Н- нь оролцоогүй. Тухайн гэрээний маргааныг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн захирамжаар эцэслэн шийдвэрлэж хариуцагч 2 тал 182/ШШ2017/02070 тоот Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэгэнт шийдвэрлэгдсэн. Тухайн захирамжид хариуцагч Б.Н-тай холбоотой нэг ч өгүүлбэр байхгүй. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр хариуцагчаар татан оролцуулж байгаа нь хуульд нийцэхгүй. Хариуцагч Б.Н-аас яг юу шаардаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, тухайн хэрэгт холбогдолгүй байхад хариуцагчаар татан оролцуулж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Б.Н-ын нэр дээр шилжүүлсэн гэх Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 2 давхарын 13 тоотын 52,43 м.кв орон сууцыг “Ө-” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Цахилгаан шат нийлүүлж угсрах ажлын гэрээ-ний дагуу шилжүүлэгдэх төлбөр мөн. Тухайн төлбөрийн дагуу хийгдэх ажлыг “С-” ХХК нь хийж гүйцэтгэсэн. Иймд тухайн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.1-д заасны дагуу хариуцагч ““С-”” ХХК-аас 34, 684,620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө-” ХХК-д олгож, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 243 271 628 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Э.Ц-, Б.Н- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч “С-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-” ХХК-аас 331 373 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Ө-” ХХК-ийн 277 956 248 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй “С-" ХХК, Э.Ц-, Б.Н- нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэнйй хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00673 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “Ө-" ХХК нь хариуцагч нарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны ус, дулаан, цахилгааны төлбөрийн айл өрхийн болон аж ахуй нэгжийн тарифын зөрүүнээс учирсан хохиролд 86 905 380 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 3 ширхэг цахилгааны шатыг хүлээлгэн өгсөн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх 245 хоногт 145 420 880 төгрөгийн алданги Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хугацаандаа өгөөгүйн улмаас татвар төлж хохирсон 45 629 988 төгрөг нийт 277 956 248 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс ус, дулаан, цахилгааны төлбөрт 34 684 620 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дээс заалтын дараах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Ус, дулаан, цахилгааны төлбөрийн айл өрхийн болон аж ахуй нэгжийн тарифын зөрүүнээс учирсан хохирол 86 905 380 төгрөг нэхэмжилснээс хэрэгсэхгүй болгосон 52 220 760 төгрөг алданги 145 420 880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг, нэхэмжлэлээс нийт 197 641 640 төгрөгийг хэрэгсэхгүй болгосньг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ө-” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамжинд 16 давхар Блю жем-4 үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тухайн барилга дээр "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс" ажилласан боловч зөвхөн цахилгаан шатнууд угсарч суурилагдаагүйн улмаас барилгыг ашиглалтад оруулаагүй. Энэ нь Улсын комиссын актад комиссын бүрэлдэхүүнээс Өргөх байгууламжийг хяналтын инженер гарын үсэг зураагүй байдлаар нотлогддог. /х.х-ийн 1 дүгээр хавтасны 244 дугаар тал, 2 дугаар хавтасны 13 дугаар тал /Улсын комисс 2 дахь удаагаа барилга дээр ажиллаж. 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2018/121 дүгээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан. 12 дахь хавтаст хэргийн 10 дугаар тал/ Анхан шатны шүүх энэ талаар "өргөх байгууламжтай холбоотой аливаа асуудлаас шалтгаалан барилгыг хүлээн авах комиссын дүгнэлт бүрэн баталгаажаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна'" гэж зөв дүгнэлт хийсэн. Гэвч шүүх Барилгын тухай хуулийн 48.2-т "Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо. дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно". 48.3-т "гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно" гэж тус тус заасан байна. Иймд эахиалагчлыг ашиглалтад хүлээн аваагүй барилгад оруулахаар шийдвэрлэж хуулийн эдгээр эохитгуулалтыт зөрчсөн үйлдлийг нэхэмжлэгч гаргажээ" гэх дүгнэлтийг хийж. нэхэмжлэгчийн шаардлагаас 52 220.760 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Шийдвэрийн үндэслэл болсон энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Учир нь 2017 оны 7 сарын 24-ний өдөр Улсын комисс барилга дээр ажиллахад барилга бүрэн дууссан байсан ба зөвхөн цахилгаан шатнууд угсарч суурилагдаагүй байсан. Иймд олон сар. жил орон гэртэй болохыг хүлээсэн байр захиалагч нарыг хохироох боломжгүй учраас орон сууц захиалагчид, тэдгээрийн гэр бүлийг орон сууц руу нүүж орохийг зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан ба хэрвээ цахилгаан шат угсрагдаж суурилагдтал хүлээнэ гэвэл өнөөдөр ч аял өрхүүд орон сууцандаа орж чадахгүй байсан нь хариуцагч өнөөдөр ч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байгаа байдлаар нотлогдоно. Харин Барилгын тухай хуулийн 48.2 дахь заалт нь ус. дулаан, иахил1аанаар хангагч байгууллагуудад хамааралтай заалт байхад манай компанийг цахилгаан. дулаан. халуун. хүйтэн усаар хангасан гэх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч “С-” ХХК үүргээ зохих ёсоор хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан шууд хохирол 86 905 380 төгрөгийг Иргэний хуулийн 261.1, 219.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу бүхэлд нь хариуцагч хариуцах ёстой гэж үзэж байна. Шүүх алдангид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэртээ үндэслэлээ заахдаа: "Алданги нь гэрээний эрхзүйн хариуцлагын нэгэн хэлбэр бөгөөд үндсэн үүргийн дагалдах эрхийн шинжтэй нэмэгдэл үүрэг юм. Алданги тооцохоор заасан маргаан бүхий гэрээний үндсэн үүргийн зөрчлийн талаарх нэхэмжлэлийн шаардлага болоод түүнд холбогдох алдангийн талаар нэгэнт хэлэлцэж. хучин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Хэдийгээр энэ удаагийн нэхэмжлэгийн шаардлагын хамрах хугацаа өөр байх боловч алданги тооцох үндсэн үүргийн зөрчлийг шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн тул алдангийг дангаар дахин хянах хууль зүйн боломжгүй" гэжээ. Энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийп 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар "С" ХХК иь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1603/1 дугаартай Цахилгаан шат нийлүүлж угсрах суурилуулах ажлын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар үлдэгдэл 4 ширхэг буюу 5,6,7,8-р лифтийг эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор барилгын талбай дээр авчирч, угсарч бэлэн болгож МХБГ-аар магадалгаа гаргуулж өгөх үүргийг хүлээсэн. Эндээс дүгнэхэд шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээний агуулга нь зохигчид гэрээний үүргийг дуусгавар болгосон агуулгагүй харин2017оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 1 сарын дотор үүргээ бүрэн гүйцэтгэх нэмэлт хугацааг “С-” ХХК-д олгосон гэж үзэхээр байна. Энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болж" нийцэж байгаа юм. Иргэний хуульд заасан үндсэн үүрэг дуусгавар болоогүй байхад үндсэн дуусгавар болсон мэтээр дүгнэсэн нь Иргэний хуулийн 9.4.3, 9.4.6-т заасан иргэний эрхзүйн хамгаалалтын аргыг хэрэгжүүлэхээс татгалзсан үйлдэл болсон. Нөгөө талаас шүүх шийдвэртээ Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр гэж санаатайгаар буруу бичсэн. Иймд “С-” ХХК-аас 197 641 640 төгрөгийг гаргуулж энэ тухай өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Хариуцагч “С-” ХХК, Э.Ц-, Б.Н- нарт холбогдуулан нэхэмжлэгч “Ө-” ХХК нь гэрээний үүрэгт нийт 300 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 277 956 248 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ./1хх 1-3, 100, 117-120, 2хх 186-189, 192-193/

 

Нэхэмжлэгч “Ө-” ХХК нь хариуцагч “С-” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 1603 тоот цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу “С-” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй Блю Жем 4 цогцолборын барилгад 8 ширхэг цахилгаан шат, 6 ширхэг урсдаг шат бэлтгэн нийлүүлж, угсарч суурилуулах, “Ө-” ХХК нь 1 017 946 160 төгрөгийн үнийн дүнгийн зарим хэсэгт орон сууц шилжүүлэх замаар төлбөр хийхээр харилцан тохиролцож, тус гэрээнд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэгч 6 ширхэг урсдаг шат авахаас татгалзаж, 8 ширхэг цахилгаан шатыг 581 683 520 төгрөгөөр өгч авалцахаар гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулсан талаар зохигчид маргаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Улмаар хариуцагч “С-” ХХК нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч “Ө-” ХХК нь худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохиролд нийт 400 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хянан шийдвэрлэх явцад зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээнд хариуцагч “С-” ХХК нь гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор үлдэгдэл лифтүүдийг авчирч угсрах, магадлагаа хийлгүүлэх, дүгнэлт гаргуулах, нэхэмжлэгч “Ө-” ХХК нь 400 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо шаардах үндсэн эрх, үүргийг зааж, худалдан авсан бараа, үйлчилгээтэй холбоотой НӨАТ-ын баримтыг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсоноор 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1 дэх хх-ийн 121, 122 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нийт 501 929 573 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэн авсан болон Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримтын талаар хариуцагч “С-” ХХК маргаагүй. /1хх-ийн 173 дугаар тал/.

 

            Түүнчлэн, дээрх гэрээ нь хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан учраас иргэн Э.Ц-, Б.Н- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Ө-” ХХК нь уг барилгыг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2018/121 дүгээр комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан бөгөөд түүнээс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтад хүлээн аваагүй гол үндэслэл нь цахилгаан шатны ажиллагаа шаардлага хангаагүйгээс улсын комисс барилгын ажлыг хүлээн авч, ашиглалтад оруулахыг зөвшөөрөөгүй хэдий ч захиалагчдын шаардлагын улмаас тэдгээрийг хохироох боломжгүй гэж үзэж иргэдийг орон сууцанд нүүж орох, эзэмшилдээ авахыг зөвшөөрч, оршин суугчдаас айл өрхийн тарифаар ус, цахилгаан, дулааны төлбөрийг авч, цааш төлөхдөө аж ахуйн нэгжийн тарифаар төлж, зөрүү 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарыг 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 86 905 380 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд комиссын дарга, гишүүн 23 хүнээс өргөх байгууламжийн хяналтын инженер Ц.Тогтохбуянгаас бусад дарга, гишүүд гарын үсэг зурсан байх ба уг барилгыг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2018/121 дүгээр комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч “Ө-” ХХК-ийн тайлбар үндэслэлтэй байна.

 

            Иймд нэхэмжлэгч “Ө-” ХХК-аас цахилгаан, дулаан, усны төлбөр төлсөн баримтууд, эдгээрийн нэгтгэн дүгнэсэн тооцоо зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүхээс нэхэмжлэгч “Ө-” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хэрэглээний төлбөрт аж ахуйн нэгжийн тарифаар төлсөн үнийн дүн болох 121 590 000 төгрөгөөс энэ хугацаанд хамаарах цэвэр айл өрхийн хэрэглээний дүн гэх 86 905 380 төгрөгийг хасч үлдэх 34 684 620 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. /1хх 9-38, 2хх 14-15, 30-77, 172-174 дүгээр тал/ Нэхэмжлэгч Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж, ашиглалтанд хүлээн аваагүй, гэрчилгээ олгоогүй барилга байгууламжинд иргэдийг оруулсанд өөрөө буруутай гэж шүүх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болохгүй. 

 

            Түүнчлэн, шүүхээс нэхэмжлэгч “Ө-” ХХК-ийн 145 420 880 төгрөгийн алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Учир нь өмнөх зохигчдын эвлэрлийг батласан шүүгчийн захирамж гарснаар гэрээний үүрэг дуусгавар болсон учраас, нэхэмжлэгч байгууллага гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болох анзийг шаардах эрхгүй.

 

            Дээрх 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаартай шүүгчийн захирамжаар баталсан эвлэрлийн гэрээнд НӨАТ-ын баримтыг хариуцагч “С-” ХХК нь нэхэмжлэгч “Ө-” ХХК-д төлөх үүргийг хүлээсэн байна.

           

            Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хугацаандаа өгөөгүйн улмаас учирсан хохирол гэх 45 629 988 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохиролд тооцох боломжгүй талаар шүүх зөв дүгнэжээ. Нэмэгдсэн өртөгийн албан татварын баримтыг гаргаж өгөх талаар эвлэрсэн шүүгчийн захирамж биелэгдсэнээр татварт төлсөн гэх дээрх мөнгийг буцаан авах боломжтой.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 146 158 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                   ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

 

                                                                                               С.ЭНХТӨР